Хөгжил дэвшлийн цагаан сүүдэр

Нэг.ТҮҮХЭН ИХ ХЭРГИЙН АНХНЫ ГАЛ ГОЛОМТ.

Тийм ээ, хэзээ ч мартаж үл болох яалт ч үгүй түүхэн их үйл хэргийн анхны гал голомт болсон мөнхийн гал одоогоос нэгэн зуун хоёр жилийн тэртээ яг өдийд тэр үеийн нийслэл хүрээнд дүрэлзэн ассан байдаг. Тодруулж хэлбэл 1920 оны зургадугаар сарын 25-нд Хувьсгалт нууц хоёр бүлгэмийн гишүүдийн хамтарсан хурал Д.Сүхбаатарын сууж байсан С.Данзангийн хашаанд болжээ. Тус хурлаар хоёр бүлгэмийг нэгтгэн "Монгол ардын нам" хэмээх анхны улс төрийн байгууллагыг байгуулж МАН-ын тамгын хэв загварыг "Монгол ардын намын тамга" гэсэн бичигтэй байхаар тогтоож, түүнийг сийлж хийхийг Д.Бодоод даалгасан байдаг. "МАН"-ын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичгийг баталжээ. Тэрхүү тангарагт: "Шашин үндсэнд харшлах харгис дайсныг ЦЭВЭРЛЭЖ алдагдсан эрхийг эгүүлэн аваад төр шашныг үнэн сэтгэлээр бататган мандуулж үндэс язгуурыг алдагдуулахгүй сахих ба дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж ядуу дорд ард түмний ТУСЫГ туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өнө үүрд сахиж дарлах, дарлагдах зовлонгүй аж төрөхийг чухал болгоно" гэж үндсэн зорилго бодлогоо тодорхойлон заасан байна. Стратегийн чанартай энэ заалт нь бүхэл бүтэн зуун жилийн дараах одоогийн Ардын намын зорилго бодлоготой бараг ацаг шүдний зөрүүгүй таарч байдаг нь чухамхүү гайхамшиг мөн буй заа. Тангаргийн бичгээ баталсан тэдгээр хувьсгалчид зуун жилийн дараах монголын улс төрийн бодлогыг ингэж оновчтой тодорхойлсныг түүхэн гайхамшиг гэхээс өөрөөр нэрлэх арга байхгүй. Нөгөө талаас харвал энэ цагийн Ардын намын бодлого анхныхаа тэрхүү тангарагтай ингэж нийлж байгаа нь тус намын зорилго, бодлого бат туйлбартай үнэнч байсныг нотлох шайхамшигтай чухал түүхэн баримт мөнөөсөө мөн билээ. Тэрхүү тангаргийн бичигт Ардын намын гишүүний үүрэг хариуцлагыг басхүү гайхамшигтай мэргэн тодорхойлон заасан нь бусад намын гишүүдэд ч сургамжтай байж болох юм. Нэгд: “МАН-ын үйл хэрэгт үнэнч шударга зүтгэхийн оронд алгуурлан хойргоших, мөн хуурмаг ов мэх зохиох зэргээр бусдыг элдвээр мэхлэн нэгэн биеийн ашиг тусыг голчилж үл болно" хэмээн заажээ.

Энэхүү түүхэн баримт бичгийн дотор онц чухал олон үзэл санаа байгаагийн дотроос улс төрийн том бодлогын зуун хоёр жилийн ойг илүү тод үсгээр тэмдэглэж байна.Уг том бодлогод:

1.Төр шашныг үнэн сэтгэлээр мандуулна.

2. Ядуу дорд ард түмний тусыг туйлаар бодно.

3.Дарлах дарлагдах зовлонгүй аж төрөхийг гол чухал болгоно гэсэн гурван чиглэл байв.

Бүхэл бүтэн эрин зууны турш монгол түмэнд өглөг буянаа өгч, хайр хишгээ хүртээж ирсэн энэ бурханлаг сайхан бодлого үүнээс хойш урьд адил  өлзий буянаа хайрлаж байх болтугай гэж ерөөе.

 

Хоёр. ШИНЭ ЦАГИЙН ЦӨН ТҮРЖ БАЙНА.

Сэтгүүл зүйн аналитик сэтгэлгээний ойлголтоор ирж байгаа цаг үетэй хамт орж ирдэг бэрхшээл бүхэн түүхэнд цагаан сүүдэр болж харагддаг. Би аналитик сэтгүүл зүйг сонирхон оролдсоор насыг элээж яваа нэгэн. Аналитик сэтгүүл зүйг зарим нь шинжлэлт, зарим нь шинжээч, бас зарим нь үзмэрч сэтгүүл зүй гэдэг байгаа юм. Минийхээр  бол аливаа баримт үйл явдал бүхэн  хүн төрөлхтний амьдрал ахуйтай ямар нэгэн сэжмээр холбогдож түүнтэй шүтэн барилдсан байдаг тул түүнийг задлан шинжилж нэгтгэн дүгнэх арга замаар тэрхүү учир холбогдлыг танин мэдэж  уншигч сонсогч түмэндээ сонордуулж соён гэгээрүүлэх мэдээллийг л аналитик сэтгүүл зүй гэж нэрлээд байх шиг байгаа юм. Ямар  байлаа ч гэсэн би гэдэг хүн иймэрхүү мэдээ, мэдээллийн хойноос хөөцөлдөж явсан, одоо ч мөнөөхийгөө л  оролдон хамаг цаг заваа  барж суудаг молхи  өвгөн билээ.

Ийнхүү сэхээрвээс энэ цагийн Монголд морилон ирж яваа ирээдүй цагийн цөн түрж  байх ажээ. Тухайлбал, орчин цагийн хүмүүнлэг чанарыг төлөөлсөн болор толь шиг тунгалаг том том мөсөн цөн цагийн урсгалаар хөвж  ирээд сүүлийн хорь гучин жил монголыг нөмөрч байсан заль мэх, шунал тачаалын ноёрхлыг төлөөлсөн, ядуурсан эгэл  олон түмний цус нулимсаар  халтартсан  бохир мөсийг тас няс, тарр нярр хийтэл мөргөн  яйруулахад тэндээс шинэ ба хуучин цаг үеийн  аялгуу хоршил дуучдын  хоолой мэт хоршилдон сонсдоно. 

Морилон ирж байгаа шинэ цаг үеэс аялгуулж байгаа дуу чимээг үгээр хөрвүүлэхэд басхүү олон хоолойн найрал дуу мэт  харшилдан хоршилдон дуулднам. Тухайлбал, “Донгодуулах уу? доромжлуулах уу?”, “Халамжлуулах уу?  дээрэлхүүлэх үү?", “дарлуулах уу? дарамтлуулах уу?”, ”залилах уу? залилуулах уу?, шулах уу? шулуулах уу?”, мөлжих үү? мөлжүүлэх үү?” гэх мэт. Би бол доромжлуулж амьдарснаас донгодуулж амьдарсан нь дээр. Дээрэлхүүлж амьдарснаас халамжлуулж амьдарсан нь дээр, дарлуулж амьдарснаас дарамтлуулж амьдарсан нь дээр. Залилж амьдарснаас залилуулж амьдарсан нь дээр. Шулуулж амьдарснаас шулж амьдарсан нь дээр. Мөлжиж амьдарснаас мөлжүүлж амьдарсан нь дээр. Ерөөс сүүлийн хорь гучин жилд манай ихэнх хашир туршлагатай манлайлагчид ингэж л амьдарсан юм чинь. Тэд олон түмнийг дагуулж явдаг үлэмжийн нэр нөлөөтэйгөө мэддэг болохоор яавч буруу замаар будаа тээж сонгогч олон түмнийг уруу татахыг хүсээгүй байх учиртай. Надад ийм л бодол төрсөн. Гэтэл энэ чинь өнгөрсөн үеийн хуучин   үзэл буюу  чин үнэндээ бол мөнөөх хэт барууны либерал ардчилал буюу зэрлэг зах зээлийн үзэл санаа гэдэг чинь энэ яалт ч үгүй мөн гэж ном судар төдийгүй манай жинхэнэ Чингис шиг шударга  хүн байхын үлгэр жишээ болсон шилдэг эрхмүүдийн ухамсарт амьдрал нэгэнт нотолжээ.Нэгд, ямар ч атугай донгодуулж сууснаас доромжлуулж суух нь дээр гэж өнөөдөр  хэмээх энэхүү хоёр мянга  хорин хоёр оны шинэ орон цаг хэлж байна. Яагаад? Яагаад гэвэл алдаа гаргасан хүн  донгодуулдаг, амжилт гаргавал доромжлуулдаг нь зэрлэг либерализмын дэглэм мөн тул донгодуулж сууснаас доромжлуулж суух нь яалт ч үгүй дээр байлгүй яахав гэнэ. Тэгэхлээр доромжлуулж суухын эцсийн ганц зөв гарц нь доромжлоод доромжлоод доошлуулж барамгүй шинэ шинэ  амжилт гаргах хэрэгтэй гэсэн уриа дуудлага  мөн гэж ухаардаг  болох  хэрэгтэй  юм  байна.

Хоёрт, ямар ч атугай бид боодол боодол мөнгөөр халамжлуулж сууснаас бэрх бэрх үгээр дээрэлхүүлж сурах нь дээр гэж өнөөдөр гуай  хэлж байна. Яагаад? Яагаад вэ гэвэл  бүтэлгүй муу ажилтай нэгнийгээ сайн болгох гэж дээрэлхдэггүй, харин аль илүү сайныгаа муу муухай болгох гэж дээрэлхдэг зэрлэг зах зээлийн бас нэг айхтар хууль үйлчилж байдаг тул хэл ам ихтэй хэрүүл шуугиан дагуулсан  мөчиг тачиг мөнгөөр халамжлуулж байснаас  атаархам  сайн ажиллаад дээрэлхүүлж суух нь дээр байлгүй яахав гэж эрхэм өнөөдөр гуай хэлж байна.

Гуравт, бид ямар ч атугай дарамталж сууснаас дарлуулж суусан нь дээр гэж байна. Яагаад? Яагаад гэвэл  гэмтэй хүнийг гэм нүглээр нь дарамталж сэтгэл зүрхийг шархлуулдаг, гэмгүй шударга хүнийг бол зүгээр л цулгуй хоосон дарангуйлдаг тул эгэл шударга явснаасаа болж эрх мэдэлтэн, эзэд ноёдод дарлуулж явах нь дээр байлгүй яахав гэж эрхэм хүндэт өнөөдөр гуай хэлдэг юм байна.

Дөрөвт, бид  ямар ч гэсэн залилж сууснаас залилуулж суусан нь дээр гэж байна. Худалч хулгайч, хуурамч этгээд л залилж,  шударга үнэнч  нь залилуулж суудаг  бас нэг зэрлэг дэглэм монголд саатан морилж байна. Тийм учраас бусдыг залилан нүгэл хурааж, гэмгүй нэгнийг зовоож амьдарснаас залилуулж суух нь дээр байлгүй яахав гэж мөнөөх эрхэм хүндэт өнөөдөр гуай зөвлөдөг  юм байна.

Тавд, шулж сурснаас шулуулж мөлжүүлж суусан нь дээр гэж  байна. Шулна гэдэг нь  үнэ ханшийг зохиомлоор хөөрөгдөж дамлан шулагчдыг хэлж байна. Шулуулж амьдарна гэдэг нь шулаачдад шүлуулж турж үхэхгүйн тулд дамчидтай тэмцэж  сурахыг хэлж байна. Үнэ ханш,  хүү торгууль нэмэгдэх тоолон тэр хэмжээгээр цалин тэтгэврээ нэмүүлдэг хуультай  болгож дамчдын эсрэг тэмцэлд төр, засгийг татан оролцуулдаг болох утга  үүний цаана бий. Монголд бүр манжийн колоничлолын үлдэгдэл болж олон жил эгэл түмнийг зовоож ирсэн данжаад загварын дамлан шулах хорт муухай зуршлын эсрэг нийт нийгмээрээ хамтран тэмцдэг дэглэм тогтооно гэсэн үг гэж өнөөдөр хэмээх  энэ цаг үе бидэнд ойлгуулж байна. Зургаад, хөдөлмөрч хүнийг мөлжиж амьдарснаас мөлжүүлж амьдрах нь дээр гэж байна. Мөлжүүлж амьдарна гэдэг нь мөлжигч эзэд, ажил олгогчдын эсрэг идэвхтэй тэмцэж, цалин хөлсөө боломжийн хэмжээнд хүртэл нэмүүлж, эзэдтэйгээ харилцан ашигтай амьдарна гэсэн утгаар энд холбогдож таарна. Боломжийн цалинтай болно гэдэг нь цалингаараа зарлагаа нөхөөд  хуримтлал үүсгэдэг болохыг хэлж байна. Өөрөөр хэлбэл манайхны  хэлдгээр орчин үеийн чинээлэг дундаж давхаргын гэрээт ажилтан болно гэсэн үг гэж  өнөөдөр хэмээх энэ цаг үе бидэнд ойлгуулж байна. Энэ бүх доромжлол, дээрэлхэл, дарангуйлал залилан шулуулж, мөлжүүлж сурна гэдэг нь хүмүүн бүхэнд  амин чухал  ашиг тустай  нэг л зүйлийг давхар утгаар  хэлээд байгаа  юм. Тэр бол ямар ч аймшигтай галзуу дайралттай  учирлаа гэсэн  түүнийг  ажрахгүй даваад гардаг хатан зоригтой,  ноён нуруутай болж сурна гэдгийг л хэлээд байгаа юм байна. Морилон ирж байгаа шинэ цагийн шинэ хүн  ийм л байх учиртай гэж байна.

Гурав. ХӨӨРХИЙ НОХОЙН ХЭЛЖ АМЖААГҮЙ ХЭДЭН ҮГ

Олон жилийн тэртээ харсан хүн, нохой хоёрын гунигт нэгэн учралыг эдүгээ цагийн энэ л агшинд ахиад нэг үзэх шиг болдог юм байна. Эрт цагийн гэх тэр учрал бол 1951 онд болсон явдал. Зул сарын ноход цугларч байсан үе. Сумын хоршооны агент залууд нэг ширхэг нохойн арьс олж ирэх даалгавар оногджээ. Тэр тэгээд эзэнгүй нохой ангуучлахаар гадаад хийцийн хурдан буугаа үүрээд гарчээ. Сумын төвд төөрүүлж орхисон тасман нарийн биетэй эзэнгүй халтар нохойг хавийн олон ноход булаалдан хэмхэлдэж бүхий нь үзэгдэж. Залуу тэрхэн зуур гэтэж очоод мөнөөх нохойг хар хулхиар нь нам буудчихжээ.

-Ээ харла гэж, заавал  тэр л хөөрхий нохойг түрүүлж бууддаг нь юу ч билээ  хэмээн  хэн ч харамсан бодмоор санагдав.  Гэвч түүнээс  бусад нь  өмөөрч заргалдах эзэнтэй ноход байсан юм санж.  Манай нохой хэмээн  өмөөрөх эзэнтэй төрсөн боловч тэр эзэн гэгч нь түүнийг нялх гөлөг  байхад  нь сумын  төвд авчраад хоолны өвдөл цөвдөлхөн өгч саатуулж орхиод эхтэйгээ байсан  түүнийг  эхгүй болгон төөрүүлчихсэн юм байж. Тиймийн учир тэр амьтан тэр цагаас хойш ад шоо үзэгдэн тэнэж явсаар хоточ  банхрын  эх  болох  хувь тавилан нь тэр өдөр тэгээд л дууссан аж. Ингэж л гэмгүй нэгнийг дандаа гадуурхаж гайтуулдаг энэ зүдэг харанхуй хорвоог яалтай ч билээ .

Олон жилийн тэртээх энэ явдлыг эдүгээ эргэж  санасан учир гэвэл тэр гунигт явдал монгол эх орны маань өнөөдрийн зарим гашуухан хувь тавилантай  адилхан  санагдаад л  ингэж дурслаа. Үнэнийг хэлэхэд өнөөдрийн  Монгол Улсад олон чухал амьтай амьгүй үнэт зүйлийг мөнөөх  санаатай төөрүүлж орхисон гөлөг мэт бодож байгаад арьсыг нь хуулж,  ашиг  завшаан хайдаг явдал газар авч байна. Цөхөж цөхөж алтан төрийнхөө аль олигтой өмч хөрөнгийг хүртэл төрөөс нь төөрүүлж байгаад “арьсыг нь хуулж” завшдаг  олон арга хэлбэр газар авч байна.

Тухайлбал, төрийн өмч, нийт дундын хөрөнгө хогшлыг хувьчлах нэрээр эзэнгүй гөлөг шиг болгодгийг бид харлаа. Төрийн өмчийн банк байгуулах аргаар арьсыг хуулж болдог учиртайг “Хөгжлийн банкны луйвар дээрэм” харууллаа. Төрийн сан байгуулах нэрээр төрийн өмчийн “арьсыг хуулдаг” арга байдгийг ЖДҮ-гийн баримт нотлоод өглөө. Зөвхөн төрийн өмчийг биш хувийн өмч хөрөнгийг үнэгүйдүүлж арьсыг нь хуулдаг олон арга байдаг юм байна. Жишээлбэл, мөрийтэй тоглоом, азын сугалаа, цахим мэдээлэл ашигласан олон янзын залилан цэцэглэж байна.

Гэхдээ миний ярихыг хүссэн асуудал нь тэр биш, Монголын бараг хүн бүхний ахуй амьдралтай салшгүй холбоотой өөр нэг асуудал байгаа юм. Тэр бол Монголын иргэн хүний  хөдөлмөрийн цалин хөлсний ихэнх хэсэг мөнөөх эхтэй гөлгийг төөрүүлж эхгүй болгосон эзэнтэй эгээ адилхан, өвдөл цөвдөлхөн амсуулж  байгаад төөрүүлж  орхисон хөөрхийлөлтэй нэгэн охин гөлөг гэмээр харагдах болжээ. Хөдөлмөрийн хүний гол амин зуулга болсон хөдөлмөрийн цалин хөлс яагаад тийнхүү  төөрүүлсэн гөлөг мэт болсон бэ гэдэг нь тодосгож ярихад нэлээн төвөгтэй бараг ойлгомжгүй асуудал болсон байна.

Монголын төр засгийн удирдагчид,сайд дарга нараас эхлээд үйлчлэгч, худалдагч, манаач цэвэрлэгч хүртэлх бүх ажилтан албан хаагчид тус тусын хариуцан хийх ёстой ажил үүргээ Европ, Азийн бусад орны адил зэргэмжийн ажилтнуудын адил түвшинд хариуцан гүйцэтгэж чаддаг учраас Монгол гэдэг энэ улс бусдын нэгэн адил өсөн дэвжсээр өнөөгийн энэ зэрэгтэй оршин байдаг нь маргаангүй үнэн. Гэтэл тэдгээр монгол ажилтнуудын авч байдаг хөдөлмөрийн хөлс нь бусад орныхоос гурваас тав дахин, заримдаа 10 дахин дутуу байдаг нь бас маргаангүй үнэн баримттай зүйл. Тэгэхлээр монгол төрийн ажилтнууд бусадтай адил зэргэмжийн бүтээл бүтээсэн учраас манай улс бусадтай адил оршин амьдарч  байгаа нь бас үнэн байж таарна. Тийм байтал авбал зохих цалин хөлсний дийлэнхийг аваагүй нийтийн сан хөрөнгөд нэрийн данс байтугай ерөөс бүртгэл мэдээлэлгүй  үлдээсэн нь тодорхой байна. Тэгэхлээр тэр хэмжээний цалин хөлс мөнөөх эзэнгүй гөлөг шиг эзэнгүйджээ.

Тэгвэл тэр их мөнгө  одоо  байна уу, алга уу, байгаа бол чухам хаана, ямар хаягтай  байна вэ. Ингээд харах гэхээр хаана ч, юу ч  үл үзэгдэнэ. Тэгэхлээр тэр мөнгө хаа нэгтэй газар мөнөөх эзэнгүй нохой шиг арьсаа хуулуулсан байж таарах гээд байна. Хаана хэрхэн арьсаа хуулуулсныг  харж болох  цонх байна уу гэвэл нэг цонх байдаг юм  байна. Тэр бол Английн төмөр хатагтай Маргарет Тетчер хэмээх  улстөрч бүсгүй  анх олж харсан төмөр  шилбүүрээр ороолгодог цонх. Төмөр хатагтай бээр энэ цонхоор харж түүндээ таарсан улс төрийн зоримог бодлого боловсруулж мөрдсөнөөр   өнгөрсөн зууны дал 80-аад онд Англи орныг зогсонги байдлаас аварч чадсан түүхтэй юм. Тетчер хатагтайн тэр алдарт төмөр шилбүүрийн бодлого гэдэг бол төрийн татварын шинэ  бодлого байсан юм билээ. Тэрбээр  авбал зохих боловч авахгүй хөнгөлж, төр засаг нь нүүр царайгаа будаж шунхаддаг байсан оо энгэсгийг арчиж хаяад төр засгийн жинхэнэ  махан арьстай жинхэнэ үнэн нүүрийг харуулах бодлого байсан гэж  болно.

Мөхөс миний  ухаарч  байгаагаар бол улс гүрэн гэдэг нь нийгмийн амьд бодгаль ертөнц.Татвар нь түүний зүрх судасны систем. Улс гүрний бодисын  солилцоо түүгээр дамжин эргэлдэж нөхөн төлжиж байдаг. Татвар багадвал улс нийгмийн цус багасна. Татвар зогсвол тэр даруй амьсгал хураана. Хүн бас адилхан. Хүний хэрэглэж байгаа бүх зүйлд олон төрөл зүйлийн татвар шингэсэн байдаг тул татвараар амьсгалж, татвараар хооллож, татвараар  ундаалж, татвараар боловсорч, татвараар эмчлэгдэж эцэст нь татвар шингэсэн аяга бүлээн усаар амаа зайлахчаа болоод амьсгал хураадаг. Тиймээс  энэ хорвоо дээр төрсөн хүн үхэх нь үнэн, үхэн үхтлээ татвар төлөх нь үнэн байдаг  учиртай. Татвар нь дэлхий нийтэд тодорхой цаг үе бүхэнд тогтсон ерөнхий жишигтэй байдаг. Тэр жишгийг өндөр хөгжилтэй орнууд туршлагаараа тогтоодог. Өнөөдөр АНУ, Японы жишиг голлож байна. Татвар ямар хэмжээнд байвал ард түмний аж байдал сайн, улс орны хөгжил илүү өндөр байхыг үндэслэн тогтоосон байдаг гэсэн үг.

Татвараа хамгаалах төр улс нь хүчгүйдвэл татвар нь багасаж унахдаа  ажилтан түмнийхээ аж байдлыг хамтад нь татаад унагачихдаг гэсэн үг. Татвар бага байна гэдэг нь нөгөө өнцгөөс харвал цалин, орлого бага байж таарна. Татвар багатай орны хөдөлмөрчин хүн орлого сайтай байна гэж үгүй. Тэгэхлээр татварыг хэт багасгах, тэглэх хандлага бол хэдхэн зальтнууд улс орноо хувааж идээд дуусна гэдгийг Монгол Улсын амьдрал нэгэнт харуулсан. Энд л манай өгсөх замын хамгийн том цагаан сүүдэр  байдаг гэж харж болно.

Татвар цалин хоёр хоёулаа их байна гэж байдаггүй. Хурд хүч хоёрыг нэгэн зэрэг хожиж болдоггүйтэй адил юм. Өнөөх хөдөлмөрийн хөлсний ихэнхийг алдагдуулж, арьсыг нь хуулж аваад сонгуулийн хэдэн саналаар арилждаг талбар нь энд байдаг байгаа юм. Тэрхүү дэлхийд хамгийн бага татвартай улс орон болоод байна гэдгийг  нөгөө өнцгөөс нь сонсвол гадаадад төлөх өрийн данс улайсныг зарлаж байна гэсэн үг.

Бас Монголын төр засаг бол хамгийн ядуу даржин сайд дарга нартай улс гэсэнтэй агаар нэгэн  байна. Улмаар Монголын төр засаг бол хамгийн их авлигад идэгдсэн улс мөн гэж үгээр хэлээгүй ч ил тодорхой мэдэгдэж байх шиг байна. Шударгаар амьдрах боломжгүй улс болсон гэдгийг бас л хэлээгүй үгээрээ  хэлж байгаа юм. Монгол Улсад төрийн татвар мөнөөх өмөөрөх эзэнгүй учраас ганцаараа алуулсан эзэнгүй нохой шиг ганцаарджээ. Төлөгдөөгүй татварын золиосонд төрийн болон төрийн үйлчилгээний ажилтнуудын авбал зохих цалингийн аваагүй үлдэгдэл эхгүй гөлөг шиг арьсаа хуулуулж байдаг юм  байна.

Манай оронд сүүлийн үед шударга хөдөлмөр эрхлэх аргаар аз жаргалтай амьдарч болохгүй болсон гэж  ухаалаг залуус  харамсаад байгаа нь яалт ч үгүй  ийм л учиртай  байна. Авбал зохих татвараа  аваагүй болохоор ажилтандаа  өгвөл зохих цалингаа өгөх аргагүй. Авбал зохих татвараа аваагүй хөнгөлсөн учраас тэр дутаж байгаа татварын орлогын  цоорхойг мөнөөх өгөөгүй үлдээсэн цалин хөлсний мөнгөөр элдэв данс бүртгэлд оруулахгүй зүгээр л  төсвийн чимээгүй орлого болгож  төсвийн дутууг нөхөж орхидог гэсэн үг. Санаагаар болдог сон бол дээр цухас дурдсан Английн төмөр хатагтайн төмөр шилбүүрийн бодлогыг эх орондоо  авчирч нутагшуулмаар байна Өөрөөр хэлбэл төрийн өмчөө хувьчлаад, татвараа нэмээд бас  хөдөлмөрийн хөлс цалингаа ч нэмээд одоогийн энэ айхтар амьдралын нэн хүнд байдлаас гарч болмоор шиг байгаа юм.

Татвар, цалин хоёрыг хөгжингүй орны байвал зохих  хэмжээнд хүртэл нэмээд өгөхөөр зэрэг  урагшаа алхдаггүй ургаа хад шиг хөшсөн мөнөөх мөнгө санхүүгийн гүйлгээ нь салхи  авсан янгир гөрөөс пяс хийтэл тургин, дэр хийтэл үргэн одохын нэгэн адил  дорхноо  хөл дээрээ үсрэн босоод урагшаа дэгдэж өгнө. Ингэхийн сацуу бизнесийн эргэлт бас цахилгаан мотор адил хунгэнэн эргэж, тэр чинээгээр гүйлгээ сайжирч бизнес эрхлэгчдийн түрийвч түнтийж  хөл дээрээ босно. Үхмэл хөрөнгө ийнхүү амилж хөдөлгөөнд орохын хамт төр хүчирхэгжиж түмэн олон өрийн дарамтаас салж нуруу тэнийж, сэтгэл амирлах болно. Татвар нэмснээр хэн ч хохирох ёсгүй агаад эцсийн дүнд бүх нийтээр хожих болно. Энэ бол санхүү, эдийн засгийн хөгжил хөдөлгөөний бодит хууль мөнөөсөө мөн  буй заа.    

Дөрөв.МИНИЙ НОМХОН ХЭЭР МОРЬ.

Би 16-тай байсан  байх. Нэг удаа багийн дарга баян С.Чойжил гуайтай хамт тэдний хээр алаг азаргатай  адууг туугаад явж байхдаа нэг айл ийм олон адуугаар яадаг юм бол оо над шиг энэ ядуу хүүхдүүдэд хоёр гурван үрээ даага өгчихөж болдоггүй л юм байхдаа гэж бодоод өөрийн унаж явсан хээр үрээнийхээ толгой руу харахад хөөрхий амьтан хэдийгээр олон хоног унааширсан боловч баян айлын тэр олон онгон адуунд ядарснаа харуулахгүй гэсэн шиг хээв нэг шогших шахам дөмөн дөмөн алхуулж явсан сан. Өрөвдөх шиг ч өхөөрдөх шиг санагдсанаа одоо хүртэл мартдаггүй юм. Хэзээ хойно, одоо эргээд бодож байхад би гэдэг энэ нөхөр  тэр  цагт  мөнөөх хөөрхий тэр ганц  үрээ мориноосоо долоон дор мулгуу  нэгэн явсан байна билээ. Яагаад гэвэл хэрэв хөөрхий тэр үрээ морь минь  хүний хэлээр ярьдаг байгаад би түүнээс тэр үед бодсон өнөөх баян айлаас халамж горьдсон гэмээр шуналтай санаагаа хэлж орхисон бол “хүүе  эзэн гуай минь, та битгий хүний юманд дэмий шунаж бай, би таныг ер явган явуулахгүй байж дөнгөнө” гэж хэлэх байсан болов уу гэмээр хөөрхий минь чадлынхаа хэрээр алхалж явах  шиг байж  билээ.

Би тэр муухай атаархуу, бусдын юманд шуналтсан бодлоосоо одоо ч зовох  шиг эвгүй оргидог. “Айлаас эрэхээр авдраа уудал“ гэж их үнэн үг юм билээ шүү. Ядуу айлын дэрчгэрхэн хүү миний жаахан бор авдар  гэж болох  балчирхан  оюун ухааны минь дотор айл саахалтын нутагт төдийгүй өөр баг, сум, аймаг хот бүр тив алгасан алс холд хүргэх тэнхээтэй хүлэг морь  байсан л юм билээ. Миний тэрхүү хүлэг бол сэтгүүлч болох хувь тавилан.  Харин тэрхүү тавилан заяаг ёроолдоо хадгалсан миний жаахан бор авдар бол санаанд багтамгүй  их олон түлхүүрээр онгойдог  адармаатай айхтар цоожтой байсныг яваа яваандаа сэхээрсэн билээ. Ер нь бараг хүн бүхний алс замын ажнай хурдан хүлэг нь мөнхүү тийм олон янзын ээлж дараалсан түлхүүрээр нээгддэг эрдэнийн жүчээнд байж байдаг байх.

Миний ойлгосноор бол тэрхүү цоожийг эхлээд номын түлхүүрээр түлхүүрдэх хэрэгтэй, дараа нь оюун ухааны түлхүүрээр түлхүүрдэх учиртай. Гэвч тэр цоож бүрэн онгойхгүй тул сэтгэл зүрхтэй түлхүүрээр түлхүүрдэх хэрэгтэй болно, тэгэвч гүйцэд онгойхгүй. Тиймээс эцсийн нэг түлхүүрээр түлхүүрдэх хэрэгтэй болно. Тэр түлхүүр бол жинхэнэ хүн байхын түлхүүр  буюу ёс суртахуун, мөс жудгийн түлхүүр. Энэхүү хүн байхын түлхүүрээр түлхүүрдэж хүмүүнлэг ёс суртахууныг нь сайн нээж өгөхгүй орхисноос болж тухайн хүний ааш араншин нь орчин ахуйн муу нөлөөгөөр маш амархан эвдэрч сагсуурал, залхуурал, хөлчүүрхэл, авлигал, тансаглал, шунахайралд эзлэгдэж  хүн биш харин хүний дайсан болж хувирах аюул  бий.

Хэдэн жилийн өмнө “хөгшин нохойн дурлал” хэмээх эссе нийтлэлд сагсуурал ба залхуурлын тухай асуудал дэвшүүлж  зарим уншигчаас  талархлын гоё үг сонсож  явсансан. Тэнд “Бодохуйя, би мэдэж байна, би хийж байна, би чадаж байна гэсэн чинь  мэдэхгүй байж мэдэж байна, чадахгүй байж чадаж байна, хийгээгүй байж хийж байна, сураагүй байж сурчихсан байна” гээд сэрүүн зүүдэндээ олон жил алмайрчхаж. Энэхүү сагсуурал намайг мөнхийн залхуу амьтан болгожээ. Харин ийм залхуу өвчин ганц намайг биш монгол хүн бүхнийг хойш нь жийж, доош нь чангааж байгаа нь бүхнээ илэрхий билээ. Газар нутаг, мал сүрэг, хүн зон, оюун ухаан, сэтгэл зүрхний хүмүүжил гээд тал талаас нь бодож үзэхэд Монгол орон өнөөдрийнх шиг ийм ядруу орон байх учиргүй байсан ажээ.

Сагсуурал залхуурал хоёр намайг идсэн шиг Монголыг минь  идэж байна.  Ухаант Монголын өвөг дээдэс маань залхуурал хүн төрөлхтнийг ч мөхөөж болох онц  аюултай муу зуршил мөн болохыг таньж мэдсэн учраас “Залхуу хүн завагтаа хүрэхгүй турж үхдэг” гэж сэрэмжлүүлжээ.

Харин одоо энд өнөөдрийн Монголыг залхуурлаас дутахгүй хэмлэж  байгаа  аюулт муу зуршил  болох тансаглалын тухай цухас хэдхэн үг хэлмээр байна. Энэ цагийн өнгөн дээр тансаг хэрэглээ нь Монголын хамаг баялгийг үр ашиггүй үрэн таран хийлгэдэг утаагүй түймэр  болсон байна.Тэгвэл  энэхүү утаагүй түймэрт өртөж хамаг баялгаа үнс болгон хийсгэчихгүйн тулд тансаглалд өртөхгүй  хэн шиг даруу амьдрах ёстой вэ. Энэ асуултад үнэн хариу олохын тулд багагүй эрэл  хийж  яваад ямар ч атугай нэг боломжийн хариу олсон тул түүнийг энд хэлье.

Миний олсон энэ хариу монголчуудад таалагдах нь лавтай биз. Учир нь энэ бол манай эзэн богд Чингис хааны сургааль байгаа юм.  Чингис хаанд алдарт Чан Чунг дагалдан бараа бололцож явсан лам Ли Че-чан гэгч бээр ”Хятадуудын хэт тансаг амьдралаас тэнгэр бурхан залхжээ. Би (Чингис) умар зүгийн атар онгон нутгийн хүн. Энгийн борог орчиндоо очиж сэтгэл амар суумаар байна. Миний өмсдөг хувцас, иддэг хоол бол үхэрчин адуучныхтайгаа адилхан. Цэргүүдийг дүү нар шигээ үздэг. Хэдэн зуун тулалдаанд ямагт өөрийн биеэр түрүүлж оров” хэмээн өгүүлж байсан гэж бумбын шашны гүн ухааны толь бичигт тэмдэглэн үлдээсэн байдаг гэнэ ээ. Эндээс нэг сонин асуудал харагдаж байна. Юу гэвэл жинхэнэ ухаалаг даруухан амьдрал бол  үхэрчин адуучныхтай адилхан амьдрах явдал мөн гэсэн байна. Энэ бол цааш цааш нь ургуулан бодож лавшруулан задалж ойлговоос нэн зохилтой үг мөн байж таарна.

Монголын хэн гуай нь ч гэсэн  нүүдлийн соёл иргэншилтэй монгол хүний үр удам гэдгээ хүндэтгэн олзуурхаж  энгийн даруу амьдрахыг сануулсан байх  шиг байна. Харин сүүлийн үед манай соёлтой залуучууд даруухан хэрэглээтэй амьдрахын төлөө хөдөлгөөн өрнүүлэх санаачилга гаргаж байгааг харлаа. Тийм эхлэл санаачилга гарч байгаа  нь үнэхээр цаг үеэ зөв мэдэрсэн мөнөөх уул уурхайн эрдэнэс баялгаас илүү үнэ цэнтэй эхлэл болох байх. Учир юун гэвэл тансаглал бол манай Монголыг хоцрогдлын лаг шаварт  өеөдүүлэх гээд  байгаа “гоё дайсан” мөн. Авлига эндээс үүсвэрлэн гарч байна. Ядуурал бол нийгмийг хамарсан тансаг хэрэглээний төлөө өрсөлдөөний нэгэн том золиос мөн байна. Эцэст цохон тэмдэглэхэд сагсуурал, залхуурал, тансаглал гурав бол манай өгсөн дээшлэх замд тохиолдож байгаа гуравласан цагаан сүүдэр мөн гэдгийг хэлье.

 

Хорлоогийн Цэвлээ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)