Г.Жавхлантөгс: Гадаадын хөрөнгө оруулалтыг татъя гэвэл Засгийн газар “гэрээ цэвэрлэх” хэрэгтэй

Монгол дахь Америкийн худалдааны танхим (“АмЧам Монгол”)-ын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгстэй ярилцлаа.


-Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд томоохон төслүүдээ хөдөлгөнө гэж байгаа. Энэ талаарх таны байр сууриас ярилцлагаа эхэлье?

-Шинэ сэргэлтийн бодлогын тухайд асуудлуудаа зөв тодорхойлчихсон. Боомт гэх мэт яг чухал гэсэн асуудлуудаа барьж авсанд олзуурхаж байгаа. Гэхдээ санхүүжилтээ яаж шийдэх нь тодорхой биш байна л даа. 94 төсөл хэрэгжүүлнэ гэж яриад яваа. Яг ямар төслүүд багтсаныг нь үзье гэхээр нээлттэй биш байна. Монгол дахь Америкийн худалдааны танхим сая болж өнгөрсөн хурлаараа энэ тухай хөндлөө. Манайхаас зохион байгуулсан тэр хуралд Б.Лакшми, Ч.Хашчулуун доктор гэх мэт эдийн засагчид оролцсон юм. Бид хуралдаад “94 төслийг 2024 он хүртэл хэрэгжүүлж амжихгүй нь тодорхой, тийм учраас хамгийн чухал гэж үзсэн цөөн төслүүддээ онцгой анхаарч хэрэгжүүлэх нь бодитой шийдэл” гэсэн дүгнэлт гаргасан. Засгийн газрын хувьд хэрэгжүүлэх цөөн төслийнхөө санхүүжилтийг хэрхэн босгох, хувийн хэвшилтэйгээ яаж хамтрахаа тодорхой болгох хэрэгтэй.

-Санхүүжилт гэснээс төр мөнгө гаргаад төсөл хэрэгжүүлдэг субьект биш. Хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтыг түшиж таарах байх. Таны ярианаас анзаарахад засаг Шинэ сэргэлтийн бодлого дээр хувийн хэвшилтэй хэрхэн яаж хамтрах зургаа тодорхой болгоогүй яваа гэж ойлголоо...?

-Төр мөнгө гаргаад төсөл хэрэгжүүлэхгүй нь тодорхой гэдэг үнэн л дээ. Ингээд харахаар тодорхой үр дүн гарахуйц, бодитой төслүүдийг л Засгийн газрын зүгээс хэрэгжүүлнэ гэж зарламаар байгаа юм. Тэгж байж хувийн хэвшлийнхний оролцоо илүү бодитой болно. Тэгэхгүйгээр хэдэн арван жил хэрэгжихгүй гацсаар өнөөг хүрсэн төслүүдийг хэрэгжүүлнэ гээд зүтгүүлбэл Дарханы зам шиг болох эрсдэлтэй. Бүр тодруулж хэлбэл, төрийн өмчид суурилсан, төрийн өөрийнх нь санал болгох төслүүд биш, хувийн хэвшлээс санаа нь гарсан, хувийн хэвшилтэй хамтраад хэрэгжүүлэхүйц төслүүд байх нь илүү үр дүнтэй. Товчхондоо хувийн хэвшилд тулгуурласан байдлаар явах учиртай. Гэтэл бодит байдал, эдийн засгийн бүтэц хэцүүхэн байгаа. Дөч, тавь, жаран хувь нь төрийн өмчид суурилсан эдийн засаг болчихоод байна л даа. Төрийн өмчид суурилчихаар бүх бизнес нь төрөө хараад суудаг болчихсон. Сүүлдээ сэтгэхүй нь хүртэл энэ байдлаа дагаад өөрчлөгдчихсөн байх жишээний. Нэг юм хийе гэхээр “Тэгвэл УИХ, Засгийн газраар ийм тогтоол гаргуулчихъя. Тэгчихвэл л энэ бизнес болоод бүтчихнэ” гэдэг чиг рүү яваад байна. Гэтэл үнэн хэрэгтээ бизнесийн орчинд төрийн оролцоо огт шаардлагагүй.

-Тэгвэл төр бизнест ямар үүрэгтэй оролцох ёстой вэ?

-Төр бизнест хоёр үндсэн үүрэгтэй л оролцох учиртай. Монополийг зохицуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, төр шударга өрсөлдөөнийг хангахад анхаарах ёстой болохоос зөвшөөрлөө өгчихөөд, бизнест оролцоод явбал эдийн засаг тэлэхгүй. Тухайлбал, хувийн хэвшилд боломж олгох нь л хамгийн зөв гарц. Харамсалтай нь далайд гарцгүй дээрээ хоёр хил нь хаагдчихсан ийм хэцүү үед өөрсдөдөө илүү их садаа тотгорыг бий болгоод байна л даа. Хил гааль гээд харахад л “Төрийн том даргын мэдлийн компанийн машин” гэж илүү үзэж онцгой анхаарч ч байх шиг. Эрээн дээр ачаа тээвэртэй холбоотой авлига хээл хахуулийн асуудал яригдаж эхэлснийг та сонссон байх. Өмнө нь нэг контейнер бараа 20 сая төгрөгөөр орж ирдэг байсан бол өнөөдөр энэ ханш гурав дахин өсчихсөн. Энэ бүхний ачааг энгийн иргэд, жирийн аж ахуйн нэгж л үүрдэг. Засгийн газрын хоёр дахь үүрэг маш энгийн. Сая хэлсэн олон бөглөө таглааг задалж өгөх хэрэгтэй.

-Шинэ сэргэлтийн бодлогын нэг авууштай нь том төслүүдээ хөдөлгөх шийдэл гэж эдийн засагчид онцолж байгаа. Та түрүүн том төслүүдээс гадна жижиг бизнесүүдэд хандах сэтгэлгээгээ өөрчилж байж эдийн засаг тэлнэ гэсэн утгатай үг хэлсэн...?

-Томоохон төслүүдээ хөдөлгөж байж эдийн засаг урагшилна гэж яриад байгаа нь зөв. Том төслүүдийг дагаж жижиг дунд бизнес хөгжиж эдийн засаг тэлнэ. Нарантуул дээр гутал зардаг, ТҮЦ ажиллуулдаг, цэцгийн жижиг лангуутай хүмүүстээ чөлөөтэй ажиллаж, орлого ашиг олох боломжийг нь олгох хэрэгтэй. Мэргэжлийн хяналт, татвар гээд төрийн олон дарамтаар айлгаад байх нь зөв шийдэл биш. Ийм хүмүүстээ бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт өгөх хэрэгцээ бий. Хөлөө олсных нь дараа татвар авах гэх мэт уян хатан, алсыг харсан зохицуулалт хийгээд эхэлбэл олон зүйл эерэгээр өөрчлөгдөнө. Хандлагаа ингэж өөрчилж чадвал эдийн засаг ядах юмгүй сэргэнэ. Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зорилго нь эдийн засгаа сэргээх л юм бол том төслүүдээс гадна жижиг бизнесүүдээ тордох ёстой. Сэтгэлгээний ийм өөрчлөлт хэрэгтэй байна.

-Оюу толгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалт гэхээр зүйлгүй чамгүй хугацаа өнгөрчихлөө. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа гол шалтгаан нь юу вэ, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд ямар нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой юм бол?

-Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх хэд хэдэн угтвар нөхцөл байдаг юм. Бизнес хөрөнгө оруулалтын орчны эко тогтолцоо маш чухал. Эко тогтолцоонд хуулийн засаглал, шударга шүүх, төрийн албаны тогтвортой бүтээмжтэй байдал, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэг байх соёл, хууль эрх зүйн орчин гэсэн таван зүйл багтдаг. Ерөөс чөлөөт зах зээлийн үндэс нь энэ л дээ. Монголын эдийн засгийн чуулган дээр Сангийн сайд хөрөнгө оруулагчдыг урьсан л даа. “Оюу толгойтой хэл амаа ололцоод урагшаа явж байна. Манайд ирээч” гэх мэт мессэж өгсөн. Ийм мессэж өгөх нь сайн. Засгийн газраас өгч байгаа маш том эерэг мессэж мөн үү гэвэл мөн. Үүнийг дагаад эерэг давлагаа үүсэх нь ч тодорхой. Гэхдээ Засгийн газрын энэ мессэжэд итгээд гаднаас хөрөнгө оруулагчид ороод иртэл шүүх дээр татварын маргаан үүсэх эрсдэл өндөр байгаа. Татварын маргаан шүүх дээр маш удаан хугацаанд үргэлжилдэг. Яг яах гээд байгаа нь тодорхойгүй, шүүхийн өчнөөн процесс дамжаад явчихдаг. Хугацаа сунжрах хэрээр зардал мөнгө их гарах нь тодорхой. Хөрөнгө оруулагчдын хувьд сүүлдээ залхаад хаяж гарахаас аргагүйд хүрэх нь бий. Ийм асуудалд орсон хөрөнгө оруулагч бусдадаа Монголын талаар ямар мессэж өгөх нь ойлгомжтой. “Монгол худлаа юм билээ” л гэнэ. Тийм учраас бид Засгийн газарт “Гэрээ цэвэрлээч ээ” л гэдэг зүйл хэлж байгаа. Гэрийн даалгавраа сайн хийж байж хөрөнгө оруулалт орж ирнэ. Мэдээж гадагшаа сурталчилгаа хийх нь сайн хэрэг. Гэхдээ үндсэн тогтолцоо, эко системээ бүрдүүлж дуусаагүй байж хөрөнгө оруулагчдыг урьж оруулж ирэх нь эрсдэлтэй. Дахиад хэлэхэд, гоё мессэжинд хууртаж орж ирсэн хөрөнгө оруулагч асуудалд орохоороо бусдадаа Монголыг муугаар ойлгуулахаас эхлээд өчнөөн асуудал бий. Товчхондоо урьснаасаа долоон доор юм болно. Хөрөнгө оруулагчдад муу дохио өгсөн жишээ ч цөөнгүй бий. Асгатын мөнгөний орд шиг нийгэмчилчихвэл яах вэ гэсэн айдас хөрөнгө оруулагчдад төрчихсөн л яваа.

-Эко системийг нь бүрдүүлчихвэл сурталчилгаа энэ тэр гэхгүйгээр хөрөнгө оруулалт цутгаад эхэлнэ гэж үү?

-Ерөөсөө л тийм. Амнаас ам дамжаад явчих зүйл. Гэхдээ бас нэг асуудал байна. Урамшууллын бодлогуудаа тодорхой болгох шаардлага бий. Монгол Улс далайд гарцгүй, хоёр хөршөөрөө дамжихаас өөр замгүй, байгалийн эрс тэс уур амьсгалтай. Сингапур, Монголын алинд нь хөрөнгө оруулах вэ гэсэн сонголттой нүүр тулбал хөрөнгө оруулагч ямар шийдвэр гаргах бол? Байгаль цаг уур нь таатай, олон улсын hub болчихсон, бизнес хийх таатай орчин бүрдсэн Сингапурыг илүүд үзэх нь тодорхой шүү дээ. Тэгэхээр бид өөрсдөдөө садаа, аргамжаа болохоор бүх зүйлээ тасдаж хаях хэрэгтэй. Наад захын жишээ гэхэд л Хөрөнгө оруулалтын хуулинд туссан 100 мянган ам.долларын босго байна. Ерэн мянган долларын хөрөнгө оруулах гэж ирсэн хүнийг тоож үзэхгүй, ямар нэгэн урамшуулал үзүүлэхгүй юм уу гэсэн асуулт гарч ирж байгаа биз. Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд яг энэ заалтыг жишээ татаад ярьсан удаа бий.

-Яг юу гэж хэлсэн юм бол?

-“Японд гадаадын хөрөнгө оруулагчдад энэ мэт хориг заалт тавьдаггүй. Нэг доллар оруулсан хүн ч гадаадын хөрөнгө оруулагч. Мянган доллар оруулсан ч гадаадын хөрөнгө оруулагч. Яг ижил шаардлага тавьдаг. Нэг ажлын байр бий болгосон байлаа ч эдийн засгийн далд өгөөж нь их шүү дээ. Монгол жижиг улс мөртлөө яагаад ийм том хоригууд тавиад байна вэ” гэсэн утгатай үг хэлж байсан. Түрүүн хэлсэнчлэн манай улс далайд гарцгүй. Гадаадын хөрөнгө оруулалт л Монголын эдийн засгийн ганц том гарц. Байгаа ганц гарцаа өөрсдөө ингэж боомилоод сууж болохгүй л дээ. Сингапур шиг таатай цаг агааргүй ч гэлээ “Манай хууль эрх зүйн орчин маш тодорхой. Энэ салбарт ингэж хөрөнгө оруулбал ийм тийм урамшуулал үзүүлнэ” гэсэн тайлбар хийгээд суувал хөрөнгө оруулагчид Монголыг сонирхоно. Япон, Солонгос гэж ирээд яривал хөгжингүй бүх улс гадаадын хөрөнгө оруулалтаар хөгжсөн, өнөөдөр ч гадаадын хөрөнгө оруулалтыг татахад онцгой анхаарч байна. Монгол Улсын хувьд ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байж л хөгжинө.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэхгүй бол ирэх жилээс байдал хүндрэхээр байна л даа. Наад захын жишээ гэхэд бондын төлөлттэй нүүр тулна...?

-Валютын нөөц ирэх жил хүндрэх нь тодорхой болчихсон. Таван толгойн нүүрсээ урьдчилж зараад доллар авчихсан суугаа. Ирэх жил нүүрсээ зарсан ч орж ирэх валют урьдчилж авсан өрөнд явчихна гэсэн үг. Ингээд харахаар гол шийдэл бол ерөөсөө л гадаадын шууд хөрөнгө оруулалт. Дахиад хэлэхэд, гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх орчныг цаг алдалгүй бүрдүүлэх нь амин чухал асуудал болоод байна. Удахгүй наадам болно. Наадмын үеэр гадны хөрөнгө оруулагчдыг уриад бизнес эрхлэгчидтэйгээ уулзуулж, хөрөнгө оруулалт татах боломжтой салбаруудаа танилцуулах арга хэмжээ зохион байгуулахад болохгүй юмгүй. Монгол дахь Америкийн худалдааны танхимаас ирэх сарын 2, 3-нд “Web3” гээд цахим шилжилтийн чуулган зохион байгуулах гэж байна. Тэр арга хэмжээнд дэлхийд нэртэй олон компанийн төлөөлөл зочноор оролцож илтгэл тавина. Бид тэдэнтэй Монголын блокчейн, санхүүгийн зах зээлд ямар боломж, гарц байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Иймэрхүү уулзалтуудыг давтамжтай хийгээд байвал хөрөнгө оруулалт тэлэх нөхцөл бүрдэнэ. Нийт эдийн засгаа пиццагаар зүйрлэвэл ихэнхийг нь төр авчихаад, ард түмэндээ цөөхөн хэрчим өгөөд яваа дүр зураг харагдаад байна л даа, өнөөдөр. Хилээр бараа оруулж ирж байгаа 5000 жолоочийн хоолыг төр нь гурван компаниар дамжуулаад булаагаад сууж таарахгүй. Ингээд байгаа учраас жолооч нар гомдол тавьж, эсэргүүцээд яваа юм. Дахиад онцлоход, хувийн хэвшилдээ итгэж, эдийн засгаа тэлэх төслүүдээ хувийн хэвшлийнхнээрээ хийлгэх хэрэгтэй. Төр бүгдэд оролцож, хязгаарлалт тавиад байвал эдийн засаг тэлэхгүй.

-Хөрөнгө оруулалтын хуулинд өөрчлөлт оруулна гэж байгаа. Ямархуу өөрчлөлтүүд орох талаар мэдээлэл байна уу, “АмЧам Монгол”-д?

-Сангийн сайд Эдийн засгийн чуулганы үеэр Хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулна гэж танилцуулсан. Гэхдээ яг нарийвчилж танилцъя, хэлэлцүүлэг хийе гээд хандахаар “Арай болоогүй байгаа. Боловсруулалтын шатанд яваа” гэсэн тайлбар хэлсээр ирсэн. Хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаад миний мэдэхийн жил гаруй болчихлоо. Арай л удаан байна.

-“АмЧам Монгол”-оос тодорхой санал тавьсан уу, эсвэл ямар ч оролцоогүй яваа юм уу?

-Саналуудаа өгсөн. Тусгасан эсэхийг мэдэхгүй. “Ярилцъя, хэлэлцүүлгийг нь зохион байгуулаад өгье” гээд хандахаар “Төсөл нь болоогүй байна” гэсэн хариу өгдөг л дөө.

-Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт дээр тодорхой мэдээлэлтэй байгаа юу?

-Одоогоор ямар нэг тодорхой мэдээлэл алга. Хөрөнгө оруулалтын хуулиас ялгаагүй дүр зурагтай суугаа. Төрийн нууц шиг л яваад байгаа. Хугацаа их авч байна л даа. Яваандаа хэлэлцүүлэг өрнөх болов уу гэсэн хүлээлттэй л сууж байна.

-Хөрөнгө оруулалтын хууль, Ашигт малтмалын хууль бол гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн түрүүнд анхаарах хуулиуд. Бид өөр ямар хуульдаа анхаарах ёстой вэ?

-Хөрөнгө оруулагчид Монголд мөнгөө хийхийн өмнө сая таны хэлсэн хуулиудаас гадна Хөдөлмөрийн хуулийг харна. Татварын орчныг анзаарна. Татварын тухайд манайх татварын багц шинэчлэл хийсэн. Сайн шинэчлэл болсон. Гэхдээ дутуу зүйл их бий. Хөрөнгө оруулалтын тухайд олон улсын жишигт нийцсэн реформыг хиймээр байгаа юм.

-Тодорхой кейсээр тайлбарлах уу?

-Хувьцаа шилжүүлсний татвар гэж бий. Олон улсын жишгээр бол хувьцаагаа зарсан ашиг дээр нь татвар тогтоодог. Гэтэл манай хуулиар орлого дээр нь татвар тогтоож байгаа. Ийм орчинд хөрөнгө оруулах сонголт хийхэд хэцүү. Сүүлийн үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа компаниудад тодорхой хэмжээний татварын урамшуулал үзүүлээч гээд хандахаар “Татварын бус урамшууллуудыг хангалттай үзүүлдэг учраас татвар дээр ямар ч урамшуулал байхгүй” гэсэн хатуу хариу өгөх жишээний. Өнөөдрийн хувьд төсөв бүрдүүлэлт хэцүү явааг ойлгож байна.

Гэхдээ алсаа хараад энэ мэт урамшуулал үзүүлээд эхэлбэл ирэх хоёр, гурван жилдээ гадаадын хөрөнгө оруулалт мэдрэгдэхүйц нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалтаа дагаад ажлын байр нэмэгдэнэ, татвар өснө. Товчхондоо Засгийн газрын хүсээд байгаа зорилт ч төвөггүй биелнэ.

 

Ц.Баасансүрэн

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (66.181.191.241)

    2022-06-01

    Олигтой юм хийдэггүй, хурал чуулганд л оролцдог этгээд байна.