Баабар: Гар утасны цалгиан

Одоо Монголд 4 сая 500 мянган гар утасны идэвхитэй дугаар ашиглагдаж байна. 3,3 сая иргэнээс 12 хүртлэх насны хүүхдээ хасахаар нэг монгол иргэнд хоёр гар утас байх шиг. Гар утас Монголын бүх хот суурин газарт ажилладаг. Хүн амын 85 хувь нь хот суурин газар амьдардаг. Дундаж иргэн өдөрт 11 минут утсаар ярьж сард дундачаар 325 минут ярьсныхаа хөлсөнд 13 мянган төгрөг төлдөг гэсэн тооцоо байна. Нэг минут ярихад 40 төгрөг буюу 1,3 цент төлж буй нь дэлхийн дундачтай харьцуулахад маш хямдханд тооцогдоно.

Монголд үндсэндээ хөдөлгөөнт телефоны хувийн дөрвөн компани ажилладаг учир өрсөлдөөнтэй, иймээс хямд үнэ байгаагийн шалтгаан энэ. Хүний тооноосоо олон энэ утасны зах зээлийн 38 хувийг Мобиком, 34 хувийг Юнител, 17 хувийг Скайтел, 11 хувийг Жимобайл компани хангадаг учир монопол байхгүй, зах зээл жигд хуваарлагдсан гэсэн үг.

Ашиглагдаж байгаа нийт гар утасны 85 хувь нь ухаалаг утас. Ухаалаг утас нь интернэт, асар олон аппликэйшн ашиглах боломжтой, Монголд интенэтийн хурд ба үнэ дэлхийн дундажтай дүйдэг. 

1990 онд АНУ-д CDMA давтамжтай, сим карттай анхны орчин үеийн гар утас худалдаанд, 1992 онд Германд GSM давтамжтай гар утас нэвтэрсэн бол Монголд 1995 онд гар утасны хэрэглээ нэвтэрсэн гээд бодохоор энэхүү шинэ технологи дэлхийгээс хоцролгүй маш хурдан ашиглагдаж эхэлсэн байна. Өрнийн гурван компани Монголд хөдөлгөөнт утасны зах зээл бий болгохоор өрсөлдөж Японы компани ялан Мобиком копани байгуулагдсан түүхтэй. Үндэсний нийт бүтээгдэхүүн нь ердөө ганц тэрбум доллар хүрэхтэй үгүйтэй нэн ядуу оронд гар утсаар нэг минут ярих үнэ бараг нэг доллар байсан болохоор эхэндээ тун цөөн хүмүүсийн хэрэглээ байлаа. Хоёрхон жилийн дараа Солонгостой хамтарсан Скайтэл компани зах зээлд нэвтэрснээр үнэ эрс хямдарч хэрэглэгчдийн тоо огцом өссөн юм. Хэдэн жилийн дараа Юнител компани эрчтэй орж ирэн мэнэжмэнт, марктингийн дэвшилтэд арга нэвтрүүлснээр дороо утасны зах зээлийн гуравны нэгийг хангаснаар ганц хоёр компаний монополыг арилгаж гар утсыг бүх нийтийн хэрэглээ болгосон. Хөдөө орон нутагт гар утасны үйлчилгээ хангалттай нэвтэрч дөнгөхгүй байсныг Жи мобайл компани ашиглалтад орсноор энэ дутагдлыг нөхжээ.

Монгол иргэд автомашинд 7 тэрбум, гэр ахуйн техник хэрэгслэлд нэг тэрбум, гар утсанд хоёр тэрбум доллар зарцуулжээ гэсэн тооцоо одоогоос арван жилийн өмнө гарч байсан. Сүүлийн арван жилд энэ нэн өссөн нь тодорхой. Статистик дундаж орлоготой нь харьцуулахад эдгээр тоо нь ой тойнд багтамгүй хэт тансаглал юм. 

Билчээрийн мал дагнасан нүүдлийн аж ахуй нь эдийн засгийн хувьд тун өвөрмөц. Жилдээ 50 хувийн ашигтай эдийн засаг, учир нь төлийн буянаар ийм өсөлт гардаг. Гэвч билчээрийн даац болон хязгаарлагдмал талбайгаас болоод ийм геометр прогресс болдоггүй, цаг уураас бас шалтгаалаад хорогдол ихтэй. Гээд нөгөө талаас хагас зэрлэг мал сүрэг хөрөнгө оруулалталт төдийлөн шаарддаггүй. Нэг үгэндээ малын тоо толгой биологийн жамаар өсч, байгаль цаг уурын жамаар хэвэндээ хадгалагддаг. Нөгөө талаас нүүдлийн нийгэмийн иргэд бүгд мал аж ахуй эрхэлдэг учир дотоод солилцоо, худалдаа бараг байдаггүй. Баян хүн нэг шуурганд гэж үг бий. Хүний хөдөлмөрөөс төдийлөн хамааралгүйгээр олон малтай баяжих, баян хүн гэнэт модоо барих явдал цаг агаараас хамааралтай учир нийгмийн иргэдийн эдийн засгийн үзүүлэлт тогтворгүй, ерөнхий нийгмээр нь үзэхэд эдийн засгийн тэгштгэлтэй. Хөрөнгөний тэгштгэлтэй, хөдөлмөрийн хуваарь үгүй, дотоод солилцоо худалдаа хязгаарлагдмал нийгэмд хүмүүс хоорондын өрсөлдөөний шинэ горим буй болсон нь нэг талаас хөрөнгөөр баярхах, нөгөө талаас цол хэргэмээр уралдах сайрхал бий болгожээ. Энэ нь мэдээж ердийн эрүүл эдийн засгийн өрсөлдөөнийг алгасаж цэвэр нэр төрийн уралдаан болж буй хэрэг. 

 

Монголд 35 жил амьдарч морины наймаа үсэргэж байсан Ларсон гүнгийн ажигласнаар монголчуудын нэр төрийн уралдааны шалгуур нь өөрснийх нь үнэлгээгээр “сайн морь”, мөн адууны тоо. Монгол айл таваарын мал болох үхрийн тоогоо хориос хэтрүүлдэггүй, өсгөж олон болгохыг хүсдэггүй мөртөө адуу нь мянга хүрсэн ч ханадаггүй. Сайн морь гэж үзсэнийгээ худалдан авахдаа юугаа ч хайрладаггүй аж. Сайн морьтой болохын тулд эрлийзжүүлэх маш их сонирхолтой, “сайн” азраганд юугаа ч өгнө, ялангуяа зүүн монголчууд гэсэн байна. Одоо Монголд 4-5 сая адуу тоологдож байгаа нь дундаж нүүдэлчин малчин айлд маш олон нь ноогдоно. Адууны таваарын хэрэгцээ бараг байхгүй болсон гэж үзэж болно. Адууны мах идэх нь ховор, уналгын хувьд өнөөгийн малчид гоёлох гээгүй л юм бол барагтай бол унадаггүй. Айл болгоны гадаа хэдэн төрлийн авто хэрэгслэл бий. Гэтэл найр наадамд адууны тоогоороо зиндаархана, хамгийн олон адуутай эрийг нэр төрийн уралдаанд тэргүүлэгч гэж бусад нь хүлээн зөвшөөрнө. Улс төрд ч адуу чухал рольтойг төрийн өндөрлөгт гарагсад сайн мэднэ. Хагас сая доллароор “сайн морь” үнэ цохин худалдаж авсан эр улс даяар дуулианы эзэн болж ард түмнийхээ хүндэтгэлийг даруй хүлээн төрийн өндөрлөгт нүдээ аниж байгаад л дэвшин гарсан жишээ ч бий.

 

Хүн амын хэт дийлэнх нь хот суурин газар амьдрах болсон өнөөгийн нөхцөлд морь орлогч нь автомашин болсон. Улаанбаатар 350 мянган өрхтэй, харин 600 мянган автомашин бүртгэгдээд байна. Улаанбаатар шиг өндөр үнэтэй олон жип машинтай хот дэлхийд тэр бүр байхгүй байхаа. Дэлхийд хамгийн чанартай машин үйлдвэрлэдэгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн Тоёото компаний Приус маркийн машин чанартаа таарсан дажгүй үнэтэй техник, дундачаар 30 мянган доллар хавьцаа. Монголд хөдөлж буй машины дийлэнх нь Приус боловч ийм унаатай хүмүүсээ монголчууд нийгмийн доод ангилалд тооцно. Мэдээж Приусын дийлэнх нь Япондоо “гологдож” хямд үнээр орж ирж байгаа нь үнэн ч, яадгаа алдчихсан эд биш л дээ. Аккумляторын хаягдлаас сэргийлж Японд машиныг тогтоосон хугацаанаас удаан ашиглахыг хориглодог, тэгээд ч тэдний үнэлэмжээр хуучирсан гэгдэх машиныг бага зардлаар шинэ болгон сольж өгдөг аж. Гадны хүн Монголд ирээд “танайх ямар баян юм бэ, бүгдээрээ приус уначихаж, манайд бололцоотой хүмүүс л унадаг, жирийн иргэд ихэнхдээ фиат, фолкшваагэнтай” гэж байсан бол монгол үнэлгээрээ нэр төрийн уралдаан тэмцээнд шууд хожигдож бусаддаа хүндлэгдэхгүй. Нэр төрийн уралдаанд машины ноймрын дугаар ч маш их ач холбогдолтой. Азын гэх дугаар асар үнэтэй, хээл хахуулиар явна. Нэг удаа дуудлага худалдаанд гаргахад азын дугаар олон сая төгрөгийн үнэ хүрч байсан. Ингэхээр өдгөө автомашин “сайн морь” орлох болсон, харин энэхүү нэр төрийн тэмцээн эдийн засгийн утгаараа бол ямар ч утгагүй. Монголд нийтийн тээвэр хөгжихгүй байгаа нь автобус дутагдсандаа биш, нэр төрийн уралдааны шалтгаантай. Хотоор хөлхөх машинууд дотроо жолоочоо оруулаад нэг хоёр л зорчигчтой, ямар гуйлгачин царайлаад “морь” сундалдаад явалтай нь биш, хүн муу хэлнэ шүү дээ!

Нэр төрийн уралдааны бас нэг шалгуур бол эдэлж хэрэглэж, өмсөж зүүж яваа зүйлийн “бэлгэдэл”. Манжийн төрийн үед монголчууд гэж эрхээрээ хатсан ард түмэн байжээ. Татвар төлөхгүй, хамаг хангамжаа Бээжинд ноён суусан нүүдэлчин манж нараар тэжээлгэнэ. Бүх зардал тэндээс. Үнэндээ монгол манж нар 200 гаруй жил хятад үндэстнийг дарласан хэрэг. Монголын язгууртнууд маш ихэд тооцогдох пүнлүү гэх сул цалин авахаас гадна бэлэг нэрээр торго дурдан, хунзаар цай, мөн үнэт чулуун (үнэндээ минерологийн утгаар үнэт чулуунд тооцогдохгүй л дээ) хөөрөг тогтмол авна. Үүнээс ялангуяа хөөрөг нь нэр төрийн уралдааны шалгуур болжээ. Социализм, хөөрөг хоёр санаа нийлэхгүй учир их хядлагын үед намзасаг бүгдийг нь хурааж аваад устгасан. Гэвч ардчиллаас болоод хөөрөгний дон дахин сэргэсэн дээ. Тайвань, Хонконгод хөөрөгний гол зах зээл бий, хөөрөгний тогтмол сэтгүүл ч хэвлэгддэг. Үнийн хэлбэлзлэл нь монголчуудын үнэлгээнээс шал өөр. Хагас тэрбум төгрөгөөр “сайн хөөрөг” худалдан авч ард түмэндээ хүндлэгдсэн эр манайд бий, харин тэрийг нь дээрх зах зээлд тоох ч үгүй. Ямар тэдэнтэй нэр төрийн уралдаанд орж байгаа биш, эх сайхан орондоо л гайхуулж чанараа харуулах гэсэн болохоос!

Гар утас бол хэрэглээнээсээ чухал үзүүлэлт нь нэр төрийн маш том шалгуур. 25 жилийн өмнө манайд гар утас нэвтэрч байх үед ашиглаж байсан Нокио, Моторолло, Эриксон утаснууд харилцуурын хэрэгслэл гэдэг утгаараа одоо ч шаардлага бүрэн хангана. Гэхдээ хуучны Нокио барьчихаад хүний хажууд утсаар яриад зогсож байдаг нүдний булай болмор тэнэг хүн манайд байхгүй. Сүүлийн үед 400 мянга орчим шинэ гар утас жил бүр Монголын зах зээлд зарагдаж байна. Үнэтэй тоглоом шүү дээ, 700 доллароос наашгүй байх. Морь, хөөргийг бодвол бүгд хатуу валютаар импортолдог. Хульхи гэж байхгүй, дуурайгаад хийчих боломжгүй. Идэвхитэй ажиллаж байгаа 4 сая 500 мянган гар утасны бараг ерэн хувь нь ухаалаг утас. Урьд нь хэрэглэж байгаад одоо хэдийнээ хог дээр хаягдсан “ухаан муутай” утаснуудаа тоолоод үзэхээр монголчууд өнгөрсөн 25 жилд хичнээн утас гаднаас оруулж ирж, түүндээ хичнээн хэмжээний хатуу валют төлснийг тооцоолох гэвэл хүрэл зүрх ч хайлна.

Гар утсаар хүндэтгэл олох энэ тэмцээн уралдаанд залуус, ялангуяа хүүхэд өргөнөөр оролцох болсон нь хамгийн эмгэнэлтэй үзүүлэлт. Өмхий хужаагийн Хуавэй, яахвэ Солонгосын арай гайгүй Самсун, гэхдээ л гол нь Америкийн Айфонь, аан? Гай болтол эд бүгдээрээ жил бүр шинэчлэгдэнэ, дараагийн шинэ хувилбарыг нь бушуухан худалдаж авахгүй бол хүний тооноос хасагдчих гээд байгаа юм шиг загатнаа нийгмийг улам бүр зовоох болов. Монголчууд хүүхдээ эрхлүүлдэг. Хүүхдээ хар багаас нь “хүний дор орохгүй яваарай” гэж захих дуртай. Хүний дээр доор орохгүй байх шалгуур нь нэр төр. Нэр төрийн хэмжүүр нь мөнөөх “нэр төрийн уралдаанд хойгуур орж амьтан ах дүүгийн өмнө булайгаа битгий хутгаарай” гэсэн агуулгатай. Энэ нь сайн морь, үнэтэй хөөрөг гаанс, ганган хувцас, мундаг машин, ухаантай гар утас гэж ойлгогдох нь элбэг. Хүүхэд залуусын дунд гар утсаараа зэрэг зиндаагаа тогтоох явдал улам гүнзгийрэх болов. Хөөрхий эх эцэг нь ямар ч орлогоггүй сургуулийн сурагч, оюутан, эрхээрээ хатсан ажилгүй охин хөвгүүндээ хүний тоонд оруулдаг тэр ухаантай шинэ загварын гар утсыг нь яаралтай авч өгөхөөс өөр аргагүй болно. Хүний дор орчих гээд байгаа учраас. Өөрсөнд нь хүүгийн ноднин шинээр худалдаж авч өгсөн, одоо нэгэнт хэрэгцээ нь өнгөрсөн ухаантай утас ноогдоно. Маш олон үйлдэлтэй тэр ухаалаг хайрцгийг тэр болгон эх эцэг ашиглаж барахгүй л дээ. Гэхдээ л хүү минь хүний дор орохооргүй боллоо гэсэн сэтгэл ханамж. Ийм үнэтэй багажийг жил болгон худалдан авах бинчин үгүй учир цалингаа шавхана, өр тавина, тэтгэвэрийн зээл хөөцөлдөнө. Өөрөө хүрээд ирсэн ядуурал. 

Бас нэг марзан нэр төрийн өрсөлдөөн бол утасны дугаар? 9911… дугаар бол антик, одоо зах зээлийн үнэ нь 100 сая төгрөг давж үнэлэгдэж байна. Арын дөрвөн тоо нь сүпэр ижилсэлтэй бол тэрнээс ч хэд дахин илүү үнэтэй.

Араас нь 8811…, 9191… нэр төрийн хувьд дээгүүрт орно. Энэ галзуурал “энгийн ядуу иргэн”-ийг ч уруу татах шидтэй. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, хамаагүй л дээ. Гэхдээ энэ анти эдийн засгийн утга учиргүй өрсөлдөөнд нийгмээрээ хамрагддаг маань л гажиг жишээ. Ердийн “хүний” эдийн засаг ашиг орлогын төлөө байдаг бол бидний эдийн засаг олдсоноо дор нь үрэн таран хийх, байгаа нь хүрэхгүй бол өр зээлнээс эхдээд хулгай дээрэм ч хамаагүй “хүний дор орохгүй” гэсэн сэтгэлгээ юм.

Автомашин, телефон хэрэглээг үгүйсгээд байгаа юм энд огт үгүй. XXI зууны иргэн болгоны зайлшгүй хэрэглэх, утсыг бол байнга биедээ авч явж байх бүтээгдэхүүн мөнөөс мөн. Ер нь утас магадгүй үнэтэй хэрэглээ байж болох ч гар утасгүй, интернэт ашиглаж чадахгүй болчихвол ажил явагдахгүй, хүн амьтантай холбогдох гэж үйлээ эрэх нь тодорхой. Утсаа унтраагаад ганц өдөр алга болоход л ар гэр, ажил төрлөөр дүүрэн эрэл сурал болох нь энүүхэнд. Хүүхэд залуусын дунд бас гар утасны хэрэглээ их байгааг зэмлэх гээгүй, өндөр үнэтэй багаж болох гар утсаар өрсөлдөөн үүсгэж байгаа хүмүүжлийн доголдлыг л буруутгаж буй хэрэг. Өнөөх гар утсаараа интернэт ороод, өөрийгөө хөгжүүлж чадвал хөдөө тосгонд суугаа Дорж хүү, хотын Батаа нар Америкийн Жоржоос дутахгүй мэдлэг боловсролтой болж чадах учраас тэр дээ. Дижитал зуунд гар утасгүй бол хэдэн мянган километрийн цаадах улс шиг дажгүй боловсол олж авна гэдэг лөөлэй юм даг уу.

Гэтэл үйлчилгээний хөлс нэхэгдэхээр, тэд үнэтэй байна гэж гомдоллон, өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалдана. Үнэндээ Монголд гар утасны үйлчилгээний үнэ дэлхийн дундачтай байтугай социализмтай харьцуулахад маш хямдхан. Соц үед суурин утасны үйлчилгээний хөлс сарын 12 төгрөг байсан нь хоёр кг махны үнэ. Одоо дундаж харилцагч сард 13 мянган төгрөг төлж буй нь нэг кг махны үнэд ч хүрэхгүй. Өрсөлдөөн л алив юмны үнэ, чанарыг хатуу сахиулж чаддаг хуулиар утасны үйлчилгээний үнэ олон жилийн турш тогтвортойгоор барахгүй улам хямдрах, олон янзын урамшуулал дагах зэрэг. Иймээс өөртөө ахадсан асар үнэтэй багаж худалдан авчихаад, өнөөгийн төвшинд дэлхийд хамгийн хямдад тооцогдох Монголын утасны үйлчилгээний үнэн дээр голоо цохин элдвээр муулж үнэ хөлсөн дээр нь бөөн гомдол болох хэрэг юун? Утасны үйлчилгээ үзүүлж буй хэдэн компанидаа талархах ёстой биш үү? Тэр дундаа ийм хямд үйлчилгээ үзүүлж байхад уу!

Жич: Миний бие 9191… утастай, ланд унадаг, 10 сая хүрэх сүүжин хөөрөгтэй… бас л нэг байдаг л монгол! Бидний энэхүү өнөөгийн ертөнцөд үл нийцэх сэтгэлгээ бүхий л хөгжил дэвшлийг чөдөрлөөд байна гэх гэсэн юм. Бодит орлоготойгоо балаанс барихуйц хэрэглээ, өөрөөр хэлбэл хөнжилнийхөө уртад бүтэн биеэрээ багтахуйцаар тохируулж хөлөө жийж амьдарцгаая гэх гэсэн юмаа.

Баабар

2022.5. 29

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)