Малчин болох сонголтыг зөвхөн хөвгүүд хийх ёстой юу?

“Арван жилээ төгсөөд үргэлжлүүлээд сурах сонирхолтой байсан ч мал дээр гарсан. Би айлын том хүү. Аав ээж хоёр мал малладаг. Тухайн үед хоёр дүү маань сургуульд сурдаг байлаа. Тиймээс санхүүгийн асуудлаас болж их, дээд сургуульд суралцах боломжгүй болсон. Нэг айлаас гурван хүүхэд сурч байгаа учраас  сургалтын төлбөр  төлөхөд хүндрэлтэй” хэмээн ярих Г нь Сэлэнгэ аймгийн малчин. Энэ мэтчилэн эрэгтэй хүүхдээ удам залгуулан, харин охиноо боловсролтой болгох гэсэн хандлага бичигдээгүй “хууль” болсон.

 

Өглөөнөөс орой хүртэл зуны аагим халуун, өвлийн хахир хүйтэнг үл ажран ажиллах малчдын амьдралын хэв маяг, амар биш. Гэхдээ үүнийг зөвхөн эрэгтэй хүүхэд нуруун дээрээ үүрэх ёсгүй. “Эмэгтэй хүүхэд боловсролтой болох хэрэгтэй.

 

Хөдөө хөхөрч, гадаа гандаад яах вэ. Харин эрэгтэй хүүхэд мал дагахад алзахгүй. Байшин барилга бариад ч болтугай амьдралаа аваад явна. Түлээ мод, ус авах ойр зуурын ажилд тусалж эцэг эхдээ дэм болох хэрэгтэй” гэсэн жендерийн хэвшмэл ойлголт нь бидний дунд байсаар. Энэ нь эрэгтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг  хааж байгаа хэрэг юм. Цаашлаад залуу малчдын хүйсийн тэнцвэр алдагдаж, гэрлээгүй, ганц бие залуус ихсэж байна.

 

ГЭРЛЭХ НАСНЫ ГАНЦ БИЕ ЭРЭГТЭЙЧҮҮД 10-13 ХУВИАР ӨСЖЭЭ

Цаг хугацаа хувьсан өөрчлөгдөж буй энэ үед эрэгтэй хүүхэд мал дээр гарч, эцэг эхдээ туслах ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчлөх цаг болжээ. Эрэгтэй болж төрснийхөө төлөө сурч боловсрох, хөгжих эрхээ хасуулах ёсгүй. Түүнчлэн малчдын хүйсийн тэнцвэргүй байдал 2000 оноос хойш нэмэгдэж эрэгтэйчүүд давамгайлж эхэлжээ. Амьдралын зайлшгүй байдлаас болж мал дээр гарч, найз эмэгтэй нь мэргэжил эзэмшихээр хотыг зорьж, хөдөөний мэргэжилгүй хүнтэй суулгахгүй гээд салсан тохиолдол ч цөөнгүй байдаг. Хэдийгээр эхнэр нь мэргэжил эзэмшээд гэр бүл болсон ч үзэл бодол, санхүүгээс болж зөрчилддөг болохыг залуу малчид хэлж байсан юм. Энэ мэтчилэн хөдөө орон нутагт залуу малчдын эрх зөрчигдсөөр. Мөн залгамж халаа авах залуу малчдын тоо буурсаар байгааг Жендерийн үндэсний хорооноос гаргасан судалгаанаас харж болно. Үүний шалтгааныг “Хөдөөгийн нийгэм, соёл, эдийн засгийн орчин нөхцөл, мал аж ахуйн салбарын хөдөлмөрийн нөхцөл байдлын бодит үр дагавар” гэсэн судалгаанд тусгажээ.

Тодруулбал, “Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдралд жендерийн дүн шинжилгээ” сэдэвт хэлэлцүүлэгт зургаан аймгийн 24 сумын 924 залуу малчин, хөдөө, мал аж ахуйн мэргэжилтнүүд хамрагдсан. Судалгаагаар сүүлийн 10 жилийн хугацаанд гэрлэх насны ганц бие эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 10-13 хувиар өссөн тоон үзүүлэлт гарсан юм. Насны бүлгээр харвал 24 хүртэлх насанд огт гэрлээгүй залуучуудын тоо өндөр байна. Үүний гол шалтгаан нь бидний дунд байсаар ирсэн эрэгтэй хүүхэд малаа маллах ёстой гэсэн ойлголт.

Малчид эмэгтэй хүүхдээ малчин болгох хүсэлгүй, мэргэжил боловсролтой болгож хот суурин газар бараадуулахыг илүүд үздэгтэй холбоотой. Мөн охид ч нутаг буцах сонирхолгүй, тогтмол цалинтай залуутай гэр бүл болох хүсэлтэйг судалгаа харуулжээ. Түүнчлэн сум, орон нутагтаа буцаж шилжин ирсэн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 80 хувиар бага байна. Ингэснээр залуу малчдын хүйсийн тэнцвэр алдагдаж, хөдөөд гэрлэх насны залуу эмэгтэйчүүдийн тоо буурч, эрэгтэйчүүдийн гэрлэх боломж хумигдаж байгаа юм. Энэ нь цаашлаад нүүдлийн мал аж ахуйн хөгжил доошлох, хөдөө ажиллаж амьдрах малчид цөөрөх эрсдэл үүсгэж байна. Тиймээс эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, байр суурийг ахиулах, нийгэм, соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах. Алслагдмал амьдралаас үүдэлтэй зөрүүг багасгахаар салбар бүр зохих арга хэмжээг хэрэгжүүлбэл дээрх зөрүү багасахыг судлаачид хэллээ. Жендерийн үндэсний хорооноос зохион байгуулсан  хэлэлцүүлгийн үеэр судалгаанд оролцсон малчин залуусын 22.7 хувь нь хүүгээ малчин болгоно гэжээ. Харин 0.5 хувь нь охиноо удам залгуулах хүсэлтэй гэсэн байна. Үүнээс эрэгтэй хүүхэд мал дээр гарч, амьдралаа авч явах ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчлөх цаг ирснийг харуулж байгаа юм.

 

ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЭГТЭЙГЭЭСЭЭ ИХ БАЙНА

 

Манай улс Азийн бусад орноос охид, эмэгтэйчүүд сургуульд сурч боловсрол эзэмших нь их байдаг ажээ. Түүнчлэн бүх шатны боловсролын байгууллагын судалгаанаас харахад бага болон дунд ангид эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тоо тэнцүү байдаг бол ахлах ангид эмэгтэй хүүхдийн тоо ихэсдэг байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээллээр ядуу малчин айлын хөвгүүд дунд боловсрол эзэмших боломжгүй байдаг аж. Тодруулбал, 8-15 насны сургууль завсардсан нийт хүүхдийн 60 хувийг ядуу малчин айлын хөвгүүд эзэлж байна. Тиймээс 2008 онд БШУЯ-наас ЕБС-ийн IX анги төгсөгчдийн 80-аас доошгүй хувийг X ангид элсүүлж, түүнд эрэгтэй суралцагчдын эзлэх хувийг улсын хэмжээнд 48 хувьд хүргэхээр заажээ. Энэ нь хүйсийн ялгаатай байдлын зөрүүг багасгахад нөлөөлсөн байна. Харин их, дээд сургуульд эрэгтэй, эмэгтэй суралцагчийн тооны ялгаа улам гүнзгийрдэг аж. Дээд боловсрол эзэмшихээр суралцаж буй эмэгтэйчүүд эрэгтэйгээсээ их байна. Тодруулбал, 2021 оны байдлаар их, дээд сургууль, коллежид суралцагчид улсын хэмжээнд эмэгтэй 91034, эрэгтэй 57920 гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Үүнийг бүс нутгаар нь авч үзвэл хангайн бүсээс эрэгтэй 696, эмэгтэй 1538, зүүн бүсээс эмэгтэй 359, эрэгтэй 82, баруун бүсээс  эрэгтэй 764, эмэгтэй 1990, төвийн бүсээс эрэгтэй 1409, эмэгтэй 2727 оюутан суралцжээ.

сонин mn

 

 

П.Амгаланбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (64.119.22.95)

    2022-07-19

    Хөдөөний эрчүүдэд нуужгай олддоггүй учраас тэд төрсөн охидоо хүчинддэг юм.