Дарангуйллын гурван голомт
- 2022-08-02
- Нийтлэл
- 2
Өнөөдөр дэлхий нийт БНХАУ, Иран, ОХУ-ыг дарангуйллын “гурван голомт” хэмээн нэрлэж, эдний эсрэг эрчимтэй арга хэмжээ авч байна. Хөгжингүй улсууд энэ гурван улсыг ардчилалд аюул учруулж, дэлхийн дарангуйллыг өөгшүүлэн санхүүжүүлж байна гэж үздэг гэсэн үг. Харамсалтай нь энэ гурвын хоёр нь манай хөрш улс. Жижгийн жижиг манай дэлхийд байтугай энэ ертөнцөд мөнх юм гэж үгүй болохоор бидний “мөнхийн хөрш” гээд байдаг нь худал бурж буй хэрэг гэдэг нь ойлгомжтой зүйл.
Хойд хөршийн хувьд өнөөдрийн байдлаар Украины дайнд оруулсан арван армийнхаа тал хувийг бүрэн устгуулаад байна. Үлдсэн нь байлдааны чадваргүй болоход тун ч ойрхон болчихоод байна. Энэ нь ОХУ чадварлаг цэрэг,офицерийн хомсдолд орж ялангуяа байлдааны өндөр чадвартай нисгэгчидгүй болсон гэсэн үг. Харамсалтай нь энэ бүхнийг дахин бий болгоход урт хугацаа шаардлагатай. Харин ийм хугацаа ОХУ-ын хувьд байхгүй. Олон улсын шинжээчид ОХУ-ын Украины байлдааны хохирлыг дайны түүхэнд гарч байгаагүй хохирол гэж нэгэн дуугаар зөвшөөрч байна.ОХУ-ын төр, засаг ч хэн гэдгээ гадны улсуудад бүрэн харуулсан учир бослого гаргуулахгүй гэж зөвхөн өөрсдийн иргэдэд зориулсан хуурамч ухуулга явуулдаг болоод удаж байна.
Өөрсдийн чанарт бус тоонд найдсан ОХУ-ын арми ялалтын парад хийх ёслолын хувцастай очсон ч Украины нийслэлийг эзэлж чадалгүй стратегийн ялагдал хүлээсэн бол одоо тактикийн ялагдал хүлээхэд бэлэн болчихоод байна. Энэ бүхнийг олон улсад “сүүлчийн цэргийг нь дуустал байлдах дайн” буюу “туйлдуулан сүйрүүлэх байлдаан” гэдэг. Ерөөс армийг нь туйлдуулан байлдах чадваргүй болгон ялагдал хүлээлгэж, удирдлагынх нь нэр хүндийг унаган дотроос нь бослого гарах гол нөхцөл бүрдсэнээр хойд хөрш ЗХУ-ын түүхийг давтана гэсэн үг. Хэдхэн хоногийн өмнө ОХУ-аас дайжин гарсан улс төрчид Чехийн нийслэл Прага хотод чуулж дарангуйлагч Орос улсыг хэрхэн иргэдээ гэсэн, ардчилсан, Европын улс болгох арга замыг хэлэлцэн хамгийн гол нь ОХУ-ыг хэл,соёлоор нь бие даасан 45 улс болгоно гэсэн тохиролцоонд хүрснээ дэлхий нийтэд зарлав.
Тийрэлтэт сумаар бууддаг наймхан ширхэг АНУ-ын “HIMARS” Орос-Украины байлдааны 1000 км фронтын хүчний харьцааг хэрхэн өөрчилж чадаж байгааг дэлхий нийт харав. Өнөөдөр хувцас, хэрэглэл,эм,хүнс, цэрэг, зэвсгийн хувьд Украины арми НАТО-гийн стандартад бүрэн шилжиж байна. Эцсийн үр дүнд нь ОХУ мэдээж бут үсэрч бусад улсуудад “гай болох”-оо нэгмөсөн болино гэсэн үг.
Ирэх оны нэгдүгээр сард болох АНУ-ын завсрын сонгуулийн өмнө Украины арми Оросын армийг Донбассаас хөөж гаргана. Беларусийн өөрөө өөрийгөө сонгосон ерөнхийлөгч Орос руу зугатан гарч, Молдав улс Оросын нөлөөллөөс ангижран бүрэн ардчилалд шилжинэ.Жо Байден “АНУ-ын иргэд Украинд тусалсны ачаар “Дэлхийн №1 дарангуйлагчийн армийг яллаа” гэсэн уриатай сонгуульд оролцох төдийгүй АНУ-ын цэрэг зэвсгийн үйлдвэрлэлийг цоо шинэ шатанд гаргаж ажилгүйдэл, инфляцийг арилгах шинэ хөтөлбөрөө танилцуулан сөрөг Бүгд Найрамдах намын улстөрчдийг санхүүжүүлэгч баруунтнуудын дэмжлэгийг авснаар сонгуульд ялна. Харин Крымын хойг оросуудын мэдэлд үлдэж англи-саксончууд болон Герман, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг улсуудын арми шинэ технологийн зэвсэгтэй болтол үе үе уугин пижигнэж Оросын армийг сулруулан сульдуулсаар байх биз ээ.
ОХУ-ыг бүрэн бүслээд буй НАТО нь үнэндээ цэргийн эвсэл гэхээсээ улс төрийн эвсэл. Өнөөдөр ч энэ л янзаараа байна. Иймээс Англи улсын ерөнхий сайдаар Лиз Трасс ирэх сар ын 5-нд тодорсны дараа тусгаар тогтнол болон эдийн засагт нь ОХУ шууд аюул учруулж буй АНУ, Англи, Польш, Украин, Латви, Литва, Эстони, Финлянд, Швед бас Япон гэх мэт улсууд нэгдэн Оросын эсрэг жинхэнэ цэргийн эвсэл байгуулах байх. Лиз Трассын өрсөлдөгч энэтхэг гаралтай Риши Сунакынхадам эцэг Нагавара Рамарао Нараяна Муртинь Энэтхэгийн “IT” компанийн тэрбумтан төдийгүй В.Путины сайн найз гэсэн яриа газар авч байгаа учраас энэ хүн Консерватив намын дарга болж чадахгүй. Учир нь Консерватив нам гэдэг чинь консервативчууд гэсэн үг.
Урд хөршийн хувьд тэдний сонингууд наймдугаар сарын эхний өдөр Хятад улсын армийн ойн өдөр улсыг нь доромжилж байгаа Нэнси Пелосигийн онгоцыг харваж унагахыг Ардын армидаа уриалсан. Харин энэхүү хатуу сануулгыг огт тоолгүй АНУ-ын Конгрессын танхимын тэргүүн Өмнөд Солонгос улсад хийх айлчлалаа эхлүүлж Тайванийн аралд албан ёсоор айлчлахаар Нэнси Пелоси мордов. Хятадын төр, засаг Украинаас худалдан авсан, хуучин онгоц тээвэрлэгч “Киев”-ыг сайжруулан засаж “Ляо Линь” нэр өгсөн нисэх онгоц тээвэрлэгчийг дагалдагч байлдааны онгоцнуудын хамт Тайванийн арал руу явуулж,уг аралд хамгийн ойр орших Футь Зяаны эрэгт цэргийн хүчээ нэмэгдүүлэв. АНУ нисэх онгоц тээвэрлэгч “Теодор Рузвельт” тэргүүтэй цохилтын хүчийг энэ бүхний эсрэг илгээв.
АНУ-ын армийн хүч тэнгисийн цэрэгтээ байдаг. Ядаж цөмийн шумбагч онгоцуудад нь ойртон оччихоор зүйл хятадуудад байтугай оросуудад байхгүй. Хоёр хөршийн шумбагчууд тоогоор ч, зэвсгийн хүчээр ч АНУ-аас хол хоцорчихсон. АНУ-ын цөмийн шумбагч онгоцууд шиг хол бас гүнд шумбах чадваргүй. Иймээс хятадууд Тайваньд довтолбол зүгээр л арчуулна гэсэн үг. Ядаж л дайн эхэлбэл газар, агаар, далайд Хятадын радарыг шууд мэдэрч автоматаар очиж устгадаг хиймэл оюун ухаан бүхий америкийн пуужингууд богино хугацаанд Хятадын армийг “сохолно”.“Сохор” армитай байлдана гэж юу байх билээ.Мэдээж Хятадын эсрэг саяхан байгуулагдсан цэвэр англо-саксончуудын АНУ,Англи, Австрали, Шинэ Зеландын цэргийн эвсэл энэ дайнд орно. Бас Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос ч зүгээр суухгүйгээс гадна Хятадаас газар нутгаа буцаан авах гэсэн Азийн бүх улсууд татагдан орно. Мөн хятадуудад өгөх ёстой эргэн төлөх боломжгүй болсон өрөө хүчингүй болгох гэж энэ улсад өртэй бүх улсууд Хятадыг Төвд, Шинжаан-Уйгур, Өвөр Монгол, хэлээ ойлголцдоггүй бас хөгжлөөрөө эрс ялгаатай урд, хойд гэсэн тусдаа бие даасан улсууд болгон салгахын тулд урд хөршийн эсрэг хүчнийг бүх талаар дэмжин туслах болно. Энэ бүхний эцэст урд хөрш яг л хойд хөрш шиг ганцаардан эцэст нь бут үсэрч бусад улсуудад “гай болох”-оо нэг мөсөн болино.
Хэрэг явдал ийм байгаа ч хятадууд Тайваньд довтлохыг огт үгүйсгэж болохгүй. Учир нь оросууд Укрианд довтолбол ОХУ, ЗХУ-ын түүхийг давтаж бут үсрэн засаг, төрийнхөн төдийгүй дайнд турхирсан болгон олон улсын шүүхийн өмнө яллуулах болно гэдгийг эрүүл ухаантай болгон бичиж анхааруулж байсан. Гэтэл юу болов?! Энэ нь аль ч улсын төрд гарсан дарангуйлагч-авлигачдаас ухаантангууд нь зайлан холдож, тэднийг зөвхөн тэднийг тойрон хүрээлэгчид байдгаас ийм алдаа гаргаж мөхлийн замдаа шуудардаг гэсэн үг. Гэхдээ хятадууд бол Иран, Орос хоёрын аль нь ч биш билээ. Энэ бол мэдээж том шалтгаан.
Ираны хувьд энэ улсын эсрэг “I2U2” буюу Израиль, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират, АНУ гэсэн цэргийн шинэ эвсэл байгуулагдаад удаагүй байхад АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Израиль улсад айлчлан лазерийн шинэ зэвсгийнх нь туршилтыг өөрийн биеэр үзэж танилцав. Энэхүү лазерийн зэвсэг нь онгоц, нисдэг тэрэг, пуужин, дроныг гурваас доошгүй лазерын туяагаар зэрэг устгадгаар онцлог аж. Израиль улс энэ шинэ зэвсгээ агаарын довтолгооноос хамгаалах өөрийн “Төмөр бүрхүүл”-д нэмж оруулж байгаа юм байна. Ингэснээр Израилийн “Төмөр бүрхүүл” ямар ч нисдэг биетүүдээс 100 хувь бүрэн хамгаалах чадвартай болж байна гэсэн үг аж. Үүний дараа ерөнхийлөгч Жо Байден Саудын Араб улсад айлчилж энэ улсын Жидда хотод Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл (GCC)-ийн улсуудыг оролцуулсан цахим хурал хийн АНУ, Израиль болон Саудын Араб, Кувейт, Катар, Оман, Арабын нэгдсэн Эмират, Бахрейн, Египет, Йордан, Ирак улсууд хамтран Ираны эсрэг цэргийн шинэ эвсэл байгуулснаа зарлав. Израиль эдгээр эвслийн улсуудыг өөрийн “Төмөр бүрхүүл”-ээр бүрэн хамгаалах болсноо олон нийтэд зарласан төдийгүй ОХУ-д нийлүүлж магадгүй байсан Ираны дроны үйлдвэрийг өөрийн дронуудаар навс бөмбөгдөж энэхүү шинэ эвслийн хүчийг дэлхийд нотлон харуулав. Энэ нь Израиль улс лазерийн шинэ зэвсгээр сэлбэсэн агаарын довтолгооноос хамгаалах өөрийн “Төмөр бүрхүүл”-д бүрэн найдаж байна гэсэн үг төдийгүй ерөөс “Дарангуйллын гурван голомт”-оос Иран улсын төр, засгийнхан эхлэн сүйрэх магадлал өндөр байна гэж болно. Учир нь Иран улс нефтийн 160,12 тэрбум баррель, байгалийн хийн 33,33 их наяд кубометр нөөцтэй. Хэрэв Ираны одоогийн төр засаг унавал Ираны төдийгүй Сирийн 2.5 тэрбум баррель нефть болон байгалийн хийн 300 тэрбум их наяд кубометр нөөц барууны улсуудад нийлүүлэгдэнэ гэсэн үг. Бас хятадуудын мэдэлд орчихсон байгаа Афганистаны нефть суларч ирнэ. Афганистаны Балхом болон Жаужан мужууд л гэхэд 1.8 тэрбум баррель нефтийн нөөцтэй.Дээрээс нь эдгээр улсын байгалийн ховор элементүүдийн нөөцийг нэмчихвэл асуудал илүү ойлгомжтой бас тодорхой харагдаж байна.
Г.АМАРСАНАА
Сэтгэгдэл (2)
ИРГЭН (66.181.182.196)
ЭСРЭГЭЭРЭЭ ! ДАРАНГУЙЛЛЫН ГОЛОМТ БОЛ АНУ, АНГЛИ, ТОВЧООР НАТО! Дэлхийд 1945 оноос хойш гарсан дайн, цэргийн ажиллагааны 81%-ийг АНУ дангаараа хийжээ. Сая сая хүний амь үрэгдэж, олон улс орон сүйрч баялгаа алдсан. “Дарангуйлагчийг дарах, Ардчилах” нэрээр улс орнуудын либерал урвагчдыг ашиглан дотроос нь хагалах, зээл тусламж үзүүлэх, төсөл хэргжүүлэх аргаар дайн самуун өдөөж баялгийг нь дээрэмдэж, геополитикийн ашиг олдог. Үгэнд нь ороогүй аль ч улс энэ дарангуйлалд өртдөг. Үүнийг л “Ганц туйлт дэглэм” гээд байгаа юм!
tenegt (185.46.137.5)
goy shaalaa kk