О.Батнайрамдал: Роснефть компанитай түүхэн хэлэлцээр хийж литр тутамд 700 төгрөгийн алдагдлыг хааж чадсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал уригдлаа. Тэрбээр “Манай улс сонголтоо аль хэдийнэ хийчихсэн. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр төрийн өмчит НИК компаниар дамжуулж шатахуун авдаг байсныг хувьчилсан. Өөрөөр хэлбэл, газрын тосны бүтээгдэхүүний импорт, түгээлт бүрэн хувийн секторт шилжсэн. Энэ тогтолцоо руу шилжээд 30 жил болж байгаа ч ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс хараат хэвээрээ үлдсэн байна. Үе үеийн Засгийн газар урт хугацаандаа шийдвэрлэхийг оролдож ирсэн. Шийдэл нь ерөөсөө л дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болох. Үүний тулд дотооддоо түүхий газрын тостой байх хэрэгтэй. Петро Чайна Монголд орж ирээд гурван тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтаар Дорнодод газрын тос олж экспортолж байгаа нь манай улс дотооддоо нефтийн үйлдвэртэй болох боломж  байна гэсэн үг. Энэтхэгийн Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байна.

Сүүлийн хоёр жил цар тахалтай холбоотойгоор дэлхий нийтэд тээвэр ложистикоос эхлээд гэнэтийн шокууд үүслээ. Нэгдүгээрт, нийлүүлэлт тасрахад хомсдолд орох аюул буюу гаднаас хэт хараат байх нь ямар эрсдэлтэйг хэрэглэгчийн түвшинд хүртлээ ойлголоо. Урьд нь эрэлт, нийлүүлэлт хэвийн явж ирсэн учраас анзаардаггүй байж. Хоёрдугаарт, газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр огцом савлаж байна. 2019 онд түүхий газрын тосны үнэ сарын дундаж өртөг 20 ам.доллар хүрэхгүй байсан бол энэ жилийн эхний хэдэн сард 130 ам.доллар хүртлээ хэлбэлзсэн. Олон жил харагдаагүй маш том савлагаа үүссэн нь инфляцитай холбоотой дарамт болж байна. Мөн шатахуун импортлох үйл явцад төрийн оролцоо ямар хэмжээнд байх ёстой вэ, зах зээлийн зарчмаараа явах нь илүү оновчтой шийдэл байх уу зэргээр эргэж харах бодох асуудал гарч ирлээ. Төр хэт оролцох тусам зах зээлийн зарчмыг алдагдуулах, нийлүүлэлт хангамжид эрсдэл үүсгэх магадлалтай. Ер нь зөвхөн газрын тос ч гэлтгүй гаднаас хамааралтай байх тусам ямар эрсдэл үүсэж болох вэ гэдгийг шийдвэр гаргагч, аж ахуйн нэгж, хэрэглэгч гээд бүх оролцогчийн түвшинд мэдэрч ойлголоо шүү дээ.

Үнийн зөвлөл өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард түүхэн шийдвэр гаргасан. Өргөн хэрэглээний АИ-92 шатахууныг зах зээлийн зарчим руу шилжүүлэхээр болсон. Өмнө  нь чөлөөлөхийг хүсдэг байсан боловч шийдэж чадаагүй. Өргөн хэрэглээний шатахууны үнэ өсөхөд олон нийтийн реакци өндөр байдаг учраас үнийг төр барьж ирсэн. Мөн төр оролцоотой байх сонирхолтой. Гэтэл тухайн үед ОХУ, Украины нөхцөл байдал бий болно гэж төсөөлөөгүй. 70-80 ам.доллар байсан газрын тосны үнэ сүүлийн есөн жил харагдаагүйгээр савласан. Энэ нь эдийн засагт шок болж ирсэн. Тиймээс Засгийн газар боломжит бүх хувилбарыг судалж үзэхээс аргагүй байдалд орсон. УИХ, Засгийн газар юу хийж болох вэ гээд хайрцагнаас гадуур сэтгэх шаардлага үүссэн. Засгийн газраас хийж чадах зүйл гааль болон онцгой албан татварыг тэглэх дэмжлэг. АИ-92-ийн онцгой албан татварыг 2018 онд тэглэсэн. Харин гаалийн албан татварыг тэглэснээр литр тутамд 100 төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсон. Дөрөвдүгээр сард ямар нөхцөл байдалд орсон бэ гэхээр гаднаас орж ирж байгаа зах зээлийн үнэ дээр 700-1000 төгрөг нэмэгдэх орон зай үүссэн. Хэрэв үнээ нэмэхгүй бол аж ахуйн нэгжүүд литр тутамд 700-1000 төгрөгийн алдагдалд орохоор байсан. Энэ эрсдэлийг компаниуд дааж чадахгүй. Ер нь ийм нөхцөл байдалд нийлүүлэлт, хангамж нэгдүгээрт тавигдах ёстой. Тиймээс гаалийн албан татварыг тэглэхээс гадна Роснефть компанитай хэлэлцээ хийх  ёстой гэж үзсэн. Манай улсын хувьд  урьд өмнө ийм хэлэлцээрт орж байгаагүй.Роснефть компанитай хэлэлцэж,  урьдчилгаа төлбөр төлж дөрөв, тав, зургаа гээд гурван сарын хангамжийг тасралтгүй хэрнээ зах зээлийн үнээс хямдралтай авахаар болсон. Тонныг нь 840 ам.доллараар авах тохироо хийсэн нь тухайн үеийнхээ зах зээлийн үнээс  20-25 хувь хямдаар авч байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, 700 төгрөгийн алдагдлын орон зайг хааж чадсанаас гадна нөхцөл байдал яаж ч эргэсэн үнэ тогтвортой байх боломж бүрдсэн. Дизель түлшин дээр мөн адил 600-700 төгрөгөөр өсөх эрсдэл үүссэн учраас онцгой албан татварыг тэглэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ингэснээр литр тутамд 250-260 төгрөг буюу тоннд 280 мянган төгрөг гэсэн үг. Дөрөвдүгээр сард 700-800 биш 250 төгрөгийн өсөлтийн хэмжээнд барьж чадсан. Хавар ид бүтээн байгуулалт хийгддэг учраас дизель их хэрэгтэй. ОХУ-д Роснефть компанитай уулзахдаа дизель авах хэмжээгээ нэмэгдүүлж, хөнгөлөлттэй нөхцөлөөр авах саналаа тавьсан. Одоогоор албан ёсны хариу ирээгүй байна. Удахгүй тодорхой болох байх” гэж ярилаа.

 

С.САРУУЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)