Д.Баярхүү: Империалист Орос XXI зуунд

“Империализм”, “империалист” гэсэн үгс улс төрийн толь бичгээс хасагдаад 30 гаран жил болж байна. Лав манай залуу хойч үеийнхэн огт мэдэхгүй. Гэтэл хойд хөршид маань авралын уриа дуудлага мэт хүчтэй нэвтэрч, “Империалист Орос” гэж мөд нэрлэгдэх болох нь. Гэхдээ В.И.Лениний заасан “Империализм бол капитализмын эцсийн дээд шат мөн” гэсэн утгаар бус, бүр эсрэгээр. 

Нэг

1970-аад онд Хятадын маоистууд тэр үеийн СССР-ийн эсрэг хийрхэл дэгдээхдээ, “Гурван ертөнцийн онол” гэгч онолын бүдүүвчлэл зохиомжлон, СССР-ийн социал-империализм бол 1 дүгээр ертөнцийн “Хоёр хэт их гүрний” хамгийн аюултай заналт дайсан нь хэмээн гөрдөж баалдаг байв. 

 

1) “1 дүгээр ертөнцийн хоёр хэт их гүрэн” гэдэг маань тухайн үеийн СCCP, АНУ хоёр. 

2) “2 дугаар ертөнц” гэдэг нь тэр үеийн Европ, Хойд Америк, Япон буюу хөгжингүй аж үйлдвэржсэн орнууд.

3) “3-р ертөнц” Хятад өөрөө оролцоод үлдэх бүх ертөнц гэгдэж байв.

 

Тэгвэл XXI зуун гараад Орост Оросын либерал империалзм хэмээх нэр томъёо хүчээ авсан ба Оросоос өөрөөс нь тэр үзэл цухалзах болж, үүнийг шинэ үеийн оросууд нь түүнийг “XXI зууны Оросын түүхэн үүрэг” хэмээн нэрлээд либерал эзэнт гүрэн байгуулах нь Оросын төрт-улсын гол зорилт байх болно гэв.

Харин энэ 2022 онд  либерал эзэнт гүрэн гэдгээ энэ онд тэмдэглэхээр зэхэж буй “СССР байгуулагдсаны 100 жилийн ой”-гоор хэрэгжүүлнэ гэсэн тооцоо судалгаатайгаар Украинаас эхлэн “албажуулах” тусгай операц явуулан байна.  

 

В.Путинээр төлөөлүүлсэн Кремлийнхэн (хүчнийхэн) ба мафижсан олигархи хоёрын өөр хоорондын ширүүн тэмцэл өнөөгийн Оросын нийгмийн дүр төрх нь болж, 20 гаруй жилийг элээлээ. Эрх мэдэл, мөнгө санхүү, бизнесийн хувь заяаг шийдэж байгаа тэмцэл гэдэг нь ч нууц биш юм. Энэ нь өнгөн дээрээ бол чекистүүд ба бизнесийн хооронд тэмцэл явагдаж буй мэт боловч Орост үнэн хэрэгтээ үндсэн 4 хүчний завсарт эх орных нь хувь заяа эргэлдэж байгаа гэж үзэх нь элбэг байна.  Энэ бол ХХ зуунаас улбаатай өнгөрсөн коммунизмынх нь үлдэгдэл; нөгөө талаасаа бол нийгэм-улс төрийн хөдөлгөөн ч юм уу, нийгмийн сэтгэл зүй ч юм уу гэмээр, дүрсэлбээс Орос орныг 4 тийш нь чангааж буй бодитой хүч юм. Эдгээр нь:

 

1. СССР руу ухрагсад Оросын нийгэмд маш хүчтэй байна. Гэвч түүхийн хүрдийг буцааж болдоггүй тул явуургүй, гэхдээ үүнийг хүсэгчид мөддөө Орост байсаар байна.

2. Национал-патриотууд буюу Оросын фашистууд. “Орос орон зөвхөн оросуудных” гэсэн эдний уриа нь олон үндэстний, олон иргэншилтэй, олон шашингтай, хэтэрхий нүсэр Орос орныг сүйрүүлэх тул бас явуургүй, гэхдээ эд нийгмээсээ ямар нэгэн дэмжлэгтэй тул оршин мөн байсаар л байна.

3. Оросыг Евразичлах талынхан. Эд мөн эх оронч царай гарган популизм хийх тул дэмжлэгтэй, мөддөө оршин үлдэнэ.

4. Үе залгамжлагчид–СССР нь Оросын аль олигтой сайн сайхныг үгүй хийсэн тул Цагаан хаант Оросын үеийн ариун нандин шүтээн рүү эргэж очих хэрэгтэй гэж үздэг хэсэг бий. Эд бол дэмжлэг илүү хүлээх магадлалтай боловч КПРФ гэж коммунист намын улайрсан коммунистуудын эсэргүүцэлтэй байнга тулдаг.              

 

Дээрхи 4 үзэл баримтлалыг тойрсон улс төрийн тэмцэл перестройкийн үеэс эхлээд Орос оронд 30-аад жил хооронд нь үзэлцүүлж байна. 1993 онд Москвад зэвсэгт мөргөлдөөн дэгдэж, Ерөнхийлөгч Дээд Зөвлөл хоёр нь талцан үзэлцсэн нь ийм төрлийн тэмцлийн дээд оргил үе нь.  Чухам яагаад ингэж үхэх сэхэх дээрээ тулсаар өнөө хүрэв ээ гэдэг л анхаарал татсаар байна. 

 

Гэхдээ 4 үзэл баримтлалыг нэгтгэх нэгэн том үзэл суртал оршин буй нь Оросын их гүрний дээрэнгүй үзэл буюу Оросын шовинизм юм. Оросын шовинизм эдүгээ Кремлийн үйл хөдлөлийг хөтлөх ба гадагш хийх дайндаа хүн амаасаа ихээхэн дэмжлэг олж буй, хүн амынх нь ихэнхи нь Их Оросын үзэлд эргэлтгүй хөтлөгдсөн дүр зураг харагдах авай.

 

Хоёр

 

Эзэнт гүрэн олон янз. Олон салбарласан. Эзэнт гүрэн байхын тулд 4 хэмжүүрийг хангасан байх ёстой. Тэр нь 1. Цэрэг; 2. Эдийн засаг; 3. Шинжлэх ухаан-технологи; 4. Соёл хэмээн америкийн нэртэй эрдэмтэн Збигнев Бжезинский сургасан. Орос алийг нь хангаж байна вэ? Эхний хэмжүүрийг дүүрэн хангасан хэмээн дэлхийгээрээ үздэг байсныг Украин дахь дайн нь унтраагаад хаячихлаа. Цэрэг зэвсэг, байлдааны арга барилаараа Өрнөдийн стандартын хаана нь ч хүрэхгүй болчихлоо. Тэгэхээр Орос өнөөдөр хэн бэ? Үүнд дараахи бүтээлээс эшлэе. Zbigniew Brzezinski. A Geostrategy for Eurasia, Foreign Affairs, 1997, September/ October. Олон жилийн өмнө бичсэн ч өнөөдөр ойролцоо төсөөлөгдөнө.   

сонин mn

Гурав

Нэгэн үе Оросын улс төрийн тэнгэрт од болсон, эдүгээ олигархийн гол төлөөлөгч, гадаадад дүрвэчихсэн А.Чубайсын үзэж байснаар бол, ХХ зуунд Орос орны туулсан фантастик замнал нь дээр дурдсан эх захгүй их тэмцлийн гол шалтгаан гэнэ. Дэлхий дээр өөр ямар ч улс үндэстэн туулаагүй тийм фантастик замаар Орос орон 50-хан (Зөвлөлт нийгмийн 70 жилийн 20 жилийг нь уучилж үзжээ?) жилд замнаж, тохиолдсон адал явдлууд нь санаанд багтамгүй их масштабаар явагдсан гэж А.Чубайс түүхээ зүхсэн нь огт худлаа биш. Ленин, Сталины үүсгэсэн хувьсгалын их үйл хэрэг Иргэний дайн гээч яргалалд хүргэж ахар богино хугацаанд Оросын 13 сая хүний амь аван оджээ. Дараа нь залгуулаад НКВД-гийн шорон, бөөнөөр хорих лагерь, колони цөллөгт 20 сая хүн ардыг цааш харуулж, Оросын сэхээтний давхарга бараг устжээ. Үүнтэй зэрэгцэн аж үйлдвэржүүлэлт хүчээр явагдаж, дэлхийн хамгийн ядуу хоцрогдсон орныг тэргүүний гүрэн болгож чаджээ. Дэлхийн II дайнд Орос орон 30 сая иргэнийхээ алтан амийг өргөжээ. Орос нь өөрийгөө тойруулсан 14 улсыг нэгтгэж, 250 сая хүн ардыг захирч байснаа дайны дараа дахин 11 улсыг дагуулаа болгож социалист лагерь байгуулан 1.5 тэрбум хүн ардыг улаан тугийн дор нэгтгэжээ.  Энэ бүхэн ХХ зууны түүхийн 30-40 жилийн дотор шуурч өнгөрчээ. 

Түүхэндээ Македоны Александр хаан, доголон Төмөр, Наполеон, Гитлерийн хэн нь ч ийм том үйл хэргийг ийм богино хугацаанд хийгээгүй. Гэтэл энэ их алдар гавьяа нь ялагдлын хөрс буй болгосоор, тэр нь тэлсээр тэлсээр вертикаль иерархи системийг нураасан юм байна. Берлиний хана нурж, дараа нь ЭЗХТЗ тарж, дараа нь Варшавын Гэрээг тарааж, эцэс нь СССР өөрөө задарсан гэхчлэн.      

Энэ бүх ялагдлыг эргээд нөхвөрлөх нь сэтгэшгүй, бүтэшгүй зүйл мөн боловч ямартай ч нөгөөх либерал империализмын үзлийг Орос гүрний гол үзэл суртал болгоё гэсэн санал шийдэлд нийтээрээ яаж ийгээд хүрсэн бололтой юм.  XXI зуунд ялан мандах, дэвжин дээшлэх гол туг нь Оросын хувьд либерал империализм гэж Чубайс ба барууны хүчнийхэн-СПС нам нэг хэсэг шууд уриалж байв. Энд “иргэншил соёл”, “ардчилал”, “хувийн өмч”, “зах зээл”, “эрх чөлөө” гэсэн ойлголтууд бүгд нэг дор зэрэгцэн хөгжих ёстой гэгдэж байв. Үүнд хүрэхийн тулд Оросын бизнесийн экспансыг тэлэхэд төр нь туслах ёстой гэнэ. Оросын соёл нь ч мөн экспанс хийх ёстой. “Русский мир”-ээ ямагт тэлнэ.  

сонин mn

Дөрөв

Оросын стратегийн боломжуудыг оновчтой ашиглах нь бизнесийн экспанс хийх угтвар нөхцөл болно. Оросын стратегийн боломж гэдэгт: дэлхийн байгалийн баялгийн 38 хувь нь Орост хуримтлагдсан. Үүнд ойн баялгийн 25 хувь, газрын тосны 15 хувь, байгалийн хийн 42 хувь, нүүрсний 43 хувь гэх мэт жагсаавал дуусашгүй. ОХУ нь Украины түүхий эдийн хэрэгцээний 80 хувь, Балтийн орнуудын  100 хувь, Дорнод ба Төв Европын орнуудын 50 гаруй хувь, Баруун   Европын орнуудын хэрэгцээний 20 хувийг дангаараа хангадаг. Европын газрын тосны 95 хүртэл хувийг Оросоос нийлүүлдэг. Дэлхийн зах зээл дээрхи газрын тосны 43 хувь, байгалийн шатдаг хийн  36 хувь, модны 25 хувийг Орос дангаараа нийлүүлдэг. ОХУ нь газар зүй-геополитикийн хосгүй байршилтай, энэ үзүүлэлтээр түүнтэй өрсөлдөх өөр улс үндэстэн байхгүй, Евразийн цорын ганц гүрэн Орос нь оюуны ба шинжлэх ухааны асар их чадавхитай, цэрэг-аж үйлдвэрийн хүчирхэг бааз суурьтай гэхчлэн тоонууд жагсаж байна.

 

Харамсалтай нь дэлхийн эдийн засагт Оросын эдийн засаг ямар байр суурьтай вэ гэвэл ямагт муугаараа дуудуулахаар байна. Оросын улсынх нь US$ гадаад өр, НҮБ-ын хөгжлийн доогуур түвшний үзүүлэлтээр Орос орон дэлхийд араар бичигддэг гээд эхэлж болно. Газрын тосны нөөцөөр дэлхийд 7 дугаарт ордог (60 тэрбум баррель буюу Саудын Арав, Ирак, Эмират, Кувейт, Иран, Венесуэлын дараа) нь хэдэн жил хэрэглэгдэх нөөц бол?  Дэлхийн хэмжээний нийт нөөц нь дуусвал цаашаа Орос өөрөө яах вэ, үүнд хариулт бодож олох ухаантан одоохондоо байхгүй. 

 

Эдийн засгийн өрсөлдөх чадварын үзүүлэлтээр ОХУ нь 20 саяас дээш хүн амтай том орнууд дотор саяхан болтол хорин хэдэд орж байв. Эдийн засгийн өрсөлдөх чадварын 50 шалгуур бүхий үзүүлэлтээр бололцоотой гэж үзсэн улс оруудын дотор ОХУ нь 100-аас хойшоо дугаарт ордог. Ард түмний амьжиргааны түвшний үзүүлэлтээр тавин хэдэд гэхчлэн бичигдэн байсан. Одоо олон мянган хориг тавиулаад дордоно уу гэхээс дээрдэхгүй. 

Дэлхийн ДНБ-ий өсөлтөд СССР-ийн эзлэх жин 1980-аад онд 21 хувьд хүрч байсан бол одоо ОХУ-ын эзлэх жин дөнгөж 1 хувь гаран, уг үзүүлэлтээрээ Тайванийн дараа явсансан. Эхний байруудад АНУ, Япон, Герман, Хятад, Энэтхэг, БНСУ гэх мэт харанхуй тоонууд чухам юу өгүүлнэ вэ?

 

Дэлхийд манлайлдаггүй юм аа гэхэд ядаж түншлэх, эрх тэгш харилцах хэмжээнд очих тухайд гарц хайх хэрэгтэй байтал ОХУ тэгэхийг хүсдэггүй, жижиг хөршүүдээ хэзээ ч амар тайван байлгахгүйгээр захирах, дарамтлах, эрхшээхийг бодож ирсэн. Өрнөдийг тэр чигт нь дайсан гэж хардаг, харддаг. “Өрнөдөд урвах гэлээ!” гээд тун бүтэлгүй дайн хөршийнхөө эсрэг одоо дэгдээчихсэн. Дайн зогсоох, дайнаас гарах, хохиролоо нөхөх, Украины хохирлыг төлөх гээд цаашаа аугаа их ажил үйлс хүлээж байна. Тэр их ажлыг оросын улс төрчид, чекистүүд, генералитет, бизнесчид, мафийнхан бүгд л хамтдаа үүрч таарна, харин эцсийн бүлэгтээ либерал империализмынхаа үзлээс татгалзан байж?

 

Төгсгөл

 

Баабарын нийтлэлээс эшлэе: Ерөнхийлөгч Путинтэй тэрслэгч талийгч Немцов тэтгэвэрт гарсан Маргарэт Тэтчэртэй хэд хэд уулзахад авгай түүнд Британийн Эзэнт гүрний тухай ярьдаг байв. Немцов түүнээс яагаад уулзах болгонд зөвхөн энэ сэдвээр ярьдагийг нь асуухад “Орос ч, Британи ч асар уудам колонитой Эзэнт гүрэн байсан. Бид үүнээ больсон, үүнээ мартсан, тиймээс илүү аз жаргалтай амьдарч байна. Харин Та нар Эзэнт гүрний элийрсэн сэтгэлгээ-нээсээ хагацаж чадахгүй өөрснийгөө ч, бусдыг ч зовоосоор явна. Үүнийг л би чамд ойлгуулах гэж дахин дахин ярьсан хэрэг” гэжээ. Үнэхээр Оросын ард түмнээс их гүрний сэтгэлгээ салдаггүй, үүнийг нь ч төр засгаас байнга сануулан догиосоор ирсэн...

 

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (202.55.188.33)

    2022-05-29

    Hutsdag golog ve chi .Ih surguuliin ariin haalganii baklavar noiliin nogoon teg chi Amerikiin imperalizm gej duulsan uu muu Amerik nohoinii al doloogch chi Urvagch pisdiisnii bandaashnii tojgoor hoollogch chi Mongoloos hurdan zailaarai Bayarhuu nohoinii sheesee

  • Иргэн (203.91.115.49)

    2022-05-28

    Энэ америкийн нохой болох Баярхүү МУИС-д нэг л жил багшилсан. Оюутан байсан хүмүүс гэрчилнэ. Профессор цолыг 20 жил багшилсан багшид олгодог юм.