Буруу зүгийн салхинд хийсэхгүйн тулд намын дүрмээсээ зүүгдэх үнэт зүйл мөн үү?
- 2022-05-19
- Нийтлэл
- 1
Дарга болохгүй бол жир гишүүн байж тэвчдэггүй нөхдийнхөө хорхойг дарж, шинжлэх ухааныг шүтсэн гавлуудаар бүтцээ сэлбэж, намынхаа онолд нягтар. Хөгжилд хурд нэмэх хөгшин залуу лидер АН-д байна уу? Байвал ардчиллыг үерлэн дэмжих багачууд жилээс жилд олширч, гарааныхаа зураа дээр тэмүүлж байна. Намаа самарчихаад ард олноо ялалт өгсөнгүй гэж буруутгах атгаг санаа аль ч намд харш.
АН хагарчээ. Юунаас болов? Хэн буруутайв? Ам тагладаг ганц хариулт-намаа дараалан ялагдуулсан С.Эрдэнэ олон мянган гишүүнийхээ сонгосон Х.Баттулгад тамгаа өгөөгүйгээс АН хагарсан гэх суртал. Энэ пиар дийлж буй. Харин надад өөр бодол төрдөг агаад түүнийгээ тайлбарлахыг оролдъё: С.Эрдэнэ юутай ч ялагдалдаа хариуцлага хүлээж, орлогч Ц.Туваанд их хурлаа хийж, шинэ даргаа намынхаа дүрмээр сонго гээд тамгаа гардуулж байсныг бид телевизээр харсан. Гэтэл Туваан дүрмээ нулимаад, бүлгийнхээ жанжин Х.Баттулгыг АН-ын даргаар дүрэм бусаар түргэн түүхий өргөмжилсөн ч УДШ зөвшөөрөөгүй. Урьд нь Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр нэрийг нь дэвшүүлэх шинэ журам зохиогоод тэр нь ч бас бүтээгүй юм.
АН-ын сэнтийг булаах Х.Баттулгын нүглийг хөнгөлөхөөр С.Эрдэнийг мөн харлуулж, “АН-ын хагарал С.Эрдэнэ, Х.Баттулга хоёроос үүдэлтэй” гэх үгийг амны уншилга болгов. С.Эрдэнэ муу хүн байлаа ч дүрмээрээ явъя гэж зүтгэснийг би хувьдаа зөв гэдэг. Хууль дүрмээрээ амьдарч суръя л даа. Хоёр даргатай хоёр тамгатай хоёр талцлын аль нь АН юм бэ гэж мэдэн будилж буй пиар-эцэстээ хууль бус Х.Баттулгын талыг, эрхбиш албан ёсны баталгаатай бүртгэл нь УДШ, УБГ-т хөндөгдөөгүй хэвээр байгаа С.Эрдэнийн талтай ижилсүүлэх заль юм.
Ноёлох оргилоос годройтсон Х.Баттулга эрсдэлгүй газардах зуураа, хууль дүрмээр хориотой зүйл заалтыг хүчээр хэрэгжүүлэхээр түрэмгийлэв. Түүний галын шугамд торгуулийн сумангийнхан нь өлсгөлөн зарлаж, өвлийн тэсгим жаварт хөлдүү цемент дээр хэд хоног хэвтлээ. Тэд хэн хэн байв. ХХААЯ-наас Х.Баттулгын хормойд зүүгдсэн Ц.Туваан, Н.Ганибал, Ж.Батсуурь, бие даагч Н.Алтанхуяг, босоо Гамбаа. Цаана нь Баянхонгорын А.Адьяасүрэн, баруун аймгийн Ш.Адьшаа, Алтанхуягийн алтан нутаг-халхын зах зээлийн буянд сагатлаа баяжсан бөглүү хязгаарын дөрвөд жаал-О.Цогтгэрэл нар. Хачирталтай нь тэд юуны төлөө өлссөнөө тодорхойлж чадахгүй, эх орныхоо төлөө өлссөн ч юм шиг, эрх мэдлийн төлөө өлссөн ч юм шиг эргэж буцаж, олон янз мэдэгдэл хиймчээ аядсанд, ардчилсан нийгэм тэднийг тохуурхлаа гэж бухимдаж байв даа.
Монголын хуулийг авилга эрх мэдлийн аагаар гишгэлж, орос олигархиудын сүрээр ялж оодорсон Х.Баттулга АН-ын даргын сэнтийг булаах гэсэн нь тэр. Энэ хүчирхэг хуйвалдааны эсрэг С.Эрдэнэ намынхаа дүрмийг хатуу баримталж, дүрмээрээ хурлаа хийж шинэ даргаа сонгоно гэж ямартай ч зүтгэсэн. Гал голомтоо бузарлахгүй гэснээс биш сонгуульд ялагдсан ч даргын суудлаа өгөхгүй гэж тэнэгтээгүй байх гэж би эерүүлдэг. Дүрмээ сахих байр суурин дээрээ бат зогссон хэнийг ч би өмөөрнө. Х.Баттулгыг хормойдож “юманд” хүрэх гэсэн бэртэгчингүүд С.Эрдэнийг АН-ын даргаар улирах гэж шүлэнгэтлээ хэмээн гуагалдаг. Түүнийг тэгж гутаах угтаа Х.Баттулгын булайг цайруулах зорилго юм. Харин С.Эрдэнэ ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн нь өөрөө ерөнхийлөгч болъё гэхээсээ илүү урвагч Х.Баттулга, хутгуур Н.Алтанхуяг хоёрын ерөнхийлөгч болохын төлөөх цагаандаа гарсан улайрлыг хаах-архангайхны сарлаг үйлдэл биз.
Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнийг унагах хор нам дотроо төгс найрсан. АН-ын доторх эрх мэдэлд шунагчид хорлоогүй бол С.Эрдэнэ ялдаггүй юм гэхэд баян ходоод арай болоогүй. Н.Алтанхуягийн ятгалгаар цагаан сонголт өгч С.Эрдэнийн авах саналаас 71 мянгыг хороож АН-аа хорлов. Самрагчдыг дэмжээд сохор мухраар зүтгэвэл цаашид намтайгаа хамт нурна гэж мэд ардчилагчдаа. АН доторх хэдэн муу хүний увайгүй башир арганд гишүүд дэмжигчид хууртсаны горыг С.Эрдэнэ үүрсэн. Удахгүй АН үүрч мэднэ шүү.
Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл хоёр сүүлээ сэрвээн дээрээ тавивал АН увс компаний өмч болно гэж Ю.Цэдэнбалын нутаграх жарныг туулагчид сануулав. 1990 онд нүүдэлч-нэгдэлчдийн коммунд хэдэн жаалынхаа үрслүүлсэн ардчиллыг дов жалгын хуйвалдаанд алдахгүй юмсан. Х.Баттулга, соцдек З.Энхболд хоёр гадныхантай хавсайдаж ардчиллаар туршилга суусан гол лидерүүдээ шоронд цоожилсон. Энэ юуг өгүүлнэ вэ? Гэвч ардчиллыг мөрөөдөгч Монголоор дүүрсэн нь залуусын жагсаалаар сая нотлогдлоо. Үзэл баримтлал үнэт зүйлсээ дээдэлж, намаа авч үлдэх зүрх сэтгэлтэй-гүжирдлэг гүтгэлэгт нүдүүлж доромжлогдсон муу нэрт Э.Бат-Үүл, М.Энхсайхан, С.Эрдэнэ, Д.Сосорбарам, залуусаас шинжлэх ухаанаар сэтгэдэг Б.Өнөрбаяр, Ч.Отгочулуу, Ц.Оюундарь, М.Тулгат нарт горьдном.
Том ах нар залууст суудлаа тавьж өг гээд хутга ханцуйлсан бөх дагуулж өрөөнд нь дайрч ороод сайд болсон МАН-ын залуусаас АН-ын залуус үлгэр аваач гэж нэг залуу сэтгүүлч уриалжээ. Харин өвгөн зохиолч би залуу лидерүүдийг эрдмээрээ, эелдэг зан, шударга ёс зүй, амжилтаараа ахмадуудын итгэл хайрыг тат гэж уриалъя. Чадварлаг залуус ийм жимээр өгсдөг. Чадваргүй залуус дэвшихээр дайрдаг бол мунхарснаа мэдэрдэггүй хөгшид ховхордоггүй. Ахмадууд залгамжлагч нарынхаа дундаас итгэл дааж эх орноо өөд татах соруудыг олж, суудлаа ёсорхог тавьж өг. Жам нь тиймийг ухаар. Залуу хөгшин ухааны хослол биесээ сэлбэдгийг мэдэхгүй хэн ч байх билээ. Гэхдээ сөргөлдөөн даамжирвал аюултай.
Зохиолчид аль ч намд харшилтай. Би ч гэсэн тиймэрхүү. Дарга болохгүй бол жир гишүүн байж тэвчдэггүй нөхдийнхөө хорхойг дарж, шинжлэх ухааныг шүтсэн гавлуудаар бүтцээ сэлбэж, намынхаа онолд нягтар. Хөгжилд хурд нэмэх хөгшин залуу лидер АН-д байна уу? Байвал ардчиллыг үерлэн дэмжих багачууд жилээс жилд олширч, гарааныхаа зураа дээр тэмүүлж байна. Намаа самарчихаад ард олноо ялалт өгсөнгүй гэж буруутгах атгаг санаа аль ч намд харш. Юун түрүү багаар ажиллах менежмент эзэмшиж, дарга болох хүслээ АН-ын гишүүд хойш тавьж сур. Тэвчээр-нүглийн цоож. Дарга бус баялаг бүтээгч болж ядуу эх орноо цойлуул. Эцэст нь хоёр гол намдаа ухаан суухыг хоёуланд нь ерөөе. Намайг энэ үүдээр харж яваарай.
2022-05-18
Сэтгэгдэл (1)
Иргэн (192.82.78.141)
АН-ынхан намтруудаа худлаа бичдэг, АНУ-ын даалгаврыг биелүүлж ноход хийдэг мөн улсынхаа эдийн засгийг доройтуулдаг гэмт этгээдүүд юм.