Аян замын тэмдэглэл: Улаан-Үд явсан нь
- 2022-04-25
- Нийтлэл
- 1
(Аян замын бяцхан тэмдэглэл)
Дайтаж буй хөршийнхөөрөө хальт шагайхаар явлаа. Дархан, Сэлэнгийн зам дээр Орос дугаартай машинууд нилээн зөрж байна.
Сүхбаатарт ирээд хил, гаалиар хэрхэн орж, гарах билээ гэж сураглавал PCR өгөх хэрэгтэй гэв. Нээрээ энэ чинь юу билээ. Өнгөрсөн жилийн өдийд алхам тутамдаа хамраа ухуулж байснаа мартчихсан байна шүү дээ. Сүхбаатарт 35 мянган төгрөгөөр PCR авдаг юм байна. Хил нээгдсэн дор 85 мянга байсан гэж байна шүү.
Алтанбулагт үүрийн таван жингээр очиж чээнжээс 1 рүүблийг 36.05 төгрөгөөр авав. Газаа рүүблээр зарна гэж Путиныг хэлэхийг сонссон рүүбэлийн ханш тушаал авсан юм шиг 30-аас 38 төгрөгт хүрчихээд саяхнаас зөөлөрч байгаа нь энэ аж.
Гаалийн монголжуу төрхтэй бүсгүй гадаад паспорт бид хоёрыг харицуулж харж, харж байсанаа "еэст маалинки паспорт" гэв. Бяцхан иргэний үнэмлэхээ өгвөл бид гурвыг ахин харицуулж хараад "боллоо" гэлээ.
Үнэг чонын гүйдэл болж байсан тул Оросын гааль дээр дөрөвхөн машины ард ганцхан цаг оочирлоод Хиагт руу гарав. Монгол хүн Орост очоод хамгийн түрүүнд АИ92 бэнзээнийх нь үнийг төгрөгт шилжүүлж үздэг юм байна. АИ92 48 рүүбэл. Жолооч маань банкаа дүүргээд, цагдаа таарвал өгөх "цагаан юм" аваад "готов" гэж хэлэв. Замын постуудад өгөх бутархай "1000 төгрөг" бэлдэх үү гэвэл "тийм юм байхгүй" гэлээ. Улаан-Үд хүртэл 222 км. Тувт тужийн нарсан дундуур явна гэж бодсон чинь "нет". Хиагт талдаа л загварын охид шиг урт нарийхан нарсан ойгоор хэсэг явдаг юм байна. "Ах нар" мод их тарьжээ. Бараг 1'000'000'000 байх.
Нарсан ойгоос гараад зэлүүд газраар нилээн давхив. Гэтэл тэртээд морьтой хүн хонь хариулж явна. Шууд л "тасарсан мах, үсэрсэн цус" бодогдов. Хэрвээ Хиагт Монголдоо байсан бол тэр хүн мотоциклтой явж байхгүй юу. Хэсэгхэн яваад Калинишна хэмээх бяцхан тосгон таарлаа. Замд тулгаад байшингуудаа барьчихжээ. Цонхнууд нь дэлгээстэй. Үдшийн цагаар хоолоо шингээнгээ тосгоныхноо бүртгэж болмоор. Зам дээр хуучны паз автобус зогсоно.
Дотор нь хүүхдүүд суужээ. Манай замын хажууд дайруулж үхсэн үхэр байдаг байдаг бол энд тахиа байдаг юм байна. Хил гараад толь шиг замаар явж байсан ч удалгүй "хуулсан Дарханы зам" гараад ирэв. Оросууд замынхаа өргөнөөс лав иддэггүй бололтой. Тэмдэг, тэмдэглэгээ сайн юм. Замд таарах автуусны буудлууд нь өлзий хээтэй. Харин явган хүний гарц нь хурд сааруулагч шиг бөгөөд тод будагтай тул жолооч маань бараанаар нь хурдаа хасч "хулхидуулж" байлаа. Буддын дацан, суврага, овоо дайралдана.
Монголын бүх л том голуудыг өөртөө шингээсэн өргөн Сэлэнгэ минь холын замдаа цөнгийн мөсөө шажигнуулан урсана. Монголд усны шувууд "уже" ирсэн бол хойно үл үзэгдэнэ.
Түр саатах газар, жорлонг ойр, ойрхон барьж өгчээ. Тиймээс замын хажууд "баавгай харж" байгаа оростой тааралдсангүй. Москивич, 24, Аавын цээж, пургон зөрж байсан ч 69, Пүрүүс хоёр огт харагдсангүй. Гүйцэд түрүүлэх үед урд явсан машин хурдаа нэмж, шахах нь бүү хэл бараг л замын хажуу руу зогсож өгөх нь холгүй өнгөрүүлэх юм. "Хаан бууз" Монголд байдаг бол "Хатан буузы" нь Буриадад байдаг юм байна. Замын гуанзууд нь "буузы"-гаар занимаалддаг бололтой. Бид "Туяа буузы" оров. Ширхэг нь 70 рүүбэл. 90 кг жинтэй эр 5-г идээд дахиад идэх үү гэхэд "Заа болно доо" гэмээр размээртэй. Бутархай рүүбэл дэлгүүр, гуанз, жорлон ороход хэрэг болно шүү. Худалдагч таниас 4, 5 эсвэл 10, 20 рүүбэл "ест" хэмээн ёс юм шиг асуух болно.
Бидний дотны нөхөр "Кука Курортная" дэлгүүрт 40 рүүбэл гэж байна. Хэрвээ та Хөвсгөл далайн Жанхайн давааг давж үзсэн бол төстэй зураглал харах болно. Нэгэн давааг даван тонгойход Эгийн голын УЦС-г орлож, манайхыг тогоор "хангах учиртай" Гусиноозерск буюу Галуут нуур, нуурын эрэг дээрх цахилгаан станц та бүхнийг угтан авна. Ново-Селенгинск Мухор-Шибирь, Харгана, Бургастай, Хоронхой, Оронгой, Жаргаланта, Зурган-Дэбэ, Алтаргана гэх мэт монгол нэрнүүд тааралдах нь дотно сэтгэл, хөнгөн гуниг төрүүлнэ. Цасан малгайтай том хар нурууны хормойд Итгэлт хамбын хийд харагдах нь удахгүй Улаан-Үд орохын дохио аж.
Ингээд Улаанбаатараар бол Баянхошуугаар нь Удаан-Үд рүү орлоо. Цөх хэмээх голын бартай гүүрээр давмагц хадаг барьсан Монгол бүсгүйн хөшөө угтлаа. Бид явсаар Ленин багшийн толгой болон Арбатын гудамж, төв талбай дээр нь очив. Хаа сайгүй манай "хэлмэгдсэн" Хэлмэгдэгсдийн музей шиг хуучин модон байшингууд тааралдана. Санаа дагаад ч байгаа юмуу залуус цөөхөн үзэгдэнэ. Арбатын гудманд байх А.П.Чеховын хөшөөнөөс "лавлавал" Улаан-Үдийн хөвгүүд "цэргийн ажиллагаанд" явсан. Хөдөө, тосгодоос бүр много, много татагдсан гэв. Нар төөнөж, халуун салхи үлээнэ. Эль хуль харагдаж, нам гүм ноёлоно. Захаар оров. Годон гутал, булган малгай Монголчуудыг хүлээн лангуун дээрээ өрөөстэй. Хүнсний бараа, олон өнгийн жимс, ногоо өрсөн лангуун дундаасаа ялгагдахгүй шахам буриад аниа "Кяхта Монгол еэхэ иржээнээ" гэж царай алдангуй асуув. "Зунаас олон ирэх байх аа, Монгол ахан дүүс чинь рүүбэл еэхэ хураажи байнаа" гэж эгчийн сэтгэлийг засаад 100 рүүблээр модны бохь авав. Зарим орос худалдагч буриадуудаас илүү монголоор яржи байнаа. 12 рүүблээр хөнгөрч аваад захаас гарав. Ингээд Улаан-Үдийн Баянхошуугаар орсон бид Хан-Уулаар нь дайраад Сонсголонгийн гүүрээр гарч, баярын жагсаал шиг цэцэг, туузанд дарагдсан "далан давхрынх" нь хажуугаар гараад ирсэн замаараа авсан бохио зажилаад буцлаа.
Хиагтад ирээд ангын болон цэргийн хувцасны мөн хүнс, барааны Абсалют, Титан гэж хоёр том дэлгүүрээр нь орлоо. Оросоос масло, цөцгий, сахар, цэцэг, ногооны бордоотой хар шороо гэх мэт зүйлс гаргахыг хоригложээ. Харин Монголоос Орос руу сүү, өндөг, мах, хиам оруулхыг хориглодог юм байна. Жолооч маань банкаа дүүргээд канистарт зөвшөөрсөн хэмжээ буюу 10 литр бэнзээн авч нөөцлөв. Хямдхан харагдсан тул 219 рүүблээр нэг сагс (30 ширхэг) өндөг авлаа.
Оочирлон байж гаалийн шалгалт дээрээ иртэл хэдэн зөгийн хувцаснуудыг маань худалдан авсан он, сар, өдрийн асуудалтай ч гэнэ үү, бүү мэд шонтгор шар хүүхэн оросоор тачигнаад гаргахгүй гээд маниусыг буцаачихлаа. Ёстой "чоорт". Эдийн засаг нь хямарч байгаа улсад нь орлого оруулсан шүү дээ. Ямар 10'000 доллар авч гарах гэж байсан биш дээ. Жолооч маань тээшинд өгье гээд дагуулаад явлаа. Тэнд үл ялиг шалтгаанаар буцаагдсан бараануудын бурхан тэнгэрүүд байдаг бололтой. Тэдэнд бараагаа даатгаж, утас шөрмөсөө солилцоод Алтанбулаг руу орлоо. Шөнийн тэнгэрт одод анивчиж, урин салхи үлээнэ. Харуулын цэрэг хүү инээмсэглэн угтаж үнэмлэх шалгаад "сайн яваарай" гэж ерөөв.
Ч.Явуухүү
Сэтгэгдэл (1)
(66.181.188.23)
орос монгол хөгжихгүй юмаа