Ши Жиньпин: Хятадын Коммунист Намын XX их хурал Хятад улсын ирэх 5 жилийн гол зорилтуудыг тодорхойлно
- 2022-07-28
- Дэлхий
- 0
БЭЭЖИН. /CGTN/. Энэ оны хоёрдугаар хагаст болох Хятадын Коммунист Намын (ХКН-ын) 20 дугаар их хурлаар XXI зууны дунд үе хүртэлх Хятадын хоёр үе шат бүхий хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ахиулж, ирэх таван жилд хэрэгжүүлэх стратегийн зорилтуудыг тодорхойлно гэж тус улсын дарга бөгөөд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин мэдэгджээ.
ХКН-ын 20 дугаар их хурлын бэлтгэл ажлын хүрээнд энэ долоо хоногийн мягмар, лхагва гарагт Бээжин хотноо болсон мужууд болон яамдын удирдах албан тушаалтнуудын зөвлөгөөний үеэр Ши Жиньпин ийн мэдэгдсэн байна. ХКН нь 2020 оноос энэ зууны дунд үе хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх хоёр үе шат бүхий хөгжлийн төлөвлөгөөг 2017 оны 10 дугаар сард болсон 19 дүгээр их хурлынхаа үеэр гаргасан билээ.
Уг төлөвлөгөөнд дурдсанаар, Хятад улс социалист шинэчлэлийг 2035 он гэхэд үндсэндээ амжилттай хэрэгжүүлж, энэ зууны дунд үе гэхэд улс орноо хөгжингүй, хүчирхэг, ардчилсан, соёлжсон, эв найрамдалтай бөгөөд үзэсгэлэнт, орчин үеийн аугаа социалист гүрэн болгон хөгжүүлэх юм.
“Цоо шинэ бүлэг’
ХКН-ын 20 дугаар их хурал бол Хятад улс орчин үеийн социалист улсыг бүрэн байгуулах шинэ аянд мордож байгаа чухал цаг мөчид болох гэж буй маш чухал үйл явдал юм гэж Ши Жиньпин хэлээд, хятад үндэстний сэргэн мандалтыг улам бүр ахиулж, орчин үеийн социалист гүрнийг бүрэн цогцлоох “цоо шинэ бүлэг”-ийг бичихэд хувь нэмрээ оруулж, илүү их хүчин чармайлт гаргахыг холбогдох албаны хүмүүстээ уриалсан байна.
ХКН 20 дугаар их хурлаараа улс орныхоо стратегийн зорилтуудыг тодорхойлж, ирэх таван жилд хэрэгжүүлэх чухал арга хэмжээнүүдийн талаар зохицуулалт хийнэ гэж тэрбээр хэлээд, энэ зууны дунд үе хүртэлх хугацаа бол намын хоёр дахь зуун жилийн зорилтыг биелүүлэхэд маш чухал юм гэжээ.
Ши Жиньпин цааш нь ярихдаа, “Тэнцвэргүй бөгөөд хүртээмжгүй хөгжлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ирэх таван жилд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй” гэжээ. ХКН нь бүх талаараа цэцэглэн хөгжсөн, чинээлэг дундаж давхарга бүхий нийгмийг цогцлоох анхдугаар зууны зорилгодоо хүрч чадсанаа 2021 онд буюу 100 жилийнхээ ойгоор зарласан юм. Харин БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх үед буюу энэ зууны дунд үе гэхэд орчин үеийн аугаа социалист гүрнийг цогцлоон бий болгох нь тус намын хоёр дахь зууны зорилт билээ. Дэлхий дахинд өнгөрсөн зуунд үзэгдээгүй гүн гүнзгий өөрчлөлтүүд өдгөө гарч буй бөгөөд Хятад улс ч урьд өмнөхөөсөө илүү төвөгтэй, адармаатай эрсдэл, сорилтуудтай тулгарч байна гэж Ши Жиньпин хэлсэн байна. Бүрэн сэргэн мандалтад хүрэх нь амаргүй ажил бөгөөд энэ зорилгод хүрэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргахыг тэрбээр албан тушаалтнууд болон ард түмэндээ уриалжээ.
2017 оноос хойших “бахдам” ололт амжилтууд
ХКН-ын 19 дүгээр их хурлаас хойших улс орныхоо хөгжил дэвшлийг Ши Жиньпин дүгнэн хэлэхдээ, “Өнгөрсөн таван жилд Хятад улс гайхамшигтай, бахдам ололт амжилтууд гаргасан” гэжээ. Түүний хэлсэнчлэн, ХКН нь ард түмнээ зөв удирдан жолоодож, эв нэгдлийг бэхжүүлснээрээ “хүнд хэцүү бөгөөд адармаатай” олон улсын нөхцөл байдал болон ар араасаа гарч ирсэн “асар том эрсдэл, сорилтууд”-ыг үр дүнтэйгээр шийдвэрлэж чадсан байна.
Хятад улс үгээгүй ядуурлыг үндсээр нь устгаж, бүх талаараа цэцэглэн хөгжсөн чинээлэг дундаж давхарга бүхий нийгмийг цогцлоох зорилгуудаа биелүүлж чадсанаа 2020 оны эцэст дэлхий нийтэд зарлан тунхагласан билээ. Мөн өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятад улс экологийн соёл иргэншлийг хөгжүүлж, үндэсний аюулгүй байдлыг тууштай хамгаалж, үндэсний батлан хамгаалах салбар болон армиа шинэчилж, Хятадын онцлогтой дипломат харилцааг ахиулах зэрэгт ихээхэн хүчин чармайлт гаргасан гэж Ши Жиньпин хэлсэн байна.
Түүнчлэн "COVID-19" цар тахлын эсрэг тэмцэхэд Хятад улс “ард түмэн нэгдүгээрт” зарчим баримталж, хүний амь нас болон эрүүл мэндийг хамгаалахын тулд байж болох бүх арга хэмжээг авч ажилласан гэж тэрбээр хэлжээ. Олон улсын түвшинд “эрс өөрчлөлт” гарч буй үед Хятад улс өөрийн нэр төр, язгуур ашиг сонирхлоо хамгаалахад ихээхэн анхаарсаар ирлээ гэж Ши Жиньпин хэлээд, албан тушаалтнуудыг “авлига авах зүрх зориг, хүсэл эрмэлзэлгүй болгох” зорилго бүхий авлигын эсрэг кампанит ажлыг хэрэгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаснаа цохон тэмдэглэсэн байна. ХКН нь их хурлаа таван жил тутамд зохион байгуулдаг бөгөөд энэ хурлынхаа үеэр улс орныхоо бодлого зорилтуудыг тодорхойлж, дээд удирдагчаа сонгодог юм гэж Монцамэ агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл (0)