Д.Баярхүү: Дэлхийн олон талт дипломатын сонирхлын уулзвар нь Монгол болчихов уу гэж харж байна
- 2022-08-09
- Нийтлэл
- 1
Дэлхийн хамтын нийгэмлэгийн даргын айлчлалтай холбогдуулан “Өдрийн сонин”-ны 2022.8.8-ны дугаарт сурвалжлагч Б.Номинтой ярилцсан анхны хувилбарыг бүрэн эхээр нь сонирхуулъя
-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэд дэх айлчлал вэ? Өмнөхүүдээс нь сонирхуулна уу. Энэ айлчлалын гол онцлогийг товчхоноор Та юу гэж тодорхойлох вэ?
Уншигчиддаа мэдээлэл хүргэх үүднээс ганц нэг сонин мэдээлэл хүргэе. Өнөөдөр айлчлан ирж байгаа ЕНДБ бол НҮБ-ын 9 дэх ЕНБД. Дэлхийн хамтын нийгэмлэгийг толгойлсон есийн есөн ЕНБД-аас эхний гурав нь манай улсад айлчлаагүй. Манай улс гишүүн нь байгаагүй тул эхний хоёр нь айлчлах боломжгүй байсан биз. Бас “Хүйтэн дайн”-ы уур амьсгал нөлөөлсөн байх. Манай улс гишүүн болсноор гуравдахь ЕНБД-тай ойр ажиллаж байсан ч айлчлал хэрэгжүүлээгүй. Дөрөв ба тав дахь ЕНБД нар 1977, 1987 онд БНМАУ-ын Засгийн газрын урилгаар айлчилж байжээ. Зургаа дахь ЕНБД нь болох Египетийн нэртэй дипломатч Бутрос Гали 5 жил НҮБ-ыг толгойлсон. ЕНБД байхдаа Монголд айлчлах чин хүсэлтэй байсан ч тойрч өнгөрөөд байсандаа би их харамсдаг хэмээн 2008 онд Каирт надад ярьж байсан нь миний санаанд тодхон байна. Бутрос Галийн дараагийн ЕНБД Кофи Аннан 2002 онд, түүний халааг авсан Бан Ги Мүн 2009 онд Монголд айлчилж байсан. Дээр нь онцлог гэдгээр нэг тодотгол хийе. Ардчиллын жилүүдэд өмнөх хоёр айлчлал Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар хэрэгжиж байсан бол энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хэрэгжиж байгаа, олон улсын хамтын нийгэмлэгийн даргын айлчлалыг Төрийн тэргүүний түвшинд хүлээн авч байгаагаараа онцлог болов уу. Үүнд улс төр, дипломат, ёслол протокол гээд бүх ач холбогдлыг нь товчхон тэгж л хариулна даа.
-Монгол Улсын гадаад бодлогын нэг том ололт гэж үзэхээр юм, тийм үү?
Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой, Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жилийн ой, Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа бас онцлогтой. Хамгийн гол нь манай гадаад бодлого маш идэвхтэй сайн байгаагийн илэрхийлэл. Гадаад бодлогын бүх чиглэлд тэнцвэрийг маш сайн хадгалж барьж байгаагийн илэрхийлэл болов уу. Тэнцвэр хадгална гэдгийг юу гэж ойлгож байна гэхлээр хоёр хөрш болон гуравдагч хөршийн харилцаа тэнцвэржсэн, хоёр хөршийн харилцаа бас хоорондоо тэнцвэртэй байна, мөн олон талт хамтын ажиллагаа маань хоёр талын харилцааны сүүдэрт орчихоогүй урагшилсаар байна хэмээн би хэргээр тодотгож хэлж байна.
-Биетэй бодитой жишээ дурдана уу?
2022 оны эхний 7 сар гарангийн гадаад арга хэмжээний хэрэгжилтээ эргээд нэг хар л даа. Гуравдагч хөрш орнуудай гэхэд л Япон, Польшийн гадаад хэргийн сайд нар, АНУ-ын Төрийн туслах нарийн бичгийн даргын орлогч, Шведийн Парламентын Тэргүүн дэд дарга, Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ази, Ойрхи Дорнодын асуудал хариуцсан Төрийн сайд, Британийн Парламентын гишүүн, Монголыг хариуцсан Худалдааны элч, Канадын Гадаад хэргийн яамны Хойд Азийн орнууд хариуцсан газрын захирал зэрэг албаны төлөөлөгчид манай улсад айлчилсан. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал Одри Азулей Наадмын хүндэт зочноор заларсан. Польш, Киргиз, Унгар улсуудтай Засгийн газар хоорондын комиссын хуралдаан, Европын Холбоотой хамтарсан комиссын хуралдаан, Канад, Британи, Польш, Чех, Латви, Казахстан, Узбекистан улсуудтай ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт тус тус зохион байгуулсан. Гадаад харилцааны сайд Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, БНСУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч, Саудын Араб, Катарын Гадаад хэргийн сайд нартай тус тус хоёр талын уулзалт хийсэн. Жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Зүүн хойд Азийн асуудлаархи Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг Ковид-19 цар тахлын улмаас хоёр жил завсарласны эцэст энэ онд зохион байгуулсан гээд жагсаавал баримт олон байна. Эцэст нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров айлчилсан, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчилж байгаа, хоёр хөрштэй хилийн боомт, транзит тээвэр, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлаар бүхий л түвшинд яриа хэлэлцээ идэвхтэй явагдаж байна.
-НҮБ-ын ЕНБД-ын айлчлал руугаа оръё. Энэ жил, энэ цаг үе туйлын түгшүүртэй байна. Голдуу хямралыг зохицуулахаар, дайн энх тайвны асуудлаар, дэлхий нийтийн, бүс нутгийн тулгамдсан асуудлаар гишүүн орнууддаа очдог атал манай улсыг зориод ирж байна, Та тайлбарлана уу?
НҮБ-ын гишүүн бүх улсад НҮБ-ын ЕНБД айлчлах албагүй, тийм боломж ч байхгүй. Хямралтай, дайн дажинтай, ноцтой асуудал үүссэн орнуудад албан үүргийнхээ дагуу очиж ажиллаж байгаа харагддаг. Манайхан мэднэ. Энэ жил гэхэд л дайны байдалтайбайгаа Орос, Украинд очсон, Украины үр тариаг экспортлуулах асуудлаар Турктэй хамтран зуучилж Орос, Украин хоёрыг хэлэлцээний ширээнд суулгасан. Гэтэл дайн дажингүй, хямралгүй Монголыг зориод ирлээ гэж өөрөө асууж байгаа бололтой. Би юу гэж үзэв гэхлээр дэлхийн олон талт дипломатын сонирхлын уулзвар нь Монгол болчихов уу гэлтэй мэдрэмж төрж байгаагаа нуух юун. Энэ бол манай улсын олон талт дипломат бодлогын нэг ёсны ялалт гэж үзэхээр юм. Ковидын хоёр жилийн хүндрэл, олон улсын харилцааны сорилт, дараа нь залгуулаад хойд хөрш нь хөрш Украинтайгаа цэргийн ноцтой мөргөлдөөнд оролцож байгаагаас үүдэлтэй нэг ёсны олон улсын хямрал, өмнөд хөрш нь Тайванийн хоолойд мөн маш ноцтой сорилттой тулгарч байгаа энэ цаг үед Монгол Улс олон тулгуурт, энхийг эрхэмлэгч, прагматик гадаад бодлогоо тууштай, ухаалгаар явуулж байгааг үнэлсэн хэрэг гэж дүгнэсэн ч болно.
-Олон талт хамтын ажиллагаа маань хоёр талын хамтын ажиллагааны сүүдэрт орчихоогүй урагшилсаар байна гээд Та дээр хэлээдэхлээ. Түүнийгээ дэлгэрүүлээч?
Манай уншигчид мэднэ дээ. Орос-Украины зэвсэгт мөргөлдөөний фонон дээр “Хааны эрэлд” олон улсын цэргийн хээрийн сургуулиа амжилттай хийсэн, Олон улсын энхийг сахиулах эмэгтэй цэргийн албан хаагчдын олон улсын “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” чуулга уулзалт НҮБ-ын мандат дор хийсэн, олонхи нь гуравдагч хөрш орнуудын төлөөлөгчид байсан. Мөн тэр үеэр НҮБ-ын ЕНБД-ын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч Жан Пьер Лакруа Монголд айлчилсан, давхцуулаад ХБНГУ-ын Бундесверын цэргийн командлагч Монголд айлчилсан, мөн дээр хэллээ, Япон, Польшийн Гадаад хэргийн сайд нар айлчилсан гээд гуравдагч хөршийн бодлого олон улсын амаргүй нөхцөлд үргэлжилсээр байгаад олон улсын хамтын нийгэмлэг ач холбогдол өгч байгааг НҮБ-ын ЕНБД-ын энэ удаагийн айлчлал илтгэн харуулж байгаа бус уу? Монголд ямар их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна
-Айлчлалын ач холбогдлыг ганц өгүүлбэрээр тодорхойлбол?
Монгол шиг жижиг улсын хувьд үндэсний ашиг сонирхлоо улс төр-дипломатын аргаар хамгаалах, дэлхий нийтийн шинж чанартай асуудлуудаар байр суурь, дуу хоолойгоо сонсгох, дэлхий нийттэй хамт хөгжил дэвшлийн замаар ахин урагшлахад олон улсын байгууллагууд, ялангуяа, Нэгдсэн Үндэстний Байгууллага чухал үүрэгтэй. Тиймээс ч Монгол Улсын гадаад бодлогын ба хөгжил дэвшлийн амаргүй зорилтуудыг саад багатай хэрэгжүүлэхэд манай олон талт хамтын ажиллагааны эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр өсөн нэмэгдэж байгаа нь энэ айлчлалаар харагдана хэмээн үзэж байна.
-Манай улс НҮБ-д элсээд 61 дэх жилдээ орж байна. Бодвол татвар төлдөг байх. НҮБ-д гишүүн байхын ашиг тусыг уншигчдад хэрхэн тайлбарлавал зохилтой вэ?
Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд манай улс НҮБ, түүний системийн байгууллагуудын үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож ирсэн. Ийм жижиг улс, хөгжиж буй орон тэгсэн атлаа НҮБ-д нэр хүндтэй, идэвхтэй явдаг гэдэг нь л Таны энэ асуултын хариу юм биш үү. НҮБ-ын зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө дэлхий нийтийн үйл хэрэгт монголчууд бид хувь нэмрээ оруулах, өөрийн аюулгүй байдлаа бататган хамгаалах, олон улсын байр сууриа бэхжүүлэх, улс орныхоо нийгэм-эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүрээлэн буй орчин, ардчилал, хүний эрхийг бататган хамгаалахын төлөө тууштай байгаа маань тэрхүү ашиг тус гэдэгт нь хариулт болно. НҮБ-ын гишүүнчлэл, олон талт хамтын ажиллагааныхаа үр шимийг бид багагүй хүртэж байдгийг жишээлэн дурдана гэхэд нэг ярилцлага багадана.
-Ярилцлага тодруулга өгсөнд баярлалаа.
Сэтгэгдэл (1)
(103.229.121.66)
НҮБ амеркийн зарц мэт нөлөөгүй болсон. Үр дүн байхгүй дээ.