Дарханы замыг шинэчлэх ажлыг “нэг жилд багтаах” нэг хүний худал амлалтын гай 4 дэх жилдээ үргэлжлэв
- 2022-07-18
- Нийтлэл
- 3
Дарханы замын ажил ард түмнээрээ дүнгээ тавиулж, энэ чиглэлд явсан хүн бүхэн халаглаж гасалсаар ирсэн хэвээрээ байна. Ирэх жилийн наадмаар ч энэ хэвээрээ байх биз ээ.
Монгол Улсын Засгийн газар 2018 оны есдүгээр сард Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэрийг гаргасан. Төлөвлөгөө ёсоор 2019 оны 11 дүгээр сард дуусгах ёстой байсан ч өнөөдөр энэ зам ашиглалтад ороогүй байна. Одоо үүний “буруутныг” хайцгааж, сүүлдээ “Үйлийн үр” болж хувирав. Энэ “үйлийн үр” хаанаас эхлэлтэй гээч.
Тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажлыг нэг жилийн дотор хийх “гайхамшигтай” мэдэгдлийг хийхэд ийм боломж байгаа эсэх талаар мэдээллээр хангасан хүн нь Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /АЗБХЗГ/-ын дарга Д.Доржханд юм. тооцоо судалгаагүйгээр Ерөнхий сайдыг ташаа мэдээллээр хангаж, биелэшгүй амлалт авсан нь хожим олон хүнд гай болоод зогсохгүй хамгийн гол нь Дарханы замын ажлыг өнөөг хүртэл үргэлжлээд дуусдаггүй байх тэр “үйлийн үр” гэгчийн эхлэл болсон байдаг.
Хэдийгээр 1939 онд анх баригдаж, 1999 оноос хойш их засвар хийгдээгүй хоёр эгнээ зам хөдөлгөөний эрчмийг хангахгүй байсан нь үнэн боловч уг замын эхний хоёр эгнээг нэг жилийн дотор барьж дуусгах ямар ч боломжгүй байжээ. Яагаад боломжгүй гэж?
Юуны өмнө зураг төсөл нь бэлэн байгаагүй. Зураг төслийн тендер зарлах ёстой байсан, үүнд зарцуулах 900 сая төгрөг нь ч Замын санд байсан боловч шууд гэрээ байгуулсан байдаг! Сонин л доо. ЗТХ-ийн сайдаар Д.Ганбат ажиллаж байх үед Дарханы замын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тендерт шалгарч байсан “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-тай тендергүйгээр шууд гэрээ байгуулсан байдаг. Тэр үед тус замын ажлын зардал 560 сая ам.доллар байсан бөгөөд тухайн компани 3.3 тэрбум төгрөгөөр зураг төсөл хийсэн гээд шүүхэд хандсан байдаг. Ингээд тус компани зураг төслөө хийгээд 2019 оны 3 дугаар сард захиалагч яаманд хүлээлгэж өгсөн бөгөөд үүний дагуу тендер зарласан. Тендрийн үнэлгээний хорооныхон Дарханы замыг шинэчлэх ажлын төсвийг нийт 84 сая ам.доллараар хийхээр УИХ баталсан боловч 63.1 сая ам.долларт багтааж 20.9 сая ам.доллараар хийхээр болж 60 орчим тэрбум төгрөг хэмнэсэн “баатрууд” болов уу гэтэл жинхэнэ “зовлон” эндээс эхэлжээ.
Юуны өмнө зураг төсөл оройтож бэлэн болсон. Байхгүй зүйлд үндэслээд, АХБ-тай ч тохироогүй байж “Нэг жилийн дотор амжина” гээд Ерөнхий сайдад амлачихсан, үүндээ хөтлөгдөж бүх зүйл буруутаж эхэлсэн байдаг. АХБ 1 жилийн дотор дуусгаж чадахгүй гэж удаа дараа анхааруулсан байдаг.Тендерийн ажлын даалгаварт ч 1 жилээр оруулаагүй ажил хийх хугацааг 12 сар байна гэж заажээ. Ер нь бол Дарханы замын шинэчлэлтийн ажлыг нэг жилийн дотор гүйцэтгэж яасан ч амжихгүй гэдэг бодит үнэний хэлсэн бүхэн “төрийн дайсан” болчихоод байсан нь маргаангүй үнэн. Хамгийн сүүлд 28 хятад компани тендерт оролцож тухайн компанийн санхүүгийн чадавх, борлуулалтын орлогоор нь маш өндөр босго тавьж шалгаруулсан. Мөн манай тал хэт бага үнэ санал болгосон Хятадын компанийг “эрсдэлтэй” гэж үзээд барьцааг нь нэмсэн аж. Тухайлбал, тендрийн баталгаа 5 хувийг, 2.4-р багцийн тендрийн баталгаа 10 хувь болгоход цаад тал шууд зөвшөөрчээ.
Олон нийтийн зүгээс “Зүгээр байсан замыг яах гэж хуулсан юм бэ” гэх шүүмжлэл хурцаар өрнөдөг. Энэ нь технологийн асуудал байсан бөгөөд товчхондоо суурийн тэгшитгэл хийх, хуучирсан хоолойг солихын тулд заавал хуучин бүтээцийг хуулж авч байж шинэчлэхээс аргагүй байжээ. “Одоо ашиглаж байгаа авто замын далангийн өргөн 9-10 метр, хучилтын өргөн 6-7 метр байсан бол авто замыг дөрвөн эгнээ болгох өргөтгөл шинэчлэлтийн хүрээнд далангийн өргөн 11 метр, хучилтын өргөн есөн метр болж өөрчлөгдөнө. Мөн хуучин асфальтыг хуулж хаях нь байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөөтэй байсан бол одоо хучилтын асфальтыг хаялгүй, газар дээр нь боловсруулж, буцаан дэвсдэг ресайкл хэмээх шинэ технологийг ашиглаж эхлээд байна. Ингэснээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнээд зогсохгүй байгаль орчинд ээлтэй зэрэг олон давуу талтай” гэсэн тайбарыг тэд өгцгөөж байв.
Ингээд ажил эхэлж байтал буюу 2019 оны 9-р сард Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /АЗБХЗГ/-ын дарга Д.Доржхандыг АТГ баривчилж 461-р ангид хорьсон. Ингэж байтал 10 дугаар сар болж, бүх ажил яарч давчдуулсан цаг хугацаанд шахагдаж эхэллээ. Ус зайлуулах хоолой хийхийн тулд замыг нь ухаад хаяхаас өөр арга байсангүй. Яагаад ч амжихгүйгээ мэдээд “буцааж булаад” команд өгөх нь тэр. Гэтэл гүйцэтгэгч хятадын компанийнхан “Бул” гээд байхад л гэрээний зураг төслийн дагуу ажиллаж байна гээд ухаад байдаг. Тэдний авсан багц 42 км. Арай гэж 11 дугаар сарын 1 гэхэд булуулж авлаа. Ингээд хайрган замаар хучмар аядаад ирсэн.
Ингээд “Ковид”-той нүүр тулсан. Манай тал тендрийн гүйцэтгэгчдэд гаднаас ажиллах хүн хүч болон шаардлагатай тоног төхөөрөмжөө оруулж ирэхэд нь дэмжлэг үзүүлэх үүргээ ч биелүүлсэнгүй. Дээр нь “Сайн үнэлэгдсэн” гэдэг мэдэгдлээ тендерт оролцогч талд өгснөөс хойш 28 хоногийн дотор гэрээгээ байгуулах байтал манай тал сонгууль дөхсөн байсныг ч хэлэх үү, олон нийтэд амласан цаг хугацааны амлалтдаа багтаахын тулд мэдэгдлээ өгөнгүүт гэрээгээ хийе гэж шахаад, бушуухан Дарханы зам дээр ажилд нь гаргахын түүс байсан нь ч манай талын л буруу. Тиймээс “Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг групп” хийсэн гэрээг 2020 оны 2 дугаар сард гэрээг цуцалж уг багцууд дээр дахин тендер шалгаруулсан.
Уг Үнэлгээний хороог ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа ахалж ажилласан. Үүгээр “Арж капитал”, “Чайна жое” компаниуд шалгарсан. Тэр ч байтугай тендерт шалгарсан “Чайна жое” компанийг шалгарсанд мэргэжлийнхэн дургүй байсан нь Хэнтийд тавьсан 50 км зам нь хууларчихсан байсаар байтал яагаад дахин шалгаруулав гэцгээж байсан боловч гол шалгаруулалтыг шийдэж байсаэ АХБ-ны зөвлөх Ian Paterson “Та нар энэ компанид итгэхгүй байх баталгаа өг, өмнөх түүхийг нь битгий ухаад бай” гэдэг байсныг эх сурвалжууд хэлж байна. Энэ ч бас хардлага төрүүлэх сэжим мөн.
Одоо бид 2023 оны 10 дугаар сар гэсэн “ам хугацаатай” үлдэв. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж гол түүхий эд цементийн үнэ өссөн. Дарханы замын эхний ээлжийн хоёр эгнээг барихад 55 мянган тонн цемент хэрэгтэй. Ийм хэмжээний цементийг үйлдвэрүүд хангаж хүчрэхгүй байгаа гэхчлэн бэрхшээл их бий. Гэвч Дарханы замын талаар дахин дахин худал амлалт сонсохгүйгээр энэ өвөл гэхэд дөрвөн эгнээ, сайн чанарын замаар “инээгээд алхах” биш “эсэн мэнд давхиж” хүрэх хувьтай гэдэгт итгэж байна.
Нийтлэлч
У.Оргилмаа
Сэтгэгдэл (3)
unshigch (192.82.74.181)
улс төрчид төрийн алба руу шүлэнгэтэх ийм аюултай
unshigch (192.82.74.181)
наад дурак чинь олон хүний амь нас, эд хөрөнгөнд асар их гай тарьсан даа, одоо хүмүүс замаас халшраад бүх ажил амьдралаа хойш тавьж байна муу новшоос болж
(202.9.47.45)
Энэ бүх алдаа завхарлбг Сайд Халтар мэргэжлийн хүний нүд эх оронч сэтгэлээр зөв харж засаж залруулж хийж байгаа шүү.