Тэтгэврийн тогтолцоонд параметрийн реформ хийх нь чухал

Дэлхийн банк Монгол Улсын тэтгэврийн тогтолцоо нь хямралын түвшин өндөр байна. Нийгмийн даатгалын хувь хэмжээ, тэтгэврийн зардлыг тооцвол санхүүгийн хувьд тогтворгүй байгааг энэ сарын тайландаа онцолж байна. Тэтгэврийн шимтгэлийн орлого, зардлын зөрүүг ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэх хэмжээний улсын төсвийн дэмжлэгээр санхүүжүүлж байна. Тиймээс тогтолцооны параметр үзүүлэлтийг шинэчлэхийг анхаарууллаа. Хэрэв энэ хэвээр байвал 2030 он гэхэд ДНБ-ий 6.8, 2050 он гэхэд 11.3 хувьд хүрэхээр байгааг сануулсан. Энэ нь санхүүгийн тогтворгүй байдалд нөлөөлөхөөр байгааг дурдаж байна. Энгийнээр хэлбэл,  Монгол Улсын тэтгэврийн орлох түвшин бусад оронтой харьцуулахад хамгийн өндөр байна. Цалингийн орлогоос төлж буй шимтгэл өндөр боловч тэтгвэрт гарах үеийн орлолт нь бага байгаа аж.

Харин бусад орных эсрэгээрээ. Өөрөөр хэлбэл,  цалингийн орлогоос төлөлт нь бага атлаа тэтгэвэрт гарах орлолт нь өндөр байгаа аж. Тэтгэвэрт гарах насыг 65 хүртэл аамжмаар нэмэгдүүлэх, ингэхдээ тэтгэврийн насыг шимтгэл төлсөн байх хугацаатай зэрэгцүүлж холбохгүй байх. Эрт тэтгэвэрт гарах тохиолдолд тэтгэврийн хэмжээг  эрх тэгш зарчмаар бууруулах. Түүнчлэн долоон жилийн дундажаар тооцож байгааг насан туршийн цалин хөлсний хэмжээгээр тооцож реформ хийхийг зөвлөсөн юм. Параметр тооцооллын реформ  нь тэтгэврийн системийн санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулна гэлээ.

 

Өрхүүд хүнсний зардлаа хадгалахын тулд хүнсний бус зардлаа 40 орчим хувиар танажээ

 

Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, инфляцийн дарамт өрхөд хүндээр тусаж байгааг Дэлхийн банк мөн энэ сарын тайландаа онцолж байна. Бүр тодруулбал, Монголын эдийн засгийг тухайн бүс нутаг дахь бусад оронтой харьцуулахад ямар дүр зурагтай байгааг графикт  сектор бүрээр нь тайлбарлав. Макро түвшинд  өрхийн хэрэглээ буурснаар эдийн засаг агшсан. Өрхүүд хүнсний зардлаа хадгалахын тулд хүнсний бус зардлаа 40 орчим хувиар танажээ. Түүнчлэн үйлчилгээний салбарт ажил эрхлэлт буурсан. Харин ажлын байрыг хадгалах хөтөлбөрийн үр дүнд бага эрсдэл дагуулсан. 2021 онд инфляц болон мөнгөний бодлогын тухайд үйлдвэрлэгчдийн бодит хүү хасах утгатай байв. Энэ нь Азийн бүс нутгийн бусад оронтой харьцуулахад хамгийн өндөр байсан. Төсвийн алдагдал 2021 онд буурсан ч 2022 онд тэлэхээр байна. Харин  2023-2024 онд том дүнтэй бондын өр төлөх учраас алдагдал тэр хэрээр тэлэхээр байгааг дурдав. Монголбанкны гадаад валютын нөөцөөс интервенц хийх нь  2021 оны сүүл рүү эрчимжсэн. Гэхдээ долоон сарын хэрэгцээг хангахаар байсан авч одоогоор дөрөв хүрэхгүй сарын хэрэглээг хангах нөөцтэй байна. Банк санхүүгийн секторт чанаргүй зээлийн эрсдэл өндөр байна. Гэхдээ  нийт зээлд эзлэх  эрсдэлтэй зээлийн эзлэх хувь багасаж байна. ББСБ-ын нөлөө сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Мөн хөрөнгийн зах зээл тэлж байна.

Монгол Улсын эдийн засаг 2019 оны хэмжээнд хүрч сэргээгүй.  Түүнчлэн  макро санхүүгийн эмзэг байдал өндөртэй улс орнуудад багтаж байна Ялангуяа, макро-санхүүгийн эмзэг байдлын индексээр бүс нутагтаа тэргүүлэгчдийн нэг байна хэмээв. Ийм байгаа тохиолдолд  улс орнуудын 2022 оны эдийн засгийн өсөлтийн төлөв өнгөрсөн оны аравдугаар сард авч үзэж байснаас буурсан хэдий ч хамгийн өндөр бууралтыг Монголын өсөлтийн төсөөллийн тоо харуулж байна. Тухайлбал, 2022 оны өсөлтийг хоёр дахин бууруулж 2.5, хамгийн багадаа 0.7 хувь байх төсөөллийг гаргажээ.

 

Монгол Улс цар тахлын үеийн дэмжлэгээ зогсоогоогүйгээс  төсвийн эмзэг байдлыг бий болгов

 

Монгол Улс COVID-19 цар тахлаас үүдэн орлогын тэгш бус байдал нэмэгдсэн үзүүлэлтээр Зүүн Ази, Номхойн далайн орнууд дундаа тэргүүлж байна. Засгийн газраас хэсэгчлэн болон түр хугацаанд үнийн хяналт тогтоож /шатахуун, хатуу түлш зэрэг бараанд/ байгаа нь богино хугацаанд инфляц бага байхад нөлөөтэй боловч үнийн хяналт буцах үед инфляц хүчтэй нэмэгдэж байгааг онцлов. Манай улс гадаад секторын эмзэг байдлын үзүүлэлтээр мөн л бүс нутагтаа нэгдүгээрт  эрэмбэлэгдэж, үүнд урсгал тэнцлийн алдагдал, богино хугацааны өр, өрийн үйлчилгээний төлбөрийн ДНБ-д эзлэх хувь өндөр  43 хувь байгааг шүүмжилж Өрийн тогтвортой байдлын хуулийн  өөрчлөлт үүнийг дордуулж байгааг тайлбарлаж байв. Санхүүгийн секторын хувьд чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь, нийт активын өгөөж, өр төлбөрийн хувьд хугацаа хэтэрсэн эсвэл ирэх зургаан  сард хугацаа хэтрэхээр хүлээгдэж буй үзүүлэлтээр мөн л бүс нутагтаа өндөрт орж байгаа гэв. Цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас олгосон дэмжлэг тусламж нь өндөр зардалтай, дээрээс нь зорилтот бус, хэт хавтгайрсан байсныг онцолсон. Тухайлбал, 2020, 2021, 2022 он дамнуулаад олгосон зөвхөн цар тахалтай холбоотой зардал нь ДНБ-ий харгалзан ойролцоогоор 7- 3.5 хувиар буурч  байгаа нь бусад орны үзүүлэлтээс хоёр  дахин өндөр байна.  Бусад оронд 2022 оны хувьд цар тахалтай холбоотой дэмжлэгүүдээ бараг зогсоогоод байхад Монголд үргэлжилж байна. Цар тахлын үед Засгийн газрын дэмжлэгийг ямар нэгэн орлоготой нийт өрхийн 80 гаруй хувь нь авчээ.

Төсөв дэх хүүний зардал төсвийн орлогын долоон хувь, Засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа 80 хувь, улсын нэрээр авсан өрийн эргэн төлөгдөх дундаж хугацаа 2.9 жил байгаа нь бүс нутагтаа хамгийн муу үзүүлэлт буюу төрийн санхүүгийн эмзэг байдлыг бий болгож байна. Инфляц зорилтот түвшнээс давсан хэвээр байгаа Монголтой ижил орнуудад инфляцийн хүлээлтийг хяналтаас алдахгүйн тулд мөнгөний бодлогоо чангаруулах, хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлд онцгой анхаарах шаардлагатайг дурджээ.

 

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.183)

    2022-04-20

    7 жилийг нийт ажилласан жилийн дундачаар тооцно гэдэг маш зөв. Сүүлийн 20 жилийн дараалсан 7 жилийн дундач цалигаар тэтгэвэр тооцож байгаа нь улсад ажилласан жилийн үнэлэмжийг үгүсгэж байгаа юм. 5 жил болгоно гэдэг бүр буруу. Цөөн жил ндш өндөр төлөөд ажилласан жилээс хамаарахгүй маш өндөр тэтгэвэр тогтоодгож байгаа юм. Учир мэдэхгүй хүмүүс цөөн жилээр тэтгэвэр тооцох юм бол өндөр тэтгэвэр авах юм шиг ойлгоод 5 жилийг дэмжээд байгаа нь буруу шүү.