Завьт эргүүлийн багийн нэг өдөр
- 2022-06-27
- Үнэн
- 0
Хүмүүс бүгд л нар ээж, бороо хур асгарч, байгаль дэлхий цэцэглэсэн зуны улиралд дуртай. Ялангуяа манайхан зуны амралтыг, тэр тусмаа Улсын баяр наадмын хэд хоног үргэлжилсэн амралтыг хаана, хэрхэн амарч өнгөрөөх тухайгаа аль эрт төлөвлөсөн байх нь элбэг. Ингээд товлосон цаг ирмэгц машиндаа майхан сав, хоол хүнс, хөнжил гудсаа хийж аваад, гэр бүл найз нөхдөө суулган хөдөө, орон нутгийг зорьцгоодог. Дотоодын аялал жуулчлал төдийлөн хөгжөөгүй учраас манайхан орон нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн боссон үнэтэй хэдэн гэр, кэмпийг бараадаж байхаар өөрсдийн зардлаар хэд хоног аялаад ёстой л зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахыг илүүд үзэцгээдэг. Харин нийслэлээс гарч амжаагүй нь зуны өдрүүдийг Туул голын эрэг бараадан өнгөрөөх нь элбэг. Гэхдээ гол, мөрний эрэг бараадан амарч буй иргэд халуун нарнаас зайлсхийж, усанд орж сэрүүцэх гэж байгаад болгоомж, сэрэмж алдан осолдох тохиолдол сүүлийн жилүүдэд цөөнгүй гарах болсон. Жил жилийн зун Онцгой байдлын албаныхан “ГОЛ МӨРНИЙ УС, ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖИЛ” хэмээн мянгантаа сануулдаг ч иргэдийн зарим нь энэ сэрэмжлүүлгийг үл тоодог, тоосон ч мартах нь бас цөөнгүй. Амралт, аялал зугаалгын улиралд голын усанд хүн осолдох тохиолдол гардаг учраас Онцгой байдлын албаныхан зуны улиралд Туул, Тэрэлж, Хэрлэн голын эргээр завьт эргүүл ажиллуулдаг болоод хэдэн жилийн нүүр үзэж байгаа. Баримт дурдахад сүүлийн таван жилийн хугацаанд завьт эргүүл 330 орчим хүний амь насыг авран хамгаалжээ.
Энэ жил ч Онцгой байдлын албаныхан иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн голын дагуу завьт эргүүл ажиллуулж эхэллээ. Энэ арга хэмжээ Нийслэлийн Засаг Даргын 2022 оны А/778 дугаар захирамжийн дагуу хэрэгжиж байгаа бөгөөд Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Завьт эргүүл энэ зун Улаанбаатарын районд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойгоос Маршалын гүүр, Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр, Маршалын гүүрнээс Яармагийн гүүр, Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр болон Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Тэрэлжийн гармаас Майхан Уул гэсэн маршрутын дагуу эргүүл хийж, иргэдийн аюулгүй байдлын манаанд гарч байгаа аж. Голын усны ослоос урьдчилан сэргийлэх, аврах, эрэн хайх үндсэн үүрэгтэй “Завьт эргүүл” арга хэмжээ энэ онд 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.
Энэ удаад бид Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойгоос Маршалын гүүрний дагуу ажиллаж байгаа Нийслэлийн онцгой байдлын газрын аврах ангийн аврагчдын ажлын нэг өдрийг сурвалжиллаа.
Тэдний ажил 10:00 цагаас эхэлдэг аж. Зуны нар шарж, хөрсөн дээр +27 градусс халсан аагим халуун өдөр иргэд хэдэн арваараа Туул голыг явган бол явганаар, машинтай бол машинтай зорин ирэх аж. Сурвалжилгыг хэдийгээр ажлын өдөр хийсэн ч Туул голыг зорьсон хүмүүсийн цуваа тасарсангүй.
Дэвсэх гудас, идэх хоолоо барьсаар гол руу ирж яваа оюутан залуус, дунд сургуулийн хүүхдүүд олон байхад хөгжмөө чанга дээр нь тавьсан том, жижиг машинтай иргэд голын эрэгт бууж хэрэглээний эд зүйлээ дэлгэх юм. Туулын эрэгт биднийг “Онцгой байдлын алба” гэсэн бичээс, таних тэмдэг бүхий машинтай аврагчид угтлаа. Гэр бүлээрээ машинтайгаа ирж, голын эргээр хүүхдүүдээ тоглуулж байгаа иргэдийн дуу чимээ, шуугиан их. Хүүхдүүд инээлдэж, голын эргээр нүцгэн гүйлдэх аж.
Тэдэнтэй хамт Цагдаагийн алба хаагчид ажиллаж, голын эрэгт ирж буй иргэдэд үер, усны аюулаас болгоомжлох, сэрэмжлүүлгийг тарааж байв. Бид энд үүрэг гүйцэтгэж буй Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн аврагч, ахлах ахлагч Н.Оюунбаатартай уулзлаа.
Н.Оюунбаатар: -Манай Завьт эргүүлийн групп хоёр завь, 14 алба хаагчтай үүрэг гүйцэтгэж байна. Би завьт эргүүлийн албанд 11 дэх жилдээ ажиллаж байгаа. Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан амралтын өдрүүдэд Туул, Тэрэлж, Хэрлэн голын эрэг дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн ихсэж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд анхаарал болгоомжгүйн улмаас усанд осолдох тохиолдол гардаг болохоор зуны улиралд завьт эргүүлийн баг ажиллаад олон жил болж байна.
Голын эрэгт амрахаар ирж байгаа иргэдэд хандаж “Амарч зугаалахдаа аюулгүй байдалдаа анхаарч, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу хараа хяналтгүй явуулж, тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх”-ыг онцгойлон анхааруулах хэрэгтэй байна хэмээв.
Мөн тэрбээр “Бид “Хар усан тохой“-гоос Маршалын гүүр хүртэл бүтэн өдрийн турш завиар эргүүл хийдэг. Маршалын гүүрнээс цааш Сонсголонгийн гүүр хүртэл бас нэг бүлэг яваа. Завьт эргүүл Туул голын ойр орчимд гэмт хэрэг гарах явдлыг зогсоох, ард иргэдийн амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэдэг. Манай алба хаагчид Нийслэлийн онцгой байдлын газар болон Нийслэлийн цагдаагийн газрын хамтарсан даргын тушаалаар үүрэг гүйцэтгэж байна. Бид Онцгой байдлын чиглэлээр ард иргэдийг усанд осолдохоос урьдчилан сэргийлж, санамж сэрэмжлүүлэг тарааж яриа, таниулга хийж ажилладаг. Энэ жил өмнөх жилүүдийг бодвол архидан согтуурах үзэгдэл харьцангуй гайгүй болсон. Ард иргэд ч соёлтой амарч чаддаг болчихсон нь илт харагдаж байгаа. Ер нь хүмүүсийн ухамсраас болдог. Зөрчил гаргасан иргэд зарим тохиолдолд “Онцгой байдлынхан, цагдаагийнхан ард иргэдийг торгох гэж явна” гэх мэт өөрсдийгөө өмөөрөх хандлага гаргадаг. Гэвч тийм биш, энэ албаныхан иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө санаа тавьж, харуул манаа, эргүүл хийж яваа гэдгийг иргэд маань зөв ойлгох хэрэгтэй хэмээн ярьж байна.
Бид ийн ярилцаад явж байтал нэгэн иргэн голын усанд машинаа угаах гэж байгаатай таарав. Алба хаагчид анхааруулга өгч, үйлдлийг тэр дор нь зогсоож байхад хүүхдээ дагуулан голын эрэгт ирсэн иргэд албаны сэрэмжлүүлэг мэдээллийг хүлээн авч хүүхдүүдээ “Битгий хол яваарай, гол усанд хамаагүй орж болохгүй, аюултай шүү” гэсэн захиас хэлж байхтай ч тааралдлаа.
Үер уснаас хүний амь аварна гэдэг тийм ч амар ажил биш. Төсвөөс шалтгаалан орон тоогоо нэмж хүчирдэггүй Онцгой байдлынхан хэдэн аврагчаа гал сөнөөгч гэх мэтээр төрөлжүүлэн бэлтгэдэг учраас завьт эргүүлийн багт ажиллах аврагч ховор байж магадгүй. Юутай ч ахлах ахлагч Н.Оюунбаатарын завьт эргүүл энэ зун хоёр шинэ аврагчийг бэлтгэх “тусгай даалгавар” авчээ. Тэдний нэг нь Н.Оюунбаатартай хамт нэг завинд сууж, голын эргээр амарч, зугаалахаар ирсэн иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ түгээгээд явж байв.
Биднийг Туулын эргийн дагуу хяналт хийн, ярилцаад явж байтал Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Сонсголонгийн гүүр болон Нисэхийн эцсийн Хадан хясаа орчимд голын усанд хүн осолдсон дуудлага ирж, бидний яриа өндөрлөсөн юм. Аврагчид “Онцгой байдлын алба” гэсэн хаягтай машиныхаа тэвшинд аврах завиа баглан шуурхайлан хөдөллөө.
Сонсголонгийн гүүрний баруун талд Туул голд эрэгтэй хүний цогцос хөвж явсан тухай мэдээллийг иргэд 14:00 цагт Онцгой байдлын албанд өгсөн байжээ. Аврах ангийн завьт эргүүлийн баг 14:10 цагт Баянзүрхийн гүүрнээс гарч 25 км замыг туулан 15:00 цагт хэргийн газар очсон бөгөөд эргүүлийнхэн Баянзүрх дүүргийн харьяат 26 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд Туул голын усанд осолдсон байхыг олжээ. Аврагчид тухайн иргэний цогцсыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгөөд ажлаа үргэлжүүллээ. Тухайн өдөр завьт эргүүлийн хоёр бүлэг Туул голын эргээр 95 км газар эргүүл хийж, нэг дуудлага хүлээн авсан байна.
Г.НЯМСҮРЭН
Гэрэл зургийг Ж.Гэрэлчулуун
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Сэтгэгдэл (0)