Монголд мөнгө тогтдоггүй (2)

Эмчилгээ–тэжээлийн цэгт мал болохоосоо өнгөрсөн дутуу төрсөн, сохор доголон, эсвэл өнчирсөн хурга, ишиг, унага, тугал, ботго хүлээн авч мал болгодог ба мал болж чадаагүйг нь тэгсгээд зааз бойнд явуулдаг байсан ба өнөөгийн Монгол маань Эрээний эмчилгээ–тэжээлийн цэг шиг болчихсон байна хэмээн ахмад эрдэмтэн нөхөр маань надад ярьсан даа. 

Би эргэцүүлж бодоод манай эх оронд ерөөсөө мөнгө тогтдоггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. 

Яагаад? Их сонин ийм асуулт тавиад хариулт хайя. 1990-ээд оноос хойшхи урт түүх. Төчнөөн тэрбум (сүүл рүүгээ их наяд) төгрөгтэй бол Монголынхоо эдийн засгийг босгоод авмаар байна хэмээн П.Жасрайгаас хойшхи бүх Ерөнхий сайд нар ярьжээ. М.Энхболд, С.Баяр, С.Батболд нарын өнгөн дээр дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн (зэс) үнэ өндөр байх завсар үед тэгж ярих нь багассан байж болно. Түүнээс хойш бас яриастай.

“Эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг”- гэсэн уриатай нэг Ерөнхий сайд байж байгаад халаагаа өгсөн, түүнээс хойш гурав дахь Ерөнхий сайдынхаа өнгөн дээр бас л эдийн засаг, эдийн засаг гэж яриастай. Харин Орос хүнд байдалд орсон тул гаднаас хамааралгүй болъё хэмээн саяхнаас ярьж эхлэв.

Ер нь мөнгө хэрэгтэй тухай улиг болтол 30 жил шувтан ярьжээ. Дахиад 2050 хүртэл ярих нь байна. Эдийн засгийн ухааны доктор профессор, эрдэмтэд, гавьяат эдийн засагчид савнаасаа хальтаа олширсон боловч эдийн засаг нь “0” заачихсан, мөнгө тогтдоггүй, мөнгө байдаггүй, ямагт мөнгөний мөнхийн хяслантай нэг улс л байгаад байдаг. Далан жилд нь Зөвлөлтөөр тэжээлгэн тэтгэгдэж, 30 жилд нь ардчиллын нэрээр авч хэрэглэсэн мөнгөний их дүнгээрээ бол даян дэлхийд шившгээ дэлгэхэд тун дөхсөн, мөнгө тогтоодоггүй үзүүлэлт, учир шалтгааныг нь Нобелийн шагналт гадаадын толгой эдийн засагчид ч тархиа гашилгаад олж нэрлэж чадахгүй. “Гуравхан сая монгол тэгсэн” хэмээн гашуун сургамжийн жишээ болоод эдийн засгийн сурах бичгүүдэд бичигдчихгүй л байгаасай хэмээн би хувьдаа залбирдаг.

Монголын эдийн засаг миний бодоход маш хялбар, учрыг нь олоход тун амархан ч юм шиг санагддаг. Эдийн засгийн шинжлэх ухааны эрдэмтдийн нөр их ур ухаан ер шаардахгүйгээр. 

Ер нь эдийн засаг гэх юм байгаа юм уу? Уул уурхайн хэдхэн үйлдвэрт олборлолт явуулж байна. Ажлын байр нь тэнд хязгаартай юм. Байгальд хар зөнгөөрөө бэлчиж, оройдоо ирж хотолдог 70-80 сая мал сүрэг (удахгүй 100 саяыг давна!) байгальдаа байж байна. Халуун хушуут 5 хошуу малдаа мөргөх нь зөв. Гэхдээ зээр, гөрөөс шиг л байгалийн зэрлэг амьтан. Иймд малын мах гэдэг нь ангийн махтай яг адил. Ангийн махаар хооллож байгаатай яг адил. 

Эдийн засгийн хоёр салбарыг би нэрлэчихлээ. Уул уурхай (1) ба мал аж ахуй (2). Энэ хоёр салбарт ажиллагсад нь даан ч цөөхүүлээ, олуулаа байх ч арга алга. Эдийн засгийн гурав дахь салбар нь иргэдийн ба хувийн компанийн өөд уруугүй хийгддэг эх захгүй худалдаа (3) байна.

Монголын эдийн засгийн үндсэн гурван салбарыг нэрлэчихлээ. Үйлдвэр, газар тариалан, эрчим хүч, дэд бүтэц нь энэ гурвынхаа хавсарга маягтай явдаг. Ажиллагсад нь бас хязгаартай.

Монголын эдийн засаг маш хялбар гээд байгаа чинь дээрхи бүтэц загварыг л хэлээд байгаа ухаантай юм. Монголын эдийн засаг маш хялбар гээд байгаа чинь бас оролцогчдыг нь хэлнэ. Тэр нь тун хялбар. Баялаг бүтээгч нь хэд, хүн амынхаа хичнээн хувь эзэлдэг? Баялаг бүтээгчдийн эсрэг талд нь хэрэглэгчдийг нь тооцчихно. Ингэхлээр тэмээ ямаа шиг их зөрүү гараад ирнэ. Хүн амын ихэнхи нь хэрэглэгч. Хязгааргүй хэрэглэгч. Ерөөсөө л идэж уух, өмсөх зүүх, авч хэрэглэх. Хариу нь ганц зоосны өгөөжгүй. Уг нь миний хувийн бодлоор (хүслээр) насанд хүрсэн, эрүүл саруул бүх хүн баялаг бүтээгч баймаарсан. Тэр нь Монголд хасахын хасах үзүүлэлттэй.Нээлттэй ажлын байрны зар мөнхөд өлгөөстэй, хүн очдоггүй.

Монголын эдийн засгийг хүндрүүлдэг байгалийн ба гэнэтийн хүчин зүйлс бас байнаа. Өвөл гэж нэг гайтай улирал тохиодог тул осгочихгүйн тулд, хөлдүүс болчихгүйн тулд эрхбиш нэмэлт ажил шаарддаг. Өвөлжихийн тулд Засгийн газар нь тархи, оюун хүчээ дайчилдаг гэх үү дээ, болхиор зүйрлэвэл. Дээр нь ковид мэтийн гэнэтийн гамшиг дайрвал Монголын эдийн засаг балардаг нь сүүлийн хоёр жилд тов тодорхой харагдлаа. Байгалийнхаа хар зөнгөөр жаргалтай явсан хүн ард, тэдний хувийн худалдаа бизнес ёстой нэг цочролд орлоо. Орос-Украины дайны дам гамшиг удахгүй нөлөөлнө. Тэр тухай ярихад арай эрт байна.

Монголын эдийн засгийн бүтэц ба загвар, түүний эрсдэл, төр–засгийнх нь эдийн засгийн бодлого бүхэлдээ тодорхой харагдаж байгаа юм биш үү? 

Эдийн засгаа олон салбарлуулах, төрөлжүүлэх, солонгоруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, экспорт энэ тэр гэж ярьсан нь тоймгүй. Бас л 30жилийн урт яриа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болгон л ярьдаг. Ярьж ярьж цөхрөхдөө өмнөх Ерөнхийлөгч нь Монголынхоо эдийн засгийг “үхээнц эдийн засаг” гээд нэрлэчихсэн. Харин ч онож нэрлэсэн болов уу гэж боддог юм. “Үхээнц” гэдэг дээр нь “Үрэлгэн” гээд тодотгол нэмчихье.

“Үхээнц эдийн засаг”-аа амилуулж, амь оруулж, бүхэл бүтэн организм болгож байж сая эдийн засаг сэргэх ба мөнгөтэй болох тухай ярих учиртай юм. Амьд организм болоогүй цагт Монголын эдийн засаг гарлагатай, зарлагатай, үр ашиггүй, үрэлгэн, үлгэн салган явсаар байх болно. Нэг үгээр мөнгө нөөцлөх боломжгүй, мөнгө нь цаас болж салхинд хийссээр байх болно.

Мөнгө нөөцлөх боломжгүй гэдгээ тайлбарлая. Бодитойгоор, болхидуухнаар. Уул уурхайгаас мөнгө орж ирнээ. Тэр мэдээж. Засгийн газар цуглуулж аваад үржүүлэх, хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн өөр салбар бараг үгүй тул нийгмийн бодлого руу тэр их мөнгөө хийнэ, нөгөөх нь цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжинд яваад эргэж ирэхгүй сураггүй алга болчихно. Иргэд нь идэж уугаад хэрэглээд алга болгоно. Бодитой үлдэх нь хэдэн ямбий машин, гар утас, ганц нэг орон сууц, хашаа байшин байж болно. Хэрэглээний ёроолгүй сав учраас цалин тэтгэвэрийг мянга нэмээд ядуурал үгүйрэл нь арилахгүй.

Мал аж ахуйгаас Монголын эдийн засагт орж ирж, биднийгээ гийгүүлж байгаа мөнгө гэж бодитой юм байхгүй. Үнэндээ хамгийн үрэлгэн салбар нь мал аж ахуй. Сүүлдээ түүнийгээ адуулж дийлэхээ больсон, залуус малаас маш их дөлж зугтааж хот бараадаж алга болдог. Бэлчиж явааг нь харж л уярч хайлахгүй бол 80 сая малаас маань ирж буй эдийн засгийн шууд ашиг гэж алга. Малыг яг энэ чигээр нь байлгаад байх аваас малын бизнесийн маш том мафийн сүлжээ, дамын наймааны сүлжээ, малын хулгайн сүлжээтэй хууль хүчнийхэн тэмцэж барахгүй болно.

 Монголд МӨНГӨ тогтдоггүй (2)

Зөв амьдарна гэдэг ажиллахыг л хэлдэг юм байна. Гадаад улсуудын туршлага тэгж зааж байна. Зөв ажиллаад, зөв жаргах товчхондоо. Харин манай улсад эсрэгээрээ. Нийслэлээ аваад үз дээ. Машин ажиллахгүй бол зэвэнд идэгддэг шиг зэвэрчихсэн, бүр төрж өсөхөөсөө зэвэрчихсэн сая хүн ард, түүний ихэнхи нь нийслэлийг боорлоод шигдэцгээнэ.

Хүн бодож сэтгэхийн тулд л заяагддаг хуультай. Харин энэ хууль монгол хүнд үйлчлэхгүй байгаад л гайхаад цөхрөөд баршгүй. Амьдрал гэдэг бол өрсөлдөөн. Өрсөлдөж уралдаж сайн сайхан амьдар аа гэж тархи оюун хүнд заяалгасан. Өрсөлдөөн дунд боломж бололцоог сул алдвал хохирч л дуусна. Гэтэл тэр их боломж бололцоогоо алдаад дууссан асар их монгол хүн Монголын эдийн засгийг уг ёзоороор нь ухаж идэж ялзруулж байна. 

Фээсбүүкээс ийм нэгэн пост эшлэе. Нэг залуу бичжээ:

  • Солонгост 3 сар ажиллаад ирсэн найзтайгаа өнөөдөр таарлаа.
  • Солонгост хар ажил хийнэ гэдэг бол эр хүний шандас шалгасан ажил байна. Би бол шууд шантраад, бараг зугтах шахуу ирлээ. 
  • Тэд нараас авах юм нь ямар хөдөлмөрч хүмүүс вэ? Яасан ч эцэж цуцдаггүй юм, яасан ч уйгагүй юм. 
  • Монголд зүгээр харьцуулах ажил алга. Жаргадаг юм байна, гурилддаг юм байна. Хөгжихгүй байх нь аргагүй юм байна, тэр улс төр мөр бол зүгээр л залхуу хүний ядуу байгаагаа тайлбарлах шал худлаа шалтаг юм байна. 
  • Болдог бол энэ ажилгүй дэмий сэлгүүцээд том том яриад, ажилгүй орлогогүй яваагаа байнга бусдад нялзайгаад яваа залуусыг бүгдийг нь Солонгост хэдэн сар тасралтгүй ажиллуулаад буцаагаад аваад ирвэл амьдралыг, ажлыг арай өөрөөр хардаг болсон байх болов уу. 
  • Миний мэдэхийн Со-д жинхэнэ амьдралын төлөө ажиллаж байгаад ирсэн ёстой нэг ажлыг гололгүй хийдэг хэд хэдэн мундаг хөдөлмөрч хүмүүсийг мэднээ. Өөрөө зориод хүсээд шантралгүй хийвэл ямар ч салбарт амжилт гаргах боломж байгаа шүү залуус минь!

Хойшоо өмнөшөө хил хаалттай. Гучин жил жаргасны чинь хохь гэсэн аятай. Одоо хойд хөршид хориг тавиастай, Украинтай дайтаад юун Монголыг гэх манатай, доллар нүдний гэм болсон, төгрөг ханшны уналтаа арай ядан тогтоож байна. Хяслан нэмэгдсээр. 

Төгсгөлд нь дүгнэе. Монголын эдийн засгийн ерөнхий дүр зураг ердөө дээрхи юм биш үү? Гурван сая ааштай хүний ааш араншинд тохируулсан цөхрөлийн эдийн засаг! Ямагт бүсээ чангалаастай, гал алдахын өмнөх дэнжигнэсэн эдийн засаг!

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)