Төгрөгийг доллартай биш алттай харьцуулснаар инфляц тогтворжино
- 2022-04-21
- Топ сэдэв
- 1
Монгол Улс инфляцийн өсөлтийг тогтоон барьж чадахгүй хяналтаасаа алдчих хэмжээнд хүрэв үү гэсэн болгоомжлол эдийн засагчдын дунд үүсээд байна. Сүүлийн 30 жил төгрөгийг ам.доллартай харьцуулж ирсэн нь өнөөдөр үндэсний мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлсэн гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл, 1990 онд ам.доллартай харьцах төгрөгийн ханш гурав төгрөг байсан бол өдгөө 3200 төгрөг болсон нь инфляцийг ийнхүү 15 орчим хувьд авчраад байгаа юм. Инфляцийг тогтоон барих үүрэгтэй Монголбанк Мөнгөний бодлогын хүүгээ нөхцөл байдал үүссэнээс хойш хоёр удаагийн нэмэлтээр ес болгоод байгаа. Цаашид дахин нэмэгдүүлэх тухай ч ярьж байна. Бодлогын хүү нэмэгдэх тусам үйлдвэрлэгчдэд хүндээр тусна. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Гэхдээ ингэхээс өөр арга одоогоор байхгүй гэж зарим эдийн засагч хэлж байна. Гэвч төгрөгийг ам.доллартай биш алттай харьцуулах хувьсгалын тохироо бүрдсэн энэ боломжийг ашиглах хэрэгтэй хэмээн өөр нэг эдийн засагч онцолсон юм. Бүр тодруулбал, мөнгийг алтаар баталгаажуулах боломж манайд бүрдэж байна гэсэн юм. Монголбанкны бодлогын хүү олон улсын мөнгөний бодлогын хүүтэй дүйцэж очдоггүй. Инфляцийн бодлогын хүүгээр удирдана гэдэг асуудал манайд үр дүнгээ өгдөггүй. Мөнгөний ханш гэдэг инфляцийн нэг илрэл. Үндсэндээ инфляциа хяналтаасаа алдчихсан гэж хэлж болно. Гэхдээ нөхцөл байдал бидэнд боломж олгож байна. Учир нь Украины зөрчилдөөнтэй холбоотойгоор ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ мөнгийг алтаар баталгаажуулах боломж манайд бүрдэж байна. Үүнийг ашиглах хэрэгтэй.
Нэг үгээр хэлбэл, ОХУ, Европийн хоригын эсрэг “Газ”-аа зөвхөн рублээр хийх мэдэгдэл гаргасан. Энэ нь рублийн үнэ цэнийг дэлхийд өсгөсөн арга хэмжээ болж байна. Тэгвэл манай улс мэдээж ОХУ-аас газ, нефтийг худалдан авахдаа тооцоогоо рублээр хийнэ. Энэ шийдвэр гарангуут ОХУ-д ам.долларын рубльтэй харьцах ханш нам суларсан. Энэ нь их гүрэн өөрийн мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг өсгөж дэлхий дэх долларын ноёрхлыг унагаах бодлого явж байна. Тэгвэл манайх үүнтэй адил төгрөгийг алтаар баталгаажуулж алтны нэг граммын үнийг тогтмол болгох боломж байна. Ингэж чадвал инфляц тогтворжих нэг гаргалгаа юм. Энэ талаар Монгол Улсын гавъяат эдийн засагч Н.Дашзэвэгийн байр суурийг сонирхсон юм.
Н.ДАШЗЭВЭГ: ИНФЛЯЦИЙГ ТОГТООН БАРИХ ОНЦГОЙ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ
-Монголбанк 10,20 жил инфляцийг 6-8 хувьд барина гэж ярьсаар ирсэн. Зүй тогтол зарчмаараа ерөөс явахгүй байна. Төвбанк эрсдэлийн инфляц, нийлүүлэлтийн инфляц ийм байна. Нийлүүлэлтийн гаралтай инфляцид оролцох боломжгүй гэж хэлдэг. Тэгвэл бага хүүтэй зээл өгөөд нийлүүлэлтээ нэмж болно. Мөн валютын ханшаа тогтвортой барьж багахан ханшаар нийлүүлж болно. Бас валютыг ханшийн алдагдал багатай нийлүүлж болно гэх мэтээр инфляцийг бууруулах бүрэн боломж бий. Гэхдээ их хэмжээний алдагдалтай төсөвтэй, гадаад худалдааны тэнцэл алдагдалтай зэрэг суурь нөхцөл нь инфляцийг бууруулахад сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн Засгийн газар, УИХ инфляцийн тухай ойлголтгүйгээр их хэмжээний мөнгө тарааж байна. Мөн Засгийн газар, Монголбанк нийт 10 тэрбум ам.долларын гадаад өртэй болсон. Дээр нь хувийн хэвшлийн 30, 40 тэрбум ам.долларын гадаад өртэй. Ийм нөхцөлд онцгой бодлого хэрэгтэй. Түүнээс биш инфляцийг онилж бодлогын хүүгээр удирдаж болохгүй. Бодлогын хүү, үр дүнгээ өгч ажиллах нөхцөл манай улсад алга.
Учир нь банкууд хоорондоо зээлийн хүүгээ бууруулах гэж өрсөлдөхгүй байна. Үнэт цаасны зах зээл хөгжихгүй байна. Хадгаламжийн хүүг 10 хувиар тогтоочихоод бодлогын хүү зургаа байхад арилжааны банкууд тоохгүй. Өөрөөр хэлбэл, 10 хувь байлгах сонирхолтой байна биз дээ. Банк ялгаагүй ашгийн байгууллага шүү дээ. Хадгаламжийн хүүг буулгаж байж бодлогын хүү ажиллана. Ингэснээр Монголбанк инфляциа онилж болно.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (1)
Иргэн (192.82.74.45)
Швейцарийн банкинд хадгалагдаж байгаа алтаа эргүүлэн авчирч, Монголд хадгалья. Эс тэгвээс гадаадын улсууд Монголын нөөц алтыг ба валютыг царцааж мэднэ.