Д.Түмэн: Бид хүннүчүүдтэй бие бялдар, дүр төрх, генийн сангийн хувьд ижил байгаа нь судалгаагаар тогтоогдсон байдаг

Шинжлэх ухааны доктор, профессор антропологич Д.Түмэн өчигдөр МУИС-ийн уулзалтын танхимд “Монголчуудын угсаа гарал” нэртэй лекц тавилаа. Түүнтэй лекцийнх нь үеэр ярилцсан юм.


-Өнөөдөр тантай монголчуудын угсаа гарлын талаар ярилцах гэсэн юм. Эхлээд антропологийн шинжлэх ухааны талаар тодруулъя. Энэ шинжлэх ухаан ямар ач холбогдолтой юм бэ?

-Энгийнээр тайлбарлавал, хүн төрөлхтнийг судлах байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хүнийг нийгэм, соёлын амьтан гэх талаас нь буюу яаж аж төрж, юу эрхэлж, нийгэмд хэрхэн оршиж байгаа, нийгэм нь өөрөө хүний бүтээл гэдэг талаас судалдаг юм. Энэ шинжлэх ухаан хүн төрөлхтний цаашдын хувь заяаг шийдэхэд тодорхой хэмжээний үүрэг, гүйцэтгэх ач холбогдолтой. Зарим орнуудад арван жил тутамд хүн судлаачид төрдөө тусгайлан хүсэлт тавьж, ард түмнээ судлуулдаг жишиг бий. Тухайн орны бие хүн яаж хөгжиж байна, хоол унд, орчин зэрэг нь хэрхэн өөрчлөгдөж байна гэх мэтээр. Эдгээр өөрчлөлтөд хүн хэрхэн дасан зохицож байна гэдгийг ч судалдаг. Тухайн ард түмний бие бялдрынх нь өсөлт хэвийн явагдаж байна уу гэдгийг биологийн талаас нь судалж антропологийн стандартчилал гаргаж, цаашид авах арга хэмжээг нь боловсруулдаг. Гэх мэтээр олон талын үүргийг нийгэмд гүйцэтгэдэг.

Нөгөө талаас тухайн ард түмний гарал үүслийн асуудлыг эртний хүнээс авахуулаад өнөөг хүртэл судална. Тодруулбал, тухайн ард түмний хөгжиж ирсэн түүхийг судалж тэр ард түмний угсаа гарвал, соёлын өөрчлөлт, хөрш зэргэлдээ бүс нутгийн ард түмний харилцаа холбоо гэх мэтчилэн маш олон түүхэн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хэмжээнд шинжлэх ухааны үндэслэл болдог. Ялангуяа тэр соёлыг бүтээсэн хүн нь хэн байв, тэр нутагт нь одоо амьдарч байгаа ард түмэн тэр эртний соёлыг бүтээгчидтэй гарал үүсэлтэй ямар холбоотой талаас нь антропологийн үүднээс маш нарийн түвшинд гаргаж өгдөг.

-Монголчууд “Хүннү, Сүннүгийн үеэс уламжлалтай” гэж ярьдаг. Та Хүннүгийн үеийн судалгаанаасаа танилцуулахгүй юу?

-Соёлын талаас нь гүнзгий судалсан. Язгууртны болон, жирийн иргэдийн булш гэх мэт олон олдворыг олж илрүүлж, соёлын харилцаа холбоог нь судаллаа. Эдгээр олдвороос Ромын шилэн аяга олдсон. Энэ нь Хүннү гүрэн ямар өргөн харилцаатай байсныг нь л гэрчилж байгаа юм л даа. Хүннүчүүдээс бид гарвалтай юу гэдгийг антропологийн шинжлэх ухааны биологийн буюу биеийн антропологиор нь тогтоодог. Илүү тодруулбал, Хүннүгийн үеийн оршуулгын олдвороос олсон ясыг судлаад энэ улсууд өнөөгийн монголчуудтай юугаараа адилхан байна гэдгийг нүүр царайны төрх, бие бялдрын хөгжлөөс авахуулаад генийн түвшинд судалдаг. Судалгааны дүнгээс хүннүчүүдийн ген бидэнд хэрхэн тархаж, удамшиж ирснийг тогтоосон байгаа.

-Бид хүннүчүүдтэй хэр адилхан байна вэ. Илүү тодруулбал генийн түвшинд ижил тал ажиглагдав уу?

-Ижил талууд байна. Бид хүннүчүүдтэй бие бялдар, дүр төрх, генийн сангийн хувьд ижил байгааг судалгаагаар тогтоосон. Өнөөгийн монголчуудад байгаа ген хүннүгийн үед байжээ. Хүрэл, төмрийн эхэн үеийн гээд маш олон соёл манай нутагт байсан. Баруун Монголд долоо, найман соёл, Дорнод Монголд дөрвөлжин булшны соёл байна. 2008 онд бид Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Дэлгэрхаан ууланд хүрлийн үеийн цоо шинэ хэлбэр маягийн соёлын хэлбэрийг илрүүлж, судалсан. Ер нь бид буган чулуун хиргисүүр соёл, дөрвөлжин булш, тэвшийн, баруун Монголын чемурчукын гээд нэр бүхий соёлуудыг судалж яг аль нь генийн хувьд өнөөгийн монголчуудтай ижил байна уу, эсвэл өөр байна уу. Өөр байсан бол хэдий үеэс ижилсэж эхлэв, бидний нүүр царайны хэлбэр төрх, генийн сан хэдийд бүрэлдэж эхлэв гэх зэргийг судалсан. Ингэснээр цаашаа хөөхөд хэдэн ч арван мянган жилээр ярих боломжтой болж байгаа юм. Аливаа ард түмний гарал үүслийн асуудлыг маш нарийн гаргаж өгдгөөрөө биологийн антропологийн шинжлэх ухаан онцлог. Мөн нөгөө талаас нь дээр дурдсан шинэ чулуун зэвсгийн үеэс эхлээд төмрийн эхэн үе, Хүннүгийн үеийн оршуулгын зан үйл бидэнд хэрхэн уламжилж ирсэн гэдгийг нийгэм соёлын антропологи судалдаг. Өөрөөр хэлбэл угсаатны зүйчид. Өнөөгийн монголчуудын тодорхой угсаатны бүлэгт байгаа оршуулгын зан үйл хэдий үеэс ямар хүмүүсээс яаж уламжилж ирсэн гэдгийг угсаатны зүйчид тодруулдаг. Энэ мэтээр археологийн дурсгалууд бидэнд асар их мэдээллийг өгдөг.

-Хүннүгийн өмнө төрт улс оршиж байсан талаар зарим түүхчид онцолдог шүү дээ. Энэ талаар та судалж байв уу?

-Байсан байж болно. Төр улс гэхээс илүү томоохон овог аймаг тодорхой бүс нутагт оршиж байсан байж болох юм. Археологийн дурсгалуудын тархацыг анзаарахад хүрлийн үеийн дөрвөлжин булш Дорнод Монголын нутаг, Өвөр байгаль, Зүүн хойд Хятадын нутгаар нэлээн өргөн тархсан нэг хэв шинжийн дурсгал байдаг. Энэ нь өргөн тархсан соёл, тэгээд нэг газар оршиж байгаа учраас тэр үед ямар нэгэн овгийн байгуулалттай улс амьдарч байсныг илтгэдэг юм.

-Буриадууд өөрсдийгөө Иранаас гаралтай гэж тодорхойлох юм билээ. Тэд монгол үндэстнүүд мөн юм уу?

-Ямар ч улсуудын дотор янз бүрийн үзэл баримтлал байдаг шүү дээ. Шинжлэх ухаан талаасаа хэр зэрэг батлагдаж байгаа юм гэдгээрээ л яригдана. Манайхны тухайд үндэстэн гэж юу вэ, угсаатан гэж юу вэ гэдгээ ялгахгүй байна л даа. Буриад, халимгууд бол монгол угсаатнууд. Буриад хэл, дөрвөд хэл, баяд хэл бол монгол хэлний аялгуунууд юм. Монгол угсаатнуудын бүрдэл гэж ойлгож болно. Бие даасан үндэстнүүд биш. Үндэстэн гэхлээр арай өөр тодорхойлолт бий.

-Урианхайн хязгаар буюу тувачууд монголчууд мөн үү?

-Манайхтай гарал үүслээрээ нарийн холбоотой. Алтай урианхайчууд гэдэг Ховдын Дуут, Мөнххайрхан сумын урианхайчууд байгаа юм. Алтайн тувачууд гэдэг мөн л тэр нутгаараа байсан хүмүүс. Түүхэн зохиолд ойн ард түмэн ч тэмдэглэсэн нь бий. Бидэнтэй хэл соёлын маш өргөн харилцаатайгаар нааш цааш нүүдэллэж явсан улсууд. Ерөнхийдөө Тувагийн хүн ам бол эртний түрэг хэлний бүлэгт ордог.

Дуут, Мөнхайрханы урианхайчууд бол Монголын хойд хэсгээр оршиж байсан нь “Нууц товчоо”-нд гардаг шүү дээ. Урианхайчууд уугуул нутаг нь Буйр нуурын тэр хавиар байсан.

 

О.Дашням 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (43.242.243.251)

    2022-05-09

    Бид нар ядаж л өвөг, дээдсийнхээ үлдээсэн газар нутагт голомтоо сахиад байж байна!!! Америкчууд шиг нутгийн уугуул иргэд индиануудыг алаад өөрсдөө эзэн нь болоогүй

  • Иргэн (192.82.74.45)

    2022-05-07

    Одоо Чингисээ тоохоо болиод хүннүчүүд гэдэг болсон. Жинхэнэ хаад язгууртнуудаас ядаж чулуун балгас үлдсэн байх ёстой тул монголын хаад нь халтар, нүүдэлчин малчид байсан байна.

    Зочин (192.82.74.45)

    2022-05-07

    Бид нар ядаж л өвөг, дээдсийнхээ үлдээсэн газар нутагт голомтоо сахиад байж байна!!! Америкчууд шиг нутгийн уугуул иргэд индиануудыг алаад өөрсдөө эзэн нь болоогүй