Ө.Сумъяабаатар: Цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох түрээсийн байруудын судалгааг дахин гаргах шаардлагатай

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн (2022.08.02) болж дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын үндсэн болон харьяа хэлтсийн удирдлагууд, хороодын Засаг дарга, зохион байгуулагч нар оролцлоо.

Дүүргийн хэмжээнд дархлаажуулалтад хамрагдвал зохих 5-11 насны 39559 хүүхэд байна

Эрүүл мэндийн байгууллагаас Ковид-19-ийн тархалт нэмэгдэж байна гэсэн мэдээллийг өгсөн. Үүнтэй холбоотойгоор БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар цаг үеийн мэдээлэл өгсөн.

Тэрбээр “Баяр наадмын дараа буюу долдугаар сарын 18-аас эхлэн ковид-19 халдварын тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна. Долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 973 тохиолдол батлагдлаа. Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 808, ойрын хавьтлын хяналтад 507 иргэн байна. Халдварын тохиолдлууд хүн ам ихтэй буюу 3, 5, 6, 18, 24 дүгээр хороонд их бүртгэгдэж байна. Вирусийн хувилбарын шинжилгээ хийхэд омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдсэн бөгөөд ханиах, халуурах, хоолой өвдөх гэх мэт ерөнхий шинж тэмдэгээр илэрч байна. Халдварын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж Ахмадын эмнэлэгт ор дэлгэсэн. Тус эмнэлэгт 145 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 2, хүнд 20, хүндэвтэр 123 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Мөн 5-11 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулж эхлэхтэй холбоотойгоор вакцины татан авалтыг бүрэн хийж бэлтгэл ажлаа хангасан. 5-11 насныханд дархлаажуулалтын вакциныг хийхдээ зайлшгүй эцэг эхийн зөвшөөрлийг үндэслэж зөвшөөрлийн хуудас бөглүүлнэ. Эхний дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүд 28 хоногийн дараа 2 дугаар тундаа хамрагдана. Хэрэв эцэг эхчүүд зөвшөөрөөд дархлаажуулалт хийж эхэлбэл Өрхийн эрүүл мэндийн төвийн ачаалал нэмэгдэх тул хороодын Иргэний танхимыг дархлаажуулалтын цэг болгох шаардлагатай байгаа. Баянгол дүүргийн хувьд дархлаажуулалтад хамрагдвал зохих 5-11 насны 39559 хүүхэд байна” гэсэн юм.   

Иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа

Нийтээр амрах баяр амралтын өдрүүдэд буюу Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон ЗДТГ-ын харьяа 8 хэлтсийн 30 гаруй алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин хариуцлагатай эргүүл жижүүр томилон ажилласан байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/778 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын “Үер усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/243 захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 07 дугаар сарын 10,11,14,15 -ны өдрүүдэд батлагдсан хувиар маршрутын дагуу Маршлын гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх /6,2 км/ газарт Голын усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлээр голын эрэг дагуу амарч байгаа иргэдэд сэрэмжлүүлэг материал тараан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж  ажилласан байна. Түүнчлэн дүүргийн хэмжээнд 2022 оны 07 дугаар сарын 09-өөс 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд гал түймрийн 7 удаагийн дуудлагаар гал түймэр унтраах, аврах анги үүрэг гүйцэтгэж гал түймрээс 105 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж ажилласан гэдгийг дүүргийн ОБХ-ийн дарга, хурандаа Ж.Нармандах онцолсон. Түүнчлэн цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сард халалт их үүсэх, гэнэтийн аадар бороо орж үер усны аюул учрах эрсдэл өндөр байгаа учраас дүүргийн хэмжээнд байдаг далан, гуу жалга зэргийг цэвэрлэгээг тогтмол хийж болзошгүй эрсдэлээс сэргийлэх шаардлагатай байна гэсэн юм.

Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2 газарт замын хөдөлгөөнийг шинээр зохицуулав  

Баяр наадмын олон хоног үргэлжилсэн амралтын өдрүүдэд замын нөхцөл байдал ямар байсан талаарх мэдээллийг БГД дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Ш.Батмөнх дүүргийн удирдах ажилтнуудад өглөө. Тэрбээр “Дүүргийн хэмжээнд баяр наадмын өдрүүдэд авто ослын дуудлага өмнөх үеэсээ харьцангуй бага байсан бол эсрэгээрээ явган зорчигч гэмтлээ гэсэн дуудлага нэмэгдсэн. Энэ нь автомашинтай иргэд орон нутаг руу их явж замын хөдөлгөөний эрчим буурсантай холбоотойгоор явган зорчигчид гарцгүй газраар зам хөндлөн хамаагүй гарснаас болж гэмтэж бэртэх нь нэмэгдэхэд нөлөөлсөн. Түүнчлэн баяр наадмын өдрүүдээр дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахын тулд хоёр газарт замын хөдөлгөөн шинээр хийсэн зохион байгуулалт хийсэн. Үүнд,

  • БГД-ийн 9 дүгээр хороо, СОТ-ын байрны дунд авто замын нэг чигийн хөдөлгөөнд оруулан шинээр 22 автомашины зогсоолыг байгуулсан. Үүнтэй холбоотойгоор СОТ-ын байрны дунд авто замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулан шинээр ЗХД-ийн 11 тэмдэг байрлуулсан.
  • БГД-ийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллыг хойд туслах замын нэг чигийн хөдөлгөөн зохион байгуулалтын чигийг өөрчилж гарах хөдөлгөөний эрчим, түгжрэл саатлыг бууруулсан гэсэн юм.

Мөн дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс дүүрэгт хийгдэж байгаа зам, засвар арчлалт, шугам засварын ажилтай холбоотойгоор цаг тухай бүрд нь холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өглөө. 

Залилан болон гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Баянгол дэх Цагдаагийн II хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбат дүүрэг дэх 14 хоногийн эрүү болон хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд цагдаагийн бие бүрэлдэхүүн 100 хувийн ирцтэй үүрэг гүйцэтгэж ажилласан. Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийг өмнөх 14 хоногтой харьцуулж үзвэл нийт 3331 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэ нь өмнөх 14 хоногийн мөн үетэй харьцуулахад 33 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн Цагдаагийн газраас архи согтууруулах ундаа худалдаалдаг буюу тусгай зөвшөөрөл авдаг аж ахуй нэгжүүдэд шалгаж холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн сүүлийн үед залилах болон гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл нэмэгдэж байна гэсэн юм.  

 Баянгол дүүрэгт 3 цэцэрлэг шинээр ашиглалтад орлоо  

Засгийн газрын 218 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг дүүргийн хэмжээнд зохион байгуулж буй. Энэ асуудалтай холбоотойгоор  2022-2023 оны хичээлийн жилд бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал мээдээлэл өгсөн.

Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 37, төрийн өмчийн бус 58 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд шинээр 3 цэцэрлэг ашиглалтад орно. Түүнчлэн Баянгол дүүрэг цэцэрлэгийн насны 21200 хүүхэдтэй бөгөөд үүнээс 17500 хүүхэд тогтмол цэцэрлэгт хамрагдаж байгаа. БШУЯ-аас ажлын хэсэг ирж ажилласан бөгөөд өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 1700 гаруй хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэх тоо гарсан. Иймд хороодын Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэртээ түрээсэлж болох байруудаа эрчимтэй хайх, цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох барилгуудын эзэдтэй уулзах, мөн хороон дарга нар болон хэсгийн ахлагч нар цэцэрлэгийн насны хүүхдүүдийн бүртгэлийг дахин явуулж тоог нэгтгэж гаргах шаардлагатай байгаа гэсэн юм.

Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн мэдээллүүдтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар холбогдох албан тушаалтнуудтай санал солилцож зарим арга хэмжээг авч ажиллахыг нийт Удирдах ажилтнуудад үүрэг болгосон. Үүнд,

  • Наймдугаар сарын 1-ээс 5-11 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулж эхлэхтэй холбоотойгоор холбогдох дээд шатны байгууллагаас өгч байгаа чиглэлийн хүрээнд хороодын Засаг дарга нар дархлаажуулалт хийх байр бэлдэж өгөх шаардлагатай. Ингэхдээ Иргэний танхимтай хороод байраа суллаж өгөх, танхимгүй хороод яаж ажиллах, ямар зохицуулалт хийх талаар мэдээлэл өгөх. Өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн болон төрийн байгууллагууд холбогдох бэлтгэлээ хангаж, ямар зохион байгуулалтад орж ажиллах талаар төлөвлөгөө гаргах. Эрүүл мэндийн байгууллагууд барилгын төсөвтэй холбоотой зураг төсвөө гаргаж Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст өгөх
  • Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, эзэнгүй нохой, мууранд хазуулахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах,
  • Дүүрэгт гарч байгаа гэмт хэргийн тоо гаралтыг бууруулах ажлын хүрээнд холбогдох хэлтсүүд хамтран хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх
  • Баянгол дүүрэгт цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээний хүрээнд хороодын Засаг дарга нар хорооныхоо цэцэрлэгийн насны хүүхэдтэй өрхийн бүртгэлийг нягталж, хүүхдийн тоог гаргах, тоо баримтаа дахин нэгтгэх, түрээслэх боломжтой байруудын судалгааг дахин гаргах шаардлагатай байна гэсэн.   

Мөн Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын хүрээнд

  • Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн болон үерийн далан сувгийн хог хаягдлыг сайтар цэвэрлэх, засвар шинэчлэлийн ажлуудаа эрчимжүүлэх,  
  • Нийслэлийн бүх шатны байгууллагууд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, чанарт онцгой анхаарч, хэрэгжилтэд хяналт тавих,
  • Хөдөлгөөний ачаалал ихсэж байгаатай холбогдуулан авто зам, явган хүний гарцын гэрэл дохио болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалтыг найдвартай хангаж, урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтийг хангах,
  • Нийслэлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламж, халаалтын зуух, инженерийн шугам сүлжээнд хийгдэх их, урсгал засварын ажлуудыг эрчимжүүлэх,
  • Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байгаа хяналтын инженер, холбогдох албан хаагчид гүйцэтгэлийн явцын мэдээллийг “Хөрөнгө оруулалтын ажлын бүртгэл мэдээллийн цахим систем”-д тогтмол бүртгэх,
  • Коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө батлагдсан тул нийт байгууллагууд хэрэгжилтийг ханган ажиллахыг үүрэг болголоо.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • William (197.211.59.121)

    2022-08-03

    ข่าวดี คุณกำลังมองหาโอกาสในการเปลี่ยนระดับการเงิน ต้องการเงินเพื่อสร้างหรือมีชีวิตที่ดี คุณสามารถขายไตหนึ่งข้างของคุณเป็นเงิน 800,000 ดอลลาร์และยังคงสุขภาพแข็งแรง ติดต่อ drmax.hospital@gmail.com พวกเขาให้การดูแลที่ดีที่สุดและจ่ายเงินครึ่งหนึ่งก่อนที่คุณจะมาถึงและหลังการผ่าตัดยอดเงินที่เราจ่ายให้คุณ ติดต่อพวกเขาวันนี้และปราศจากความยากจนตลอดไป drmax.hospital@gmail.com