Төрийн зохицуулалт богино хугацаанд дэмтэй ч цаашид эрсдэлтэй
- 2022-07-26
- Топ сэдэв
- 1
Монгол Улсад нийлүүлэгддэг шатахууны гэрээний ихэнх нь дэлхийн үнийг дагаж хөдлөх зохицуулалттай байдаг. Тэр утгаараа дэлхий дахинд өрнөж буй нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны үнэ тасралтгүй өссөөр өдийг хүрчээ. Одоогийн байдлаар Засгийн газрын зүгээс үнийн зөрүүний асуудлыг татварын замаар зохицуулалт хийн тогтвортой барихыг оролдож буй. Олон Улсын судалгаа шинжилгээний байгууллага MIRA-гийн тооцоолсноор нефть импортлогчид өнгөрсөн жил зөвхөн АИ-92 бензин дээр 0.4 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. Дэлхий дахинд өрнөж буй нөхцөл байдлаас харахад шатахууны үнэ цаашид ч өсөх хандлага давамгайлж байна.
Монгол Улс 10000 төгрөгийн ДНБ бүтээхэд 0.47 литр буюу 1000 орчим тѳгрѳгийн шатахуун зарцуулж буйг MIRA тооцоолов. Энэ тооцооллоос шатахууныг эдийн засгийн хувьд ямар чухал орц, хэр онцгой түүхий эд болохыг харж болно.
Эх сурвалж: Дэлхийн банк
Бидэнд ямар гарц, гаргалгаа байна вэ?
Шатахууны үнийг бууруулах бүрэн бололцоо ОХУ-д бий. Европын Холбоо ОХУ-ын газрын тосны экспортод хориг тавьсантай холбоотойгоор хойд хөрш БНХАУ, БНЭУ зэрэг томоохон худалдан авагч орнуудад дэлхийн газрын тосны үнээс 30 хувийн хямдрал бүхий таатай нөхцөлөөр буюу 70.5 ам.доллароор газрын тос нийлүүлж эхэлсэн. Ингэснээр ОХУ-ын газрын тосны борлуулалтын орлого энэ он гарсаар 50 хувиар өссөн юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээллээс харахад манай улс шатахуун импортлогч "Роснефть" компанитай гэрээ хэлцэл хийж, өнгөрсөн сар хүртэл нэг тонныг нь 1110 ам.доллароос хямдруулж, 840 ам.доллароор худалдан авч, импортолж байгаа. ОХУ-ын дотоодын шатахууны үнэд газрын тосны олборлох өртөг болон газрын тос боловсруулах зардал нь нийтдээ 22.9 хувийг эзэлдэг бол татварын зардал 51.1 хувь буюу хамгийн их хувийг эзэлдэг онцлогтой. Тодруулбал, ОХУ-д шатахууны үнийг бууруулах хангалттай боломж байгаа гэсэн үг. Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдвал олборлогч компанийн зүгээс бүтээгдэхүүнээ тус үйлдвэрт зах зээлийн үнээр нийлүүлэх үүрэг хүлээж байгаа нь уг гэрээний нэг онцлог юм. Монгол Улсын хувьд газрын тосны өртгийг бууруулахын тулд өөрийн мэдлийн түүхий эдийн нөөцтэй байх шаардлагатай. Одоогоор тогтоогдсон дотоодын баталгаат нөөцөөс “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-гээр манай улсад ногдож буй хэсэг нь дунджаар 26.5 хувь байна. Энэ нь 8.9 сая тонн буюу манай улсын дөрвөн жилийн шатахууны хэрэглээтэй тэнцэх үзүүлэлт аж. Иймд урт хугацаанд түүхий эдийн нѳѳцөө бий болгох зайлшгүй хэрэгтэй.
БНХАУ-ын шатахуун өндөр үнэтэй
Монгол Улс шатахууныхаа 3-5 хувийг БНХАУ-аас импортолж байна. Ийм бага хэмжээгээр импортолдог шалтгаан нь тус улсын нийлүүлж буй шатахуун өндөр үнэтэй байдагтай холбоотой юм. Тухайлбал, энэ оны зургадугаар сарын байдлаар БНХАУ-ын дотоодын шатахууны үнэ литр тутамд 1.494 ам.доллар байгаа нь ОХУ-аас 60 хувиар өндөр байгаа юм.
Шатахууны үнийг хэрхэн тогтворжуулах вэ?
Зах зээлийн зарчмаар үнэ өсөж буй нөхцөлд тѳрийн зохицуулалт богино хугацаанд дэмтэй мэт боловч эрсдэлтэй хүчин зүйлс ч бий. Үүнийг онцлоход, дотоодын хэрэглэгчдийг зах зээлийн эрсдэлт нѳхцѳл байдлыг урьдчилж тооцоолох, шинэ менежмент, гаргалгаа хайх чадамжгүй хэвээр байлгасаар байх эрсдэл бий. Үүний зэрэгцээ шатахууны хэрэглээг зах зээлийн бодит нѳхцлѳѳс хэт ѳндѳр түвшинд байлгаж байгаа нь улс тѳрийн эрсдлийн тэргүүн хүчин зүйл. Харин импортлогч компаниудад жижиглэнгийн үнийг тогтоох эрх мэдэл үлдээх нь олон улсын зах зээлд үнэ буурах нөхцөлд том эрсдэл үүсгэнэ гэж MIRA үзэж байна. Тухайлбал, 2020 оны тавдугаар сард дэлхийн үнийн түвшинтэй холбоотойгоор AИ-92 шатахууны хилийн үнэ литр тутамд 460 төгрөгт хүрч буурахад жижиглэнгийн үнэ 1390 төгрөг байсан буюу хангалттай буураагүй аж.
“Зууны мэдээ” сонин
Б.Дарьсүрэн
Сэтгэгдэл (1)
Иргэн (64.119.22.78)
Машин ба бензин нь тансаг хэрэглээ тул нийтийн тээвэр ба явган хүний замдаа л анхаарлаа хандуулцгаа!