Үзэл бодол, байр суурийн тухай

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зориулсан “Хараат бус хэвлэл мэдээлэл: Сэргэх үү, сөхрөх үү?” арга хэмжээн дээр ярьсан санаануудаа сийрүүлэв

Монголын чөлөөт хэвлэл мэдээлэл 30 насыг давжээ. 1980-аад оны төгсгөл хавьд дарга нарыг, нам засгийг, социализмыг, Сталиныг, зөвлөлтийг шүүмжилж эхэлсэн бол ерээд он гармагц америк, англи, герман багш нар нааш цувж коммунист биш, чөлөөт, ардчилсан хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй ямар байхыг сургаж эхэлсэн. Юунаас ч хараат бус байж хэний ч талд орох ёсгүй, мэдээ, сурвалжлага зөвхөн үнэнийг хэлэх үүрэгтэй бөгөөд сэтгүүлч, сурвалжлагч нар үзэл бодлоо шургуулж хэрхэвч болохгүй тухай. Бас аливаа мэдээллийг гурваас доошгүй эх сурвалжаас баталгаажуулах тухай. Маргааш гарах мэдээг тэгж амжих эсэхэд эргэлзсэн нөхдүүдэд тэдний огт үзээгүй BBC, CNN, элдэв Тайм, Таймс-ийг үлгэр дууриал болгоно...    

Өнөөдөр тэр үеийн багш нарын номлол өөрчлөгджээ. (Эсвэл коммунист суртал нэвтрүүлгээс салгах гэж дэгсдүү зааж байсан?). Барууны хэвлэл мэдээлэл чөлөөт, хараат бус шошгоо орхиж, хэний талд гэдгээ ил тод зарлаж байгаад дураараа болжээ. CNN гэхэд АНУ-ын Ардчилсан намын, харин Fox News гэхэд Бүгд Найрамдах Намын “төв телевиз”. Хэдэн жилийн өмнө Монголд үйл ажиллагаа явуулдаг германы байгууллагын суурин төлөөлөгч, тус улсын нэр бүхий сонинууд улс төрийн үзэл бодлыг нь дэмждэггүй учраас Трампын мэдэгдлийг нийтлэхгүй байхаар шийдсэн гэж зөвтгөн тайлбарлаж билээ.

Дүгнэлт гэвэл, хувь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын чөлөөт, хараат бус эсэх нь туйлын харьцангуй ойлголт. Эзнээсээ, санхүүжиж байгаа реклам сурталчилгаанаас, ядахдаа өөрөөсөө хараат байж таарна. Сэтгүүлч хүн үйл явдлыг зөвхөн бүртгэгч биш, протокол хөтлөгч биш, минут секунд алдахгүй дамжуулж суудаг камер ч биш. Сэтгүүлч бол үзэж сонсож уншсанаа өөрийн тархиар шүүж өөрийн үгээр илэрхийлэн өөрийн нэрээр түгээдэг хүн. Редакци мөн адил. Тэгэхээр чөлөөт хэвлэл мэдээлэл гэж байдаг уу? Байдаг, энэ бол тогтолцооны ойлголт бөгөөд баруун, зүүн, үндсэрхэг, либерал, коммунист, хуучинсаг, маргинал цөөнхийн, явцуу, эсэргүү, тэрслүү гэх мэт өөр өөрийн өнцгөөс хардаг олон ургальч хэвлэл мэдээллийг хэлнэ. Хэний ч талд орохгүй байх, бас орох эрх чөлөө багтана.

Саяхан болсон нэгэн арга хэмжээн дээр хэсэг эрхлэгчид Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхгүй, хүчирхийлэлд уриалан дуудсан, хүний эрхийн эсрэг шинжтэй үйл явдлыг дамжуулахгүй, нийтэлж нэвтрүүлэхгүй тухайгаа зарлав. Тэдний эрх. Гагцхүү тухайн үйл явдал, үзэл бодол, байр суурийн зөв бурууг сэтгүүлч, редактор гялс манс шийдэж цензүүрдэх нь ямар вэ? (Хуулиар тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй яасан?) Харин ч хууль журманд нийцэхгүй ноцтой үг, үйлдэл гаргасан бол тэр тусмаа дэлгэж олонд мэдүүлэх нь хэвлэл мэдээллийн үүрэг. Мэдүүлж байж вакцин тарьсантай адил сөрөг дархлаа нийгэмд тогтох бус уу? Нийгэм тэр чигээрээ бухимдалтай байхад сөрөг мэдээллийг хамаа намаагүй нийтлэхгүй бодлого барьж буйгаа дээрх хэдэн эрхлэгч зарласан. (Яг жинхэнэ шалтгаан нь төр, засгийн байгууллага, Засаг дарга нартай байгуулсан “хаалтын гэрээ” юм)

Олон нийтийн уламжлалт мэдээллийн хэрэгслүүдэд үзэл бодлоо илэрхийлэх, үнэлж дүгнэх эрх чөлөө хумигдсаар байх шиг. Зарим үгийг хэрэглэвэл буруутдаг болсон. Political Correctness, Cancel Culture, Inclusive Language зэрэг үзэл суртлын зарчмууд чимх чимхээр нэвтэрч байна. Хүний эрх, ЛГБТ, жендерийн тухайд бол дуугарахгүй байвал танд өлзийтэй. Цаана чинь Зөрчлийн хууль, ард нь Эрүүгийн хууль хүлээж буй. Нийгмийн сүлжээнд нуугдаад ч нэмэргүй. Саяхан нэг ээж Монгол Улсын консерваторид охиноо шалгуулсны хариу ил тод биш байсныг шүүмжлээд, эцэг эхчүүдтэй байгуулсан гэрээнд “цахим орчинд сургуулийн талаар сөрөг сэтгэгдэл үлдээхгүй байх, үлдээсэн тохиолдолд шүүхийн шатанд шилжинэ” гэсэн заалт орсныг тэсэлгүй дэлгэжээ.

Сэтгүүлчид яахав, Монгол Улс амаа хамхижээ. Украины асуудлаар ганц илүү үг дуугараагүй, зөвхөн дайн дуусахыг ерөөж, НҮБ-д санал хураахад түдгэлзэж чадлаа.  Өөр арга алга. Саяхан Японы Гадаад хэргийн сайд айлчлахдаа манай улсыг ОХУ-д шахалт үзүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалжээ. Гэтэл бид яг одоо хямд бензинтэй байх, ирэх өвөл хотоо хөлдөөхгүйн тулд эрчим хүчийг Оросоос бүр ихээр авах хэрэгтэй. Хятадын тухайд бол Монгол Улс аль хэдийнэ амаа гар хөлтэйгээ үдүүлсэн. Урд хөрш таалаагүй тул монголчуудын бурхны шашны дээд Далай лам Монголд дахиж ирэхгүй. Өвөрмонголчуудыг ингэлээ тэглээ гэж үе үе цаас барьж жагсдаг сэтгүүлч Ч.Мөнхбаяр шоронд суугаа. Урдаас контейнерууд орж ирэх, урагшаа нүүрс гарах нь тэрбум, их наяд дахин чухал учраас тэр байх. Түүний тагнасан (үнэхээр тэгсэн бол), бас тагнуулсан улсыг нэрлэж ч зүрхлэхгүй. Арваад жилийн өмнө Ц.Жаргалсайхан нэртэй оросын тагнуулыг барьж аваад зарлаж чаддаг байлаа.

P.S:

Өнөөдөр манай хэвлэл мэдээлэл төр засгаа дагалаа. Барууныхан шиг Оросын халдан довтолгоо, эсвэл оросууд шиг Тусгай ажиллагаа гэж нэрлэхгүйгээр, Украины үйл явдал, геополитикийн хурцадмал байдал гэр мэтээр бөөрөнхийлж хоёр талын эх сурвалжийг хольж хутгаад хэний ч талд ороогүйгээр харагдаж сурчээ. Харин нийгмийн сүлжээнд манайхан нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлж байна. Урьд нь ямар ч асуудлаар ингэж ширүүн зөрчилдөж, үзэн ядахдаа тулж байсангүй. Миний ажигласнаар Украиныг дэмжиж Оросыг эсэргүүцсэн монголчууд хамаагүй хүчтэй, гарцаагүй дийлж явна. Өчигдөр Улаанбаатар хотод Жуковын музейн дэргэд Бессмертный полк арга хэмжээ болж, өнөөдөр фашизмын эсрэг ЗХУ-ын Аугаа их эх орны дайны ялалтын өдрийг нэг хэсэг нь тэмдэглэж, нөгөө хэсэг есөн шидээр гутааж чадлаа. Олон нийтийн телевиз тэднээс айгаад "Цагийн хүрд"-ээрээ анх удаа мэдээлсэнгүй. Манай тусгаар тогтнолд шууд хамаатай онцгой үйл явдал юмсан. Украин бол тэдэнд шалтаг төдий. Ядахдаа ганц энэ өдөр Оросыг муулахаа завсарлаж түр амсхийгээд маргааш өглөөнөөс цовоо сэргэлэн үргэлжлүүлэх болов уу гэтэл тэгсэнгүй…

 

2022.05.09.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)