"Долоогийн бүлэг" Оросын газрын тосноос татгалзах үүрэг хүлээжээ

ВАШИНГТОН. /DW/. “Долоогийн бүлэг”-ийн (G7) орнууд ням гарагт Оросын газрын тосны импортоос аажмаар татгалзах эсвэл түүнд хориг тавих үүрэг хүлээжээ. Энэ тухай “G7”-ийн орнуудын удирдагчдын видео бага хурлын дараа нийтэлсэн Цагаан ордны мэдээлэлд дурдсан байна.

 

Уг хуралд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оролцжээ. Үүнээс гадна, АНУ Сбербанк, Газпромбанкны менежерүүд, түүнчлэн Оросын телевизийн гурван сувгийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авснаа мэдэгдсэн байна.

 

“АНУ  “Нэгдүгээр суваг”, "Россия-1", "Телевизийн НТВ компани" гэсэн хамгийн олон үзэгчтэй, шууд болон шууд бусаар төрийн хяналтад байдаг гурван сувагт хориг арга хэмжээ авч байна” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна. АНУ-ын эрх баригчид мөн цөмийн аж үйлдвэр зэрэг Оросын хэд хэдэн салбарт бараа бүтээгдэхүүн экспортлохыг хоригложээ. Түүнчлэн Орос, Беларусийн 2600 албан тушаалтан шинэ хоригт өртсөнөөс гадна, оросуудад зөвлөх, зар сурталчилгаа, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхийг  АНУ-ын компаниудад хориглосон байна. ХБНГУ “G7”-г даргалж эхэлснээс хойш тус бүлгийн удирдагчид гурав дахь удаагаа уулзсан нь энэ юм.

 

Хурал Дэлхийн II дайн Европт дууссаны ойн үеэр болж байгааг Берлин дэх Холбооны засгийн газрын албан ёсны төлөөлөгч уулзалтын өмнө сануулсан байна. 77 жилийн өмнө дууссан дайн нь Европ тивд урьд өмнө байгаагүй аймшигт үхэл, сүйрлийг авчирсан тул “G7”-ийн эв нэгдэл одоо "урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр чухал" гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

 

Үүний зэрэгцээ Европын Холбооны байнгын төлөөлөгчид хэд хоног хэлэлцсэний эцэст Оросын эсрэг нефтийн хориг тавих тухай тохиролцоонд хүрч чадаагүй байна. ОХУ-ын газрын тосны нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай зарим орны нефтийн хангамжийн аюулгүй байдлын баталгааг боловсруулсаар байна гэж ЕХ-ны Зөвлөлийг даргалж буй Франц улс болон Европын Комисс тавдугаар сарын 8-нд мэдэгджээ.

Мөн сүүлийн хэдэн өдөр харилцан буулт хийх саналуудыг идэвхтэй хэлэлцэж, үр дүнд нь томоохон ахиц дэвшил гарсныг хэлсэн байна хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)