Болгоомжтой байх нь илүүдэхгүй ч хэзээ хөдлөхөө мэдэх хэрэгтэй!

Монгол Улсын Засгийн газар дэлхийн цөмийн салбарт тэргүүлэгч Франц Улсын Төрийн өмчит Орано групптэй “Бадрах Энержи” хамтарсан компанийг үүсгэн байгуулсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шилдэг татвар төлөгч компаниудыг нэлээд хэдэн гадаад гүйцэтгэх захирлууд толгойлдог. Тэдний нэг болох “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардийг та бүхэнд танилцуулж байна.

- Ноён Марк, та өөрийгөө товч танилцуулна уу. Яагаад Монголд ирж ажиллахаар шийдсэн бэ?

- Би хэдхэн хоногийн өмнө 57 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн. 2009 оноос хойш Орано компанид ажиллаж байна. Энэ хугацаанд голцуу уурхай, төслийн үйл ажиллагаа хариуцсан менежерээр Баруун болон Төв Африк, Казакстан улсуудад ажиллалаа. Монголд ирж ажиллах болсон шалтгаан “Бадрах Энержи” компанитай холбоотой. Учир нь цав цагаан цаас шиг дөнгөж эхэлж байгаа төсөлд оролцох том боломж тэр бүр хүний амьдралд элбэг тохиолдоод байдаггүй. Намайг Казакстанд томилогдон очиход төслийн үйл ажиллагаа нь хэдийнэ эхэлсэн байсан. Тэр төсөл эхлэхээс хоёр жилийн өмнө тэнд очиж ажилласан бол гэж тухайн үедээ харамсаж байв. Харин Монголд хэрэгжүүлж байгаа төсөл маань яг л хүүхдээ өлгийдэн авах гэж байгаатай зүйрлэж болохоор дөнгөж эхэлж байгаа тул энд ажиллахаар зорьж ирсэн. 

- Шинэ ажил эхлэхэд олон сорилттой тулдаг. Таны Монголд хийхээр төлөвлөж буй ажил, төслийн хувьд хүлээлт хэр байна вэ? Гүйцэтгэх захирлын хувьд ямар үр дүн гаргахын хүсч байна?

- Манай төсөл Монголд өнгөрсөн зууны сүүлээр эхэлсэн. Хайгуул, байгаль орчны үнэлгээ хийж, туршилтын үйлдвэр байгуулахын тулд маш их цаг хугацаа, хөлс хөдөлмөр зарцуулсан гэсэн үг. Харин өнөөдөр Монгол Улс маш сайн бэлтгэгдсэн хүний нөөц, жишиг туршилтын үйлдвэртэй болсон. Өөрөөр хэлбэл, манай төсөл техникийн хувьд ямар ч асуудалгүй болсон гэж хэлж болно. Харин тулгарч буй асуудал гэвэл энэ төслийн бүхий л оролцогч талууд, орон нутгийн иргэд, улстөрчдөд ураны уурхайн талаар зөв мэдээдэл өгч, ижил тэнцүү ойлголттой болгох ажил гэж би хэлмээр байна. Яг үүн дээр л бид төвлөрөн ажиллаж байна.

Маш олон хүн ураны уурхайг цөмийн цахилгаан станцтай шууд холбон буруу ойлгодог. Уран олборлоод эхлэхээр л Фүкүшима, Чернобыль шиг болно гээд сандардаг. Ураныг цөмийн түлш болгон үйлдвэрлэх нь маш төвөгтэй процесс бөгөөд олон ч шат дамжлагатай. Байгалийн ураныг дангаар нь хүмүүсийн яриад байдаг шиг цөмийн түлшээр ашиглах ямар ч боломжгүй юм шүү дээ. Энэ бүх ойлголт, мэдээлэл, мэдлэгийг олон нийтэд түгээх нь чухал ажил болоод байна. Ураны уурхай ажиллуулахын тулд бидэнд уул уурхайн инженер, хими, гидрогеологич, аюулгүй ажиллагаа, засварын ажилчид хэрэгтэй болохоос биш цөмийн салбарын ямар ч мэргэжилтэн үнэндээ хэрэггүй. Энэ бүхэн тусдаа үйл ажиллагаа, тусдаа процесс, тусдаа бизнес юм. Манай үндсэн уурхайн үйл ажиллагаа жигдрэх үед 1000 гаруй хүнийг ажлын байраар хангах бөгөөд энэ нөхцөлд магадгүй таваас 10 цацрагийн хяналт, цацраг идэвхт бодисын экспортын худалдаагаар мэргэшсэн хүн шаардлагатай болох байх. 

- Казакстан, Монгол улсууд нэг ижил гараанаас гарсан боловч өнөөдөр энэ салбарын хөгжлийн хувьд ийм том ялгаатай болсон нь харамсалтай сонсогдож байна. Өнгөрсөн хугацаанд та бүхэн яагаад энэ салбарын мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх дээр эрчтэй ажилласангүй вэ?

- Бид 1997 оноос эхлэн анхан шатны хайгуулын ажлыг Монголд эхлүүлсэн. 2011, 2013, 2020 онуудад манай геологчид дэлхийн хэмжээнд тооцогдох хоёр том ураны ордыг илрүүлсэн (хоёр ордын нөөц маань ойролцоогоор 100 мянган тон). Ингэснээр Монгол Улс ураны батлагдсан нөөцөөрөө дэлхийд 12 дугаар байранд жагсах болсон. Энэ хугацаанд Монгол Улс ураны салбарыг хэрхэн хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх тал дээр сайн ажилласан. Гэхдээ ордуудаа нээгээд хэдийнэ 10 жил өнгөрсөн хэдий ч өнөөдөр дөнгөж үйлдвэрлэлийн туршилтын шат дээрээ байгаагаас гадна үндсэн үйлдвэрлэл эхэлтэл дор хаяж таван жил шаардлагатай байна. Энэ бол хэтэрхий урт хугацаа. Бид 10 жилийн дотор яг адилхан нөхцлөөс эхлээд Казакстан улсад үйлдвэрээ байгуулж бүрэн хэмжээгээр ажиллуулж эхэлсэн.

Уран, цацраг идэвхт бодисын талаар сонсохоор хүмүүст айдас төрдөг гэдгийг бид ойлгодог. Ийм учраас олон нийтэд мэдлэг, зөв мэдээлэл өгөх, нийгмийг соён гэгээрүүлэх ажлуудыг хийх ёстой. Энэ ажлыг бид тогтмол хийсээр ирсэн. Хайгуул, олборлолт, уурхайн дизайн, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ хийхээс гадна олон нийтэд өөрсдийн зүгээс боломжоороо мэдээлэл өгч ажиллаж ирсэн. 

Цаг үе хурдацтай өөрчлөгдөж байна. Өнөөдөр бидэнд цаг хугацааг алдах эрх байхгүй. 

Харин ч энэ төсөл урагшлах бүхий л таатай нөхцлүүд бүрдлээ. Уур амьсгалын өөрчлөлт дэлхий даяар маш том асуудал болчихлоо. Ийм учраас нүүрсхүчлийн хийг аль болох бага ялгаруулдаг эрчим хүчний эх үүсвэрийн тухай дэлхий даяар ид ярьж, хүчтэй хэлэлцэгдэж байна. 

- Үндсэн асуулт руугаа орохоос өмнө би таниас Монгол ба Франц улсын харилцааны талаар асуумаар байна. Саяхан танай улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Франц болон Европын улс төрийн шинэ нөхцөл байдал Монголд хэрхэн нөлөөлөх бол?

- Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Emmanuel Macron болон аль аль нэр дэвшигч ураны бизнес, ялангуяа цөмийн эрчим хүчний салбарыг улам сайн хөгжүүлэх дээр санал нийлж байсан. Франц Улс хуучин реакторуудаа шинээр солих, судалгаа шинжилгээ, хөгжүүлэлт дээрээ суурилан шинэ үеийн жижиг, дунд хэмжээний цөмийн реакторт багагүй хөрөнгө оруулах шийдвэрийг гаргасан. Яг энэхүү шийдэл дэлхийн олон орны сонирхлыг татаж, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийн нэг хувилбарт тооцогдож байгаа юм. Ийм жижиг, дунд хэмжээний реактор өргөн уудам газар нутагтай, эрчим хүчний дэд бүтцээ орон даяар бүрэн байгуулж амжаагүй Монгол Улсын сонирхлыг ч гэсэн татах болов уу. 

Европ тив болон дэлхийн даяарх цөмийн эрчим хүчний сэргэн мандлын энэ цаг үед Орано Майнинг компанийн геологчидийн илрүүлсэн 100 мянган тон ураны нөөцийг оролцуулаад Монгол Улс дэлхийн эрчим хүчний салбарын хүндтэй тоглогч болж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд олон улсын түвшинд олон улсын хамтын нийгэмлэгийн хамтаар бодитой бөгөөд томоохон хувь нэмэр оруулах бүрэн боломжтой байна. 

- Орано компанийн талаар дэлгэрэнгүй танилцуулна уу. Хуучин Арева гэдэг нэртэй байсан Францын төрийн өмчит компани гэдгээс илүү мэдээлэл надад байхгүй байна.

- Орано компанийн 90%-ийг Францын төр шууд болон шууд бусаар эзэмшдэг. Тэр утгаараа Монголд хэрэгжүүлж буй манай төсөл хоёр улсын Засгийн газрын хамтарсан төсөл юм. Ийм учраас комплаенс буюу байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомж, дүрэм журам, олон улсын стандартыг дагаж мөрдөж, ажил үйлчилгээ үзүүлэхдээ мэргэжлийн стандарт, ёс зүйг баримтлах, олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх тухай дээр талууд нилээд сайн итгэл үнэмшилтэй байдаг. Учир нь бид бизнесийн байгууллага боловч хоёр улсын төрийн төлөөлөл юм. Энэ хэрээр талуудын үүрэг, хариуцлага өндөр болдог.

Бид зөвхөн компанийн Арева гэдэг нэрийг Орано гэдгээр солиогүй. Орано Групп бол цөмийн бизнесээр мэргэшсэн, уг салбарын бүхий л үе шатыг хамарсан үйл ажиллагаа явуулдаг, эртний түүхтэй Францын энтэрпрайз юм. Компанийн нэр сольсон явдал нь Францын Засгийн газар цөмийн салбарт тэргүүлэх зорилгоор бизнесийн загвартаа өөрчлөлт хийсэнтэй холбоотой. Арева компани цөмийн бүтэн циклийн бизнес буюу ураны хайгуул, олборлолтоос эхлүүлээд цөмийн цахилгаан станц барих, ажиллуулах, ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулах хүртэлх хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байсан. 

Бизнесийн загварыг өөрчлөх Францын Засгийн газрын энэхүү шийдвэрийн дагуу хэдэн жилийн өмнө уг компанийг хоёр хэсэгт хуваасан байсан. Эхний хэсгийг нь Framotome гэж нэрлэдэг бөгөөд цөмийн цахилгаан станцын зураг төсөл, дизайныг хийх, барих, тоног төхөөрөмжийг нь үйлдвэрлэн нийлүүлэх, үүнтэй холбоотой иж бүрэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг компани юм. Хоёр дахь хэсгийг нь Орано гэж нэрлэсэн. Энэ бол ураны мөчлөг дагасан цогц бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компани юм. Тухайлбал, ураны уурхай, байгалийн ураныг боловсруулж, баяжуулахаас гадна ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулах үйл ажиллагааг эрхэлдэг. 

Өнгөрсөн жил Орано Групп корпорацийн түвшиндээ “Цөмийн материалын хувиргалт, хяналт дахь ноу хауг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулах замаар эрүүл, байгалийн нөөцийг өндөр үр дүнтэй ашигладаг өнөөдрийг бүрдүүлж, тулхтай ирээдүйг бий болгоно” шинэ зорилт тавьсан. Хүний эрүүл мэнд, сайн сайхны төлөө цөмийн салбарт ажиллана гэдэг бол бидний хувьд шинэ сорилт. Энэ зорилгынхоо хүрээнд Орано Мед гэдэг тусгайлсан компани хавдартай тэмцэх ажилд ханцуй шамлан ажиллаж байна.

Манай компанийн үндсэн цөмийн байгууламжууд Франц улсад байдаг хэдий ч бид Ази, Европ, Хойд Америкт идэвхтэй үйл ажиллагаа явуулж, дэлхий даяар буй харилцагчиддаа үйлчилдэг. Яг уурхайн бизнес талдаа бол Канад, Казакстан, Нигер улсуудад үйл ажиллагаа эрхэлж байгаа бол Монгол, Узбекстан, Намиби улсуудад төслүүд дээрээ ажиллаж байна. Манай харилцагчид ураны нийлүүлэлт талдаа олон сонголттой байхыг эрхэмлэж байдаг. Тийм учраас бид харилцагчдынхаа цөмийн цахилгаан станцын ураныг ирэх 20 жилд таслахгүй нийлүүлэх баталгааг олгох стратегитай ажилладаг.

- Та уур амьсгалын өөрчлөлтийн тухай дурдлаа. Үүнтэй холбоотой уран, цөмийн эрчим хүчний ирээдүйн хандлага хэр өөрчлөгдөж байгаа бол? Энэ өөрчлөлтөнд бид хэрхэн бэлдэх ёстой вэ?

- Товчхондоо уран бол цөмийн салбарын үндсэн түүхий эд юм. 

Цөмийн эрчим хүчний хэрэглээ болон үйлдвэрлэлээрээ Франц улс дэлхийд тэргүүлдэг. 

Ийм болох тухай шийдвэрийг манай улс олон жилийн өмнө гаргасан. Учир манай улсад газрын тос болон эрчим хүчний бусад эх үүсвэрийн нөөц байгаагүй учраас бусдаас хараат байхыг хүсээгүй. Иймээс ураны салбараа хөгжүүлж, цөмийн эрчим хүч дээр төвлөрсөн. Энэ бол өнгөрсөн зуунд гаргасан маш зөв шийдвэр байсан. Өнөөдөр ч гэсэн шийдвэр эрчим хүчээрээ бусдаас хараат бус байхаас гадна уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн зөв шийдвэр хэвээр байсаар байна. 

Уур амьсгал, эрчим хүчний мэргэжилтнүүд өнөөдөр байгаль орчинд ээлтэй, хамгийн бага бохирдол үүсгэдэг хоёр төрлийн эрчим хүчний эх үүсвэрийн тухай л ярьж байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт давуу болон сул талууд бий. Тухайлбал, тогтвортой бус, найдвартай биш, үйлдвэрлэлийг хүссэнээрээ удирдахад хүндрэлтэй байдаг. Наргүй, салхигүй болоход энэ төрлийн эх үүсвэр ажиллагаагүй болдгоос гадна ийм эх үүсвэрээс гаргасан цахилгааныг хуримтлуулан хадгалдаг технологи өндөр түвшинд хөгжиж чадаагүй. Иймээс мэргэжилтнүүд цөмийн эрчим хүчийг сэргээгдэхтэй хослуулан хэрэглэх ёстойг зөвлөж байгаа. 

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудал 2021 оны гол үйл явдлуудын нэг байлаа. Үүний үр дүнд эрчим хүчний эх үүсвэрүүдийн ач холбогдол, эрэмбийн асуудал нилээдгүй яригдаж, тэр дундаа цөмийн эрчим хүчийг хэлэлцүүлэг, мэтгэлцээний төвд аваад ирлээ. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн шалгарсан арга бол цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний хослол болоод байна. 

Олон судалгааны ажил, мэргэжлийн дүгнэлтүүд үүнийг баталдаг. “Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг”-ийн нэгэн мэдэгдэлд “Цөмийн эрчим хүч Европийн системд орж, энэ салбарын хөрөнгө оруулалт дэмжигдэнэ гэдэг нь Франц болон Европ, цаашилбал АНУ-ын мэдэгдлээс тодорхой харагдаж байна” гэж дурдсан байдаг. Та бидний эдийн засаг цөмийн эрчим хүчийг бүрдэл хэсэгтээ оруулахгүй бол хүлэмжийн хийг бууруулах, нөгөө талдаа хурдацтай өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлтийг хангах боломжгүй. Энэ бол бидний бас Монгол Улсын хувьд том боломж юм.

2020 оны сүүлээс эхлээд ураны үнэ, зах зээл тогтмол өсч байна. Энэ хэрээр эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэж, шинэ тэнцвэр хангагдаж байгаа нь цөмийн эрчим хүчний сэргэлт эхэлснийг илтгэнэ. Үүнийг 2021 онд Глаcгов хотод болсон COP26 буюу Уур амьсгалын тухай НҮБ-ын суурь конвенцид нэгдэн орсон улс орны бага хурлын 26 дугаар чуулганаар баталсан. 

Ураны худалдаа урт хугацааны гэрээн дээр суурилан хийгддэг гэдгийг та бид мэдэх ёстой. Цөмийн цахилгаан станцууд тав, 10 жилээр түүхий эдээ тооцоолон худалдан авалтаа хийдэг. Яг одоо энэ урт хугацаанд тогтвортой хийгддэг гэрээний үнэ өсөөд эхэлсэн байгаа. 

- Та бүхний Монголд хэрэгжүүлж буй ураны төслийн талаар ярилцъя. Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” хэмээх компанийг та толгойлж байна. Энэ төслийн эхний үр дүн хэзээ гарахаар байна вэ?

- Яг одоогийн байдлаар бид шударга бөгөөд харилцан ашигтай хөрөнгө оруулалтын гэрээг Монголын төртэй байгуулж, ирэх 30 жил үргэлжлэх Зөөвч-Овоо төслийн тогтвортой ирээдүйг баталгаажуулах хэлэлцээрийн эхний шат дээрээ явж байна. 

Энэ гэрээг ирэх хоёр жилийн дотор байгуулна гэдэг төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсний дараа үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт, дэд бүтцийг барьж дуусгах, бүх хүнээ сурган дадлагажуулахын тулд гурван жил шаардагдана. Иймээс манай үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа таван жилийн дараагаас ажиллаж эхлэнэ гэсэн үг.

Бид том амбицтай ажиллаж байгаа боловч нөгөө талдаа бодитой байхыг хичээж байгаа. Энэ бол дан ганц хөрөнгө оруулалтын гэрээний асуудал биш. Төслийн иж бүрэн үнэлгээ, ТЭЗҮ, туршилтын үйлдвэрлэлийн үр дүн гээд олон ажлууд багтана. 

- Уул уурхайн компаниудад ихэнх хүмүүс ам муутай байдаг. Эдгээр компаниуд зөрөөд бид ийм олон ажлын байр бий болгож, ийм их татвар улсад төлж байна гэж ярьдаг. Цөөхөн хүн уул уурхайн экспортын орлогын талаар сонирхдог. Таван жилийн дараагаас уранаа экспортлоод эхлэх үед худалдааны энэ функцыг “Бадрах Энержи” компани өөрөө хариуцах уу? Эцсийн худалдан авагч нь хэн байх вэ?

- Уур амьсгалын өөрчлөлт маш бодитой асуудал болсон гэдгийг дахин онцолж хэлмээр байна. Иймээс ирээдүйд ураны бизнес бүтэлгүйтнэ гэдэг эрсдэл бараг үүсэхгүй. Харин ч урт хугацаанд үргэлжлэх тогтвортой бизнес байх болно. 

Өнөөдөр дэлхий дээр 442 цөмийн цахилгаан станц ажиллаж буйгаас гадна 51 цөмийн реактор шинээр баригдаж байна. Түүнчлэн 30 гаруй улс цөмийн эрчим хүч хэрэглэж эхлэх, шинэ технологи буюу жижиг, дунд оврын реакторт ашиглахаар зэхэж байгаа. Энэ хэрээр эрэлт нэмэгдэнэ гэсэн үг. 

Ураны дэлхийн эрэлт, нийлүүлэлт одоогийн байдлаар Хойд Америк, Европын холбоо, Зүүн Азид тэнцвэржиж байгаа бол ирэх жилүүдэд Хятад улс хүч түрэн орж ирэх болно. Учир нь Хятад 2060 оноос өмнө хүлэмжийн хийгээ хязгаарлах амлалтыг олон улсад авсан бөгөөд энэ хэрээр цөмийн салбарт томоохон хөрөнгө оруулалтыг хийгээд эхэлсэн. Ирэх жилүүдэд Хятад дэлхийн ураны хамгийн том зах зээл болох боломжтой. 

Дээр дурдсан цөмийн цахилгаан станцуудыг “хооллохын” тулд 2040 он гэхэд дэлхийн ураны эрэлт жилийн 100 мянган тонн (Одоо 60 мянган тонн байдаг) болж нэмэгдэх төлөвтэй байна. 

“Бадрах Энержи” компанийн 34 хувийг Монгол Улс эзэмшдэг. Эзэмшиж буй энэ хувиараа Монгол Улс олборлосон уранаа хувь хэмжээгээрээ аваад экспорт хийж дэлхийн зах зээлд зарж болно. Бусад улсуудад ч ийм жишиг байдаг. Шаардлагатай бол бид ураны худалдааны сүлжээ, глобал дэд бүтэц, туршлагаа Монгол түнштэйгээ баяртай хуваалцана. 

- Та Монголд ирээд удаагүй байгаа. Маш нээлттэй, шударгаар өөртөө тулгараад байгаа хамгийн том асуудал, сорилтын талаар ярьж болох уу?

- Цаг хугацаа миний хувьд хамгийн том сорилт болоод байна. Хөрөнгө оруулалтын гэрээний явц удааширвал манай төсөл тэр чигээрээ хойшилно. Үүнийг бид хүсэхгүй байгаа. Энэ хооронд дэлхийн ураны бизнес улам өргөжиж, үнэ өссөөр байна. Энэ нөхцөл байдал 10 гаруй жилийн өмнөх алтны зах зээлийг санагдуулдаг. Ураны үнэ өсөхөөс өмнө олон газрууд манайх нөөц сайтай ордтой гэдэг байсан ч дэлхийн зах зээлийн үнэ бага байсан болохоор ашиггүй тул ашиглаагүй. Харин одоо нөхцөл байдал шал өөр болсон. Хэрвээ бид энэ алтан мөч, ирэх жилүүдийн трендийг алдах юм бол ийм боломж ойрын жилүүдэд дахиж гарч ирэхгүй. Учир нь ураны зах зээл тийм том хэмжээтэй биш бөгөөд цөөн хэдхэн тоглогчтой хаалттай зах зээл юм. Иймээс нэг жилийг алдах юм бол ямар том боломжуудыг бид ашиглаж чадахгүй өнгөрөөх эрсдэлтэйг та ойлгох байх. 

- Танай компанийн сул тал гэвэл та юуг хэлэх вэ?

- Ураны энэхүү төсөл, бүтээн байгуулалт, үйлдвэрийг Монголд анх удаа хийж байгаа нь гэж таны асуултанд хариулмаар байна. Энэ салбарын мэдээ, мэдээллийг хүн болгонд тайлбарлан ойлгуулах шаардлагатай тул ширэнгэн ойд зам гарган явж буй хүнтэй бид өөрсдийгөө зүйрлэдэг. Мэдээлэл дутуу хүмүүс бидний үйл ажиллагааг буруугаар ойлгодог. Мэдээлэлгүй хүмүүс бүр ч ойлгохгүй. 

Бид газар дор уусгах аргаар уран олборлох технологи ашигладаг. Энэ технологийг уранаас гадна зэс, алтны уурхайнууд өргөнөөр ашиглаад цөөнгүй жилийг үдэж байгаа хэдий ч Монголын олон нийт тэр бүр сайн мэддэггүй. 

Энэ технологи ил болон далд уурхай шиг байгаль орчин, малын бэлчээрт том нөлөө үзүүлдэггүй. Бидний үйл ажиллагаа явуулж байгаа талбай дээр тэмээ, ямаа, мал сүрэг бэлчээд явж л байдаг. Ийм учраас манай үйл ажиллагааг бас яг уул уурхай гэж хэлэхэд төвөгтэй. Газар дор болж буй процесс хүний нүдэнд харагдахгүй учраас бид тайлбарлан ойлгуулахаас өөр аргагүй болдог. Нэгэнт хүмүүс газар дор орж нүдээр харж чадахгүй учраас итгэлцэлийн асуудал үүсдэг. Иймээс үйл ажиллагаагаа хүмүүст зөв ойлгуулж, бодит мэдээлэл өгөхийн тулд бидэнд тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй байгаа.

- Оросуудтай хамтарч байсан Мардайн уурхайн түүх бидэнд бий. Танай төсөл амжилттай хэрэгжвэл танай компани болон Монгол Улсад ирэх хамгийн том ач холбогдол юу вэ? Орано компанийн давуу талыг юу гэж хэлэх вэ?

- Технологийн туршлага болон хариуцлагатай уурхай эрхлэх үүрэг бидний хамгийн том давуу тал. Газар доор уусган олборлох технологи ашиглаж байхад хүдэр гаргахын тулд бид газар сэндийлдэггүй. Иймээс тоос босгож, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэггүй. Манай бүх үйл ажиллагаа газар дор дээр хэлсэн технологийн дагуу явагддаг. Уламжлалт уурхайнуудтай харьцуулбал манай үйл ажиллагаа хамаагүй хурдан мөн өртөг багатай. Судалгаа, хөгжүүлэлтийн үйл ажиллагаагаараа дамжуулан бид гурван хэмжээст загварыг төслийг эхлэлтийн шатанд хийж, уурхайн бүх ажлаа хянахын сацуу төслийн төгсгөлд эргээгээд байгальдаа байсан шиг нь болгох бүх ажлыг хариуцлагатай төлөвлөдөг. 

Монголд бидний авч ирж буй зүйл бол энэхүү хариуцлагатай уул уурхайн жишиг юм. Бид бизнесээ хийхдээ хариуцлагыг эрхэм болгож, тогтвортой хөгжлийг дээдлэн, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин, нутгийн иргэдийг хүндлэн ажилладаг. Манай компани ажиллаж байгаа газар бүртээ нутгийн иргэд болон байгаль орчныг нь дээдлэн үйл ажиллагаагаа явуулдаг. Орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах нь анхнаасаа манай төслийн зорилго байдаг. Энэхүү тэргүүн туршлагаа бид Монгол Улстай хуваалцахад бэлэн.

Манай мэргэжилтнүүдийг туршлагыг ашиглан Монгол Улс ураны салбараа хөгжүүлж, дэлхийн хандлагыг дагах нь зүйтэй. 

Дэлхийн том зах зээл болсон Хятад улс нүүрснээс татгалзаад эхэлсэн төдийгүй хойд хэсгээрээ олон цөмийн цахилгаан станц, уран баяжуулах үйлдвэрүүд барьж байна. Нүүрсний хэрэглээ унаж, ураны эрэлт өсч буй яг энэ цаг үед Монголын Засгийн газар мэдрэмжтэй ажиллаж чадвал эдийн засагтаа маш том нөлөө үзүүлж чадна. Үүгээрээ би ураны үйлдвэрлэл нүүрсийг давж, байр нь шууд солигдоно гэж хэлээгүй шүү. Гэхдээ ирэх жилүүдэд энэ тренд тасралтгүй үргэлжилсээр байх болно.

- Ураны бизнес дээр Монгол яагаад Франц улстай хамтрах ёстой вэ? Япон, Канад, Хятадуудтай харьцуулбал танай давуу тал юун дээр илүү тод илрэх үү?

- Франц Улстай хамтрах нь газар зүйн онцлог байршилтай Монгол Улсын баримталдаг “Гуравдагч хөршийн бодлого”-той нийцнэ. Хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцаа барихаас гадна дэлхийн бусад өндөр хөгжилтэй улстай харилцаатай байх нь Монголын хувьд маш чухал. Өнгөрсөн хугацаанд Франц Монгол Улстай харилцан ашигтай, өгөөжтэй дипломат болон худалдааны түнш гэдгээ харуулж чадсан. Төрийн өмчит Орано компани өмнөө тулгарсан сорилтуудыг үл тоон хамтарсан төслөө Монголд хэрэгжүүлэхийн төлөө хариуцлагатай бас тууштай ажиллаж байна. 

Бие биенийхээ итгэлийг олоход цаг хугацаа хэрэгтэй гэж бид боддог. Итгэлцэл байхгүй бол ажил явахгүй. 

Ураны салбар гэж ярьвал Франц Улсад 60 гаруй жилийн арвин туршлага бий. Энэ хугацаанд өөрийн газар нутаг дээрээ олон уурхай ашиглаж байсан. Орано Майнинг компани дэлхийн топ гурван ураны уурхай, үйлдвэрлэл эрхлэгчдийн нэг бөгөөд бидэнтэй хамтарснаар Монгол Улс дэлхийн тэргүүн туршлага, салбарын шилдэг шалгарсан практикийг шууд эзэмших боломжтой.

- Наполеон, Чингис хаан гээд ярихаар ззэнт гүрний түүхээрээ манай хоёр улс маш төстэй. Гэхдээ миний анзаарснаар монголчууд Чингис хаан, өнгөрсөн түүхээ их ярьж, бахархдаг бол франц залуусыг харахаар энэ түүхээ нэг их дөвийлгөдөггүй. Таны хувьд Франц болон Монгол улсын үндэстний тодотгол, амин чанар, бусдаас ялгагдах ялгааг юу гэж хардаг вэ?

- Франц гэхээр ихэнх хүмүүс гоё хоол, тансаг орчин, үнэртэй ус гэж боддог байх. Би сүүлийн 20 гаруй жил Франц улсдаа ажиллаж, амьдраагүй учраас эх орноосоо жаахан холдсон. Заримдаа нутагтаа очоод, хамаатан садантайгаа уулзахаар үл ойлголцол үүсчих гээд байдаг болсон байна лээ. Иймээс Францын үндэстний тодотгол юу вэ гэдэгт одоо хариулахад хүнд байна. Би өнгөрсөн оны 7 сард Монголд ирсэн. Ирээд анзаарсан зүйл бол Монголын ардчилал. Төр засаг нь хүн бүрийн үгийг сонсож чаддаг юм шиг санагдсан. Энэ нь сайн зүйл мэт боловч нөгөө талдаа төрийн зүгээс шийдвэр гаргах процессийг төвөгтэй бас удаан болгодог. Монгол улсын засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарласан. Үүнийгээ амжилттай хэрэгжүүлэхийн тулд цаг хугацаатай уралдах ёстой. Яг яах уу гээд таваас 10 жил бодоод, шийдвэр гаргахгүй суучих юм бол өмнөө байгаа бүх боломжоо алдах болно. 

- Төслөө эхлүүлээд, үйлдвэрлэлээ жигдрүүлсний дараа шар нунтгаа хэрхэн яаж, хаагуур зөөн экспортод гаргахаар төлөвлөж байгаа вэ?

- Монгол Улс төмөр замын сүлжээгээ өргөтгөж байгаа. Манай үйлдвэрлэлийн хэмжээ тийм том биш. Хамгийн ихдээ бид жилдээ 2500 тонн бүтээгдэхүүн гаргана. Төмөр зам боломжгүй бол ачааны машинаар тээврээ хийнэ. Бусад улсад бид ингэж ажилладаг. Ачааны машинаар далайн боомт хүргээд тэндээсээ далайн тээврээр эцсийн цэгтээ очдог. Бүтээгдэхүүнээ тусгай зориулалтын чингэлгээр зөөдөг. Тээврийн маш хатуу дүрэм, чанга стандарттай байдаг. Эцсийн цэг нь манай харилцагчдаас хамаардаг бөгөөд тэдний хүсэлтийн дагуу бид тээврийг нь хийдэг. 

Манай харилцагчид голцуу худалдан авч буй уранаа хувиргах талбар руугаа хүргүүлдэг. Тэнд ураныг баяжуулахын өмнө боловсруулах, хувиргах процессоо гүйцэтгэдэг. Ийм талбар дэлхий дээр олон байдаггүй. Франц, Хятад, Канад, АНУ зэрэг газарт л бий. 

- Хэдхэн жилийн өмнө эхэлсэн Узбекстан улсын ураны салбар удахгүй манай хамгийн ойрын өрсөлдөгч болох юм байна даа. Тийм үү?

- Монголын ураны нөөц ба чанараараа дэлхийн шилдэг 10 ордын нэгт тооцогддог. Узбекстаны хувьд бид хайгуулын шатандаа яваа бөгөөд үйлдвэрлэлийн туршилтын дэд бүтэц, барилгын ажлаа энэ жилээс эхлэх гэж байна. Өсөн нэмэгдэж, тэлж буй зах зээл хэдэн жилийн дараа аль аль төслийг нь хурдацтай урагшлуулна гэдэгт итгэлтэй байна. 

- Ураны уурхай гэж ярьж, бичихээр олон хүнд шууд айдас төрдөг. Үүнийг далимдуулан янз бүрийн хүмүүс, бүр ТББ-ууд хүртэл худал мэдээлэл тараах, зүй бус үйлдэл хийдэг кэйсүүд анзаарагддаг. Та энэ тал дээр юу гэж бодож явдаг вэ?

- Эдгээр хүмүүс манай уурхай дээр очоод үзвэл бүгдийг ойлгоно. Энд тэнд яриад байгаа зүйлс худлаа гэдгийг мэднэ. Боломжтой бол зарим хүнийг Казакстаны уурхай руу явуулж үзүүлмээр санагддаг. Тэнд хэдэн арван ураны уурхай, түүнийг дагасан үйлдвэр ажиллаж байгаа бөгөөд нутгийн удирдлагатай нь уулзуулж юу болоод, юу болохгүй байгаа талаар яриулж, туршлага судлуулмаар санагддаг. Болгоомжтой байх нь илүүдэхгүй ч гэнэн байж болохгүй. Мэдлэг, мэдээллийн зөрүүгээс болж зарим хүн айдастай, буруу ойлголттой явааг би ойлгож байгаа. Иймээс бид олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг тасралтгүй хийхээс өөр аргагүй. Ийм яриа гаргадаг зарим хүн эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалах биш шал өөр зорилготой байгаа нь харагддаг. Энэ нөхцөлд бид хэтэрхий гэнэн байж болохгүй. Бидний ажиллаж буй энэ ордыг ашиглах сонирхолтой өөр компани, улс байгааг мэдэж байгаа. 

- Энэ төслийг эсэргүүцдэг бүлэг зөвхөн Монголд байна уу, эсвэл танай компанийн үйл ажиллагаа явуулдаг дэлхийн бүхий л улсад байдаг түгээмэл асуудал уу?

- Цөмийн эрчим хүч, ураны уурхайг эсэргүүцдэг бүлэг аль ч улсад байдаг. Энэ бол амьдрал. Эдгээр хүмүүс ихэнхидээ цөөнх байдаг. Бид бүхий л үйл ажиллагаагаа хууль, дүрмийн дагуу явуулах, байгаль орчноо дээдлэх, ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, орон нутгийн иргэдийг хүндлэн харилцдаг. Дэлхийн хаана ч байсан бид яг л ингэж ажилладаг. Бид Монголд энэ зарчмаараа л ажиллаж байгаа. Ийм эрүүл яриа, компанийн нээлттэй байдлыг үрээр манай төслийг эсэргүүцдэг хүмүүсийн тоо буурна. Юмыг хүчээр шийдэх нь хэзээ ч шийдэл байж чаддаггүй. 

- Та бүхэнд олон нийтэд уурхайгаа танилцуулж, үйл ажиллагаагаа үзүүлдэг хөтөлбөр байдаг уу?

- Энэ маш чухал сэдэв. 1000 сонсохоор нэг үз гэдэг үг бий. Манай уурхайг сонирхож үзэж танилцахыг хүссэн хүн болгонд нээлттэй (гэхдээ зочид манай уурхай дэг журам, дотоод дүрмийг заавал мөрдөх ёстой). 2018 оноос хойш 300 гаруй хүн манай уурхай дээр зочлон ирж танилцсан. Гэхдээ энэ хөтөлбөр манай уурхайн үндсэн үйл ажиллагаа, тасралтгүй байдалд нөлөөлөх ёсгүй. Бид долоо хоногт нэгээс хоёр удаа орон нутгийн болон бусад иргэдийг уурхай дээрээ урьж зочлуулан үйл ажиллагаатайгаа танилцуулахыг хичээдэг. Яг одоо голцуу сурагч, оюутнууд ирж байгаа.

Үүнээс гадна бид Фэйсбүүк хуудас хөтлөн, түүгээрээ дамжуулан олон нийтэд төслийнхөө тухай мэдээллийг цаг алдалгүй хүргэхээс гадна технологио тайлбарлаж, ажилчдынхаа өдөр тутмын ажил, амьдралын тухай мэдээллийг хуваалцдаг. Хүссэн болгон манай хуудсыг даган мэдээлэл авч болно шүү. Өнөөдрийн байдлаар биднийг 1700 хүн дагаж мэдээлэл авч байна.

- “Бадрах Энержи” компанийн нэг хувь нийлүүлэгчээр Японы Мицибүши корпораци байсан гэж сонсож байсан. Япончууд энэ төслөөс гарсан юм уу?

- Өнгөрсөн жил тэд энэ төслөөс гарсан. 

- Анх-Отгоны талаар таниас асуумаар байна. Анхны коронавирусын тохиолдол гээд бид улсаараа бужигнаж сандарсан. Улмаар танай компани нэг тэрбум төгрөг манайд хандивласан. Яагаад ийм шийдвэр гаргах болсон бэ? Компанийн нийгмийн хариуцлага талаасаа энэ зөв шийдвэр болж чадсан уу?

- КОВИД-ийн хүнд үеэр Орано Групп болон түүний охин компаниуд дэлхий даяар хүмүүнлэг, тусламжийн аян явуулсан. Бид мөнгө, хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг Нигер, Канад, Франц улсуудад хандивласан. Энэ бол бидний нийгмийн хариуцлагын ажлын нэг хэсэг юм. 

Цар тахлын үеэр манай компани группын хэмжээнд үнэт зүйлдээ үнэнч байж, хариуцлагатай уул уурхайн компанийн жишгийг барьж чадсан. Хямралын үед ч гэсэн байгууллагынхаа үйл ажиллагаанд хууль тогтоомж, дүрэм журам, олон улсын стандартыг даган мөрдөж, хандив тусламжийн ажил дээр ёс зүйг чанд баримтлан, эх үүсвэрийг олон нийтэд нээлттэй зарлан богино хугацаанд чухал шийдвэрүүдийг гарган ажилласан. 

Ковидын үеэр Монголд хандивласан мөнгийг бүгдийг нь Улсын Онцгой Комисст өгөөгүй. Дорноговь аймаг, Улаан Загалмай нийгэмлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хуваагдан очсон. Энэ хандив ковидын тархалтыг багасгах, үүнээс үүдэн гарах иргэдийн эрүүл мэндтэй холбоотой эрсдлийг бууруулах үндсэн зорилготой байсан. 

Одоогийн байдлаар манай төсөл бүрэн хэмжээгээр хэрэгжиж эхлээгүй байгаа хэдий ч 2006-2020 оны хооронд 6,4 тэрбум төгрөгийг (2.2 сая ам.доллар) орон нутагт хөрөнгө оруулсан. Үүнд Орано сангаас санхүүжүүлсэн төслүүд мөн багтаж байгаа. 2022-2023 онд бид компанийнхаа нийгмийн хариуцлагын хүрээнд 900 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна. 

Бидний санхүүжүүлэн дэмждэг төслүүдийн эцсийн шийдвэрийг талууд хамтран гаргадаг. Тухайлбал, Улаанбадрах болон Зүүнбаян сумын удирдлагатай хийсэн Хамтын ажиллагааны гэрээний дагуу орон нутгийн иргэдийн төлөөллөөс бүрдсэн зөвлөл болон Орано компанийн Нийгийн хариуцлагын зөвлөл хамтран ажилладаг гэсэн үг. Бид эрүүл мэнд, боловсрол, ус болон эрчим хүчтэй холбоотой төслүүдэд илүү ач холбогдол өгдөг. 

Манай төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэх цагт нийгмийн хариуцлагын чиглэлд зарцуулдаг хөрөнгө оруулалтын дүн улам бүр нэмэгдэнэ. 

“Бадрах Энержи” компани одоогийн байдлаар нэг ч төгрөгийн орлого олоогүй байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл гаргаж буй компанийн бүхий л үйл ажиллагаа болон нийгмийн хариуцлагын зардал, хөрөнгө оруулалтыг Орано корпораци 100 хувь санхүүжүүлэн ажиллаж байна. 

25 жилийн турш Монголд ажиллахдаа Орано компани Монгол Улсын найдвартай түнш гэдгээ батлан харуулсан. Энэ хугацаанд нийгмийн хөгжил, байгаль орчин, аюулгүй байдал, олон нийтэд мэдлэг, мэдээлэл түгээх, бүх талуудад нээлттэй ажиллахын тулд 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн. 

“Бадрах Энержи” компанийн 34 хувийг эзэмшигч нь Монголын төрийн өмчит “Мон-Атом” компани юм. Олон нийттэй харилцах стратеги, төлөвлөгөөг Орано компани дангаараа гаргадаггүй, монголын талтайгаа үргэлж хамтран ажилладаг гэдгийг хэлмээр байна.

Цаг хугацаатай бид өрсөлдөн ажиллаж байгаа учраас төслийн бүх оролцогч талуудад харилцан ашигтай, шударга гэрээг цаг алдалгүй хийж, үндсэн олборлолтын үйл ажиллагаагаа эхлэх нь туйлын чухал болоод байна. 

Бэлтгэсэн

В.Ганзориг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)