Дайны тухай гайхалтай, гунигтай, эмгэнэлтэй баримтууд
- 2022-05-09
- Нийтлэл
- 0
...Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн, хамгийн их эвдрэл сүйрлийг авчирсан дэлхийн II дайнд 62 улс, 2 тэрбум хүн татагдан оржээ.
..Аугаа их Эх орны дайн эхэлсэн эхний өдрүүдэд цэргийн штабуудын байр руу нэвтрэхийн аргагүй байлаа.
Учир нь, фронтод явах хүсэлтээ өгсөн хүмүүс хөл тавих зайгүй цугларчээ. Ялангуяа залуучууд маш олноороо ирсэн бөгөөд “биднийг байлдаж ч амжаагүй байхад дайсныг бутниргэчихсэн байх нь” хэмээн яарч, фронтод явах өргөдлөө өгч байсан гэдэг.
...Партизаны отрядууд ба армийн анги нэгтгэлүүдэд Зөвлөлтийн 300 мянга гаруй хүүхдүүд байлдаж байсан гэх тоо бий. Тэд баатар цолыг ч хүртэж байжээ. Олон хүүхэд хичээлдээ муу дүн авахаас айж, “муу сурах нь Эх орноосоо урвасантай адил” гэж үздэг байжээ.
...”Цэргүүдийг гамнах хэрэггүй, хүүхнүүд дахиад л төрүүлчихнэ” гэсэн үгийг Георгий Жуков хэлсэн хэмээн ярилцдаг. Гэвч үнэн хэрэгтээ бол энэ үгийг өөр нөхцөл байдалд цэргийн нэрт жанжин Клим Ворошилов хэлсэн ажээ.
…Вязьмагийн бүслэлт бол Улаан армийн хамгийн хүнд ялагдал юм.
Германы армийн “Төв” бүлэглэл Москва руу нэвтрэхийн тулд Вязьмагийн районд Зөвлөлтийн цэргийн хамгаалалтыг сэтэлснээр 37 дивиз, 9 танкийн бригад, их бууны 31 хороог бүслэн авсан байна. Тулалдааны явцад Улаан армийн 380 мянган цэрэг алагдаж шархдан, 600 мянга гаруй хүн олзлогджээ.
...Ленинградын бүслэлтийн үед “Амьдралын зам”-аар хоол хүнс, хүмүүсийг зөөж байсан жолооч нар мөс хагарч машин нь живсэн тохиолдолд үсрэхэд бэлэн байхын тулд хаалгаа онгорхой явдаг байжээ. Зөвхөн бүслэлтийн эхний өвөл мянга гаруй ачааны машин Ладог нуурт живсэн гэдэг.
... Ладог нуураар хүмүүсийг тээвэрлэж байх үед олон эхчүүдийн гар хөл нь хөлдөж мэдээ алдсан байсны улмаас ачааны машин өчүүхэн донслох төдийд хүүхдүүдээ мөсөн дээр алдан унагаж байжээ. 12 дугаар сар гэхэд нуур бүрэн хөлдөөгүй, зарим газарт мөсний зузаан дөнгөж 3 см байсан тул олон хүүхэд нуурын мөсөн дор живж амиа алджээ.
...1943 онд Үнэн алдартны шашны сүм хийдүүдийн үйл ажиллагааг сэргээсний дараа шоронд хоригдож байсан бүх хамба лам, санваартнуудыг 5 жилийн дотор суллажээ.
... 1941-1944 онд нацистууд “нордик төрхтэй” 2 сартайгаас 6 хүртэлх насны олон мянган хүүхдүүдийг ЗХУ ба Польшоос Лозь хот дахь “Киндер КЦ” гэдэг хүүхдийн хорих лагерьт авчирч, тэдний “арьс үндэсний үнэ цэнэ”-ийг тодорхойлж, шилж сонгосны дараа “анхан шатны германчлах” төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэв. Хүүхдүүдийн бичиг баримтуудыг сольж, тэдэнд шинэ нэр өгч, германаар ярьдаг болгосны дараа тэднийг герман айлуудад үрчлүүлэхийн тулд “Лебенсборн” гэдэг төвд авчирчээ. Зарим герман айлууд “ари биш цусны” хүүхдүүдийг үрчлэн авснаа ч мэдээгүй аж. Хулгайлагдсан хүүхдүүдийн дөнгөж 2-3 хувь нь дайны дараа эх орондоо буцаж ирсэн бол бусад нь өөрсдийгөө герман үндэстэн гэж бодсоор насыг элээсэн гэдэг.
...Александр Матросовын байгуулсан гавьяаг 400 гаруй цэрэг эрс давтсан байдаг.
...Зөвлөлтийн армид 80 мянган эмэгтэй офицер алба хааж байсан бол янз бүрийн эх сурвалжийн мэдээллээр, 600 мянгаас 1 сая эмэгтэйчүүд фронтод тулалдаж байжээ. ЗХУ-ын Баатар цолыг 87 эмэгтэй дайчин хүртсэн байна.
...ЗХУ-ын Баатар цолыг нийтдээ 11 мянга 500 гаруй хүн хүртжээ. Анхны баатруудын нэг бол Улаан армийн байлдагч Дмитрий Овчаренко юм. Тэрбээр 1941 оны 7 дугаар сарын 13-нд буюу Кишинёвын районд болсон тулалдааны үеэр ангидаа зэвсэг хэрэгсэл хүргэх гэж яваад Германы 50 гаруй цэрэгт бүслэгдэн баригджээ. Дайснууд түүний винтов бууг хураан авсан боловч Овчаренко огт сандарсангүй, морин тэргэн дээрх ачаан дотроос сүх гаргаж ирээд өөрийг нь байцааж байсан офицерын толгойг тас цавчив. Дараа нь немцүүд рүү 3 гранат шидэж 21 цэргийг устгахад бусад нь үймж сандран тал тал бүр тийш зугтаажээ. Овчаренко өөр нэгэн офицерийг гүйцэж очоод сүхээр цавчиж хөнөөв. Ингээд дайсны офицеруудад байсан баримт бичиг, газрын зураг зэргийг цуглуулж аваад сум хэрэгслээ ачин ангидаа эсэн мэнд очжээ.
ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар Дмитрий Романович Овчаренкод ЗХУ-ын Баатар цол олгож, Лениний одон, “Алтан таван хошуу” одонгоор шагнасан байна. Тэрбээр 1945 оны 1 дүгээр сард Унгарыг чөлөөлөх тулалдаанд оролцох үеэрээ хүнд шархдаж, эмнэлэгт эмчлүүлж байгаад 1945 оны 1 дүгээр сард нас баржээ.
... Дайн дуусаж байх үед 3 сая орчим одон медаль эзэндээ очоогүй байлаа. Цэрэг дайчид амь үрэгдэж, эмнэлэгт эмчлүүлж, өөр анги нэгтгэл рүү шилжсэн зэрэг шалтгаанаас гадна асар олон тооны одон медалийг үйлдвэрлэж амжихгүй байсан нь үүнтэй холбоотой. 1956 он гэхэд 1 сая орчим шагналыг эзэнд нь олгосон бол үүнээс хойш шагналд тодорхойлж олгохыг зогсоожээ. Харин дайнд оролцсон хүмүүс өөрсдөө хүсэлт гаргасан тохиолдолд гавьяа шагналыг нь хүртээдэг болов. Ингэснээр хагас сая гаруй одон медаль эзэндээ хүрчээ. Харин 400 мянга гаруй одон тэмдэг өнөөг хүртэл эздээ хүлээсээр...
…Дайны үеэр сурагггүй алга болсон 2 сая хүний хувь заяа хэрхсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй байна.
...Дайнаас хойших 17 жилийн хугацаанд ЗХУ-д Ялалтын баярыг тэмдэглээгүй гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй болов уу. Учир нь, Аугаа их Эх орны дайны гашуун дурсамжийг мартаж, эвдэрч сүйдсэн хот тосгодоо сэргээхэд бүх хүчин чармайлтаа дайчлах нь чухал гэж Зөвлөлтийн эрх баригчид үзжээ.
.
..1945 онд дайн дууссанаас хойш 10 жилийн турш ЗХУ, Герман хоёр дайны байдалд байсан гэдгийг хүмүүс бараг мэддэггүй. Германчууд бууж өгсний дараа Зөвлөлтийн эрх баригчид заналт дайсантай эвлэрлийн гэрээ байгуулахыг хүсээгүй аж.
Бүхэл бүтэн 10 жилийн дараа буюу 1955 оны 1 дүгээр 25-нд ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчид “ЗХУ ба Германы хооронд дайны байдлыг цуцлах” тухай тогтоол баталснаар дайн албан ёсоор төгсгөл болжээ.
...Санитар ноход тулааны талбарт “элэг дөрвөөр” мөлхсөөр шархадсан цэргүүдэд эмнэлгийн цүнхийг хүргэж өгдөг байв. Тухайн цэрэг шархаа боож дуустал тэвчээртэй хүлээсэн нохой дараагийн цэрэг рүү мөлхөнө. Эдгээр ноход амьд цэргийг амь үрэгдсэн цэргээс маш сайн ялгадаг байв. Шархадсан цэргүүд ухаан алдсан байх нь олонтоо тул ноход тэдэн дээр мөлхөж очоод ухаан ортол нь нүүрийг нь долоодог байжээ. Фронтод “алба хааж байсан”
60 мянга гаруй ноход 700 мянга гаруй хүнд шархадсан цэргүүдийг тулалдааны талбараас гаргаж аварсан гэх тоо бий.
...Ялалтын дараахан И.Сталин “Зөвлөлтийн 7 сая иргэн дайнд амиа алдсан” гэх баримжаа тоог хэлж байв. Харин Сталиныг тахин шүтэх явдлыг буруутган илчилсэн Хрущевын үед 20 сая гаруй хүн амиа алдсан болохыг тогтоожээ.
…Дэлхийн II дайнд 54 сая хүн амиа алдсан бол 90 сая хүн шархдаж, тэднээс гуравны нэг нь насан туршдаа тахир дутуу болон үлдсэн юм. ЗХУ 27 сая иргэнээ алдсан нь нийт амь үрэгдэгсдийн 40 хувь болж байна.
Б.Адъяахүү
Эх сурвалж: https://gubkin.city/news/society/61665/?
Сэтгэгдэл (0)