Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар БНСУ-д анхны айлчлалаа хийх гэж байна

СӨҮЛ. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден төрийн тэргүүний хувиар анхны албан ёсны айлчлалаа хийхээр баасан гарагт БНСУ-д хүрэлцэн очно.

Тэрбээр бямба гарагт БНСУ-ын удирдагч Юн Сок Ёлтой анхны дээд хэмжээний уулзалтаа хийнэ. Гурван өдрийн айлчлалын гол сэдэв нь хоёр талын харилцаанаас гадна,  БНАСАУ-ын пуужин, цөмийн хөтөлбөр, эдийн засгийн аюулгүй байдал болон бүс нутгийн хамтын ажиллагаа болох төлөвтэй байна.

Америкийн удирдагчийн энэ удаагийн айлчлал Юн Сок Ёл тангараг өргөснөөс хойш ердөө 10 хоногийн дараа болж байгаа юм. БНСУ-ын засаг захиргааны төлөөлөгчийн хэлснээр, хоёр улсын төрийн тэргүүн нар өдөрт нэгээс доошгүй удаа уулзаж, баасан, ням гарагт "ердийн болон эдийн засгийн аюулгүй байдлын асуудалд зориулсан үйл ажиллагаанд" оролцохоор төлөвлөжээ.

Бямба гарагт болох дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил Умард Солонгос пуужин харвах эсвэл цөмийн туршилт хийх зэрэг “өдөөн хатгалга” явуулж болзошгүй тухай Вашингтон, Сөүлийн байнгын мэдэгдлийн цаана өрнөсөн юм. Энэ тохиолдолд талууд Ерөнхийлөгч нарт Зэвсэгт хүчний командлалын системд нэн даруй нэвтрэх боломжийг олгох "Б төлөвлөгөө"-г бэлтгэсэн байна.

 

"Самсунг" компанийн үйлдвэрээр хийх аялал

 

Айлчлалын төлөвлөгөөний дагуу Ж.Байден орон нутгийн цагаар баасан гаргийн үдээс хойш Сөүлээс 65 км-ийн зайд орших Осан хотын ойролцоох агаарын баазад ирнэ. Тэрбээр дэлхийн хамгийн томд тооцогддог, Пёнтэк хотод орших “Самсунг” компанийн хагас дамжуулагч, чипний үйлдвэрт зочилно. Түүнийг “Самсунг” компанийн тэргүүн Ли Жэ Ён төдийгүй БНСУ-ын Ерөнхийлөгч дагалдан явж магадгүй байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, аж үйлдвэрийн уг цогцолборт зочилж байгаа нь Вашингтон Сөүлтэй технологийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэл эрмэлзэл болон Хятадыг тойруулан хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн шинэ сүлжээ бий болгох зорилготой байгааг харуулах ёстой.

Үүнээс гадна, Ж.Байден Солонгосын хойгийн өмнөд хэсэгт АНУ-ын 28 000 цэргийг байрлуулсан Пёнтэк хотын ойролцоох Америкийн баазад очиж магадгүй гэж БНСУ-ын хэвлэлүүд мэдээлжээ. Энэхүү бааз нь Америкийн Зэвсэгт хүчний гадаад дахь хамгийн том объект гэж сонин хэвлэлүүд онцолж байна.

 

АНУ, БНСУ-ын дээд хэмжээний уулзалт

 

Айлчлалын хоёр дахь өдрийн хуваарийн дагуу АНУ-ын Ерөнхийлөгч Солонгосын хойгийн дайнд (1950 -1953 он) оролцогчдыг оршуулсан Сөүл хот дахь дурсгалын цогцолборт очно. Орон нутгийн цагаар 13 цаг 30 минут орчимд Ж.Байден урьд нь Батлан хамгаалах яамны харьяанд байсан, Ёнсан дүүрэгт орших Ерөнхийлөгчийн засаг захиргааны байранд ирэх ёстой байна. Хоёр улсын Ерөнхийлөгч нар эхлээд явцуу хүрээнд уулзах бөгөөд дараа нь өргөтгөсөн хэлбэрээр хэлэлцээ хийнэ. Хэлэлцээ нийтдээ нэг цаг 30 минут үргэлжлэх бөгөөд хэлэлцээний дараа талууд хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна. Хоёр орны удирдагчдын хэвлэлийн бага хурлыг 16:00 цаг гэхэд эхлүүлэхээр төлөвлөжээ.

"Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх нэн тэргүүний асуудал бол БНСУ, АНУ-ын тогтоон барих өргөтгөсөн арга хэрэгслийн хүчин чадлыг бэхжүүлэх тухай юм" гэж Өмнөд Солонгосын засаг захиргаа өмнө нь мэдэгджээ. "Тогтоон барих өргөтгөсөн арга хэрэгсэл" гэдэг нь АНУ-ын Зэвсэгт хүчин холбоотнуудынх нь эсрэг цөмийн аюулыг сөрөн зогсох чадварыг илэрхийлдэг.

Үүнээс гадна, АНУ, БНСУ хэдийнээ байгуулаад байгаа "цэрэг, эдийн засгийн холбоо"-ноос гадна, "технологийн эвсэл" байгуулахаа зарлаж магадгүй байна. Юн Сок Ёл мөн БНСУ-ыг Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн суурь гэрээнд (Indo-Pacific Economic Framework, IPEF) оролцуулах тухай мэдэгдэж магадгүй байна. 

Ням гарагт Ж.Байден АНУ-ын Конгрессын Сенатын танхимын Гадаад харилцааны хорооны дарга, дэд Ерөнхийлөгчийн хувиар хоёр удаа айлчилж байсан БНАСАУ, БНСУ-ын хил дээрх цэрэггүй бүсэд зочлохын оронд “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой өөр нэг арга хэмжээнд оролцоно". Үдээс хойш Америкийн Ерөнхийлөгч АНУ, Энэтхэг, Япон, Австрали буюу “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-ний гишүүн орны төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Япон улсыг зорино хэмээн МОНЦАМЭ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)