Япон, Европын Холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио өнөөдөр Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нартай Токио хотноо хэлэлцээ хийнэ.

Европын удирдагчдын хувьд энэ нь 2019 оны 12 дугаар сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш Японд хийж буй анхны айлчлал болох юм.

Хэлэлцэх асуудлууд

“Nikkei” сонинд мэдээлснээр, Кишида, Мишель, фон дер Ляйен нар Оросын эсрэг хориг арга хэмжээ авах, Украиныг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаа дахин нотлохоор төлөвлөж байна. Түүнчлэн бүс нутагт үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа Хятадын талаар баримтлах чиг шугамыг боловсруулах асуудлыг хэлэлцэж, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлын ач холбогдлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулна. 

 

Мөн дижитал салбарын болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр Япон, ЕХ-ны хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргахаар төлөвлөсөн байна.

Үүнээс гадна, NHK телевизийн мэдээллээр, тавдугаар сарын 13-нд Мишель 1945 онд Америкийн атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотод очно. Энэ хот нь одоогийн Ерөнхий сайдын гэр бүлийн төрөлх хот юм. Европын Зөвлөлийн дарга хотын музейд зочилж, үг хэлэх төлөвтэй байна.

Япон, ЕХ-ны удирдагчдын өмнөх дээд хэмжээний уулзалт 2021 оны тавдугаар сард цахим хэлбэрээр болж, тухайн үед Японы Засгийн газрыг тэргүүлж байсан Сүга Ёшихидэ оролцсон. Уулзалтын дараа удирдагчид Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ бүс нутагт гарсан аливаа зөрчил мөргөлдөөнийг тайван замаар зохицуулахыг уриалж байв.

Талууд мөн Зүүн Хятад болон Өмнөд Хятадын тэнгисийн байдалтай холбогдуулан санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм. Тэд "статус-квог өөрчлөх нэг талын  аливаа оролдлого, хурцадмал байдлыг нэмэгдүүлэх үйлдлүүдийн эсрэг" байгаагаа илэрхийлж, аливаа санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээ, олон улсын хуулийн хүрээнд шийдвэрлэхийн чухлыг онцлон тэмдэглэж байв хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)