Бага хурлын гишүүд “давхар” дээлний асуудлыг түдгэлзүүлж байжээ
- 2022-07-05
- Нийтлэл
- 0
Одоогийн яригдаж буй Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын бүтэц болон давхар дээлний асуудлыг ярьж буй. Тэгвэл 1992 он буюу анхдугаар Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр тухайн үеийн парламент УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа болон давхар дээлний талаар ямар байр суурьтай байв. Энэ талаар Үндсэн хууль батлах үеийн хэлэлцүүлгийн протоколыг гол болгосон “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” 12 боть номонд хэрхэн тэмдэглэснийг хүргэж байна.
Улсын бага хурлаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа гурван жил гэдэг А хувилбар, Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил гэдэг Б хувилбараар санал хураалт явуулахад, А хувилбарыг дэмжсэн 21, татгалзсан 14, түдгэлзсэн 8 гишүүн байв. Б хувилбарыг дэмжсэн 25, татгалзсан 12, түдгэлзсэн 6 гишүүн байв. Тийнхүү олонхийн саналаар УИХ, ЗГ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил гэж АИХ-д оруулахаар тогтсон байна.
Хэлэлцүүлгийн үеэр С.Баярцогт “Парламент буюу хууль тогтоох засаглал бол консерватив хэв шинжтэй байгууллага. Тухайн сонгуулийн жилүүдэд зөвхөн гүйцэтгэх засаглал маш шуурхай хүчтэй ажилладаг. Гүйцэтгэх засаглал нь ингээд дөрөв дөрвөн жилээр солигдсоноор намуудын эдийн засгийн бодлого их өөрчлөгдөнө” гэжээ.
Харин Д.Чилхаажав гишүүн “Ер нь эрх мэдэл нь хаанаа илүү байна, тэр нь арай урт хугацаанд байсан нь дээр байх. Ерөнхийлөгчийн засаглалтай бол Ерөнхийлөгч нь зургаан жил ч юм уу, эсвэл парламентын эрх мэдэл илүү байвал парламент нь зургаан жил байвал зүгээр. Бүгдээрээ зэрэг сонгогдож, зэрэг солигддог энэ дутагдлыг бид амссан” гэжээ.
Д.Цэнджаргал гишүүний хувьд “УИХ, Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоё. Зөвхөн бид шилжилтийн эхэн үед байгаа учраас өнөөдрийнхөө төлөв байдлыг тусгах нь зүйтэй” гэсэн байна.
С.Баяр “Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг тодорхой зааж өгөхгүй бол цаг зуурын бэрхшээлийг ашиглах хүчин зүйл маш их болно шүү. Хийсэн болгон дээр нь шүүмжлээд дөрөөлж гарч ирэх хүчин энд тэндээс маш их гарна. Хэрвээ бүрэн эрхийн хугацаа нь тодорхой бол тэр хүчин зүйл гарах магадлалыг нэлээд бууруулж өгөх болов уу” гэхэд Д.Чилхаажав гишүүн “Засгийн газрыг дөрвөн жил ерөөсөө ямар ч унадаггүй, буудаггүй Засгийн газар байлгахаа хуулиар тогтоож өгөх гээд байна. Ийм юм хэзээ ч байхгүй” гэдэгт хатуу байр суурьтай байжээ.
Харин давхар дээлний асуудлаар С.Баярцогт гишүүн “Ажлаа бодохын тулд Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг дэмжинэ шүү дээ” гэжээ.
Ингээд Улсын Бага Хурлаар Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэдэг асуудлаар санал хураалт явуулахад зөвшөөрсөн 14, татгалзсан 26 болж, дэмжигдээгүй байна.
Т.САЙХАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл (0)