А.Батцэцэг: Эрээнд ковид гарч хил хаагддагийн ард улс төр байгаа
- 2022-06-09
- Өөр өнцөг
- 0
МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн доктор А.Батцэцэгтэй ярилцлаа.
-Цар тахал нэрийн дор манай гол хилийн боомтууд удаан хугацаанд хаалттай, хязгаарлалттай байсаар байна. Үндэслэлийг олон талаас нь тайлбарлаж байгаа. Та энэ үзэгдлийг хэрхэн харж байна вэ?
-Монгол, Хятад улсын хувьд хилийн маргаангүй. Мөн гадаад харилцаа, улс төрийн түвшинд зөрчил маргаан харьцангуй тайван хэдий ч цар тахалтай холбоотой хил гаалийн хатуу бодлого баримталж байгаа нь нэлээн урт хугацааг хамарч эдийн засгийн хувьд дарамтад оруулж байгаа нь үнэн. Өмнөд хөрш Монгол Улсаас гадна бүс нутгийн хэд хэдэн улсад ч ижил бодлого баримталж байгаа. Хятадын боомтын зөвлөл халдварын нэг ч тохиолдлыг гадаадаас нэвтрүүлэхгүй гэдэг зарчим, дүрэм, журмыг нэвтрүүлж байгаагаас шалтгаалж удаан хугацаанд хаалттай, хязгаарлалттай байсаар байгаа нь өөр бусад улсад ч тодорхойгүй хүлээлтийн байдалд хүргэж байна гэж бас болно.
Хил гаалийн асуудал нь нэгдүгээрт, цар тахал, хоёрдугаарт, Хятадын Коммунист намын хурал, өвлийн олимптой холбоотой байсан. Мэдээж дотоодын нийгмийн болон улс төрийн шалтгаантай гэж судлаачийн хувьд үзэж байна.
-Нийгмийн болон улс төрийн шалтгаантай гэдгийг та хэлж байна. Халдварын нөхцөл байдал хүнд байгаа ОХУ аль дээр хилээ нээсэн. Гэтэл урд хил дээр яг нээгдэх нь гээд улс даяараа бужигнадаг, нэг өглөө босоход л хаагдчихдаг нэг бус удаагийн тохиолдол гарлаа шүү дээ?
-Өнөөгийн дэлхий дахины нөхцөл байдал, олимп, Хятадын Коммунист намын хурал, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн тавдугаар их хурал зэрэг олон чухал ажил давхацсан. Мэдээж тус улсын хувьд эдгээр арга хэмжээгээ хариуцлагатайтаар зохион байгуулах томоохон үүрэгтэй байсан тул бүх талаасаа хамгаалах шаардлага үүссэн гэж ойлгож байгаа. Ийм учраас эрсдэлээс урьдчилан сэргийлж хил гаалийн асуудлаа чангаруулсан байх. Энэ бол зөвхөн Монгол Улсад тавьсан хориг биш юм.
Дотоодод халдварын тархалтыг алдахгүйн тулд нэгдсэн менежмэнттэй ажилласан.
Нөгөө талаар БНХАУ-ын хувьд удаан хугацааны туршид тогтвортой байсан тэдний нийгэм эдийн засгийн байдал, ганцаар давамгайлах, хэт ноёлогч байр суурийн хандлага нь өнөөдөр тэднийг маш олон асуудлууд дунд авчирсан байж болох талтай. Коронавирусээс үл шалтгаалан цаашдын олон улсын харилцаан дахь, даяаршиж буй нийгэм дэх байр суурь нь өөрчлөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг бол суларсаар, нэг бол хүчирхэгжсээр байгаа хэдий ч нийгмийн тогтвортой байдлаа хадгалсаар байгааг дэлхий нийт харж байна. Манай хоёр улсын хувьд өөр өөрийн улс төр, эдийн засгийн нөөц чадавхтай. Хятад бол улс төр, эдийн засгийн хувьд аль ч үед тогтвортой, нөлөө бүхий байсаар ирсэн. Харин манай улсын хувьд эсрэгээрээ.
-Манай улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж хил гаалийн асуудал үүдэлтэй гэсэн үг үү?
-Ингэж үзэх үндэслэл бий. Монгол Улсын хувьд цар тахал гэнэтийн зүйл байлаа. Хоёрт, энэ том дайралтаас гарах туршлага байгаагүй. Эдийн засгийн чадавх муу. Дээр нь хамгийн гол нь улс төрийн тогтворгүй байдал нөлөөлсөн. Ерөөсөө өрхийн амьжиргаа чанартай байвал нийгэм чанартай байна. Ингэж чадвал улс төр болон эдийн засгийн тогтвортой байдал бий болно. Энэ бүхнийг тогтвортой байлгахын тулд хүний нөөцийн асуудал манайд чухлаар тавигдана. Харамсалтай нь энэ тал дээр манайх учир дутагдалтай. Улс төр, эдийн засаг гэх мэт аль ч салбарт чанартай боловсон хүчин бэлтгэгдэж байж улс орны цаашдын стратеги, төлөвлөлт чамбай, чанартай гарна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа хил гаалийн асуудал манай талын улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн чадавхтай нөлөөтэй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Эрээнд ковид гараад л хил хаагддаг. Үүний ард улс төр л байгаа шүү дээ.
Харин Хятад улсын хувьд бүс нутгийн хамтын ажиллагаа нь далайн эрэг, хил орчмын хамтын ажиллагаанд голчлон тулгуурладаг. Дээр нь тус улс “Сайн хөрш, найрсаг бодлого” гэх гадаад бодлогыг баримталдаг. Энэ нь Хятадын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдалд ашигтай. Хятад улс бүс нутгийн олон талын хамтын ажиллагаанд оролцож, туршлага хуримтлуулж, улс орны бүх талын үндэстний хүч чадлыг дээшлүүлэх, энэ чухал цаг хугацааг ашиглаж дэлхийд байр сууриа дээшлүүлсэн улс төрийн хүрээний бодлогоо улам бэхжүүлэх санаа агуулж байна. Ийм учраас энэ нь манай улсад ч хамааралтай болох нь дамжиггүй.
Энэ байдлаар Хятадын хилийн хориг 2022 он дуустал үргэлжлэх төлөвтэй байна. Энэ нь хэд, хэдэн чухал үйл явдалтай холбоотой гэдгийг дээр хэлсэн. Энэ нь мэдээж Хятад улсын нөлөөллийн бодлогын нэг өнцөг.
-Таагүй мэдээ байна. Ер нь хил гаалийг хаах, хязгаарлахтай холбоотой эрх зүй ямар байдаг бэ. Манайд үүсчихээд байгаа асуудал дээр хоёр улс хил гаалийн эрх зүйгээ мөрдөж чадаж байна уу?
-Цар тахал хүчтэй тархаж байх үед дэлхийн бүх улс орон өөр, өөрийн улс үндэстний аюулгүй байдлыг хамгаалж хил гааль, боомтуудыг хааж хатуу хөл хорихоос өөр аргагүй байсан. Манай улсын хувьд ч ялгаагүй хатуу хөл хорьж, хилээ хаасан. Энэ бол нэг талаар сүүлийн жилүүдэд яригдаж ирсэн олон улсын харилцааны салбар дахь даяаршсан нийгмийн тулгамдсан асуудал, түүний үр дүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэдий хүчирхэг гүрэн, хөгжингүй улс байлаа гээд дэлхий дахинд олон жилийн туршид аюул учруулж ирсэн, учруулж байгаа, учруулж болзошгүй асуудлыг дангаараа шийдвэрлэх боломжгүй гэдгийг харуулсан тод жишээ энэ Цар тахал гэж хэлж болно.
Манай улсын хувьд ч тэр жижиг улс, хүн ам цөөн, үйлдвэрлэл төдийлөн хангалттай хөгжөөгүйн сөрөг тал, цар тахлаас үүдсэн удаан хугацааны хилийн боомтын хориг нийт ард түмний амьжиргаа, нийгмийн болон амьдралын чанарт хэрхэн яаж нөлөөлж байна, цаашлаад оюун санаа сэтгэлгээний онцлогт яаж сөрөг нөлөө үзүүлж байна гэдгийг бид өнгөрсөн хугацаанд харлаа.
Монгол Улс олон улсын хил гаалийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон гэрээ хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ үндэсний хэмжээнд хангах үүргийг олон улсын өмнө хүлээдэг. Хятад ч ялгаагүй. Тиймээс Хятад улс хил гаалийн эрх зүйгээ зөрчөөд хилээ хаачихлаа гэж шууд дүгнэж болохгүй.
-Нөгөө талаар хоёр улсын хувьд Төвөд улс, Далай ламын тухайд эмзэг ханддаг сэдвүүдийн нэг. Саяхан энэ асуудал манай улсад хөндөгдөж яригдсан. Магадгүй үүнтэй холбоотойгоор урд хил хаагдчихав уу гэдэг хардлагыг зарим хүмүүс дэвшүүлж байна?
-Монгол Улс Бүрэн эрхт улс. Хятад улс ч тэр. Бүрэн эрхт улсын хамгийн үнэт капитал бол ард түмэн. Ард түмний оюун санаа, сэтгэлээний мөн чанарын цаана байгаа гол зүйл монгол хүний шашин шүтлэгийн асуудал.
Хятад улсын гадаадын бодлого бол энх тайвнаар зэрэгцэн орших мөн чанартай. Энэ бол аливаа хоёр улс бие биенийхээ дотоод үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэсэн агуулга. Тиймээс хил гаалийн боомилолт шашин шүтлэг, Төвөд, Далай ламтай холбох ямар ч үндэслэлгүй.
Б.Энхзаяа
Сэтгэгдэл (0)