Энхийн цагт хөлс их асгавал, дайны цагт цус бага урсана
- 2022-04-25
- Нийтлэл
- 0
Энхийн цагт хөлс их асгавал, дайны цагт цус бага урсана гэсэн мэргэн үг байдаг. Цэргийн алба хаагчийн байнгын бэлтгэл сургуулилт, ямар ч сорилтод бэлэн байх чадвар бол улс орныг батлан хамгаалах үндсийн үндэс билээ.
Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Зэвсэгт хүчний үндсэн чиг үүрэг эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг гаднын зэвсэгт халдлага, түрэмгийллээс өөрийгөө хамгаалах явдал хэмээн заажээ. Мөн тус хуулийн 6.2.3 дахь хэсэгт улсын хил хамгаалалтад дэмжлэг үзүүлнэ гэж цагаан дээр хараар үзэглэжээ.
Үүний дагуу хилийн цэргийн 0131 дүгээр анги, Зэвсэгт хүчний 167 дугаар ангиуд хамтран байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургалтыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотын нутаг Зэвсэгт хүчний говийн бүсийн сургалтын төвд анх удаа зохион байгуулахаар боллоо.
Энэ талаар Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргал “Манай ангид хилийн цэрэгт дэмжлэг үзүүлэх тусгай рот байдаг. Хоёр анги өмнө нь сургуулийн төлөвлөгөөг цаасан дээр хийдэг байсан бол энэ удаа бодит байдал дээр нь тактикаар хэрэгжүүлэхээр болж байна” хэмээсэн юм.
ЦАГИЙН БАЙДАЛ
Дохионы пуужин харваж, 2022 оны гуравдугаар сарын 04-ний өдөр зэвсэглэсэн 120 гаруй түрэмгийлэгчид Монгол Улсын хилийн дугаар тэмдгийн чиглэлээр нэвтэрлээ гэсэн мэдээг хилийн цэргийн салбарт мэдэгдлээ. Яаралтай мэдээ авсан хоёр тусгай томилгоот бүлэг цагийн байдал дээр очиж, зэвсэгт түрэмгийлэгчидтэй тулгарах боловч тооны зөрүү, зэвсгийн цөөнөөс болж ухрахдаа Зэвсэгт хүчний ангид мэдээ хүргүүлж амжжээ. Удалгүй Т-72 танк, явган цэргийн байлдааны машин, зенитийн артеллерын пулемёт, миномётын батареи, Д-44 артеллерын их буу, хүн нэг бүрийн зэвсэглэлтэй цохилтын, дайрах, халхлалтын гэсэн гурван бүлгийн хүч нэмэгдүүлсэн рот ирж, хилийн цэргийн салбарын бүлэгтэй хүч хавсран давшилтад орох ажээ. Хилийн цэргийн бүлэг ухарч хориглох явцад уулын цаанаас Монгол Улсын төрийн далбааг мандуулсан танк, хуурай замын зэвсэглэлүүд гарч ирэх нь ихэд сүрдмээр. Байлдааны буудлага учраас өмнө нь сургалтын сумаар энэ зохиомжийг бэлдэж байсан цэргийн алба хаагчдын царай “Бид хийх ёстой зүйлээ л хийж байна” гэсэн шиг шийдэмгий харцтай урагшилна. Харин энэ бүгдийг анх удаа харж байгаа хүмүүсийн царайнд түгшсэн, сандарсан, айсан хувирлууд үзэгдэж байлаа. Цэлийсэн говийн тэнгэрийг бүүдийлгэж, дарийн утаа энд тэндгүй суунаглана. Бэлдэж тавьсан бай руу Т-72-ын сум гарахдаа нүдэн баримжаагаар гурваас дөрвөн алхам зайд танкийг тийрэх ажээ. Энэ мөчид өөрийн эрхгүй цочиж, чих шуугиад явчихав. Тийм их хүчтэй гарсан сум хараалсан байгаа зад татна. Цэргүүдийн хашхирах ураа, зэвсэглэлийн нүргэлэх чимээ нь яг л дайн болж буй мэдрэмжийг төрүүлнэ. Ингээд дайсны гал руу цохилт өгөн урагшилсаар тэднийг няцааж байгаагаар зохиомжилсон аж.
Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Гантөмөр “Зэвсэгт хүчний 167 дугаар ангитай хамтран түрэмгийлэгчдийг дарж чадлаа. Дайны байдал зарласан үед Хилийн ба Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллага Зэвсэгт хүчний бүтцэд шилжиж, үүрэг гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Тайван бус цагт бид ямар үүрэгтэй вэ, Зэвсэгт хүчин ямар үүрэгтэй вэ гэдгийг мэдэж авсан болов уу. Энэхүү байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургалт явагдсанаар Хил хамгаалах байгууллага хүч дутсан тохиолдолд ард нь Зэвсэгт хүчин зогсож байгаа шүү гэдэг ойлголтыг бидэнд өгч чадлаа” гэж ярьсан юм.
Үүргээ амжилттай биелүүлсэн хоёр ангийн зэвсэглэлүүд цуваанд орон бааз руугаа буцлаа. Гэнэт хаанаас ч юм машин хажуугаар хурдлахыг анзаарвал эмч нар ч гэсэн өөрсдийн бэлэн байдлаа хангаж шархадсан цэргүүдийг машинаараа зөөж байгаа нь тэр ажээ.
“МЭРГЭШСЭН” ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ
Байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургалтын аюулгүй байдлыг дээд зэргээр бэлдэж байж явуулдаг. Энэ дундаас хамгийн анхаарал татсан зүйл гэвэл хуурай замын цэргийн бүхий л зэвсэглэлүүдийг хугацаат цэргийн алба хаагчид нь ажиллуулан, буудах байв. Харин офицер, ахлагч нар нь зөвхөн зааварлах үүргээр оролцож байлаа. Энэ тухай Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн миномётын батарейн захирагч, ахлах дэслэгч У.Мөнхжинтулгаас тодруулахад “Хугацаат цэргийн алба хаагчид маань анхны байлдааны буудлагаа хийх гэж байна. Бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлж олон цагийн шаргуу бэлтгэл сургуулилт хийсэн учраас цэргүүд маань “гартаа оруулчихсан”. Мэдээж галт хэрэгсэлтэй ажиллаж байгаа үед цэргүүддээ санаа зовно. Гэвч санаа зовохоос илүүтэйгээр заавар зөвлөгөөг нь сайн өгч, тэдэнд итгэл хүлээлгэдэг” хэмээн хариуллаа.
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид үнэхээр л “мэргэшжээ”. Өгөгдсөн целийг оновчтой тогтоож, 1100 метрийн цаана байгаа дайсны байрлалыг төвөггүй устгана. Гал дууссаны дараа тэдэн дээр очиж ямар байсныг нь асуухад “Бид өмнө нь олон удаа буудаж байсан. Анхны буудлаган дээр л чих жаахан дүнгэнээд байснаас бусад нь зүгээр” гэж олон дайн үзсэн баатар шиг бүдүүн хоолойгоор хэрсүү хариуллаа.
“95 ХУВЬ” ОНЦ
Зэвсэгт хүчний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөө, 167 дугаар ангийн 2022 оны сургуулийн жилийн төлөвлөгөөт арга хэмжээний дагуу байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургалт амжилттай өндөрлөлөө. Байрлуулсан байныхаа 95 хувийг устгаж хээрийн сургалтын үйл ажиллагаа онц үнэлгээ авсан юм. Энэ мөчид аюулгүй ажиллагааг чанд сахисан тухай Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн зэвсэглэл техник хариуцсан орлогч, дэд хурандаа Э.Түвшинжаргал “Хуурай замын цэргийн командлалаас ирсэн албан даалгаврын хүрээнд аюулгүй байдлыг сахин ажиллалаа. Сум, галт хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийг бүрэн шалгаж, хүн нэг бүрийн аюулгүй ажиллагааны анхан шатны болон давтан зааварчилгааг танилцуулж, гарын үсгээр баталгаажуулсан” гэж дурдсан юм. Тэрбээр зэвсэглэлүүдийнхээ төрөл болон ямар эд ангиудаас бүрдсэнийг гарын арван хуруу шигээ л мэднэ. Гэвч нууцын зэрэглэлд хамаардаг учраас зэвсгийн эд ангиудыг сурвалжилгадаа багтаасангүй.
Цаашид хилийн цэргийн 0131 дүгээр анги, Зэвсэгт хүчний 167 дугаар ангиудын хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургалт жил бүр үргэлжлэх бөгөөд илүү өргөн бүрэлдэхүүнтэй хийх талаар удирдлагууд хэлэлцэж байлаа.
Хамтарсан сургуулийн үр дүнд хоёр ангийн цэргийн алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, ур чадвар, бэлтгэлжилтийн түвшин нэмэгдэж, зэвсэглэл техникийн бэлэн байдлыг дээшлүүлж, харилцан ажиллагааг улам нэмэгдүүлэх ач холбогдолтой болсон юм.
Дэслэгч С.Намхай /Хил хамгаалах байгууллага/
Сэтгэгдэл (0)