Р.Эрдоган ОХУ, Украины Ерөнхийлөгч нартай хэлэлцээ хийнэ

АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ирэх долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины төрийн тэргүүн Владимир Зеленский нартай хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. 

 

Туркийн Ерөнхийлөгч Украинд гацсан үр тарианы асуудал болон Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг далайгаар аюулгүй экспортлох зурвас /коридор/ байгуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна гэж “Anadolu” агентлаг мэдээлжээ. 

 

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Туркт айлчлах үеэрээ мөн Украины үр тарианы асуудлыг хэлэлцсэн билээ. Гэвч Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглутай хийсэн хэлэлцээ асуудлыг шийдэж чадаагүй бөгөөд сайд нар хамтарсан хэвлэлийн бага хурал дээр ямар нэгэн тохиролцоонд хүрсэн талаар мэдэгдээгүй юм.

 

Оросын "тусгай ажиллагаа" эхэлсний дараа Украины эрх баригчид Хар тэнгисийн баруун хойд хэсэгт усан тээврийн замыг хааснаа мэдэгдсэн билээ. Мөргөлдөөний үеэр Украины боомтуудад 20 гаруй сая тонн үр тариа хуримтлагдсан гэж АНУ тооцоолжээ. Хөлөг онгоцууд боомтуудаас гарахад саад учруулж байна гэж Украин ОХУ-ыг буруутгаж байгаа бөгөөд НҮБ-аас боомтуудыг нээхийг Москвад уриалж, нийлүүлэлт тасалдсаны улмаас дэлхийн хүнсний хямрал улам дордох аюул заналхийлж байна гэж мэдэгдсэн.

 

Харин Оросын тал хөлөг онгоцууд боомтуудаас гарахад саад болоогүй бөгөөд украинчууд эрэг хавийн усыг минажуулсан тул хөлөг онгоцууд гарч чадахгүй байна гэж удаа дараа мэдэгдсэн байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) тооцоолсноор, ОХУ нь улаан буудай экспортлогч хамгийн том орон бол Украин тавдугаарт жагсаж байна. Тус хоёр улс дэлхийн арвайн 19 хувь, улаан буудайн 14 хувь, эрдэнэ шишийн 4 хувийг хангадаг хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)