Д.Амгалан: Дефолт зарласнаар хөрөнгө оруулалт, гадаад харилцаа зогсож, хамгийн аюултай нь газар нутгаа алдах эрсдэл үүсдэг
- 2022-06-22
- Эдийн засаг
- 1
- ДЕФОЛТ ЗАРЛАСАН УЛС ОРНЫ ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХАРИЛЦАА ЗОГСОЖ, УЛС ТӨР БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН ГҮНЗГИЙ ХЯМРАЛД ОРДОГ -
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Амгалантай Монгол Улсын эдийн засгийн байдал болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монголын эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ?
-Эдийн засгийн нөхцөл байдлын хувьд олон улсад болж байгаа үйл явц, хил, гаалийн хаалттай нөхцөл байдал болон дэлхий нийтээр цар тахалтай байгаа учраас хүндхэн байна гэж ярьж байна. Энэ бол асуудлын нэг талын л шалтгаанууд. Өнөөдөр манай улсад үнийн өсөлт 200-300 хувиар нэмэгдчихсэн үзүүлэлттэй байна. Инфляци 15.1 хувьтай, төгрөгийн ханш уналттай. гадаад өр 33.9 тэрбум ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн байдал таамаглал, төсөөллөөс ч илүү хүнд байдал руу орчихсон гэж харж байна. Эдийн засаг ингэж хүндэрч байгаагийн нэг талын шалтгаан бол гадаад нөхцөл байдал болон цар тахал. Гэхдээ энэ бол үндсэн гол шалтгаан биш. Хамгийн гол шалтгаан бол Монгол Улс сүүлийн гуч гаруй жил хөгжлийн үйлдвэр, үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдэдээ хөгжүүлж ирээгүйн нөлөө одоо гарч ирж байгаа юм. Энэ бүх зүйлээс харахад манай улсын төр засагт хөгжлийн бодлого, урт, дунд хугацааны бодлого гэж алга. Үндсэндээ төрийн бодлого гэж байхгүйтэй адил байдлаар явж ирлээ. Үүнээс болж үндэсний үйлдвэрлэл, үндэсний баялаг бүтээгчид гэж байхгүй болсон. Дандаа гаднаас хамааралтай, гаднаас бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр худалдаж авсаар өдийг хүрлээ шүү дээ. Улсаараа олж идэж байгаа ганц салбар нь уул уурхай. Ганцхан энэ салбарын зах зээлээс улсын орлого нь хамааралтай болчихсон, импорт нь ганцхан улсаас хамааралтай ийм улс учраас өрийн хавх, валютын ханшийн дарамт улсын эдийн засаг, хөгжилд үнэхээр хүндхэн нөлөөлж байна. Нөхцөл байдал ийм хүнд байхад асуудлыг шийдэх төр засгийн бодлого гэж үнэхээр алга. Угтаа төрийн бодлого гэдэг бол нэг ам.долларыг гурван ам.доллар болгох зарчимд тулгуурлах ёстой. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, экспортоо дэмждэг ийм байх ёстой юм. Гэтэл бид өнөөдөр буруу замаар товчилсноос болоод эдийн засгийн байдал хүндэвтэр үеэс маш хүнд үе рүү гулсаад орчихлоо. -Эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд үе рүү орлоо гэж байна. Энэ хүнд үеэс гарах боломж байгаа гэж харж байна уу. Бид цаашид эдийн засгаа яаж сэргээх ёстой юм бэ. Боломж бий юү?
-Мэргэжлийн эдийн засагч хүний хувьд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайжрах чиглэл рүүгээ явж байна гэж үнэхээр харагдахгүй байна. Төгрөгийн ханшаа нэмэгдүүлэх, чангаруулах, валютын урсгалыг багасгах талын ажил хийгдэж байна уу гэхээр тийм зүйл алга. Импортын хэмжээг буулгах боломж, үнийн өсөлтийг барих зэрэг эдийн засагт эергээр нөлөөлөх ажлуудыг хийж байгаа нь үнэхээр харагдахгүй байна. Эдгээр хүндрэлтэй зүйлээс илүү Монгол Улсын гадаад өрийн нөхцөл байдал үнэхээр аюултай түвшинд хүрлээ. Саяхан Шри Ланка улс дефолт зарлачихсаныг бид хараад л сууна. Тэр улсын нөхцөл байдлаас илүү хүндхэн асуудал бидний өмнө байна. Монгол Улсын гадаад өр 33.9 тэрбум ам.долларт хүрлээ. Гадаад өр яагаад аюулын харанга дэгдээж байна вэ гэхээр Засгийн газрын өр 80 хувиас давчихсан байна. Угтаа олон улсын зөвшөөрөгдөх дээд хэмжээ бол 40 хувь л байдаг. Гэтэл манай улс зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хоёр дахин илүү гадаад өртэй болчихоод байгаа нь Үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Нөгөөтэйгүүр гадаад өр аюулын харанга дэгдээж байгаа нь асуудал биш боллоо. Хамгийн гол асуудал нь Монгол Улсад гадаад өрөө төлөх чадамж, потенциал байна уу гэхээр байхгүй нь асуудал болж байна. Үндэсний үйлдвэр, импортыг орлох үйлдвэр, экспортыг нэмэгдүүлсэн үйлдвэр гэж Монгол Улсад алга. Тиймээс гадаад өрөө төлөх боломжгүй гэж харагдаж байна. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 250 хувь, экспортынхоо орлогын 400 хувьтай тэнцэх хэмжээний гадаад өртэй байна гэдэг бол үнэхээр асуудал бидний төсөөлснөөс хол илүү хэтэрчихээд байгаа юм. Гадаад өр яагаад ийм хэмжээнд хүрчихэв. Ерөөсөө бид өрөө өөрсдөө төлөх гэхээс илүү өрийг өрөөр төлж явж ирсний гор одоо ирж байна.
-Яг ямар өрийг өрөөр төлж ирсэн юм бэ?
-Тухайлбал, Хөгжлийн банкны бондыг анх 2012 онд авсан. Уг банкны нөлөөллөөр улсын эдийн засаг сэргэж, дотоодын үйлдвэрлэл бий болж, импортыг орлох, экспортыг дэмжих томоохон үйл ажиллагаа боллоо гэж зарлаж байсан. Гэвч өнөөдөр зорьсон зорилгоосоо эсрэг зүгт явж ирснийг бид нийтээрээ хараад сууж байна шүү дээ. Чингис бондыг төлөх хугацаа болоход Гэрэгээ бондыг авсан.
Хөгжлийн банкны бондоо төлөхийн тулд Хуралдай бондыг авсан. Улмаар Самура бонд гэх мэт ар араас нь бондууд авч, өрөө нэмэгдүүлсэн. Энэ мэт гадаад өрөө төлөхөд анхаарах биш, өрийг өрөөр дарах буюу өнөөдрийн асуудлыг маргааш болгож хойшлуулах зүйлийг л хийж ирсэн. Үүнээс болоод өнөөдөр гадаад өр таазнаасаа хэтрээд бидний барих боломжгүй орон зай руу орчихсон байна. Өнөөдөр манай улсын нэг хүнд ногдох гадаад өр 10 мянган ам.долларт хүрлээ. Гэтэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өнөөдөр дөрвөн мянган ам.доллар атлаа гадаад өр нь 10 мянга хүрчихсэн гэхээр үнэхээр Үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн асуудал болоод байна.
-Та түрүүн хэлсэн. Ганцхан уул уурхайн салбараас орлогоо бүрдүүлж байна гэж. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсчихөөд байхад ч бид хүссэн хэмжээндээ ашиг олж чадахгүй байна шүү дээ?
-Бидний ганц олж байгаа орлого бол уул уурхайн бүтээгдэхүүнээс л орж ирж байгаа. Энэ салбарын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд тааламжтай байлаа гэхэд бидэнд хоёр асуудал үүсдэг. Нэгдүгээрт, Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн ханшаар борлуулж чаддаггүй. Бид өнөөдөр нүүрс, зэс, алт зэрэг голлох бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн ханшаас хэд дахин доогуур үнээр зарж байна. Бид эдгээр бүтээгдэхүүнээ гадагшаа хэмжээний хувьд яаж нэмэгдүүлж гаргах вэ гэдэгтээ анхаардаг. Угтаа яаж дэлхийн зах зээлийн ханшаар борлуулах вэ гэдэгтээ анхаарах ёстой юм. Хоёрдугаарт, хил, гаалийн гацаанаас болж бид хүссэн хэмжээндээ уул уурхайн бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах боломжгүй болчихоод байна.
Ирэх жилийн хувьд уул уурхайн салбараас төсвийн орлогоо биелүүлж чадахгүй. Нөгөөтэйгүүр бид олсон орлогоо зөв зохистой зарцуулж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн судалгаа тооцооллын үндсэн дээр зарлага гаргахгүйгээр улс төрийн өнгө аясаар орлогоо зарцуулаад байна гэсэн үг. Ингэж явахаар улсын эдийн засаг улам бүр л хүнд байдалд орохоос өөр яах билээ.
-Дэлхийн банкнаас хэд хэдэн улс орныг дефолт зарлах магадлалтай болсныг анхааруулж байгаа. Үүн дотор Монгол Улс багтаж байна. Ер нь дефолт зарлана гэдэг эдийн засаг талаасаа ямар сөрөг үр дагавартай юм бэ?
-Аливаа улс орон Дэлхийн банк, олон улсын валютын сан, дэлхийн томоохон санхүүгийн байгууллага, бусад улс орноос авсан зээлээ төлж чадахгүй, боломжгүй байдалд орсон бол дефолт зарладаг. Шри Ланка улс саяхан дефолт зарласан. Энэ улс мөн адил бусад улс орноос авсан зээлээ төлөх боломжгүй болсон учраас ийн дефолт буюу дампуурлаа зарлаж байгаа юм. Тус улсын гадаад өр 40 гаруй тэрбум ам.долларт хүрсэн. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 16 хувьтай тэнцэх хэмжээний өрийг БНХАУ-д тавьсан нь Үндэсний аюулгүй байдалд нь нөлөөлж эхэлсэн. Дэлхийн банкнаас бол ерөнхийдөө 10 гаруй улс орныг хүнд байдалд орсон гэж зарлаад байгаа юм билээ. Үүн дотор манай улс орчихсон явж байгаа. Нөгөөтэйгүүр нэг улсаас хэт их өр, зээл авна гэдэг бол Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал бий болгодог.
-Ер нь дефолт зарласнаар яах вэ?
-Хамгийн түрүүнд улс төр, эдийн засгийн том хүндрэлд ордог. Төсвийн зарлага нь огцом унадаг. Олон улсын байгууллагуудын эдийн засгийн хамтын ажиллагаа бүгд цуцлагддаг. Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад харилцаа зогсдог зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Үүнээс шалтгаалж мэдээж иргэдийн амьжиргаа улам муудаж эхэлнэ. Нийгмийн уур амьсгал таагүй түвшинд хүрнэ. Дотоодын гэмт хэргийн гаралт ихэснэ. Нийгэмд янз бүрийн сөрөг нөлөөлөл бий болно. Улс төрийн болон нийгэм эдийн засгийн гүнзгий хямралд орох үндсэн нөхцөл, орчинг үүсгэдэг аюултай. Цаашлаад улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж эхэлдэг. Хамгийн аюултай нь газар нутгаа алддаг. Валютын урсгал, эдийн засгийн эх үүсвэр болсон боомтуудаа алддаг. Иймэрхүү жишээ олон улсад их бий. Тухайлбал, өнөөдөр Хятад улс хамгийн их гадаад зээл гаргасан орныг тэргүүлж байна.
Хятад улс дэлхийн 150 орчим улс оронд 1.5 их наяд орчим ам.долларын зээлийг гаргасан байна. Тиймээс эдгээр улс орон Хятад улсаас тодорхой хэмжээнд хараат байна гэсэн үг шүү дээ. Манайх ч мөн ялгаагүй. Миний харж байгаагаар 1990-ээс 2018 оны хооронд Монгол Улс Хятадаас 4.2 тэрбум юанийн буцалтгүй тусламж авсан байдаг юм билээ. Үүнээс хойш тус улсаас мөн цар тахал гэж олон сая ам.доллараар хэмжигдэх вакцин, эм тариа, бусад бараа бүтээгдэхүүнийг буцалтгүй тусламжаар авсан. Энэ бүгд нэмэгдээд л явж байгаа. Хятад улс бусад улс оронд зээл олгохдоо хэмжээ, эргэн төлөх хугацаа зэргийг маш хатуу бодлогоор нууцалдаг. Энэ утгаараа яг хичнээн хэмжээний өр төлбөртэй байна, зээлтэй байна гэдэг өөр том асуудал болчихож байгаа юм. Энгийн бодит мэдээллээс харахад манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 21 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг Хятад улсаас авсан. Энэ бол яах аргагүй Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний том аюул, эрсдэл. Саяхан дефолт зарласан Шри Ланка улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 16 хувьд нь хүрсэн зээлээ сулруулахаар арга хэмжээ авсан. Тэгэхээр манайд 21 хувь байгаа нь үнэхээр аюул. Хятад улсын хувьд бусад оронд зээлсэн хөрөнгөө буцааж авч чадахгүй бол оронд нь газар нутгийг нь авдаг жишээ цөөнгүй бий.
Тухайлбал, Хятад улс Казахстан улсаас 1158 хавтгай дөрвөлжин газрыг уул уурхай, ашигт малтмалтай нь авчихсан. Шри Ланкаас сая 15 мянган га газрыг мөн далайн боомтыг нь есөн жилээр түрээслэхээр шийдвэр гарчихсан байна шүү дээ. Зарим улс орон нисэх будлаа өгчих гэх мэт олон жишээ байна.
Манайх ч энэ байдлаар эдийн засгийн эргэлт ихтэй, валютын урсгал өндөр ийм боомтуудаа Хятад улсад алдахад ойрхон ирчихсэн байгаа шүү. Тиймээс энэ бол үнэхээр улс орны хувьд хүсэх зүйл огт биш. Дэлхийн банкнаас ийм анхааруулгатай, сануулгатай явна гэдэг ч тийм таатай үйл явдал биш шүү.
Э.Мөнхтүвшин
Сэтгэгдэл (1)
Иргэн (66.181.191.158)
Тэгээд Шри Ланка, Аргентин гэх дефольт зарласан улсууд газраа алдаагүй л байна.