Р.Эрдоган В.Путинтэй Иранд уулзахаар төлөвлөж байна

АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган долоодугаар сарын 18-19-нд Иранд албан ёсоор айлчилж, Астанагийн форматын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Айлчлалынхаа үеэр тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байна гэж Туркийн төрийн тэргүүний тамгын газар ням гарагт мэдээлэв. 

“Айлчлалын хүрээнд долоодугаар сарын 19-нд Турк, Ираны Дээд түвшний хамтын ажиллагааны зөвлөлийн долоодугаар хуралдаан болж, хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх алхамыг хийнэ" гэж мэдээлэлд дурдсан байна. Түүнчлэн бүс нутгийн болон олон улсын асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн энэ өдөр Р.Эрдоган Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раисигийн даргалан явуулах Астанагийн форматын долоо дахь дээд хэмжээний уулзалтад оролцох аж. Уг уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцох юм. "Дээд хэмжээний уулзалтаар Сирийн байдал, бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж буй террорист байгууллагууд, Курдийн ажилчны нам, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх асуудлаар улс төрийн зөвлөлдөх уулзалт хийхийн зэрэгцээ улс төрийн шийдэлд хүрэх хүчин чармайлт, хүмүүнлэгийн байдал, Сирийн дүрвэгсдийг эх оронд нь сайн дурын үндсэн дээр буцаах зэрэг асуудлыг хэлэлцэнэ” гэж Туркийн төрийн тэргүүний тамгын газар мэдээлсэн байна. 

“Ерөнхийлөгч мөн ОХУ-ын төрийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна” гэж онцлон тэмдэглэжээ. 

 

ОХУ, Туркийн Ерөнхийлөгч нар өнгөрсөн долоо хоногт утсаар ярьжээ. Талууд "Украины байдлын талаар тэр дундаа Хар тэнгис дэх тээвэр болон үр тарианы экспортын аюулгүй байдлыг хангах хүчин чармайлтыг зохицуулах асуудлаар санал бодлоо солилцсон" гэж Кремль мэдээлсэн байна. Хоёр орны тэргүүн нар мөн худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийг төлбөр тооцоонд ашиглах, Оросын эрчим хүчний эх үүсвэрийг тасралтгүй нийлүүлэх асуудлыг хөнджээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)