Д.Ангар: Банкны IPO гэдэг дотоодын хөрөнгийн зах зээлд дандаа л гай болж ирсэн

Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.


-Банкууд IPO гаргах нь ямар ашигтай вэ?

-Би эдийн засагч хүний хувьд банкуудыг IPO гаргахыг дэмжиж байгаа. Том агуулгаараа бол олон нийтийн компани болно. 20-30 хувьд нь олон нийтийн оролцоо орж ирнэ. Иргэд болон бусад аж ахуйн нэгжүүд хувьцаа эзэмшигч болно гэсэн үг. Иргэд банкны хувьцаанд хөрөнгө оруулалт хийсэн тул тэр банкны үйл ажиллагаа нээлттэй ил тод, ашигт ажиллагаа, зээлийн чанар гэдэг зүйлд шууд болон шууд бус утгаар холбогдоод ирэх учраас тухайн банк өөрөө эрүүл, нээлттэй, хариуцлагатай болдог. Тэр утгаар нь дэмжиж байгаа. Ялангуяа системийн таван банк болох Хаан, Хас, Голомт, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкийг нээлттэй хувьцаат компани болгох УИХ-ын шийдвэрийг агуулгынх нь хувьд дэмжиж байгаа. Гэхдээ нэг том асуудал байна.

-Ямар асуудал?

-Банк гэдэг өөрөө том институци. 30 жил орчим үйл ажиллагаагаа явуулчихлаа. Монголын санхүүгийн зах зээлийн 90-ээс дээш хувийг хэдхэн банк бүрдүүлж байна. Эдийн засагт энэ чинь маш том нөлөөтэй. Тэгэхээр үнэлгээ нь тодорхой байх ёстой. Үйлдвэрлэлийн байгууллагын үнэлгээг маш амархан хийж болдог. Сард, долоо хоногт, хагас жилд хэчнээн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм. Өртөг нь хэд вэ, зарах үнэ нь хэд юм. Энэ хоёрын зөрүүнээс ажилчдынхаа цалин бусад зардлаа хасаад ашиг нь гараад ирнэ.

Тэр ашигаа өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэх юм бол хувьцааны үнэ гараад ирдэг. Үйлдвэрлэлийн хувьцааны үнийг тогтооход маш амархан. Амархан ч юу байх вэ. Тооцоолол дээр суурилаад үнэ нь өөрөө гараад ирэх боломжтой. Банкны хувьцааны үнийг тогтоох маш хэцүү.

-Яагаад?

-Яагаад гэвэл зээлтэй холбогддог. Зээл нь хэр чанартай, чанаргүйгээс шалтгаалж тухайн банкны ашигт ажиллагаа 180 градус эргэх боломжтой. Өнөөдөр санхүүгийн тайлангаараа 200 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гэсэн компани яг зөв үнэлэх юм бол зээлийнхээ чанараас шалтгаалаад 200 тэрбум төгрөгийн алдагдалтай ч байх магадлалтай. Тийм учраас банкуудын зээлийн чанар гэдэг зүйл дээр маш том ач холбогдол өгөх ёстой юм. Хэдийгээр УИХ хууль баталчихсан ч гэсэн банкууд зээлийн чанартаа шалгалт хийлгэхгүйгээр IPO гаргах гээд яараад байсан. Үүнд би эдийн засагч хүнийхээ хувьд эсрэг байр суурьтай байсан. Ингэж болохгүй. Ингэвэл мэдээллээс хол, мэдээлэл дутуу иргэд хулхидуулна. Банкууд мэдээж өөрсдөдөө ашигтай байдлаар хувьцааны үнийг өндөр тавьчихна. Чанаргүй зээлүүдээ чанартай мэтээр үнэлчихнэ. Ингээд хувьцааны үнэ өндөр гараад ирнэ. Магадгүй нэг жилийн дараа зээлийн чанар муудах юм бол хувьцааны үнэ унана. Ингээд хөрөнгө оруулсан хүмүүс зорьж байсан өгөөжөө авч чадахгүй. Хэрэв ингэж гаргасан бол Монголын хөрөнгийн зах зээлийн нэр хүнд маш их унах байсан. Би бас хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн. Энэ зах зээлийг хөгжөөсэй гэж бодож явдаг. Энэ зах зээл дээр зөвхөн чанартай бараа л орж ирэх ёстой. Гэтэл банкууд, бүх банкийг хэлж байгаа юм биш л дээ. Миний багцаа тооцоогоор энэхүү таван банкны 2-3-ынх нь хувьцааны үнэ нь бараг хасах байдал дээр тогтохоор, дампуурахад бэлэн болчихсон гэдэг юм уу, ашигт ажиллагаа байхгүй болчихсон. Гэхдээ өнөөдөр бүгдээрээ ашигтай ажиллаж байгаа, асуудалгүй мэтээр IPO гаргах гээд байгаад би эдийн засагчийнхаа хувьд эсэргүүцэж байгаа.

-IPO гаргавал иргэд хохирох магадлалтай гэсэн үг үү?

-Миний эсэргүүцэж байгаа шалтгааны үндэслэл нь нэгдүгээрт, иргэдийг битгий хохироосой, битгий хулхидуулчихаасай гэж хүссэн. Насаараа хуримтлуулсан, насан туршийнхаа хуримтлалыг битгий эрсдэлд оруулаасай. Хоёрдугаарт, хөрөнгийн зах зээл гэдэг нэр хүндийг байхгүй болгоно. Ер нь бол банкны IPO гэдэг дотоодын хөрөнгийн зах зээлд дандаа л гай болж болж байсан. 1990 оноос үүдэлтэй ягаан, цэнхэр тасалбар гэж учраа олохгүй явж явж байгаад 2000-аад оны сүүлийн үеэр дотоодын зах зээл жаахан сэргэж эхэлсэн. Компаниуд IPO гаргаж эхлээд, бонд гаргаад 2007-2009 оны үед хөгжиж байсан юм. Уг нь яг тэр эрчээрээ явсан бол өдийд арай өөр дүр зурагтай болох байсан. Гэтэл тухайн үеийг санаж байгаа бол иргэд одоо мартсан байж магадгүй. Анод, Зоос гэж хоёр банк IPO хийсэн. Тухайн үедээ асуудалгүй, маш сайн чанартай, маш ашигтай банкууд хувьцаа нь үргэлж өснө гэсэн пиар хийсэн. Яг одоогийн тав шиг. Ингээд энэ хоёр банк хөрөнгийн зах зээлд гараад 1-2 жил болоогүй хоёулаа дампуурчихсан. Зөвхөн энэ хоёр банкны дампуурлаас болж дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжил 10 жилээр хоцорсон байхгүй юу. 10 жил иргэд Хөрөнгийн бирж рүү зүглээгүй. Энэ чинь мөнгөө алддаг газар, хулхины газар гээд итгэлийг байхгүй болгочихсон. Анод, Зоос гээд тухайн үедээ жижиг хоёрхон банк. Хоёрхон банкны муу IPO-гоос болоод 10 жил хөгжлөө алдаж байхад таван банкнаас 2-3 нь дампуурчихвал яах вэ. Бүх хувьцааных нь үнэ уначихвал яах вэ. Дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжил 20-30 жилээр хойшилно шүү дээ. Дахиж ойрын 10-15 жил, магадгүй 20 жил ч тийшээ хүн зүглэхгүй. Тийм учраас би шууд IPO гаргахыг эсэргүүцэж байсан.

-IPO гаргахын тулд юу хийх ёстой юм бэ?

-Гол асуудал болсон зээлийн чанартаа шалгалт оруул. Олон улсын нэр хүнд бүхий байгууллагаар шалгуул. Харин Олон улсын валютын сангаас шаардлага тавьсан юм байна. Яг миний ярьсан байдлаар энэ таван банк маш эрсдэлтэй байна. Зээлийн чанар нь тодорхойгүй байна. Ашигт чанар нь буруу, зохиомлоор өндөр үнэлсэн байх эрсдэлтэй. Яг энэ чигээр нь IPO гаргавал дотоодын хөрөнгө оруулж байгаа иргэд маш том эрсдэлтэй тулгарна гэж хэлсэн. Тиймээс IPO-ыг түр хойшлуулаач, хойшлуулах хугацаандаа AQR буюу зээлийн чанараа шалгуул гэдэг шаардлага тавьсан. Магадгүй Хаан банк Ц.Баатарсайхан гэдэг хүндээ зээл өгчихсөн үү, Худалдаа хөгжлийн банк Д.Эрдэнэбилэгтэй холбоотой хүмүүст зээл өгсөн үү, Голомт банк Д.Баясгалан гэдэг хүнтэй холбоотой хүнд зээл өгсөн үү гэдгийг шалгах ёстой. Тэд нь эргээд төлөгдөж байна уу, төлөгдөхгүй байна уу. Эсвэл бусад банкууд зээлүүд нь төлөгдөж байна уу. Төлөгдөж байгаа мэтээр бүртгээд ашигт ажиллагаагаа өндөр харуулаад байна уу гэдгийг AQR гэдэг шалгалтаар л бий болгодог. Зүгээр жилийн аудитаар тэр нь гарч ирдэггүй. Энгийн аудитаар зээл олгосон уу, олгоогүй юу гэдгийг л тодорхойлох болохоос биш тэр зээл нь чанартай юу, чанаргүй юу гэдгийг PWC, EY гэдэг аудитын компаниуд шууд тогтоох боломжгүй. Тэд бол зөвхөн санхүүгийн аудит. Банкууд ингэж иргэдийг хулхидаад байна. Бид олон улсын санхүүгийн нэр хүнд бүхий компаниар аудит хийлгэчихсэн. Юунд нь эргэлзээд байгаа юм бэ гэдэг. Энэ компаниуд чинь зээлийн чанарыг шалгадаг биш байхгүй юу. Зөвхөн зээл өгсөн үү, өгөөгүй юү. Бүртгэсэн үү, бүртгээгүй юу гэдгийг л тогтоодог. Одоо AQR гэдэг тусгайлсан шалгалт орж ирэх ёстой. 40 тэрбум, 50 тэрбум төгрөг энэ хүнд өгсөн байна. Ямар холбоотой юм. Түүнийгээ яг цаг хугацаанд нь төлж байна уу гэдгийг шалгана. Чанаргүй байх юм бол эрсдэлийн сан байгуулна. Эрсдэлийн сан байгуулахаар эздийнх нь өмч багасна гэсэн үг.

-Ийм шалгалт өмнө нь манайд хийгдэж байсан уу?

-2016 онд энэ таван банкинд хийгдсэн. 2-3 нь ашигтай ажиллаж байсан гэдэг нь байхгүй бүр хасах руу орчихсон. Эздийнх нь өмч байхгүй болсон. Тэгээд Олон улсын валютын сан шаардлага тавьсан байна лээ. Та нар банк байгуулж тоглоод байна. Банк чинь эздийн өмчгүй болчихжээ. Өөрийн хөрөнгийн дутагдалтай болчихсон байна. Энэ мөнгөө нөх гэсэн юм байна лээ. 2016-2017 онд. Тэгсэн манай банкууд ямар ч эх үүсвэр нь тодорхойгүй баахан мөнгө хийсэн байдлаар бүртгэчихсэн. Түүнийг нь Олон улсын валютын сан бас хүлээн зөвшөөрөөгүй. Энэ явцын дунд Валютын сан банкуудтай холбоотой ойлголтод хүрч чадаагүй, амжилтгүй төгссөн байхгүй юу. 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар Валютын санд орсон шүү дээ. Уг нь хэд хэдэн реформ хийж байгаад ойлголцож чадаагүй ганц зүйл нь банкуудын AQR байсан. Тэр эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө нь тероризмтай холбоотой юм уу, дайнтай холбоотой юу, хар тамхитай холбоотой юм уу гэдэг нь мэдэгдэхгүй. Эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө аваачаад хийчихсэн. Яг үнэндээ манай банкууд ийм л байна шүү дээ. Төр яаж ийм банкуудыг IPO гаргаж иргэд, олон нийтийн мөнгөөр хөрөнгө оруулах зөвшөөрлийг өгч болох юм бэ. Тийм учраас Олон улсын валютын сан шаардлага тавьж байна шүү дээ.

-Одоо хэзээ тэр шалгалт нь орох бол?

-Эхлээд УИХ шийдвэрээ гаргана. IPO гаргах хүсэлтээ нэг жилээр хойшлуул гэж. Тэгээд Олон улсын валютын сан, Монголбанк, Засгийн газар дундаасаа бодлогын баримт бичиг гаргах байх. Ямар үе шаттай шалгалтаа хийх юм. Ямар ч байсан банкууд AQR-аар орно. Би муу амлаж байгаа юм биш. Гэхдээ энэ таван банкнаас дор хаяж хоёр нь тэнцэхгүй. IPO гаргах угаасаа боломжгүй.

-Тэгэхээр банкууд иргэдийн мэдээлэлгүй, мэдлэггүй, санхүүгийн боловсролгүй байдал дээр тоглолт хийгээд байна уу?

-Ерөөсөө л тийм л байна. Энэ өөрөө бас зарчимгүй үйлдэл байхгүй юу. Хэрвээ үнэхээр зарчимтай бол ийм үйлдэл хийхгүй. AQR-тай AQR-гүй ч тэр банкны эздэд зарчим байх ёстой шүү дээ. Яагаад яараад байгаа юм. Яагаад зээлийнхээ чанарыг шалгуулахгүйгээр IPO гаргах гээд байгаа юм. Харин гаргачихсан бол УИХ-д маш том дарамт ирэх байсан.

-Ямар дарамт ирэх вэ?

-AQR хийхээс өмнө өндрөөр үнэлээд хувьцаагаа зарчихдаг. Түүнийг нь амьдралынхаа турш бий болгосон хуримтлалаас хүмүүс авдаг. 20-30 сая төгрөг буюу үр хүүхдэдээ хадгалж байсан мөнгөөр хувьцаа авчихдаг. IPO гаргасны дараа AQR орлоо гэж бодъё. 2-3 банк тэнцэхгүй байлаа гэж бодъё. Нөгөө хувьцааны үнэ буцаад 0 болно биз дээ. Тэгэхээр банкны эзэд УИХ-ыг за та нар манайхыг зарлаад үзээрэй гэж дарамтална шүү дээ. Монголбанкийг дарамтална. Та нар манай AQR муу гарсныг зарлавал 30 мянган хүн хохирно шүү ч гэдэг юмуу. Иймэрхүү зүйл болох гээд байсан. Харин Олон улсын валютын сан урьдчилж хараад шалгалт хийлгэхийг санал болгосон. Монголын эдийн засаг жаахан шүү дээ. Дэлхий биднийг алган дээр тавьсан юм шиг л харж байгаа. Өрөвдөлтэй байхгүй юу даа Монголын эдийн засаг, Монголын хэдэн банк гэдэг чинь. Энэ таван банк чинь бидэндээ л том гэж яригддаг болохоос Валютын сангийн нүдээр бол жижигхэн ломбард л байхгүй юу. Ямар гүйлгээ хаашаа яаж хийгдэж байгааг дэлхий бүгдийг нь мэднэ. Тийм болохоор Валютын сан Монголын ард иргэдийг бодсон байна шүү дээ. Иргэдээ та нар эрсдэлд оруулах гээд байна.

Иргэдэд чинь ямар ч мэдээлэл алга. Зээл нь чанартай юм уу, чанаргүй юм уу гэдгийг мэдэхгүй. Манай иргэд IPO хийчихвэл л мөнгө нь 2-3 дахин өсдөг гэсэн л ойлголттой байгаа. Тэгэхээр хөөрхий хүүхдийнхээ их сургуульд хадгалж байсан, үр хүүхдэдээ байшин худалдаж авъя гэж байсан мөнгөөрөө магадгүй хувьцаа руу оруулчихна. Тэрний дараа AQR хийгддэг. Таван банкнаас 2-3 нь магадгүй AQR-ын дүн тааруу гарлаа гэж бодъё. Тэгвэл хувьцааны үнэ шууд унана. Үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод зарим нь 0 зааж дампуурвал яах юм. Магадгүй 300 мянган хүн мөнгөө хийчихвэл яах вэ. Амьдралынхаа хуримтлалыг хийсэн бол яах вэ. Маш том асуудал үүсэх байсан.

-Тэгэхээр санхүүгийн энэхүү мэдээ мэдээлэл, боловсролыг ямар зарчмаар яаж олгох вэ?

-Энэ бол төрийн бодлого л байх ёстой юм байна лээ. Бусад улс орныг аваад үзэхээр санхүүгийн боловсрол гэж зүйл нь төрийн бодлогод нь орчихсон. Цэцэрлэгээс нь авахуулаад дунд сургууль, их сургууль ямар ч мэргэжилтэй болсон хамаагүй тэр талаар ойлголт өгөөд явж байдаг. Бид орос маягийн боловсролын системтэй. Өгүүлбэртэй бодлого нь хоёр алим байхад нэгийг нь идчихвэл хэд үлдэх вэ гэдэг ч юмуу. Гэтэл бусад улс оронд санхүүгийн боловсролоо бага байхаас нь дунд сургуулийнх нь хичээлд хүртэл бонд авлаа таван хувийн хүүтэй байвал хүү нь хэд байх вэ гэдэг ч юмуу бодуулдаг. Багаас нь системтэйгээр санхүүгийн боловсрол олгодог юм байна лээ. Монголд ийм зүйл байхгүй.

Тиймээс нийт иргэд нь хөрөнгө оруулалт гэдэг юм руу мөнгөө хийвэл өсдөг л гэсэн ойлголттой. Эрсдэл гэдгийг мэдэхгүй. Үүн дээр нь тоглосон хүмүүс жишээ нь койнчид байна шүү дээ. Койн гэдэг юм руу мөнгөө хийвэл 5-10 дахин өснө гэж хүмүүсийн толгойг эргүүлдэг. Энэ чинь нийт иргэд санхүүгийн боловсролгүй байгаагийн илрэл. Иргэдийг буруутгаж болохгүй. Аргаа барсандаа л ийм арга хэмжээ авч байгаа юм. Сая банкууд IPO гаргах гэж байгаа нь койнчдоос ямар ч ялгаагүй байна шүү дээ. Иргэдийн мэдээлэлгүйг далимдуулаад хувьцаагаа зарах гэж байсан. Энэ бол маш зарчимгүй үйлдэл.

 

С.Отгонбаяр

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)