Цуглуулсан мэдээлэл, нотлох баримтууд Украины сэтгүүлчийн амийг хөнөөснийг илтгэж байна

Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллага Украины гэрэл зургийн сэтгүүлч Макс Левиний үхлийн хэргийг шалгахаар 5 дугаар сарын 24-нөөс 6 дугаар сарын 3-ны хооронд Украинд ажилласныхаа дараа тайлан нийтэлж байна. Тус тайланд Оросын цэргүүд Левин болон түүний найз, бие хамгаалагчийг 3 дугаар сарын 13-нд Киевийн ойролцоох ойд байцаан, тэр бүү хэл эрүүдэн шүүсэн байж болзошгүй явдлын дараа амийг нь хөнөөсөн хэргийн талаарх мэдээлэл, нотлох баримтыг өгүүлнэ.

Оросууд Украины нийслэлийг булаан эзлэхийг оролдох үеэр гуравдугаар сарын эхээр нүсэр бөмбөгдөлтөд өртсөн Киевээс хойш 20 километрийн зайд орших Мощун тосгонд хиншүү ханхлана. Байшингуудын тэн хагас нь нуран сүйрч, хуягт тээврийн хэрэгслийн хаягдал газраар дүүрэн хөглөрсөн хэвээр. Довтолгооны үеэр тосгонд үлдсэн цөөн хэдэн оршин суугчдын авсан гэмтэл бэртэл бүрэн эдгээгүй л байна. Дөрөвдүгээр сарын 1-нд Левин болон түүний найз, цэрэг Алексей Чернышовын цогцсыг тосгоны ойролцоох ойгоос олов. Хоёр залуугийн амь насыг 3 дугаар сарын 13-нд хороожээ.

Хил хязгааргүй сурвалжлагчид нотлох баримт цуглуулж, хэргийн сэжүүр илрүүлэхээр 5 дугаар сарын 24-нөөс 6 дугаар сарын 3-ны хооронд хоёр эрэн сурвалжлагчийг илгээсэн юм. Үүнд RSF-ийн эрэн сурвалжлах албаны дарга Арно Фрогэ, хоёрдугаар сарын сүүлээр Донбасст Левинтэй хамт ажиллаж байсан дайны гэрэл зургийн сурвалжлагч Патрик Шовел нар багтжээ. Тэд Левин, Чернышов нарыг хэрцгийгээр хөнөөсөн хэмээн дүгнэсэн юм. Оросын цэргийн хүчний эсрэг нотлох баримтууд асар их байна. Энэ тухай өнөөдөр (6 дугаар сарын 21) нийтлэгдсэн “Украины сэтгүүлч Макс Левиний амийг хөнөөсөн хэрэг: Оросын цэргүүд хороосон талаарх баримт” хэмээх гарчигтай тайланд дэлгэрэнгүй өгүүлжээ. RSF-ийн эрэн сурвалжлагчид тэдний цуглуулсан мэдээлэл болоод нотлох баримтууд дээр үндэслэн болсон явдлыг сэргээн тогтоож чадсан юм.

Дөчин настай Левин нь туршлагатай чөлөөт сэтгүүлч байсан бөгөөд LB.ua хэмээх Украины нэр хүндтэй мэдээллийн сайт болон Reuters мэдээллийн агентлагтай байнга хамтран ажиллаж байв. Хоёрдугаар 24-нд Орос улс Украин руу довтолж эхлэхэд тэрбээр 2014 онд Донбасс дахь мөргөлдөөнийг сурвалжилж байх явцдаа танилцсан хэсэг цэргүүдтэй холбогдсон байна. Энэхүү дайнд оролцож байгаа, мөн юуны түрүүнд үүнд өртөж буй хүмүүст аль болох ойртон, дайныг сурвалжлахыг тэр хүсэж байсан.

“Украины цэргүүд Оросын түрэмгийлэгчдэд эсэргүүцэл үзүүлж байсан фронтын шугамын дагуух нүх сүвээр дүүрэн замаар тэрбээр асар хурдтай давхидаг байв" хэмээн Шовел дурсаад "Дайны анхны золиос болсон үнэнийг эрэлхийлэхээр тэр яарч байсан" гэлээ.

Гуравдугаар сарын 10-нд Левин Оросын цэргийн довтолгооны бичлэг хийх гэж байгаад Мощуны ойролцоох ойд дроноо алджээ. Гурав хоногийн дараа түүнийг ойд хүрч ирэхэд Оросууд тэр газр зарим хэсгийг аль хэдийн эзэлсэн байна. Тухайн нутаг дэвсгэр аюултай байсан хэдий ч Левин хамгийн сүүлд авсан дүрс маш чухал гэдэгт итгэлтэй байсан тул ямар ч үнээр хамаагүй дроноо олохоор шийдсэн ч бүтэлгүйтсэн.

RSF-ийн төлөөлөл 5 дугаар сарын 24-нд эрэн сурвалжилгаа эхлүүлэхээр Украинд хүрэлцэн ирэхэд Оросын зүгээс хэдэн долоо хоногийн турш тус бүс нутгаас цэргүүдээ татсан байв. Тэгсэн ч энэ нутаг дэвсгэр аюултай хэвээр байв. Оросууд урхи болон тэсрэх бөмбөг тавиад явсан аж.

Аюулгүй байдлын хүчнийхнийг дагалдан явсан RSF-ийнхэн гэмт хэрэг болсон газрын байршлыг тогтоож чадсан. Левиний шатсан Форд Маверик маркийн суудлын тэрэг тэнд байсаар байв. RSF хэргийн газраас хэд хэдэн сум, Левинтэй хамт байсан цэрэг Чернышовын бичиг баримт зэргийг олсон байна. Суудлын тэргийг 14 сум оносныг тогтоожээ. Левин, Чернышов нарын амь үрэгдсэн газрын ойролцоо орос цэргүүд байсныг гэрчлэх ДНХ-ийн ул мөр бүхий хэд хэдэн эд баримтыг RSF мөн илрүүлсэн ба заримыг нь авч явсан. RSF хайлтаа дуусгах гэж байхдаа Левинийг оносон сумыг метал илрүүлэгчээр олж тогтоосон.  

RSF-ийн тайлангийн урьдчилсан дүгнэлтэд эрэн сурвалжлах явцад олж авсан мэдээлэл, гэрэл зураг, мэдүүлэг, нотлох баримтуудыг тодорхойлон өгүүлсэн. Энэ үед тус байгууллагын зүгээс олгоор хуримтлагдсан бүх асуултад хариулт өгч чадахгүй ч дээрх эд баримтууд дээр үндэслэн хоёр таамаглал гаргасан. Тайланд дэлгэрэнгүй өгүүлсэнчлэн эдгээр хоёр хувилбар нь болсон явдлын дарааллыг сэргээх, чухам юу болсныг тогтоох боломжит хувилбаруудыг дэвшүүлж байна. Эдгээр нь хэзээ нэгэн цагт хоёр хүний амь хороосон хэрэгтнүүдийг олж тогтооход туслана хэмээн бид найдаж байна.

RSF-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар "Хэргийн газрын гэрэл зургууд, газар дээр хийсэн ажиглалт,сэргээн тогтоосон эд мөрийн баримтуудаас харахад тэднийг байцааж, тэр бүү хэл эрүүдэн шүүсэн байж болзошгүй үйлдлийн дараа алсан гэдэг нь тодорхой байна. Суртал ухуулга, Кремлийн цагдан хяналт бүрхсэн дайны нөхцөл байдалд Макс Левин болоод түүний найз үнэн бодит мэдээлэл олж авахаар тэмцсэнийхээ төлөө амиа өгсөн. Бид тэдэнд өртэй бөгөөд тэдний амийг хороосон этгээдүүдийг олж тогтоохын төлөө зүтгэх болно” хэмээн мэдэгдсэн.

Тус тайлангийн хамтран зохиогч Шовел: " Макс эрсдэлийг үл харгалзан дроноо сэргээн засаж, дүрс бүхий нотлох баримтыг нөхөн сэргээхээр ой руу явсан. Оросын цэргүүд түүний амийг хороосон нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг юм. Бодит үнэн нуухгүй бөгөөд RSF-ийн эрэн сурвалжилга Макс таны үнэт зүйлсийн төлөө үйлчлэх болно гэдгийг амлаж байна."

RSF-ийг Украинд байх хугацаанд Ерөнхий прокурорын орлогч, хэвлэл мэдээллийн эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга, Киев хотын прокурорын газрын дарга нар хүлээн авч уулзав. Эдгээр уулзалтын үр дүнд RSF-ийн Арно Фроге Левинийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах Украины талд албан ёсоор гэрчийн мэдүүлэг өгсөн. Украины Аюулгүй байдлын албаны гишүүдийн явуулсан энэ ярилцлага 6 дугаар сарын 1-нд Киевт болсон. Энэ үеэр RSF хэргийн газраас цуглуулсан есөн нотлох баримт, Патрик Шовелийн авсан хэргийн газрын хэдэн арван зургийг хуулсан USB флаш дискийн хамт хүлээлгэн өгсөн.

Макс Левин Украинд дайн эхэлснээс хойш ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан найман сэтгүүлчийн нэг юм. Хэвлэл мэдээллийнхнээс хамгийн сүүлд буюу 5 дугаар сарын 30-нд Францын BFM телевизийн мэдээллийн сувагт ажилладаг Францын видео сурвалжлагч Фредерик Леклер-Имхоф Оросын цэргүүдийн бууны сумны хэлтэрхийд оногдон амиа алдсан юм.

Гэрэл зураг, түүхий дүрс буюу ярилцлага авахаар бол RSF-тэй холбоо барина уу: Pauline Adès-Mével : 07 82 37 23 12 / padesmevel@rsf.org

https://rsf.org/en/exclusive-rsf-investigation-death-maks-levin-information-and-evidence-collected-indicates

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)