Бид хүмүүнлэг нийгэм гэдгээ ойлгосон уу? буюу хөдөлмөрч нийгэм
- 2022-05-06
- Нийтлэл
- 0
1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих үйл явц Монгол Улсад эхэлсэн билээ. Үүний үр дүнд Монгол Улсын ард түмэн бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон.
Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг хэрхэн тодорхойлох вэ? Хүмүүнлэг нийгэм гэж юу вэ?
гэх мэтээр өнгөрсөн жилүүдэд хичээл, сургалтын түвшинд цухас ярьж хэлж байснаас өөрөөр энгийн иргэдэд зориулсан нийтлэл үгүйг бодолцон үүнийг бичлээ.
Human (english)- хүмүүн (монгол) -гуман (гуманный., орос) бүгд нэг утга аж. Бас латины humanus гэж үг байна. Я. Цэвэлийн тольд "Хүн-гэдэг нь багаж зэвсгийг бүтээж түүнийгээ нийгмийн хөдөлмөрийн үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг, хэл, сэтгэхүйг эзэмшин амьдрагч нар" гэжээ. (Я. Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь. х. 745.)
Хүмүн монгол бичгээр бол хүн кирилээр (homo-sapiens).
Тэгэхээр хүмүүнлэг нийгэм гэх нь хүнлэг нийгэм болно. Хүнлэг байдал гэдэг нь хайрлах ба бусад хүнд анхаарал хандуулах, хүний хувийн байдлыг хүндлэх, ертөнцөд буй амьд бүхнийг, хүнийг хайрлах зан, хүсэл эрмэлзлэлийг хэлэх аж.
Хүнлэг байхын нэг хэлбэр нь альтруизм буюу бусад хүний төлөө үзэл юм. Alter гэдэг нь өөр, бусад гэсэн утгатай латин үг ба францаар altruisme гэдэг. Бусдын төлөө ажиллах, хөдөлмөрлөх, сэтгэл гаргаснаар тухайн хүн өөрөө түүнээсээ сэтгэл ханамж авдаг. Энэ тодорхойлолтыг францын философич Огюст Конт эгоизмыг эсрэгцүүлэн тавьжээ. 1992 оны Үндсэн хуулийн төслийн оршилд “Хөдөлмөрт үндэслэсэн хүнлэг ардчилсан, шударга ёсыг эрхэмлэсэн” гэдгээс ”хөдөлмөрт үндэслэсэн” гэснийг хасчээ. Б. Чимид “Улс бол харин хөдөлмөрт үндэслэдэг байх. Хүн бол хөдөлмөрт үндэслэхгүй ч хүн байж болно. Түүндээ л хамгийн аюул нь байгаа байхгүй юу” гэж цохон хэлж байж. Өөрөөр хэлбэл, Я.Цэвэлийн тодорхойлолтоос харьцуулж буй өнцөг нь ардчилсан хэв шинжтэй, марксист үзэл санаанд суурьлаагүй хувь хүний эрх зүйн байдлыг чухалчилсан байна. Хөрөнгө, мөнгөтэй хүн хөдөлмөрлөж хөлс авахгүйгээр амьдарч болох нийгэм учир түүнийг заавал хүн байлгах гэж хөдөлмөртэй холбох нь зохисгүй юм.
Адам Смит “Ангуучлал, загасчлалаар гэдсээ тэжээдэг зэрлэг овогт хөдөлмөр эрхлэх чадвартай хүн бүр нийгмийн тусгай хөдөлмөрт оролцон, өөрийгөө болон гэр бүл, овог аймгийнхаа хөгшин хөвөө, хүүхэд багачууд зэрэг хөдөлмөрийн чадваргүй улсыг тэжээхийн тулд хэр хэмжээгээрээ борви бохисхийлгүй зүтгэдэг билээ. Гэлээ ч тэд туйлын ядуу дорой амьдрах учраас зарим үед хүүхэд, хөгшид, архаг өвчтөнгүүдийнхээ амийг таслах буюу зэрлэг амьтдын идэш болгон орхихоос өөр аргагүй болох, өөр аргагүй боллоо гэж үзэх явдал гардаг” гэж тодорхойлжээ. (А. Смит “Үндэстнүүдийн баялаг”. Чойжал 1998 оны хэвлэл. х.6.) Үнэхээр бид японы түүхэн кинонуудаас ядуу гэр бүлүүд өндөр настнаа уулын оройд үүрч аваачин, шувууны хоол болгон амьдаар нь үлдээж байгааг олж хардаг. Энд хөдөлмөрийн үр дүнд баялаг бүрдэх ёстой. Баялаг бүрдээгүй буюу анхан шатны хэрэгцээгээ хангаагүй тохиолдолд хүнлэг байх ямар ч боломжгүйг олж харж болно.
Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэсэн байдаг.
Энэ нь нэг талаас нийгмийн шударга ёсны зарчмын дагуу материаллаг баялгийг иргэн бүрт амьдрах боломжийг нь хангах үүднээс нийгмийн тусламж хэрэгтэй байгаа хэсгийг дэмжих зарчмыг баримтлах явдал мөн. Нөгөө талаас чөлөөт зах зээлийг аль болох дэмжих, төр эдийн засгийг удирдахгүй байх бодлого мөн. Үнэ мэдээж чөлөөтэй тогтоно, гэвч төр шаардлагатай бол түүнийг зохицуулна гэсэн санаа юм.
Социаль төрийн хэлбэр болон социалист төр хоёрыг ялган авч үздэг. Ялангуяа Дэлхийн Хоёрдугаар дайны дараа социал төрийн үзэл төрийн шийдвэрүүдэд тод тусах болжээ. Социалист төрүүд нь түүхэндээ цаашид коммунизмын үзлийг түгээхийг эрхэмлэдэг бол харин социал төрийн хэв шинжид ийм үзэгдэл байхгүй.
Монгол Улс нийгмийн хамгааллын салбарт 2019 онд ДНБ-ний 2 хувийг зарцуулж байсан бол 2020 онд 4,7 хувь болж өссөн байна. Дэлхийн дундаж 6 хувь байдаг байна. Харин үүн дотроо халамжийн зардал нь манайх дэлхийн дунджаас илүү явж иржээ.
Дундаж орлоготой гадны улс орнууд ДНБ-ийхээ 1.6 орчим хувийг, өндөр орлоготой улс орнууд ДНБ-нийхээ 1.9 орчим хувийг нийгмийн халамжийн арга хэмжээнд зарцуулж байна. Манай улс 2020 оны судалгаагаар ДНБ-ийхээ 2.1 хувийг халамжид зарцуулж байсан бол энэ нь ихэссэн гэсэн үг. Тэгэхээр ядуугийн хуулиас гарахын тулд, капитал бүрдүүлэхийн тулд халамжаас хөдөлмөр рүү гэх уриагаа төр хүмүүнлэг нийгмийг бүтээхийн тулд улам гүнзгийрүүлэн бодит амьдрал дээр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хүмүүнлэг нийгэм гэдэг нь нийгэм өөрөө хөдөлмөрт үндэслэх ёстой гэсэн санаа юм. Хөдөлмөргүйгээр хүнлэг байх боломжгүй. Цөөн хэдэн капиталаа босгосон хүмүүсийн үр сад хөдөлмөрлөхгүй, хөлс авахгүй байхыг харин үгүйсгэхгүй.
МУИС-ХЗС-ийн багш, доктор Болдбаатарын Гүнбилэг
Сэтгэгдэл (0)