Эрх чөлөөний ордны дүгнэлт
- 2022-04-22
- Нийтлэл
- 0
АНУ-д байрладаг Freedom House буюу Эрх чөлөөний ордон хэмээх төрийн бус байгууллага анх 1941онд тэргүүн хатагтай Эльеонора Рузвельтийн санаачилгаар байгуулагдсан юм. Энэ байгууллага бол дэлхий даяар эрх чөлөө, ардчиллын түвшин ямар байдалд байна, дэлхийн ямар орнуудад эрх чөлөө, ардчилал тогтсон байна, ямар оронд ардчилал алдагдаж дарангуйллын дэглэм тогтож байна, хүний эрхийн байдал ямар байгаа зэрэг асуудлыг судалдаг байгууллага юм.
Энэхүү байгууллага саяхан Оросын Украинд хийсэн түрэмгийллийн талаар дүгнэлт хийлээ. Энэхүү дүгнэлтэд: "Оросын Кремлийн өнөөгийн үйл ажиллагаа бол бүх евроазийн энх тайван байдлыг бусниулсан үйл ажиллагаа боллоо. Хэрэв Москва Украиныг дайнд ялах юм бол хүйтэн дайны дараа анх удаа нэг хүний дарангуйллын дэглэм ардчилсан төрийг унагаасан явдал болно. Дарангуйллын дэглэмийн довтолгоо эхлэх үед зарим орнууд авилгалд идэгдсэн хүнд сурталтай засаглалыг сонгож, ард түиний эсрэг хүчирхийлэлийг үйлдэж, эрх мэдлээ буруугаар ашиглах явдал ихэсдэг.
2022 оны 2-р сарын 24-ний өдөр Орос Улсын Ерөнхийлөгч Путины тушаалаар оросын арми Украины эсрэг довтолж харгис дайн эхэлсээр эдүгээ хоёр сар шахам болж байна.
Путины дайн бол хамгийн бүдүүлэг харгис хор нөлөөтэй дайн юм. Энэ дайнаас болж сая сая хүн орон гэрээ орхиж дүрвэж байна.Украины олон хотуудыг бөмбөгдөж пуужингаар харваж газартай тэгшилж байна. Хүмүүс метро, подвалд олон хоног толгой хорогдож, энгийн иргэд болон хүүхэд хөгшид үрэгдэж байна.
Ер нь Путин бол 2008 онд Грузинд, 2014 онд Украинд цэргийн хүч хэрэглэсэн хүн юм. Аливаа улсад дарангуйллын хүч ард түмний шахалтаар хөдлөөд ганхаад эхлэнгүүт Путин харгис хуучин дарангуйллын дэглэмийг дэмжиж тэднийг Москвагийн хараат болгохыг эрмэлздэг нь Беларусьт болсон явдал, саяхан Казахстан болсон явдал харуулсан байдаг юм.
Хэрэв Кремль ардчиллыг дарах ажиллагаандаа амжилт олж чадахгүй бол тэд европын бүс нутгийг үймээн самуунтай болгож европ болон евроазийн орнуудын ардчиллын эсрэг хөдөлгөөнийг дэмжих нь гарцаагүй.
Эдүгээ Азербайджан, Беларусь болон төв азийн 5 улс ардчиллын доод түвшинд унажээ.Эдгээр орнуудад төрийн тэргүүнүүд нь бусдын өөр үзэл бодлыг нухчин дарж өөрийн эрх мэдлээ улам бататгаж байна.
Харин хуучин зөвлөлтийн нөлөөнд байсан улсуудаас Чех, Эстони, Латви, Литва, Словак Словени гэсэн 6 улсад ардчилал бэхжиж байна. Хэрэв эдгээр улсууд гадны улсын түрэмгийллийн эсрэг хатуу зогсоё гэвэл украинчууд шиг эрс шийдэмгий зоригтой байх хэрэгтэй." гэжээ.
Эрх чөлөөний ордны дээрхи дүгнэлтийг би үзээд Азийн нөхцөл байдал болон Украинд болж байгаа дайны талаар дараах дүгнэлтийг хийв
Манай Ази тив бол харьцангуй тогтуун тайван байна. Ази тивд ардчилал бүрэн 100.0 хувь ялсан орон бол Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Монгол, Индонез, Бангладеш гэсэн зургаахан улс байна. Азид байгаа дарангуйллын дэглэмтэй орон бол Хойд Солонгос, Хятад, Вьетнам, Мьянмар, евроазийн Орос улс байна.
Монгол улс бол олон тулгуурт энх тайванч гадаад бодлоготой арчилсан эрх чөлөөт улс юм.Ардчилал бол үнэн мэдээлэл авах эрх, өөрийн үзэл бодолтой байх, үг хэлэх,хэвлэн нийтлэх эрхтэй байх, өмчтэй байх, аль дуртай гадаад оронд зорчих зэрэг эрхтэй байхыг хэлдэг юм.Ийм эрхийг монгол хүн бүр эдэлдэг. Иймд монгол хүн бүр ардчиллыг хамгаалж бэхжүүлэх нь чухал юм.
Оросын Путинд хоёр зам байсан юм. Дайнаа зогсоож орос цэргээ Украинаас нэн даруй гаргах эсхүл дайнаа үргэлжлүүлж дайны гэмт хэрэгтэн болох. Тэр эхний замыг сонговол зөв байх атал харин хоёр дахь буруу замыг сонгов.
Путин дайнаа улам өргөжүүлж Донбассын эсрэг ширүүн дайралт хийж байна. Орос улс саяхан “Сармат” хэмээх дууны хурдаас 17 дахин хурдан, АНУ хүртэл хол нисэх чадвартай тив алгасагч пуужин туршжээ. Оросын өдөөсөн Украины дайнаас болж эдүгээ 5 сая украин хүн эх орноосоо дүрвээд байна. Украины эсрэг дайнд Кадыровын удирдсан Чечений алан хядагчид идэвхтэй оролцож энгийн иргэд, хүүхэд хөгшдийг хөнөөж байна. Кадыровчууд бол оросын нэрт төр нийгмийн зүтгэлтэн, ардчилсан үзэлт Борис Немцовыг буудан хөнөөсөн алан хядагчид юм.
Манай хойд хөрш Буриад улсын 100 гаруй буриад монгол цэргүүд Украинд үрэгджээ. Энэ 21-р зуун бол энх тайван болон технологийн зуун юм. Орчин үеийн хүмүүст пуужин,танк, дайн хэрэггүй. Орчин үеийн хүмүүст эмнэлэг, сургууль, тохилог орон байр, ажил орлого, баталгаатай тайван амьдрал хэрэгтэй байна. Эх дэлхий минь ковид болон дайнаас ангижрах болтугай.
Хуульч, сэтгүүлч Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл (0)