Д.Баярхүү: Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу?
- 2022-07-22
- Нийтлэл
- 1
Оросын эрдэмтэн Алексей Чичкин гэдэг хүний ихээхэн сонирхолтой судалгааг ил болгоё.
“Киевийн хунтынхан” гэгч нөхөд Дорнод Украинд үхэлдэн байлдаад байгаад тэрээр хариулт хайсан байна. Эдүгээ тусгаар тогтнолоо өөртөө тунхаглаад буй Донецк ба Луганскийн БНУ-уудад нефть, газ, уран, нүүрсний асар их нөөц буй тул түүнд нь өрнөдийнхөн шунаад Киевийн эрх баригчид тэдний гар хөл болж байгаа гэжээ. Өөрийнхөө хоёр муж болох Донецк, Луганскад эх орноо бутаргахгүй хэмээн тулалдаж байгаа украины арми нь “неонацистууд” ба “гадаадын хөлсний цэрэг”-ээс бүрдээд русофоби ертөнцийн эсрэг түрэмгийлэл үйлдэж байгаа аж. Харин тэр нутгийн хөрсөн дор ямар түүхий эд булаастай байгаа нь бүр СССР-ийн үеэс тас нууц гэнэ. Гэхдээ өрнөдийнхөн тэрийг нь сонирхсоор өдийг хүрчээ.
Эрдэмтэн А.Чичкин СССР-ийн Улсын төлөвлөгөөний хорооны архивыг ухаж үзсэн бололтой юм. Луганскад 1940-өөд оны сүүлч, 1950-иад оны эхээр 1600 метрийн гүнээс асар их газрын тосны нөөц илрүүлжээ. 1952 оноос ухаж олборлож байснаа 1957 онд хааж нууцалжээ. Тэр үеийн Зөвлөлт Украины намын дээд удирдлага Москватай тохиролцоод бүх нефтиэ РСФСР-ээс авна, газрын тосны “Дружба” хоолойг Дорнод Украинаар дайруулан Татарстанаас Дорнод Европ руу хүргэнэ хэмээх амлалт авч тэр нь ч хэрэгжиж байсан аж. Ийм байдалтайгаар 1991 оны СССР-ийн таралтыг хүргэсэн ба 2000-аад онд нефтийн хайгуул дахин эхэлж, хэд хэдэн ордыг олж тогтоосон, гэхдээ ордуудын нөөц нууц гэнэ. Луганск гэдэг нь байгалийн хийгээр асар баялаг нутаг юм байна. 1960-аад онд тэндээс байгалийн хий олборлож, Кременскийн районы Краснопоповскийн хийн орд нь алдаршиж байжээ. Лав 10-15 жил тэндээс байгалийн хий оргилсон ба бүх мужаа хангаж, өмнөшөө “Кременная–Луганск–Давыдо-Никольское”, хойшоо “Сватово–Старобельск–Городище” гэсэн тэнхлэгээр тэр чигтээ газ илрүүлээд байжээ. Харин тэр нөөцийг Киевийн төр-засаг ямагт нууцалж ирсэн бололтой. Одоогоор 12 цооног ажиллахаа хүлээж байгаа юм байна. Шатахуун болгон хэрэглэвэл 500 мянган тонн болохоор, цаашаа гүн ухвал 3000 метрийн гүнд хоногтоо 2 тонн нефть гаргаад байх асар их нөөц байгааг «Укргазвидобування» («Укргаздобыча») компани олж тогтоожээ.
Эрдэмтэн А.Чичкинээс гадна украины өөрийнх нь эдийн засагч Игорь Рыбаков гэдэг нөхрийн бичсэн өгүүлэл сайтад бас байна. Луганск мужийнх нь Станично-Луганск районд хосгүй их нөөц байна, 10 гаруй цооног ухахад хоногтоо 51 куб метр хар алт гарна. Донецк муж бол уранаар арвин. Бүр 1930-аад онд ураны нөөцөө илрүүлж тогтоожээ. 1944-1946 онд ураны иж бүрэн хайгуул хийж байсан мэдээ байна.
Тэгээд Донбассын уранаар зөвлөлтийн атомын зэвсэг бүтээсэн, ерөөсөө хуучин СССР-ийн урантай аль ч бүс нутгаас Донецкийн ураны нөөц хол давна хэмээн “Донецкие новости” сонины сайтад бичжээ. Донецк хотоос 200 километр яваад уран илрүүлж болно. Бүр 1944 онд 21 ураны орд нээчихсэн байсан, тэр бүгд Днепровскийн сав газар бий, Өмнөд Буг гол, Умард Донецк голын сав дагуу радио идэвхт материал нөөцлөгджээ. Украины Ерөнхий сайд Юрий Ехануровын үед ВостГОК гэх ураны уурхай ажиллах гэж байснаа үл мэдэгдэх шалтгаанаар больж эргээд тас нууцлагдсан түүхтэй ажээ. Цаашлаад ураны нөөцийг Адамовк, Маяк, Макатых, Славянск, Калка (украины Халх гол) голын сав дагуу илрүүлсэн, гэвч радио идэвхийн дооз нь хэт өндөр тул газар дороо дараастай байхаас аргагүй, тийшээ очих, эрж хайх бүгд хориотой аж. Украины «Uatom» гэх портал сайтын тооцоогоор, ураны нөөцийн орон зай маш өргөн, Николаевск, Краснооскольск (Донецк муж), Марковск (Луганск муж), Берегск (Донецк, Харьковын хил дагуу), одоо дайн болоод буй Мариуполь хотоос хойшоо 60 км явахад л Николаевскийн их орд буй, тэндээс далай хүргэж зөөвөрлөхөд хялбар ажээ. Хөрш Запорож, Харьков мужид бас уран бий.
Маш сонирхолтой нэг мэдээ байна. Монголд уран олборлохоор орж ирээд байгаль орчны төлөө улс төрийн хөдөлгөөнийнхөнд барьцаалагдаж байсан францын “Аreva” компани 2005 онд уран олборлохоор Донбасст очиж байсан байх юм. Канад, АНУ, Британийн зарим фирм ч энэ талын судалгаа хийж, ирж очсон баримт байна.
Харин энэ баримт өнөөгийн Дорнод Украин дахь дайнтай хэрхэн холбогдох вэ гэдэг дээр оросын зарим судлаач маш хачин аргумент гаргаж тавьсан байх юм. 1961-1963 oнд Конго улсын Катанга мужид бельгийн цэрэг нь америкийн ба олон улсын хөлсний цэрэгтэй хамтран эрх чөлөөний хөдөлгөөнийг цус урсган дарахаар дайн өдөөсөн нь өнөөдөр Украинд давтагдаж байгаа гэжээ. Катанга нь уранаар баялаг нутаг, тэндхийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид нь тэр баялгийг улсын болгох, харин өрнөдийнхөн Бельгийн мэдэлд үлдээх гэж хоёр талаасаа алалцсан бол өнөөгийн “Новороссия” буюу Донбасс нь XXI зууны Катанга болж хувирлаа гэсэн байх юм.
Жич: дээрхи мөрүүдэд зохиогч миний өөрөө зохиож бичсэн үг үсэг, өгүүлбэр ганц ч байхгүй, гэхдээ хөрвүүлж уншигчиддаа хүргэе хэмээн энэ цаг үед зориуд шийдлээ. Орос тийшээ 2022.2.24-нд гэнэт халдаж ороод байлдчихсан юм биш, Украины неонацистууд Оросын дургүйг их хүргээд үхэх ялаа өөртөө дуудчихсан ч юм биш, СССР-ээс үүдэлтэй байгалийн стратегийн нөөцөө ОХУ өөртөө оруулж авахаар дайн хийж байгаа болж таарлаа. Орос хэл соёл, оросын ертөнц энэ тэр нь нефть, газ, уран, нүүрсний төлөөх үхэлдээнийх нь халхавч болж таарлаа. Уул уурхай, олборлолт, лиценз хэмээн байнга үхэлдэн тэмцэлдэж, тэр хэдийг л хөгжлийн ганц гарц болгочихоод буй манай өнөөгийн улс төрчдөд нэгэн төрлийн дохио сануулга болох болов уу гэж үзээд дээрхи мөрүүдийг тэрлэв.
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл (1)
(103.57.94.32)
их гүрний бодлогыг бидний монголчууд яах билээ дээ өвөг дээдсийн үлдээсэн зүйлээ ашиглаж чадахгүй арчаагүй царайлаад гуйлгачин царайлаад л сууж байгаа биз дээ