ОХУ-ын гадаад хэргийн сайд Лавровын албан ёсны айлчлалын эргэн тойронд
- 2022-07-05
- Нийтлэл
- 2
ОХУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилж байна. Манай Монгол улсад хэрэгтэй айлчлал болох бизээ. Юу яригдах бол, Монгол улсад ямар боломж, хамтын ажиллагаа санал болгох бол, ямар нөхцөл тавих бол гэх мэтчилэн хойд хөршөөс харах хүлээх зүйл их байгаа.
Дэлхийн улс төрийн нөхцөл байдал Дэлхий дахинд геополитикийн шинэ орон зай, сөргөлдөөн үүсээд нилээд удаж байгаа дээр нь Орос Украйны мөргөлдөөнөөс үүдэн хэд хуваагдахдаа туллаа.
ЗХУ задран унаснаас хойш дэлхийн геополитикийн тавцан дээр Хятад, Энэтхэг, Турк, Бразил, Өмнөт Африкаас эхлэн Ази номхон далайн нилээд улс орнууд эдийн засгийн хүчээр түрэн гарч ирээд басхүү геополитикийн үзэл санаагаа цухалзуулаад байгаа.
Югослав, Ойрхи дорнодод АНУ, түүний холбоотнуудын хийсэн дайн Ливи, Сири, Ирак Египет, Афганистан гм улсуудад том тэмцэл үүсгэж олон жил цус урсган дэлхий энх тайван, улс орнуудын тусгаар тогтнолд аюул учруулаад удаж байна.
Арабын хойг, Латин Америк, Зүүн өмнөд Ази, Төв Азид ч байдал тогтворгүй болсоноос одоо Төв Европд цагаачид дүрвэгсдийн асуудал шүдний өвчин боллоо.
НҮБ өнгөрсөн хугацаанд үндсэндээ дэлхий дахинд энх тайвныг сахиулах үүргээ биелүүлж чадаагүй, том гүрнүүдийн бодлого, түрэмгийллийг зогсоож чадаагүй, тэдний гар хөл болсон гэхчлэн шүүмжлүүлээд энэ байгууллага байх хэрэг байна уу гэдэгтээ ч тулаад байна.
Дэлхийд нэг том гүрний улс төр, эдийн засгийн ноёрхол биш олон талын үзэл бодол сонирхлыг харгалзах цаг болсон нь ОХУ-АНУ-ЕХ-БНХАУ нарын сөргөлдөөнөөс ил.
Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал Дэлхий дахинд сүүлийн хэдэн жил үүссэн эдийн засаг санхүүгийн нөхцөл байдал мөргөлдөөнөөс үүдэн судлаачид, хүнс, түүхий эд ховордон үнэ өсөх, хуваагдсан орон зайнууд хоорондоо эдийн засгийн хориг, тэмцэл үүсгэн жирийн ард иргэдийн амьдрал улам бүр хэцүүднэ, ирэх жилүүдэд өлсгөлөн, өвчин нүүрлэнэ, үүсч буй шинэ улс төр, эдийн засгийн төвүүдэд цоо шинэ зохицуулалтын механизм бий болно, олон талт улс төрийн, эдийн засгийн, санхүүгийн бодлого хамгийн үр ашигтай хэлбэр байх болно, үүнд мэдээллийн технологийн хөгжлийн цар хүрээ гм олон хүчин зүйлээс шалтгаалан долларын ноёрхол байраа алдаж мөнгө санхүүгийн цоо шинэ хэлбэрүүд койн гэх мэтээс эхлэн шал өөр нөхцөл бий болно гэж мэдээлээд байгаа нь биелэлээ олж эхэллээ. Ийм сонин нөхцөлд манай улс үстэй толгойноосоо ихэдсэн гэхээр бөөн гадаад өртэй сууж байна.
Европын холбооны улсууд болон гадаад улсуудын манай улсад чиглэсэн хандлага Орос-Украйны нөхцөл байдлаас үүдэн ЕХ-ны улсуудын элчин сайд нар нэгдэн манай улсад ОХУ-н эрчим хүчнээс хараат байдлаас салахад туслах санаачлага гаргасныг бид мэднэ. Манайд хэрэгтэй гэхдээ бас л цаанаа улс төрийн зорилготой, Олон жилийн туршид дэлхийн санхүүгийн байгууллагуудын манай улсад үзүүлсэн тусламж тэгтлээ бидэнд хэрэг болоогүйг эдийн засгийн ухааны доктор Баярхүү, систем судлаачид мэргэжилтнүүд хэлээд байгаа. АХБ-ны Монголд хэрэгжүүлсэн олон тусламж зээлийн доод тал нь 10 хувь түүнээс дээш хувь нь эргээд эзэддээ эргэн очдог талаар маш олон судлаачид бичээд байгаа. АХБанк Монгол улсын тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлын эсрэг чиглэсэн гэж хэлж болохоор зарим сэжиг бүхий тусламжийг үзүүлсэнийг манайхан санаж байгаа. Тухайлбал казах хүүхдүүдийн сурах бичгийг хэвлэх, гэх мэтээр. Япон, Хятад, Солонгос улсуудын тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа ч дагуулаад өөрийн хэл соёл, итгэл үнэмшлээ тулган хүлээлгэх сурталчлах ажил их хийгдсэнээс одоо хаа сайгүй хятад солонгос, япон хоолны газрууд, дэлгүүрүүд, зочид буудал, харийнхны эзэмшлийн газрууд бий болж, ТВ-ээр байнга гардаг харийн киноноос залуус маань хүнийг хохироох хамаг нарийн заль мэхийг сурч, монгол хэл соёлоо үл тоон харийн соёл итгэл үнэмшлийг дээдлэх болсон нь түгшүүр төрүүлж байна. Энэ мэтээр харийн юм гэдэг харийн л юм гэдгийг ухаарах, цаашдаа өөрсдийн хүч нөөцөд найдах цаг ирээд байгааг зарим холбоод, иргэний нийгмийн зүтгэлтнүүд сануулаад байгаа. Энэ бүхэн нь ОХУ-ын гадаад хэргийн сайд, цаашид ирэх олон улс төр, эдийн засаг, бизнесийн төлөөлөгчидтэй хийх уулзалт, гэрээ хэлэлцээрт анхаарахыг сануулаад байна.
ОХУ-ын гадаад, дотоод нөхцөл байдал ОХУ одоогийн байдлаар дэлхий дахинд хавчигдсан, ад үзэгдсэн байдалтай, эдийн засаг улс төрийн хориг нуман тулгуурт орсоноос гадаад бодлогоо Ази руу идэвхтэй эргүүлж байна.
ЗХУ задран унасан нь оросын хамгийн том эмгэнэл гэж ерөнхийлөгч Путинээс эхлээд улс төрчид нь үздэг ба үүний цаана Их оросын шовинист үзэл байдаг гэдгийг дэлхий дахинд хэлээд болгоомжлоод байдаг. Үнэхээр ч Оросын эзэнт гүрэн, ЗХУ-ын үеээс бүрэлдэхүүнд нь байсан олон улсууд тусгаарлаж, хараат байдлаас гарах бодлогыг барьж байгааг Балтийн тэнгисийн улсууд, Польш, Финлянд зэрэг улсуудаас харж байна.
ОХУ-ын хил залгаа улсууд Тажикстан, Киргизстан, Казакстан, Узбекистанд үүсээд байгаа нөхцөл байдал Турк угсааны улсуудыг нэгтгэх гэсэн Түркийн мөрөөдөл, лалын ертөнцийн хувьд хужир болж оросуудад бас нэг шүдний өвчин үүсгээд байна. ОХУ-н эдийн засаг сайнгүй байгаа ч хоригийг давж чадна, түүхий эд, хүнс, алт, газрын ховор метал, эрчим хүчний хангалттай нөөц бий гэж мэдэгдээд байгаа. Угаасаа ч ОХУ дэлхийд маш томд орох, олон жилийн дайн самуун мөргөлдөөнд зориулан бэлтгэсэн стратегийн нөөцийн агуулахуудтай улс тул даваад гарах байх гэж найдна. Сүүлийн үед Сибирь дорно зүгрүү чиглэсэн эдийн засгийн дотоод бодлого, төсөл хөтөлбөрүүд нь үр дүнтэй байгаа. Харин бага үндэстнүүд тухайлбал манай Буриад, Тува, Халимаг, Алтайн ард түмэн, якутуудаа жаахан ад үзсэн дээрэлхсэн, хэл соёлыг устгаж өөрийн кирил бичиг, соёлоо тулгасан байдгаас болоод тэдгээр бүс нутагт ард түмний амьдрал муу, архидалт, авлига, гэмт хэрэг өсч нийгмийн тэмцэл ихсээд сүүлдээ ОХУ-аас тусгаарлах тухай их яригдах болсон. Үнэндээ ч Орос улс Сибирийг XVI зууны үед эзэлснээс хойш хамаг баялаг нөөцийг нь сорж байгаа. Өнөөгийн ОХУ-н эдийн засгийн сүр хүч Сибирээс авч буй нефть, хий, алт, алмаз, мод, байгалийн баялгаас бүрдэж буйг тус улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүд хэлээд өгнө. Ийм нөхцөл байдалтай улсын гадаад хэргийн сайд Монгол улсад ээлжит албан ёсны айлчлалаа эхлүүлэх гэж байна.
Монголын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал Манай улс гэж системийн гажуудалд орсон, авлига хээл хахууль газар авсан, томчууд нь эх орноо бус хувийн ашиг сонирхлоо дээдэлсэн, эдийн засаг нь өсдөггүй, дефолт зарлахад ойртсон, үйлдвэржилтгүй /консервны лаз ч үйлдвэрлэж чаддаггүй/ улс төрийн намуудын байр суурьгүй , хэрүүл тэмцэл ихтэй, гадаад өр нь 30 тэрбум ам доллар даваад явчихсан, хөрш улсуудаас бүрэн хараат улс сууж байгааг бүгд мэдэх тул илүү ярих нь бараг хэрэггүй зүйл. Ядаж байхад улс төрд насаараа зүтгэсэн гэх Бат-Үүлээс эхлээд төрийн хэрэг мэдэхгүй нөхдүүд, улс төрийн нам, хүчнүүд хөршийн эсрэг чиглэсэн тэмцэл маргааныг өдөөсөн тун балай байдалтай хойд хөршийн гадаад хэргийн сайдыг угтах гэж байна. Захаасаа өндөг шиднэ, эсэргүүцнэ гэх мэтээр сошиалаар бичээд байгаа.
Хажуу айл, хөрш улстайгаа эвтэй найртай биш улстай өөр ямар улс айл итгэж найдаж харьцах билээ дээ. Тэгэх тусмаа дэлхийн геополтик, улс төр, эдийн засагт нөлөөтэй том хөрштэйгээ шүү. Иймэрхүү байдал үүсгэж буй хүчнүүд алсдаа Монгол улсыг Хятадын нөлөөнд оруулах ажлыг системтэй хийж байгаа гэж үзэхээс өөр аргагүй. Тэгэх тусмаа ЗХУ, ОХУ нь манай тусгаар тогнолд маш чухал нөлөөтэй.
Хэдийгээр оросууд татар монголын дарлалд удсан гэдгээсээ үүдэн манайд өштэй хандан хамаг язгууртнууд, сэхээтнүүдийг хэлмэгдүүлсэн, үндэсний бичиг соёлоос нь салган кирилл бичиг, өөрийн соёл, итгэл үнэмшлээ тулгаж өшөөгөө авсан ч гэсэн бас үед туслан тусгаар тогтнолыг хамгаалсан талтай, цаашид ч туслах бүрэн магадлалтай.
Хэрэв Монголыг Хятадад алдвал ОХУ бөөрөн талаасаа цөмрөн алсдаа Сибирийг хятадуудад алдах магадлалтай тул манайхыг алдахгүй буфер улсаар байлгаж байх геополитикийн ашиг сонирхол бий.
Монгол улсаас санал болгох зүйлс, олж болох ашиг ОХУ гадаад улсад тухайлбал найз улсуудад хөрөнгө оруулах, ашиг сонирхлын бүсээ өргөжүүлэх шаардлагатай болсон өнөөгийн нөхцөлд манай улс ОХУ-аас ОХУ-БНХАУ-ыг улсуудыг холбосон транзит замууд / авто, төмөр, агаарын зам/, хийн хоолой, улс орны бие даасан байдал цаашид ашгаа өгөх үйлдвэрүүд авах, мөн ОХУ-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэх талын төсөл хөтөлбөрүүдийг санал болгомоор байна. Нэг жишээ хэлэхэд Шинэ Зеланд улс Германы махны үйдвэрийг байгуулснаар тэдний стардарт шаардлага, технологид нийцсэн аргаар боловсруулан байнга махаа нийлүүлдэг баримт байна. Оросууд дэлхийн газрын элементийн нөөцөд хяналт тогтоохоор идэвхтэй ажиллаж буй тул аль хэдийн Зөвлөлтийн үед судлагдсан ордуудад хөрөнгө оруулахыг санал болгож магад. Хүнсний хангамж_ ноосон, сүлжмэл эдлэл талаасаа манайд санал болгохоор бэлэн бараа бүтээгдэхүүнд бий. Харин хил гаалийн татвар, хураамж, хүнд суртал, дарамтаа суллахыг оросуудаас нэхэж болно гэх зэргээр олон санал байна даа. Монголчууд аа мөнхийн найз, дайсан гэж үгүй харин улс үндэстэн болгонд мөнхийн эрх ашиг гэж байдаг гэдгийг Орос Украйны гэх зэрэг түүхэн нөхцлүүдээс харж байна. Хойд хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалыг зүгээр гос тунхаглал шоу биш эх оронд минь ашигтай байхаар ашиглая аа.
Нийтлэл бичсэн Ц. Мөнхжаргал 2022-07-04
Сэтгэгдэл (2)
Зочин (192.82.72.8)
Ц.Мөнхжаргал Танд байрлав. Маш зөв. Түүнээс зарим бүдүүлэг хүмүүсийн бичиж байгаа шиг бусад улсыг хялайж хардаг бүдүүлэг улс биш л дээ. Манай улс дэлхийн олон улстай өөрийн улсын эрх ашиг, бусдын эрх ашгийг зэрэгцүүлэн тавьж шийдвэр гаргах чадвартай байх ёстой. Таны санал ийм юм гэж ойлголоо.
Иргэн (64.119.22.61)
АНУ болон НАТО-гийн улсууд бусдын гараар ба бусдын нутаг дээр ОХУ-тай дайн хийж байна. АНУ нь зэр зэвсгээ дэлхийд сурталчилж байна.