Экспорт ба “их замын дээрэмчид”
- 2022-05-30
- Нийтлэл
- 0
Ерөнхий сайд Өмнөговьт ажиллав. Сайхан зүйл олныг ярилаа. “Тавантолгой-Гашуунсухайт 267 км төмөрзам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км зам энэ намартаа багтаж бүрэн ашиглалтад орно. Энэ замууд ашиглалтад орсноор жилд 50 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлох боломжтой. Хоёр талын холбогдох байгууллагуудын удаан хугацааны яриа хэлэлцээ болон халдвар хамгааллын дэглэмийг үр дүнтэй зохион байгуулсны үр дүнд тавдугаар сарын 25-наас нүүрсний уртын тээвэр, 31-ний өдрөөс задгай тээвэр эхэлнэ. Тэгэхээр боомтын гацаа шийдэгдэнэ. Олон сар огцом буурсан экспортын хэмжээ нэмэгдэнэ.
Улсын төсөвт төвлөрүүлэх АМНАТ хэвийн болж, Монгол Улсын эдийн засгийн эерэг үзүүлэлт нэмэгдэнэ.
...Энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсон. 70 жилийн өмнө Замын-Үүд-Эрээн боомтын хил холболтын цэгийг тохирч. Харин 70 жилийн дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын цэгийг тохирч холбогдох бүтээн байгуулалтын ажил хийнэ. Тэгсэнээр шилжүүлэн ачиж, буулгах терминалыг ирэх долдугаар сард ашиглалтад оруулахаар болоод байна. Бид экспортын гарцаа ойрын ирээдүйд дөрөв болгоно” гэжээ. Ер нь Ерөнхий сайдын тухайд экспортыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа нь харагддаг. Угаасаа Монголын эдийн засаг зэс, нүүрс, төмрийн хүдрийн экспортын орлого дээр тогтдог. Тиймээс экспортын гарцыг нэмэгдүүлэх тал дээр түлхүү ажиллаж байх шиг байгаа юм.
Тэгэхээр олон жил гацсан төмөр зам, авто замууд тавигдаж, Монгол, Хятадын ачаа эргэлтийн голлох боомтууд холбогдох нь онцгой чухал гэсэн үг.
Яахав, түр хугацаанд Хятадын хил, боомтууд хаагдаад асуудалтай л байна. Гэхдээ энэ хооронд Засгийн газрын ажлын хэсгүүд төмөр зам, боомтын бүтээн байгуулалтын ажлаа нэлээд урагшлуулжээ. Ингэх ёстой л доо. Ковид, дэлхий дахины асуудал намжихаар тэр нь бидэнд хүн хийгээд өгчихсөн юм шиг л хэрэг тусаа өгнө.
Ерөнхий сайдын дээр хэлсэнчлэн хоёр талын холбогдох байгууллагуудын удаан хугацааны яриа хэлэлцээр болон халдвар хамгааллын дэглэмийг үр дүнтэй зохион байгуулсны үр дүнд нүүрсний уртын тээвэр, задгай тээвэр эхлэхээр болж байна. Ер нь нүүрс бол богино хугацаанд экспортлох шаардлагатай түүхий эд болоод байгаа юм. Манай энэ эрх ашигт нийцэх шийдвэрийг Хятадын тал саяхан гаргажээ. Хятадын Хөгжил шинэчлэлийн хорооноос “Дотоод гадаадын төвөгтэй нөхцөл байдалтай холбоотойгоор дотоодынхоо эрчим хүчний аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг хангах” зорилгоор 2022 оны тавдугаар сарын 10-нд “Импортын нүүрсийг яаралтай баталгаажуулах дунд болон урт хугацааны гэрээг нөхөж байгуулах асуудлыг тодорхой болгох” тухай мэдэгдэл гаргажээ. Энэ талаар маргааш нь нийтэд мэдээлсэн байна.
Үүнийг сийрүүлбэл, энэхүү мэдэгдлийн дагуу Хятадын нүүрсний зах зээлд импортын нүүрс 20 хувь, дотоодынх нь олборлосон 80 хувь байхаар тогтоож, худалдан авагч, нийлүүлэгчийн хооронд дунд болон урт хугацааны гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байна. Нийлүүлэгч талаас импортын нүүрс нийлүүлэх гэрээг нөхөж байгуулахдаа нүүрсний нийт хэрэглээний 80 хувийг дотоодынхоо нүүрс олборлогчидтой байгуулсан дунд болон урт хугацааны гэрээгээр бүрдүүлсэн байх нөхцөлийг хангасны үндсэн дээр нөөц бүрдүүлэх эх үүсвэр, үйлдвэрлэлийн боломж нэмэгдүүлэхийг эрэлхийлнэ. Гэрээ байгуулахаар тохирсон, эсхүл гарын үсэг зурсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, дунд болон урт хугацааны гэрээний дагуу дотоодоос 2022 оны эцэс гэхэд нийлүүлэх нүүрсний нөөцийг яаралтай баталгаажуулах импортын нүүрсний нөөцөд шилжүүлэн тооцохыг тус тус хориглох аж. Нөхөж байгуулах гэрээний үнийг нийлүүлэгч болон худалдан авагч талууд хэлэлцэн тогтооно. Тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд дунд, урт хугацааны гэрээний үнийн 50 хувь дээр нүүрсний зах зээлийн үнэ 50 хувь байхаар гэрээнд тусган сар бүр үнэ тогтооно. Дээд үнэ нь дунд, урт хугацааны гэрээний тухайн сард худалдаалсан үнээс 1.5 дахинаас ихгүй /50 хувь/ байх, шууд 1.5 хувь нэмэгдүүлсэн хатуу зохицуулалт хийхгүй. Нүүрсний компаниуд 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс өмнө нүүрс худалдааны төвийн цахим хуудаст мэдээлэл баталгаажуулах үүрэгтэй. Хөгжил шинэлчлэлийн хорооноос орон нутаг, төрийн өмчит улсын үйлдвэрийн ажиллагааг хянан нягталж, төмөр замын байгууллагатай хамтран тээвэрлэлтийн зохион байгуулалтыг хийх юм байна.
Хятадын тухайд 2021 онд дотооддоо 4.07 тэрбум тн нүүрс олборлосон нь 2020 оныхоос 4.7 хувь, 2019 оныхоос 5.6 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
Түүнчлэн 2021 оны импортоор 323 сая тн нүүрс худалдаж авсан. Энэ нь тэдний жилийн нүүрсний зах зээлийн 7.9 хувьтай тэнцсэн байна. Түүний 81 хувийг эрчим хүчний, 17.1 хувийг коксжих нүүрс эзэлжээ.
Импортын нүүрсний хэмжээ 2021 онд өмнөх оноос 6.6 хувиар өсч, 231.9 тэрбум юаньд хүрсэн байна. Тэр нь өмнөх оныхоос 64.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болоод байгаа юм.
Тэгвэл одоо импортоо дахиад нэмэхээр болж буй нь энэ. Өөөрөөр хэлбэл, Хятад улс нүүрсний хангамж, нөөцөө бэлдэх гээд импортын татвараа тэглэж байна. Харин манай тал бүх нөхцөлийг хангаж өгөх нь зүйтэй юм. Гэтэл ингээд хил боомтын асуудал цэгцэрч, экспорт хөдлөөд эхлэхээр манай тал маш том нэг зовлонтой учирна.
Бид “их замын дээрэмчид”-ээ цэгцлэх хэрэгтэй.
Түүхийн их холын цагаас эхлээд алсын аян хийж яваа жингийн цувааг замд нь тонодог нөхдийг их замын дээрэмчид гэдэг байв. Сүүлд манайхан тэднийгээ шилийн сайн эр хэмээн өргөмжилсөн гэдэг. Тэр нь явсаар өнөөдөр Монголын ашигт малтмалын экспортын замаас дээрэм хийдэг маш нарийн зохион байгуулалттай, машид зоригтой бүлэглэлүүд болчихоод байгаа юм. Манайд гарч буй мэдээллээр нүүрсний экспорт багассан ч нүүрсний үнэ өссөн учраас төлөвлөгөө биелсэн гэж яриад байдаг. Гэтэл нүүрсний экспортоо нэмэх, хэд дахин илүү ашиг олох боломж байсан. Тэр боломжийг “их замын дээрэмчид” хулгайлсан. Тэд нүүрс тээврийг бүхэлд нь базчихсан. “Их замын дээрэмчид” гэдэгт зарим нэр бүхий сайд, хил, гааль, мэргэжлийн хяналт, төмөр замын ажилтнууд багтана.
Нүүрсний компаниуд олборлоод бэлэн болгочихдог. Ер нь бол уурхайнууд хувь, хувьсгалгүй өнгөрсөн жилээс нүүрсээ импортлох бэлтгэлээ хангаад хүлээчихсэн. Гэтэл нүүрсээ тээвэрлэх дээр гацдаг. Эхлээд буулгах талбай хэрэгтэй. Хэд хэдэн компани гаалийн хяналтын талбайн зөвшөөрөл хүсээд олон сар болж байна. Тэрийг нь Боомтын үндэсний зөвлөл гацаачихсан гэж байгаа юм. Асуухаар нь “Удахгүй хурлаар оруулаад шийдэж өгнө” гэдэг байна. Тэгэхээр Боомтын үндэсний зөвлөл гээч нь боомтуудыг боомилогч болоод байна уу. Орон нутаг ч гаалийн хяналтын бүсийн газар дээр хойрго ханддаг. Энэ нэг л асуудал нь. Хамгийн гол нь нүүрсээ тээвэрлэх вагон тэдэнд олддоггүй. Олдвол асар өндөр авлига өгөх хэрэг гарна. Уг нь УБТЗ-ын дарга саяхан солигдсон. Шинэ дарга очоод нэлээд чанга ажиллаж, болж бүтэхгүй нөхдүүдийг УБТЗ-аас холдуулж байгаа мэдээлэл бий. Гэсэн ч вагоны асуудал, наана цаана яриа хөөрөө байсаар байна. Шинэ дарга нь үүнд онцгой анхаарах хэрэгтэй гэсэн үг. Үүнээс гадна автомашинаар тээвэрлэх дээр бас том асуудал байна. “Хятадын тал өөрсдийн нүүрсний авлигачдаа барьсан гэнэ. Монголын авлигачдын нэрсийг илгээсэн. Тэд юу болсон бэ” гээд олон нийтийн сүлжээнд асуудал болж байна. Тэдний маань талаар зарим талаас хариулт өгч байна лээ. “Манайхан мандаад л байгаа” гэж байх юм.
Одоо тэгэхээр эхлээд нүүрсний тээврээс мөнгө цохидог “их замын дээрэмчид”-ээ олж илрүүлээд хариуцлага ярих ёстой.
Улмаар бүх тээврийн хэрэгслээр буюу контейнер тээвэр, төмөр зам, хил дамнасан жолоочгүй тээвэр буюу AGV-ээр нүүрсээ зөөх хэрэгтэй. Хятадын Цэхэ боомт дээр AGV ашиглахаар туршаад зөвшөөрчихсөн байна.. Ганцмод боомт дээр ч AGV-г ашиглахад бэлэн болсон байна. Гэтэл AGV-г Монгол Улсын талаас зөвшөөрөөгүй байгаа гэж хоёр улсын энэ салбарынхан мэдээлж байна. Тиймийн тул хилийн 0 цэгээс цааш нүүрсээ AGV-ээр татаж авахаар болж буй аж.
Мөн Хятадын талаас Бичигтийн боомтыг ирэх зургадугаар сарын дундуур нээх мэдээлэл байна. Гэтэл тэнд нүүрс буулгах талбайнууд нь хүрэлцдэггүй аж. Өнөөдөр тус боомтын гаалийн хяналтын гурав, зөвшөөрөлгүй 30 га талбай дээр нүүрс дүүрчихсэн. Эхнээсээ шатаад үнс болж байна. Өөрөөр хэлбэл, Хятадын тал боомтой цэлийтэл нээхэд манай тал ямар ч бэлтгэлгүй сууж байгаа гэсэн үг.
Эрэлт хэрэгцээ байгаа тул тэр хэрээр нийлүүлэхийн тулд боомт дээр хэдэн давхар төмөр зам, хэд хэдэн AGV, конвейрийн системүүдийг зэрэгцүүлж нүүрс тээврийг хийх хэрэгтэй. Ингэвэл жилд нэг л боомтоор 100 сая тн нурмаг ачаа тээвэрлэх боломж бүрдэх юм.
Эцэст нь хэлэхэд, Хятадын тал нүүрсний экспорт дээр манайд боломж гэхэд болохоор шийдвэрийг гаргалаа. Ерөнхий сайд, Засгийн газар ч нүүрсний экспортдоо ихээхэн найдлага тавьж байна. Гэхдээ “их замын дээрэмчид”-ээ цэгцлэхгүй бол энэ найдлагад их л гай тарина даа?!
Үргэлжлэл бий...
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДПЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж:
“Зууны мэдээ” сонин - 2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 107 (6839)
Өдрийн сонин - 2022.05.30. ДАВАА № 102 (6975)
Өнөөдөр сонин - 2022.05.30. ДАВАА № 107 (7409)
Сэтгэгдэл (0)