Адуу малаа хүртэл эрлийз хурлийзаар нь ад үзэх юм
- 2022-06-27
- Нийтлэл
- 1
Манай улсад яг одоо тулгамдаад байгаа хамгийн том асуудал бол эдийн засгийн таагүй байдал. Үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, экспорт зогсонги байдалтай, удахгүй бондуудын өр төлбөр гадаадаас нэхэгдэх айдастай. Эрх баригчид “Яах гэж сонгуульд ялав даа” гэж харамсахаар. Харамсаж ч байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Тэрээр “Заримдаа надад ийм төсөөлөл төрдөг юм. Мөстэй гөлгөр замд машин бариад, хайртай хүмүүсээ суулгаад, нойрмоглохгүйн тулд залуураа чанга атгаж явсаар гар бадайрдаг тийм мэдрэмж байдаг даа. Надад яг тийм мэдрэмж төрж байна. Маш түвэгтэй цаг үе. Хэн нэгэн хүнийг Ерөнхий сайд болоход цаг хугацаагаа сонго гэдэг бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй байсан” хэмээн хэлсэн удаатай. Ийм л хэцүү цаг үеийг ажиллаж байж л давна. Гэтэл огт хэцүү байгаа шинжгүй Ардын хувьсгалын ой, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд л анхаарлаа хандуулж сууна. Хэрхэн баярлах, нутгийнхаа бөхөд цол олгох тухай л ярьцгаах. УИХ-ын гишүүдэд эдийн засгийн асуудал пад алга. Баяр наадам л чухал бололтой.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй хоног хуралдаж завсарлах учиртай. УИХ хуулийн энэхүү болзлоо биелүүлж, наадмаас өмнө хаврын чуулганаа завсарлуулна. Наадмаас өмнө Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлахаар төлөвлөөд байна. Яг үнэндээ энэ бол хэлэлцэж ч болох, хэлэлцэхгүй ч байсан болох үзэмжийн л асуудал. Бас нутаг нугийнхандаа таалагдах гэсэн гишүүдийн попрох л сэдэв. Уг нь чухал асуудал биш гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар ч хэлсэн. Тэрээр “Баяр наадмыг хуульчилдаг улс байхгүй. Дэг журамтай нааддаг болохын тулд арга ядаад хуульчилж байна. Нэгэнт өргөн баригдсан хуулийг нэг тийш нь гаргаж, шийдэх хэрэгтэй” гэсэн юм.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл хэлэлцэж, хаанахын хэн гэдэг бөхөд ямар цол олгох, хурдан мориныхоо сэрвээний өндрийг хэрхэн хэмжихийг яриад сууж байгаа нь хайран цаг хугацаа. Хэлэлцэхгүй ч байсан болох энэ асуудлаар хэрэлдээд суухын оронд хаврын чуулган завсарлахаас өмнө заавал хэлэлцэх хуулийн зохицуулалттай Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслөө хэлэлцдэг ч болоосой. Улс орны төсөв санхүүгийн байдал сайнгүй байгаа үед бид ямар алдаа гаргав, цаашид яах вэ гэдгээ хэлэлцэхийн оронд УИХ-ын гишүүд наадам ярьж, нутаг нугын бөхчүүд, уяачдыг дэмжих асуудалд л анхаарлаа хандуулж байгаа нь харамсалтай. Ядаж сөрөг хүчин нь наадмын хууль бус төсвийн гүйцэтгэл чухал гэдгийг яриад эрх баригчдад хяналт тавьж ажиллах ёстой. Гэвч эрх баригчидтайгаа хамтдаа Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, нутгийн бөхчүүддээ цол олгож өгөхийг гуйгаад сууж байгаа нь гунигтай. Чухал гэж үзээд хэлэлцэж буй Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нь Үндэсний допингийн эсрэг байгууллага бөх, сурын харваачид шинжилгээ хийх, улмаар допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол баяр наадамд оролцох эрхийг хасах, 2025 оны зургадугаар сарын 1 хүртэл цэвэр цусны азаргыг Монгол Улсад импортлохыг хориглох зэрэг заалтууд багтаж байгаа юм. Төсөлд олон зохицуулалт байгаа боловч яг үнэндээ нутгийнхаа бөхчүүдэд цол олгох, хурдан морьдоо эрлийз, монголоор нь ялгах л маргаан хэлэлцэж байна.
Адуу мал, шашин шүтлэг, бөх, нутаг нуга тойрсон монголчуудын хийрхэл үнэндээ л хэрээс хэтэрч байна. Манай улстөрчид энэ хэдэн сэдвээ яриад байнга попрох юм. Адуу мал гишүүдийн хамгийн том попрох сэдэв болчихоод удаж байна л даа.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн жил тухайн үед Шадар сайдаар ажиллаж байсан одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрлийз морь уралдуулахгүй” гээд сүйд болсон. Сонгуулийн дараа
У.Хүрэлсүх шиг үнэнг ярьсан хүн алга гээд тэнгэрт тултал магтаж байв. Бас болоогүй “Энэ толгой мөрөн дээр байгаа цагт адуугаа хилээр гаргахгүй” гэж хэлж байсан нь түүний Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлсөн ч байж мэдэх.
Манай улс гурван сая адуутай. Адуу бол хамгийн таваарлаг бус мал. Саамыг нь исгэж айраг уухыг эс тооцвол махыг нь иддэг хүн ч ховор. Ер нь бид адуугаа ашиглахаа больсон. Хуучин цагт адуугаар малд явдаг, тэргэнд хөллөдөг байлаа. Бүр эрт цагт адуу нь монголчуудын танк байв. Монголчууд мориор дэлхийг эзэлж явсан нь үүний баталгаа. Гэтэл одоо адуу ямар ч хэрэггүй болсон гэж хэлж болохоор мал болсон. Зарим залуучуудад хөдөө орон нутагт амьдрах хөшүүрэг болж байгаа ганц давуу талтай. Ийм ач холбогдолтой байтал энд хэдэн гишүүд адууг эрлийз хурлийзаар нь яриад сүйд болж байна. Хэл мэдэхгүй адгуусыг ямар байлгах нь бидний л мэдэх хэрэг биш үү. Их хурлаараа хэлэлцэж хэрэлдэх асуудал мөн үү. Өнөөдөр Монголд уяач биш гишүүн ч гэж алга. Ялангуяа улсын баяр наадмын үеэр эрлийз адуугүй л бол монголчуудын бүх зүйл болоод явчих мэтээр сенсацилдаг.
Адуу мал, бөх, овоо тахих, шашин шүтлэг гээд хэдэн хуучны муйхар сүсгээр монголчуудыг сэтгэх чадваргүй болгоод байна. Ард иргэдийг шинжлэх ухаан ч бус мухар сүсэгт гүн итгэгчид болгоод байх нь асар хортой. Бид шинжлэх ухаанаа хөгжүүлж, шинжлэх ухаанч хүмүүсийг бий болгоход анхаармаар, яримаар байна. Монголчууд энэ хийрхлээсээ салмаар байна аа. Үнэхээр л адуу мал яримаар байгаа бол үүлдэр угсааг нь сайжруулж, ашиг шимийг нь нэмэгдүүлж өндөр ашиг олох тухай ярь л даа. Одоо цагт адуу мал, адгуус амьтан ярьж хийрхэх цаг яав ч биш.
Эдийн засагч Д.Ангар “Монгол Улсын эдийн засаг амаргүй болж байна. Ийм үед УИХ-ын гишүүд илүү толгойгоо гашилгаж, ухаанаа уралдуулж явах ёстой. Гэтэл Баяр наадмын хууль гээд хэлэлцээд “Тэр аймгийн тэр бөхөд тийм цол өгчихмөөр байна” гээд жижигхэн, жалга довны асуудал яриад хэрэлдээд суух юм. Парламент нь морины сэрвээний өндөр хэлэлцээд, хэрэлдээд явах нь зөв үү, буруу юу. Парламент асуудлаа эрэмбэлж чадахгүй байна” гэсэн юм. Түүний хэлж байгаа үнэн. УИХ-ын гишүүн гэдэг бол уйдсан хүмүүсийн хийдэг ажил биш, улсаа гэсэн сэтгэлтэй хүмүүсийн хийх ажил. Тэгээд ч гишүүдийн хийрхсэндээ хэлсэн ярьсан, хийсэн зүйл нь үхтэл нь мэдэгдэхгүй гэж боддог цаг аль хэзээний өнгөрсөн. Хэн хаана, хэзээ юу ярьж хэлж байгаа чинь түүх болоод гарч ирж байна. Хэт их хийрхэл түүхэнд өөрсдийг нь хараар үлдээх нь байна шүү.
Б.Номин-Эрдэнэ
Сэтгэгдэл (1)
Иргэн (66.181.181.192)
Ам бардам, гуя шалдан монголчууд нь хятадаас хараат юм.