Монголын хойд нутгийг Орост алдсан нь

Түүх, архиваас монголынхоо тухай судалж үзэхэд өмнө нь нууцалж байсан шинэ баримтууд илэрсээр байна. Заримыг нь өгүүлсүгэй. 

1686 он. Санкт Петрбург хот. Орос орны залуу хаан Петр газар нутгаа тэлэх бодлого явуулж өрнө зүгт Швед, өмнө зүгт Турктэй байлдаж газар нутгийг нь булаан авч байв. Тэр бээр дорно дахиныг ч байлдан дагуулахаар зэхэж байлаа. Тэр жилОросын Эзэнт улсын дипломатч, генерал- адмирал Федор Головин гэгч Петр хааны даалгавраар 3 хороо орос цэрэг авч Манж Чин улс хийгээд Монголын газар нутгаас тасдан авах зорилгоор Сибирь рүү хөдөлжээ. Тэд явсаар Байгаль орчмын нутагт түрэмгийлэн орж ирэв. Федор Головин бол Петр хаантай хамт олон удаа дайнд орсон,Петрхааны дотны шадар нөхөр, оросын цэргийн усан флотыг үүсгэн байгуулсан, оросын туршлагатай төрийн зүтгэлтэн байлаа.Тэр бээр монголын газар нутгийг эзэлж авахдаа Халх Монголтой байнга зөрчилддөг Ойрдын Галдан бошигтыг өөрийн зорилгодоо ашиглахаар шийдсэн аж.Ф.Головин Байгал руу явах замдаа Ойрдын Галдан бошигттой уулзаж Халх Монголын эсрэг нууц гэрээ байгуулсан гэдэг мэдээ ч байдаг. Халх монголын эсрэг байлдахад Галданд цэрэг, зэр зэвсэг их хэрэгтэй байлаа.1688 онд Ф.Головин өөрийн 3 хороо орос цэрэг болон Сибирийн олон зуун казак цэргийн хамт Байгаль нутаг орчмын нутгийг түрэмгийлж эхлэв.

Тэр үед Буриадын Байгал орчмын нутагт цөмрөн орсон орос казакын цэргүүдийг Түшээт ханы цэргүүд тогтоон барьж байлаа.Гэвч тэр үед Ойрдын Галдан олон мянган ойрд цэргээр Халх Монгол руу итгэлийг эвдэн гэнэт довтолсон тул Түшээт ханы цэргүүд яаран нутаг буцжээ. Энэ байдлыг ашиглан Ф.Головин Буриадын Дээд Үдэд/ одооны Улаан Үд / монголын эсрэг цэргийн бэхлэлт хэрэм байгуулж Өвөр Байгалийн газар нутгийг эзлэв.1688 онд Ойрдын Галдан бошигт 30 000 цэргээ дагуулж Түшээт ханы нутагт цөмрөн орж иржээ. Далай лам багшийн элчирж Ойрдын Галдан болон Халхын Түшээт ханд дайнаа зогсоож хоорондоо эвлэрэхийг монголчуудад санал болгожээ. Түшээт хан хойш ухарч нэгэн нуурын дэргэд цэргээ буудаллуулж найрамдлын гэрээ байгуулахаар Галданг хүлээж байв. Гэтэл Галдан найрамдах биш, гэнэт бүслэн дайрч Түшээт ханы 20 000 халх цэргийг бүгдийг нь хядаж хөнөөжээ. Ялалтандаа эрэмшсэн Галдан цааш Халх нутгийн гүн рүү давшиж Түшээт хан,Сэцэн ханы нутагт цөмрөн оржТүшээт хан, Өндөр гэгээнийг хөнөөхийг завдаж тэднийг албатуудынх нь хамт Манжийн Долнуур хүртэл шахаж хөөжээ. Галданд монголын их хаанаар алтан ургийн удмыг сонгодог ёс үл таалагдаж, тэр өөрөө Монголын эзэн хаан болохыг санаархаж байв. Зургааханнаснаасаа эхлэн Түвдийн Лхас хотноо хорин жил Далай лам багшийн шавь болж, Бурханы энэрэл нигүүлслийн ариун сургаал заалгаж байсан Галдан ийнхүү төрөл арилжиж монгол үндэстнээ хөнөөдөг үхлийн хар мангас болж хувирсан байлаа. 

Оросууд Галданд ялагдсан Халх Монголын хүч суларсныг ашиглаж 1689 онд Нерчийн гэрээг манж нартай байгуулж Аргун, Шилк, Амар мөрний орчим нутаг, одооны Горбиц гол, Становын нурууны орчим бүх нутгийг Түшээт хан,Сэцэн ханы нутгаас булаан авчээ. Дахин 1727 онд Орос улс Манж Чин улстай гэрээ байгуулж монголын газар нутаг болох Өвөр байгаль, Байгаль орчмын бүх нутгийг булаан авчээ. Дараагийн жилүүдэд оросууд 1858 оын Айгуны гэрээ, 1860 оны Бээжингийн гэрээ, 1915 оны Хиагтын гэрээгээр манж нартай тохиролцож монголын хойд нутгийг бүрмөсөн салган авчээ. Монголын Түшээт ханы нутаг, Засагт ханы нутаг, Сэцэн ханы нутаг ийнхүү их хэмжээгээр Орос улсад алдагджээ.

Ийнхүү монголын баруун хойд нутаг алтайгаас эхлэн зүүн зүгт Байгаль далай хүртэлхи үлэмж их монгол нутгийг Оросын дипломатч, генерал- адмирал Федор Головин элдэв зальт арга, цэргийн хүч хэрэглэж, Ойрдын Галдан бошигтыг монголын эсрэг турхирч, манж нартай давхар тохиролцож түрэмгийлэн булааж авчээ. 700 гаруй алтны ордтой, Байгаль далай орчмын монголын үзэсгэлэнт нутаг ингэж Оросын мэдэлд орсон юм.

Урианхайн хязгаар буюу Туваг оросууд 1870 оноос эхлэн өөрийн харьяат болгохыг санаархаж тэнд арав гаруй алтны уурхай нээж тосгон байгуулж орос тариачид Тувагийн бэлчээрийг булаан авч байлаа.Энэ нутгийг 1913 онд Хатанбаатар Магсаржав монгол цэргээ дагуулан очиж манжаас чөлөөлсөн юм.Гэвч Тувагийн хошуу ноён Буянбадрах мэтийн оросын талыг баримтлагч харалган хүмүүсмонголын эсрэг ажиллагаа явуулсаар байв. Буянбадрах 1913 онд Оросын цагаан хаанд “Урианхайг Орост нэгтгэж аваач” хэмээн өргөх бичиг өгч байв. Урианхайн ноёдууд Туваг монголын бүрэлдэхүүнд байлгана, оросын бүрэлдэхүүнд оруулна, тусгаар тогносон улс болно гэсэн үзэл бүхий гурван бүлэглэлд хуваагдсан байлаа. Гэвч Урианхайн урвагч ноёдоросыг дагах болсон байна.Тувагийн удирдагч коммунист Салчаг Того Туваг Монголоос салгах бодлогыг хатуу баримталсаар 1944 онд Туваг Зөвлөлт Орос улсын харьяат болголоо.Үүний төлөө С.Того оросуудаас Лениний одонгоор 7 удаа шагнагджээ. Гэвч Зөвлөлт улс монголын Урианхай буюу Туваг 1944 онд булааж аваад цадсангүй. 

1957 он. Энэ онд БНМАУ-д Зөвлөлт Холбоот Улсын Элчин сайдаар В.Молотов томилогдон Улаанбаатар хотод ирэв.Вячеслав Молотов гэгч хэн бэ? Молотов бол Сталины баруун гар байсан харгис большевик юм. Зөвлөлтөд 1937 онд цуст яргалал зохион байгуулсан гол хүний нэг. Сталины цохолттой 10 жилийн ял оноох хүмүүсийг цаазаар авах ял болгон өөөрчилж олон зуун мянганхүнийг хөнөөсөн хүн бол Молотов юм. Тэр бээр Зөвлөлтийн Гадаад Явдлын сайд байхдаа 1939 онд нацист Германтай 1939 онд хэлэлцээр хийж Польшийн газар нутгийн зүүн хэсгийг булаан авч Зөвлөлтөд нэгтгэсэн, 1940 онд Балтийн орон Латви, Литва, ЭстонийгЗөвлөлтөд хүчээр нэгтгэсэн, Финляндын газар нутгийг тасдан авахаар улайрч Финляндын эсрэг дайн өдөөж, финляндын нийслэл Хельсинк хотыг агаараас бөмбөгдөх ажлыг зохион байгуулсан дайны хэнээтэн байлаа. Тэр бээр финляндын хотуудыг бөмбөгдсөнийгөө “бид бөмбөгдөх биш, талхтай сагс хаяж өгсөн юм” хэмээн тохуурхан мэдэгдэж байв. Молотовын өдөөсөн дайны балгаар Финлянд улс газар нутгийхаа 11.0 хувийг Зөвлөлт улсад булаалгажээ. Ийм л их гүрний дээрэнгүй үзэлтэн харгис большевик Монголд элчин сайдаар ирээд байлаа.

Тэр үед коммунист дарангуйлал дор зөвлөлтийн колони байсан монголын ард түмэн энэ хүний талаар юугаа ч мэдэхэв дээ. Агуу зөвлөлт гүрний ачит элчин сайд ирлээ хэмээн магтаж байсан биз.1957 онд Молотов Хрущевын эсрэг бүлгийг толгойлж хуйвалдаан зохион байгуулсан боловч бүтэлгүйтэж түүнийг бүх албан тушаалаас нь халж ,ЗХУ-ынКоммунист намын Төв Хорооны гишүүнээс нь гаргав. Зөвлөлтийн удирдагчидтүүний урьдын “гавьяаг”-нь үнэлж, ажилгүй орхисноос Монголд Элчин сайдаар явуулъя хэмээншийдвэр гаргаж Монголд ирсэн ажээ. Монголд ирээд Молотовзөвлөлтийн дээд удирдлагын өмнө ямар ч хамаагүй аргаар “гавьяа” байгуулж дахин өндөр албан тушаалд томилогдохын тулд юу ч хийхээс буцахгүй байлаа. Яг тэр үед нь монгол зөвлөлтийн хилийн хэлэлцээр болсон юм. 

Зөвлөлтйин элчин сайд В.Молотов Монголд ирэнгүүтээ “Манай Тувагийн үлдсэн газар нутгийг Зөвлөлт Холбоот Улсадөг” хэмээн монголын талд тулгалт хийж эхлэв. Молотов монголын Увс аймгийн хойд хэсэг, Тэсийн голоос Тагнын нурууг давуулсан нийт 2445 хавтгай дөрвөлжин кмгазар нутгийг Зөвлөлт Холбоот улсад нэн даруй шилжүүлэхийг шаардаж байв.

Монголын талаас Молотовын энэ хууль бус бусармаг ажиллагааг ганцхан эх оронч хүн эсэргүүцсэн юм. Тэр хүн бол энэхүү зөвлөлт монголын хилийн хэлэлцээрийн монголын талын ахлагч, БНМАУ-ын Гадаад Явдлын сайд Содномын Аварзэд байлаа. С.Аварзэд бол Зөвлөлт Холбоот Улсад Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг олон улсын эрх зүйч хуульч мэргэжлээр төгссөн, орос, франц хэлтэй, өндөр боловсролтой, мэдлэг, туршлагатай, эх оронч хүн байлаа.Тэр бээр 1952 оноос эхлэн ГЯЯ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, 1953-1954 онд Улсын прокурорын орлогч, 1954-1955 онд Засгийн газрын Зохион зааварлах хэлтсийн дарга, дараа нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байв. Монгол, Зөвлөлтийн хилийн хэлэлцээг ЗХУ-ын талаас тус улсаас БНМАУ-д суугаа Элчин сайд В.М.Молотов тэргүүлжээ. Зөвлөлтийн төлөөлөгчид Монгол, Зөвлөлтийн хилийн шугамыг тогтоох санал, гар зураг бэлтгэхдээ Увс аймгийн хойд хэсэг, Тэсийн голоос Тагнын нурууг давуулсан их хэмжээний газрыг Зөвлөлт улсын нутаг дэвсгэрт багтаасан байжээ. Энэ газар нь стратегийн ач холбогдол бүхий уран, гянт болдын нөөцтэй, монголын унаган нутаг байлаа.Зөвлөлтийн Элчин сайд Молотов “манай Тувагийн үлдсэн газар нутгийг өг. Энэ бол манай Зөвлөлт улсын нутаг”” хэмээн монголын талд хүчтэй тулгалт хийж байлаа.

Зөвлөлт Холбоот улс монголын Урианхайн хязгаарыг 1921 оны 8-р сард улаан орос цэрэг оруулж эзлээд,дараа нь 1932 онд Тувагийн үлдсэн газар нутгийг өг хэмээн Монголоос баахан газар авчээ.1944 онд Туваг Зөвлөлтийн Оросын Холбооны улсын бүрэлдэхүүнд оруулав. Тувачууд тэр үед монголын хил рүү нэвтэрч мал хулгайлдаг байв, монголчуудын хил давсан малыг нь огт буцааж өгдөггүй байв. Тувачууд монголын билчээр нутгийг булааж, монголын нутаг дээр хадлан авах зэргээр зэргээр байнга зөрчил гаргаж халдлага дээрэм хийдэг байв.

Монголын сайд С.Аварзэд хэлэлцээрийн үед унаган монгол газар нутгаа зөвлөлтөд таслан өгөхгүй гэсэн хатуу байр суурьтай байсан тул В.М.Молотов “Тэр алгын чинээхэн газраас юунд тэгтлээ зууралдаад байгаа юм бэ. Тэгж яривал танай улс бүхлээрээ манайх байж байх тийм үе байсан юм чинь” хэмээн уурлаж, ” Танаймонголын удирдагчид Зөвлөлтийн бүрэлдэхүүнд нэгдэх хүсэлтээ хэд хэдэн удаа илэрхийлж байсан шүү” хэмээн сануулж байлаа.

Гадаад явдлын сайд С.Аварзэд “СССР-т монголын 2442 хавтгай дөрвөлжин кмгазарнутгаа өгөхгүй” хэмээн бүтэн таван сарын турш Молотовтой халз үзэлцэж түүний балмал ажиллагааг эсэргүүцэж байлаа. С.Аварзэд сайд “Зөвлөлт улс Монголын нутгийн салшгүй нэг хэсгийг авах гэж байгаа нь эзэрхэг тvрэмгий хаант Орос улсын замаар замнаж буй хэрэг" хэмээн Молотовт сануулан хэлж байжээ. Тэр хэлэлцээр дээр Аварзэд сайд Увс аймгаас нутгийн хоёр малчин хүнийг авчирч зөвлөлтийн авах гэж байгаа газар болМонголын нутаг гэдгийг хичнээн ч удаа нотолж яриад ч зөвлөлтийн тал огт хүлээж авахгүй байлаа. Аварзэд сайд зөвлөлтийн талын тулган хүлээлгэсэн тэрхүү хэлэлцээрт гарын үсэг огт зураагүй аж. Хэлэлцээр мухардмал байдалд орсон тул тэр үед Москвагаас Никита Хрущёв (ЗСБНХУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга)-ынцахилгаан утас Монголын Төв Хорооны Улс Төрийн Товчоонд иржээ. Тэр цахилгаанд “Танай Гадаад явдлын яамны сайд Москвад хачирхал төрүүлж байна. Яаралтай арга хэмжээ ав” хэмээн дурджээ, Тэр үед Цэдэнбал Москва хот руу явсан байжээ. Удалгүй Цэдэнбал Москвагаас ирэв. 

Цэдэнбал : “Монгол, Зөвлөлтийн найрамдлын харилцаанд сэв суулгаж, та нар муухай юм хийсэн байна. Нөхөр Аварзэд Улс төрийн товчоог төөрөгдөлд оруулжээ. Түүнд арга хэмжээ авах хэрэгтэй”хэмээн ихэд уурлан хилэгнэж байв. Энэхүү хэлэлцээний явцыг тухай бүрт нь Улс Төрийн Товчоонд илтгэж байсан тухайгаа Аварзэд Цэдэнбалд хэлжээ. Цааш нь Аварзэд “Ер нь улсын хилийг өөрчилнө гэдэг бол хэн нэгэн гадаад улсын төлөөлөгч, элчин сайдынсаналаар болдог зүйл биш. Энэ асуудлыг монголын төрийн дээд байгууллага шийдэх ёстой. Миний ганц тулгуурладаг зарчим бол энэ” хэмээн Цэдэнбалд бодит үнэнийг хэлжээ. Аварзэдийн хилийн асуудлаархи байр суурийг Дамба дарга дэмжиж байв.Харин зөвлөлтийн эрх ашгийг хамгаалагч Цэдэнбал Аварзэдийн эх орныхоо газар нутгийг хамгаалсан зүтгэлийг үнэлсэнгүй. Харин эсрэгээр түүнийг буруутгаж арга хэмжээ авахаар зэхэж байв. Удалгүй ЦэдэнбалГЯЯ-ны сайд С.Аварзэдийг буруутгаж ямар ч үндэслэлгүй ажлаас нь яаралтай чөлөөлж, зөвлөлт - монголынхэлэлцээрээс хөөсөн ажээ. Цэдэнбал Аварзэдийг “Прокурорт өгч түүнийг яаралтай шийтгэж арга хэмжээ ав” хэмээн хууль хяналтын байгууллагад үүрэг өгчээ.Монгол зөвлөлтийнхилийн хэлэлцээрийг үргэлжлүүлэн хийх Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийнорлогч дарга, зөвлөлтийнхөнд"өөрийн хүн" хэмээн тоогддог Л.Цэндийг томилж, зөвлөлтийн талаас монголын талдшаардсан бүх газар нутгийг нэн даруй өгөхөөр болжээ,

Ийнхүү “БНМАУ - ЗСБНХУ-ын хооронд хил тогтоох хэлэлцээр” гэгчидхоёр тал 1958 оны гуравдугаар сарын 26-ны өдөргарын үсэг зурж, монголын Увс аймгийн Давст уул / Цэдэнбалын төрсөн нутаг/, Увсын хойд тал, Тэсийн голоос хойш Тагны нуруу давсан маш өргөн газар нутаг, Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэг, Шишигтийн гол, Шишигтийн нуруу орчмын уран, гянт зэрэг байгалийн баялагтай 2456хавтгай дөрвөлжин км монголын газар нутгийг Зөвлөлт Холбоот Улсад хүлээлгэн өгчээ. 

Эх газар нутгаа хамгаалсан С.Аварзэд сайдыг улаантнууд албан тушаалыг нь бууруулан алс холын аймагт цөлж, сум нэгдлийн дарга, дараа нь жолооч болгон хөсөр хаяжээ. Эцэс сүүлдээ Аварзэд сайд агсныг 1986 оны 2-р сарын 9-ний оройнийслэл хотодцагдаагийн дүрэмт хувцас өмссөн дөрвөн цагдаа биенд нь халдаж зэрлэгээр зодож тархинд ньхүнд гэмтэл учруулсан тул нас баржээ. Тэр үеийн цагдаа, хүчний байгууллагууд хүний амь бүрэлгэсэн гэмт хэрэгтнийг ч хайсангүй, гэмт хэргийг ч илрүүлсэнгүй.Харин цагдаагийн байгууллага“С.Аварзэд гадны нөлөөгүй нас барсан” хэмээн хуурамч дүгнэлт гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Эх орончийналтан амь нас ийнхүү харамсалтайгаар төгсгөл болов.

Түүхийн хуудсыг сөхвөл 1689-1958 оны хооронд буюу 260 жилийн хугацаанд монголын хойд унаган нутаг Алтайн хязгаар, Саяны нуруу, Шишигтийн нуруу, Давст уул, Тува Урианхай, Буриад, Байгаль нуур орчмын нийтдээ нэг сая гаруй квадрат км газар нутаг Орос улсад алдагджээ.Казахстан хүртэл хуучин Зүүнгар улсын ихэнхи газар нутгийг булаан авчээ.

Казахд одоо хүртэл Алтан эмээлт гэх мэт монгол нэртэй газрууд олон байдаг юм. Тэр үед Зөвлөлт Холбоот Улсын газар нутаг 22 сая 400 000 квадрат км , хүн ам нь 290 сая байсан юм шүү.

Ийм агуу уудам газар нутагтай том гүрэн ганц сая гаруйхан квадрат км газар нутагтай жижигхэн Монгол улсаас газар нутгийг нь булаан авна гэдэг санаанд багтамгүй явдал юм. Их гүрний дээрэнгүй үзэл гэж хэдэн зуун жил өнгөрсөн ч гэсэн бусдын газар нутгийг булаан эзлэх харгис шунахай зан нь хэвээр үлдэхийг хэлдэг бололтой. Хайран монгол газар нутаг. Хайран монгол угсаатан ард түмэн.

 

Доржийн Сүхбаатар

2016.10.16
Улаанбаатар хот

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • Zochin (59.153.87.14)

    2024-03-18

    Shal hudlaa arhiviin material eh survaljaa duridaagui arai uuruur baisan shuu.

  • Иргэн (66.181.181.63)

    2024-03-18

    Оросууд бол бузарын бүдүүлэг хүмүүс шүү дээ

  • Зочин (66.181.180.33)

    2023-10-06

    Увсчууд арай бүгдээрээ энэ түүхийг мэддэггүй юм биш биздээ.

  • (202.55.188.109)

    2022-07-01

    Түүхийг үнэн хэлэх нь сайн болоод сайхан Хүмүүс өвөг дээдсээсээ ичдэг юм уу хашаа юм Гуйвулах нь ихэдсэн байхаа...

  • Бузартай энэ үйлдэл нь Цэдэнбалыг үеийн үед үр удам, гарал, төрлийг нь доройтуулах нигууртай болой!!! (122.201.31.77)

    2022-06-30

    Бидний өвөг дээдсийн цусаараа дархалсан газрын Дүрвэд Цэдэнбал гэгч Оросын бууны нохой, Монголд сэтгэлгүй золбин Оросуудад өгсөн дөө. Бузартай энэ үйлдэл нь Цэдэнбалыг үеийн үед үр удам, гарал, төрлийг нь доройтуулах нигууртай болой!!!

  • Цэдэнбал гэж Оросын тэжээвэр, тавиул 1958 онд (122.201.31.77)

    2022-06-30

    Цэдэнбал гэж Оросын тэжээвэр, тавиул 1958 онд албан тушаалдаа ашиглан Хөвсгөл, Увсын хойд талын 2300км2 нутгийг Оросуудад өгсөн нь түүхэн баримттай. Түүнийг эсэргүүцсэн Аварзэд сайдыг хэлмэгдүүлсэн.

    Зочин (122.201.31.77)

    2022-06-30

    Увсчууд арай бүгдээрээ энэ түүхийг мэддэггүй юм биш биздээ.

  • (64.119.22.176)

    2022-06-30

    түүх ч яамай одоо байгаа газраа ашиглаж чадахгүй алийгаа алдаж байгаа биз дээ

    Бузартай энэ үйлдэл нь Цэдэнбалыг үеийн үед үр удам, гарал, төрлийг нь доройтуулах нигууртай болой!!! (64.119.22.176)

    2022-06-30

    Бидний өвөг дээдсийн цусаараа дархалсан газрын Дүрвэд Цэдэнбал гэгч Оросын бууны нохой, Монголд сэтгэлгүй золбин Оросуудад өгсөн дөө. Бузартай энэ үйлдэл нь Цэдэнбалыг үеийн үед үр удам, гарал, төрлийг нь доройтуулах нигууртай болой!!!