Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргад анх удаа өнгөт арьст хүний нэрийг дэвшүүлжээ
- 2022-05-06
- Дэлхий
- 0
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын албан тушаалд Карин Жан-Пьерийн нэрийг дэвшүүлжээ. Өдгөө 44 настай тэрбээр энэхүү албан тушаалыг хашсан анхны өнгөт арьст, мөн ижил хүйстэн гэдгээ нээлттэй зарласан хүн болох юм.
Ж.Байденыг ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш түүний засаг захиргааны хэвлэлийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж буй К.Жан-Пьер нь ирэх долоо хоногийн сүүлээр хэвлэлийн нарийн бичгийн даргын албан тушаалаа хүлээлгэн өгөх Жен Псакигийн халааг авна.
Хэвлэлийн нарийн бичгийн дарга нар Цагаан ордны сэтгүүлчдэд өдөр тутам мэдээлэл өгдөг. Өдгөө 43 настай Ж.Псаки цаашид “MSNBC” телевизэд ажиллах ажээ. Тэрбээр “Twitter” хуудсандаа Ж.Жан-Пьерийг “өндөр ёс суртахуунтай гайхалтай эмэгтэй” хэмээн тодорхойлсон байна.
Урьд нь мөн “MSNBC” телевизэд шинжээчээр ажиллаж байсан Ж.Жан-Пьер Цагаан ордны хэвлэлийн албанд зүтгэхийнхээ өмнө Камала Харрисын ажлын албаны даргаар ажиллаж байжээ. Тухайн үед К.Харрис Ж.Байдены дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчээр тодроод байсан юм.
Ж.Жан-Пьерийн томилгоо ирэх 11 дүгээр сард явагдах завсрын сонгуулийн өмнө болж байгаагаараа онцлогтой бөгөөд энэхүү сонгууль нь Ж.Байдены ерөнхийлөгчийн бүрэн эрхийн үлдсэн хугацаа хэрхэн өрнөхийг тодорхойлно хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)