Тавин саяын цаана тамхины бодлого явах нь

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазартай хамт ажлаа ярьж явахдаа “Тамхины ишээ хаявал 50 сая төгрөгөөр торго” гэсэн нь хэл амны бай болоод байна.

Тоглоом, тохуу болгон даапаалах хүмүүс цөөнгүй байх шиг. Амьдралаас тасарсан үг унагалаа гэж зэмлэх нь ч олон юм. Эсрэгээрээ тамхиа зөв зохистой татаад хэвшчихвэл торгуулахгүй шүү дээ гэж харах өнцөгтэй масс ч байв. Ер нь улстөрчийн амнаас дэмий үг унадаггүй. Мэдээж олныг манлайлж, лидер болсон хүмүүс бодолгүй ярьж, өөрийгөө ороохгүй нь ойлгомжтой. Тэр утгаараа Ерөнхий сайдын хэлсэн үг цаанаа нэг бодлоготой л байж таарна. Түүний энэ энгийн яриа нийгмийн анхаарлыг бүрэн татаж чадлаа. Үнэн хэрэгтээ хотын соёлыг илтгэгч иргэн бүр акуркаа гудамж талбайд дураараа хаяад байвал 50 саядуулна гэж юу байхав. Амьдралаас тасарч, хуулиас давсан ийм шийтгэлийг биелүүлэх ард түмний чадамж ч байхгүйг гүйцэтгэх засаглалын тэргүүн мэдэхгүй л байв гэж. Тэгэхээр “50 сая төгрөгөөр торгоно шүү” гэж албаар олны анхааралд оруулж байгаад тамхины хуульд өөрчлөлт оруулах бололтой. Тамхины ишээ хаясан хүн болгонд ийм өндөр хэмжээний торгууль ногдуулна гэдэг худлаа ярианд үнэмшиж шаагиж хийж байгаа нь зүгээр л улс төр. Тэгээд ч Ерөнхий сайдын шуугиулсан болгон ажил хэрэг болчих гээд байдаг гэмтэй.

Эргэн сануулахад “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчрахад Л.Оюун-Эрдэнэ сүрхий үүрэг гүйцэтгэсэн хүн. Тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан тэрбээр түүхэнд бичигдэх энэ үйлийг гүйцэтгэсэн Засгийн газрын жинхэнэ гал тогоог нь гардан хариуцаж байв. Ойрын жишээ гэвэл Оюу толгой дээр ярьж болж байна. Монголын эдийн засгийг тэжээж байгаа энэ мөнгөний судлыг нээсэн хүн яах аргагүй мөн. Далд уурхайн бүтээн байгуулалтын тэсэлгээг эхлүүлэх кнопыг дарж, энэ том уурхайг байнгын ажиллагаатай болгосон. Үүгээр зогсохгүй хөрөнгө оруулагч талыг хөлдөө “сөгдүүлсэн” гэж хэлж болно. Манай талын төлөх байсан олон тэрбумын өрийг тэглэх тал дээр маш сайн тохиролцоо хийж чадсан гавьяа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт харьяалагдана. Ер нь Оюу толгойн төслийн хэрэгжсэн олон жилийн түүхэнд ийм амжилттай хэлцэл тохироо хийгдэж байгаагүй гэхэд дэгсдүүлэл болохгүй. Хөгжлийн банкины кэйс ч Оюун-Эрдэнийн албаа хэр хашиж байгаагийн том нотолгоо. Эрх ашгаараа нэгдсэн, нам дамжсан бизнес ултөрийн бүлэглэлүүдийн эсрэг ингэж хөдөлнө гэдэг хэр баргийн аавын хүүгийн хийх ажил биш. Тэр зүгээр ч нэг ярьдаг Ерөнхий сайд биш гэдгийг Хөгжлийн банкинд зээлээ төлж эхэлсэн эрхтэн дархтануудаас харж болно. Хариуцлага нэхэж, шорон гянданд хориод эхлэнгүүт ганцхан өдрийн дотор өчнөөн тэрбумаар нь өр зээлээ төлчих жишээний. Энэ бол яалт ч үгүй өнөөгийн Засгийн газрын зангараг.

Л.Оюун-Эрдэнийн эрх ашгийн том бүлэглэлүүдтэй хийж буй зоримог тэмцэл нүүрсний хулгай, Дарханы замын авлига луйвараар үргэлжилж байна. Үе, үеийн Засгийн газрын шүдний өвчин болсон том асуудал бол нүүрсний төмөр зам. Нүүрсний төмөр замыг гацаасан улстөрчид хариуцлага тооцох асуудлыг аль ч Засгийн газрын тэргүүн зүрхэлж хөнддөггүй байсан. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ асуудлыг ил тод хөндөж, буруутныг нь нэр устай нь зарлаад эхэлчихлээ. Удахгүй тэдэнд хариуцлага тооцох нь ч тодорхой болоод байгаа. Үүгээр зогсохгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд том заналхийсэн стратегийн бүтээн байгуулалтыг зогсоосон хүмүүст хариуцлага үүрүүлж, алдагдсан боломжийн өртгийг төлүүлнэ гэдгээ ч хатуухан илэрхийлчихлээ, Л.Оюун-Эрдэнэ. Түүний эдгээр зоримог шийдвэрүүд тамхины хуулиар үргэлжлэх бололтой. Тавин саяын торгуулиар овоглосон тамхины асуудал улстөрчдийн анхааралд орсон ажээ. Уг нь одоогийн мөрдөгдөж байгаа Тамхины хуулийг АН төр барьж байхдаа хийсэн. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилсан энэ хууль үнэхээр сайн болсон. Одоо Л.Оюун-Эрдэнийн сэдлийг нь өгөөд байгаа тамхины хуулиа үүнээс ч сайн хийгээсэй гэж залбиръя даа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)