Си Жиньпин дэлхийн хамгийн хүчирхэг хүн
- 2022-08-18
- Нийтлэл
- 0
АВЛИГЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛ
Сталины үлгэр дуурайл
Хятадын Коммунист намын XVIII хурлаар ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоныхоо дараа Си Жиньпин “ЗХУ-ын түүх, ЗХУ-ын Коммунист намын түүх, Сталин, Ленинээс татгалзах нь түүхийг үгүйсгэж байгаа хэрэг бөгөөд ингэх нь бидний бодол санааг үймүүлж, намын зохион байгуулалтыг бүх түвшинд булшлах болно”1 хэмээн тодорхой мэдэгдэл хийжээ.
Энэ өгүүлбэр ямар утгатайг ойлгож ухаарахын тулд Иосиф Сталины тухай цухас боловч өгүүлэх хэрэгтэй. Сталиныг ЗХУ-ыг үндэслэн байгуулагч Лениний залгамжлагч гэж боддог хүн олон. Сталин хэдийн 1922 онд, өөрөөр хэлбэл 1924 онд Ленинийг насан эцэс болохоос хоёр жилийн өмнө зөвлөлтийн коммунистуудын ерөнхий нарийн бичгийн дарга болчихсон байсан учир үүнийг үнэн зөв гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ тэр үед ерөнхий нарийн бичгийн дарга бол намын дарга биш, харин ердөө намын аппаратыг удирдагч менежер буюу зүйрлэвэл барууны намуудын ерөнхий нарийн бичгийн даргатай дүйж байлаа. Ленинийг нас барсны дараа Сталин намын аппаратын хязгааргүй диктатур тогтоосноор ерөнхий нарийн бичгийн дарга буюу өөрөө гол хүн болжээ. Энэ системийг хожим бусад коммунист намууд авч хэрэгжүүлсэн юм.
1956 онд ЗХУ-ын Коммунист намын XX хурал дээр буюу Сталиныг үхсэнээс гурван жилийн дараа намын шинэ дарга Никита Хрущёв 5 цагийн турш үргэлжилсэн нууц яриан дээр Сталины үйлдсэн гэмт хэргүүдийн тухай ярьж, түүнээс татгалзаж буйгаа мэдэгдлээ. Түүний шарилыг мавзолейгаас гаргаж, үй олон хөшөөг нь нүд ирмэх зуур буулгав. Мао үүнийг дагаагүй бөгөөд энэ нь ЗХУ, Хятадын хооронд хожим хагарал үүсэх шалтгаануудын нэг болсон юм. Гэхдээ тэд ч бас Сталины үеийн талаар ил тод ярихаас татгалзаж байв. Хавтасныхаа өнгөнөөс болж дэлхий даяарх коммунистуудын дунд “Худал хуурмагийн ногоон ном” гэж далдуур нэрлэгдэх болсон ЗХУ-ын коммунист намын албан ёсны түүх-д энэ тухай “Гүйцэтгэсэн үүрэг, гавьяагаа хэмжээ хязгааргүй хэтрүүлж үнэлсэн Сталин өөрийнхөө туйлын зөвд итгэж, намын итгэл найдварыг буруугаар ашиглан, ленинч зарчим, намын хэм хэмжээг зөрчиж, хуулийг хөсөрдүүлж эхэлсэн юм. Сталиныг тахин шүтэх явдал, ялангуяа амьдралынх нь сүүлийн жилүүдэд бүр ч туйлширч, нам төрийг удирдах үйл хэрэг болон социализмыг бүтээн байгуулахад ноцтой хохирол учруулсан”2 хэмээн бүдэг бадаг дурдах төдий өнгөрдөг.
Зөвлөлтийн шилдэг түүхч Димитрий Волькогонов 1978 оноос архивуудад Сталины талаар хайж судалж эхэлжээ. Гэхдээ уг судалгаагаа Горбачёвын “перестройка”, “гласность” гэх бодлого эхэлснээр сая нэг дуусгаж чадсан юм. Ингээд 1990 онд ЗХУ-д түүний бичсэн “Сталин. Ялалт ба эмгэнэл”3 хэмээх намтар бүтээл хэвлэгдэв. Уг номд өгүүлснээр бол Сталины удирдсан улс төрийн “Их цэвэрлэгээ”-ний үеэр 19-22 сая орчим хүн амь насаа алджээ. Тэд улс төрийн урван тэрслэлт гэх шалтгаанаар цаазын ял аван буудуулж, эсвэл Гулагийн хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх лагерьд үхэж үрэгдэх юм уу үндэсний цөөнхүүдийн албадан шилжүүлэлтийн аяыг даалгүй нас барж байлаа. Нам, ард түмнийг өөрсдийн дунд буй “дайснууд”-ын эсрэг зогсолтгүй тэмцэлд бэлэн байлгахын тулд “урвагч”, “тагнуул”-уудыг тасралтгүй эрэн хайж байсан нь сталинизмын гол шинж байв.
Өөрийнх нь эрх мэдэлд аюултай байж магад гэж Сталины үзсэн коммунист намын удирдах хүмүүс хамгийн эхний золиос боллоо. 1927 онд Төв хороонд сонгогдсон 21 гишүүнээс 1939 он гэхэд хоёрхон хүн амьд үлдсэний нэг нь гадаадад элчин сайдаар сууж байсан Александра Коллонтай, нөгөөх нь Сталин өөрөө байв. Тэдний гурав нь үй олноор хоморголон мөрдөх ажиллагаа эхлээгүй байхад жамаараа насан эцэс болсон бол үлдсэн 16 гишүүнийг Сталин буудан хороолгож эсвэл тамлан алжээ.4
ЗХУ нацистын Германыг ялах үед Сталин төрийн өндөрлөгт байв. Гэвч дэлхийн II дайны өмнөхөн Сталин өөрөө зөвлөлтийн армийг удирдлагагүй болгож, хүчийг нь нэлээн сулруулсан юм: 5 маршалаас 3-г нь, армийн 1 дүгээр зэргийн 5 дээд командлагчаас мөн 3-г, хоёрдугаар зэргийн 10 дээд командлагчийг бүгдийг нь, 57 корпусын командлагчаас 50-ийг, 186 дивизийн командлагчаас 154-ийг, 1 болон хоёрдугаар зэргийн армийн 16 комиссарыг бүгдийг нь, 28 корпусын комиссараас 25-ыг, 64 дивизийн комиссараас 58, 1-р зэргийн 456 хурандаагаас 401-ийг нь Сталин тус тус буудан хороолгожээ.5
Сталины дэмжигч гэдгээ мэдэгдсэнээрээ Си Жиньпин нэг ёсондоо Горбачёвыг эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн гэхэд болно. Октябрийн хувьсгалын 70 жилийн ойгоор хэлсэн үгэндээ Горбачёв “Дур зоргоороо авирлаж байсан олон баримтыг Сталин өөрөө мэдээгүй байсан гэж мэтгэх хүмүүс гардаг. Бидэнд буй баримтуудаас үзэхэд тэр мэдэж байсан нь илэрхий. Үй олноор нь хавчин дарамталж, дур зоргоороо авирласныхаа төлөө Сталин болон түүний ойрын хүмүүсийн нам, ард түмний өмнө үйлдсэн гэм нүгэл асар их бөгөөд арилшгүй юм” хэмээсэн байна.
Сталин шиг дарангуйлагчийн чухам юуг нь Си Жиньпин бахдаж биширдэг юм бол? Тэрээр Троцкий, Бухарин зэрэг өрсөлдөгчдийнхөө эсрэг тэмцэн гарч ирсэн. Үүгээрээ Бо Силай болон бусад өрсөлдөгчийн эсрэг тэмцэн гарч ирсэн Си Жиньпинтэй адилхан. Бо Силайн тухайд Си Жиньпинд аз тохиосон юм. Учир нь тэр өөрөө өөрөөсөө болоод хүнд байдалд оржээ. Учир юун хэмээвээс: 2012 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр цагдаагийнхан Сычуань мужийн нийслэл Чэнду хотноо орших АНУ-ын консулын газрыг орвонгоор нь эргүүлэв. Тэнд хөрш зэргэлдээх Чунцины цагдаагийн дарга, Бо Силайтай дотнын нөхөр явсан Ван Лижүнь орогносон байна. Ван консулын газраас гарангуутаа баригдав. Ялаа хөнгөлүүлэхийн тулд тэрээр улсын прокурорт ноцтой мэдээлэл өгчээ. Түүний мэдүүлснээр бол Бо Силайн эхнэр Гү Кайлай гэгч эмэгтэй Нил Хэйвүүд хэмээх английн бизнесменийг хордуулсан байна. Энэ эр тэдний хүүгийн Харвардад сурах мөнгийг зохицуулж байсан бөгөөд яваандаа эхнэртэй нь маргалджээ. Энэ явдлаас хэдхэн сарын дараа эмэгтэйд цаазаар авах ял оноосон ч дараа нь бүх насаар нь хорих ял болгон өөрчилжээ. Бо Силай ч баривчлагдлаа. Тэрээр эхнэрийнхээ үйлдсэн хүн амины гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд саад хийсэн төдийгүй нэгэн бизнесменээс 2.6 сая америк доллартой тэнцэх хэмжээний авлига авчээ. Зинань хотын дунд шатны шүүх таван өдрийн турш хуралдсаны эцэст түүнд мөн бүх насаар нь хорих ял оноов.6
Си Жиньпин санасандаа бараг л хүрлээ. Гэтэл 2012 оны есдүгээр сарын эхээр хачирхалтай юм болов: Си Жиньпин ор сураггүй алга болох нь тэр. Тэрээр АНУ-ын тухайн үеийн гадаад харилцааны сайд Хиллари Клинтонтой тохирсон уулзалтаа тасалж, Бээжингээс зүүн өмнө зүгт орших чухал боомт Тяньжинь хотноо болох дэлхийн эдийн засгийн форумд ч ирсэнгүй.7 Тэр үед чухам юу болсон тухай ийм нэгэн таамаглал бий: Сигийн эсрэг талынхан түүнийг биш харин мөн адил улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, хоёр насаар дүү Ли Кэцяныг Хятадын шинэ удирдагч болно гэсэн яриа нам дотроо тараажээ. Сигээс ялгаатай нь тэр “улаан дээдэс”-ийн үр удам биш, харин тариачны хүүхэд. Сигийн нэгэн адил хөдөө орон нутагт ажилласаар ахиж дэвшин, 43 насандаа Хэнань мужийг удирдан Хятадын хамгийн залуу захирагч, дараа нь Ляонин мужийн намын нарийн бичгийн дарга болжээ.
Ли Кэцянтай ч бид уулзаж байсан юм. 1986 он, Бээжин хот, Цяньмэнь Дундажиэ дэх Коммунист залуучуудын эвлэлийн Төв байр. Хоосон шахуу өрөөнүүдэд намын ажилтнууд улс төрийн бичиг лоозон бийрлэж, Холбооны сэтгүүлийн дизайныг ярилцаж байлаа. “Найрсаг хүлээн авч” буйн тэмдэг болгож, Залуучуудын эвлэлийн удирдлагад олон улсын харилцааг хариуцан ажилладаг эр бидэнтэй уулзаж ярилцахаар товложээ. Түүний нэр: Ли Кэцян.
Биднийг хоёр улаан зөөлөн сандал бүхий том танхимд оруулав. Тэнд буй ажилтан “гадаадын эрхэм зочин”-ыг нэг сандал дээр суухыг урилаа. Нөгөөх нь Ли Кэцянд зориулагдсан аж. Тэр үед мань эр 31 настай залуухан залгамж халаа байсан учир олонд танигдаагүй, гадаадад танигдах тухай бол ярихын ч хэрэггүй байлаа.
Ли Кэцян өрөөнд орж ирэв. Нүдний шил зүүсэн туранхай эр нөхөрсөг, даруухан харагдаж байлаа. Угтагч эмэгтэй цайны хятад шаазан өндөр аяганууд тавьж, тагийг нь аваад навчин цайн дээр халуун ус хийв. Энэ бол Хятадын албан ёсны хүлээн авалтын үеэр ёс шахам байдаг зүйл гэхэд болно.
Залуучуудын эвлэлийн нөлөөний талаар асуухад тэр тухайн үеийн социалист орнуудынханд нийтлэг байсан ихэрхэл сүржигнэлгүйгээр “Хятад бол том орон. Зарим үйлдвэрийн ажилчин залуусынх нь 50% нь манай намын гишүүн байх нь бий. Гэхдээ залуучуудын эвлэлийн тухай огт мэдэхгүй шахам хөдөөгийн алслагдмал тосгод ч бас байдаг” гэж хариулав.
Ли Кэцян тэр үед өөрийгөө прагматикч гэдгээ харуулж “Бидний зорилго бол хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг улам сайн хангах явдал юм. Бид өнөөдөр бодлогоо “Үнэнийг бодит байдлаас хай” гэсэн зарчмаар хөгжүүлж байна. “Хоёр бүхэн” хэмээх буруу чиг шугамыг бид давж гарсан” хэмээн үзэл суртлаас илүүтэй эдийн засгийн талаар ярьж байлаа (“Хоёр бүхэн” хэмээх чиг шугам бол Мао даргын гаргасан улс төрийн бүх шийдвэрийг шууд дэмжих, түүний өгсөн бүх заавар журмыг зайлшгүй даган биелүүлнэ гэсэн чиглэл байв). Залуучуудын эвлэл эдийн засгийн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж буйг Ли тайлагнан “Бид 230 чухал төсөл, тэр дундаа Бээжин хотод усан цахилгаан станц барих барилгын төслийг хариуцан ажиллаж байна. Гарамгай амжилт бүтээлээрээ шалгарсан залуу ажилчид, албан хаагчдыг иргэний дайны үед Маогийн удирдсан Их аянтай холбогдуулан “Шинэ Их аяны хошуучлагчид” гэж өргөмжилдөг. Хошуучлагчдын дунд загварын шинэ цуврал гаргасан оёдолчин, усанд живж байсан хүнийг аварсан сурагч хүртэл бий. Гэхдээ үйлдвэртээ шинэ машин зохион бүтээсэн юм уу, үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг сайжруулах санал боловсруулсан ажилчин залуус юу юунаас илүүтэй олон бий” гэж ярив. Тэгснээ “Бид илүү үр бүтээмжтэй ажиллах ёстой”, “Тиймээс бид эдийн засгийн төлөвлөлт, удирдлагын тогтолцоог шинэчилж байна” гэж шүүмжлэнгүй хэлсэн юм.
Ингэхдээ тэр залуучуудад тулгарч буй тодорхой асуудлуудыг хөндөн “Орчин үежүүлнэ гэхээр хийсвэр сонсогдож байгаа ч залуучуудын хүсэл мөрөөдлийг биелүүлэх, бодитой болгох асуудал яригдаж байгаа юм. Жишээлбэл, мопедтой болно гэх мөрөөдөл байна. Хэдэн жилийн өмнө хятадууд мопед гэж бараг мэддэггүй байлаа. Гэтэл өнөөдөр хотын гудамжаар мопедын дуу хадах болсон. Мопед иргэдийн сарын дундаж цалингаас арав дахин үнэтэй. Тиймээс худалдаж авахын тулд гэр бүлээрээ мөнгөө хэмнэж хадгалахаас аргагүй. Гэхдээ ямартаа ч одоо мопедыг Хятадад үйлдвэрлэж, худалдаалдаг болсон” хэмээн ярилаа.
2012 оны эхээр Ли Кэцяныг нам, төрийн удирдагч болгож магадгүй гэх яриа гаргасан нь Сиг зогсоох сүүлчийн оролдлого байв. Хятадыг сайн мэддэг Ёорг Вутткэ: “Хэрэв намын жирийн нэг ажилтан байсан бол “За ойлголоо, та нар тэгж байгаа бол албан тушаалын хуваарилалтаа өөрчилцгөөе дөө” гэх байсан нь лавтай. Харин тэр “Тэгвэл би цаашид хуруугаа ч хөдөлгөхгүй. Намайг ерөнхийлөгчөөр бэлдэж бэлдчихээд одоо өөр хүн томилж буйгаа та нар дэлхий дахинд өөрсдөө тайлбарлаарай гэчхээд л яваад өгсөн бололтой. Ингээд хоёр долоо хоног учир битүүлэг алга болж, улмаар түүнд халдсан эсвэл өвдсөн гэх мэт элдэв таамаглал гарч эхэлжээ. Эцэстээ “Үүнийг ард түмэнд, дэлхий дахинд тайлбарлаж чадахгүй юм байна” гэдгээ намынхан мэдэрсэн хэрэг. Тэгээд бодлоо өөрчлөн, мань эрийг буцаад ирэхийг гуйсан байх”.
Энд Си Жиньпин “ханхүү”, хувьсгалын баатрын хүү гэдэг нь дангаараа ач холбогдолгүй. Энэ шинжид тохирох хүн ганцаар тогтохгүй шүү дээ. Тэгээд ч Хятад улсыг хэдхэн гэр бүл юм уу Умард Солонгос шиг ганц бүл захирдаггүй. Хятад орныг Коммунист нам удирддаг. Намыг толгойлох боловсон хүчнээ сонгох үйл явц нарийн төвөгтэй системийн дагуу явагдана. Баримтлах чиглэлээрээ намын их хурал дээрээ ил тод өрсөлдөн, удирдах албан тушаалтнуудыг, тэр бүү хэл анхан шатны сонгуулийг ч санал хураалтаар шийддэг АНУ-ынх шиг өрсөлдөөнийг тууштай коммунист намууд огт мэдэхгүй. Ойролцоогоор жишиж хэлбэл томоохон концерны хүний нөөцийн хэлтэстэй төстэй гэмээр боловсон хүчний хэлтсийнхэн туршлага, чадвар, амжилт, суралцаж дүүргэсэн намын сургууль, хамгийн гол нь зөв зохистой зан байдлыг нь харгалзан намын удирдах ажилтнуудыг тушаал дэвшүүлэх юм уу бууруулахад бэлддэг. Гэвч эцсийн эцэст шийдвэрийг дээд түвшний удирдлагууд гаргана: Доод шатныхны саналаар сонгогдох бус, харин тусгай хүрээндээ хэнийг оруулахаа дээд шатныхан өөрсдөө шилж сонгож авна.
Онолын дагуу бол “шинжлэх ухаанч” шалгуураар шилдгүүд сонгогдоно. Коммунист нам ч ялгаагүй хүмүүсээс л бүрддэг учир албан тушаал ахих үйл явц үнэн хэрэгтээ хэн нь хэний бүлэгт багтдаг, хэнтэй харилцаа холбоо сайтайгаас ихээхэн хамаардаг. Тэрхүү сайн харилцаа холбоо урьд өмнө хамт ажиллаж байхад үүссэн байж болно. Гэхдээ хятад хүмүүс гэр бүлийг нэн чухалчилдаг учир хаанахын хэний хүүхэд гэдэг бас чухал. Эцэг нь хүүгээ удирдах зөвлөлдөө оруулах гэхчлэн садан сүлбээгээ улайм цайм дэмжихийг Хятадын коммунист нам ч бас буруушаадаг. Гэхдээ 20 жилийн өмнө нэгэнтээ тусыг нь хүртэж байсан хүнийхээ зээ дүүг дэмжих зэрэг асуудал зайлшгүй гарна. Чухам тийм учраас “ханхүү“ гэдгээрээ Си Жиньпинд давуу тал олдсон юм.
Гэхдээ Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга болохын тулд ганцхан хүнийг итгүүлэн үнэмшүүлэх хангалтгүй. Үүний тулд улс төрийн товчооны хамгийн нөлөөтэй гишүүд, түүнчлэн намын ахмад удирдлагууд дундаас холбоо сүлбээ, танил тал сайтай хэд хэдэн хүний зөвшөөрөл хэрэгтэй. Фракц байгуулахыг Хятадын коммунист нам хориглодог. Гэсэн хэдий ч Си Жиньпинг эрх мэдэлд очихоос өмнө ХКН-ын дээд удирдлага дунд хоёр бүлэг байсан гэлцдэг: Нэг нь төрийн болон намын дарга асан, урьд нь Шанхай хотын намын даргаар ажиллаж байсан Зян Зэминийг тойрсон “Шанхайн бүлэглэл”; нөгөөх нь Зянгийн залгамжлагч, урьд нь Залуучуудын холбооны тэргүүн байсан Ху Жинтаог тойрон хүрээлсэн Коммунист залуусын лигийнхэн. Энэ сэдвийг бид гүнзгийрүүлж ярихгүй орхиё. Учир нь энэ хуваагдал зөрчил ил тод явагддаггүй учир энэ тухай өгүүлсэн бүхэн хий хоосон таамаг болох болно. Гэхдээ энэ номыг бичихээр судалж байх үед хятадын улс төрийн хүрээнийхний бидэнд хэлсэн үг үнэнд ойр санагддаг юм: Энэ хоёр бүлгийн алинд ч хамаардаггүй нь Си Жиньпингийн “давуу тал” болсон. Түүнийг ердөө л эдийн засгийг хөгжүүлэх тухай гэхчлэн намын удирдлагын шийдвэрүүдийг тууштай хэрэгжүүлдэг, хичээнгүй зүтгэлтэй, чадварлаг атлаа олны анхаарал татах өөрийн гэсэн хурц үг, байр суурь илэрхийлдэггүй удирдах ажилтан гэж үзэж байв. Тийм ч учраас түүнтэй учраа ололцоод байж болох юм байна хэмээн намын удирдлагад буй нөхөд бүгд бодсон хэрэг.
Ийнхүү Си Жиньпин 2012 оны арваннэгдүгээр сарын 15-нд Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдлоо. Тэр үед тэр дөнгөж 59 настай байсан нь энэ албан тушаалын хувьд харьцангуй залууд тооцогдоно. Түүнчлэн тэрээр БНХАУ үндэслэн байгуулагдсанаас хойш төрсөн намын анхны дарга. Үүний зэрэгцээ Батлан хамгаалах зөвлөлийн дарга учир дэлхийн хамгийн том армийг захирна. 2013 оны гуравдугаар сарын 14-нд тэрээр мөн улсын ерөнхийлөгчийн албыг хүлээн авч, Ли Кэцян харин ерөнхий сайд буюу Хятадын хоёрдугаар хүн болов.
Ёорг Вутткэ Хятад дахь Европын худалдааны танхимын даргын хувьд Си Жиньпинтэй уулзсан цөөхөн герман бизнесмений нэг. Тэр бидэнд “Си бол онцгой харизмтай хүн, түүнийг өөрөөр тодорхойлох аргагүй”, “Тэр сэтгэл татах хүчтэй, хүний нүд рүү эгцэлж хардаг. Тэгэхээр надад бүрэн анхаарлаа хандуулж байна гэсэн сэтгэгдэл хүнд төрдөг. Тэр бол гар барьж мэндэлмэгцээ дараагийн хүн рүү ханддаг нэгэн биш, харин хүний царайг үнэхээр харж тогтоож авдаг хүн. Хятадын бусад удирдагчаас өөр. Си ер нь уулзалтын үеэр бага ярьдаг. Харин хүмүүсээс ямагт нэг алхам тайван, бас нэг алхам илүү догь байж эргэлзүүлж чаддаг нэгэн. Үнэхээр ажиггүй тайван хүн” гэж ярьсан юм.
Зигмар Габриэл нэг удаа Умард Райн-Вэстфали мужид болсон засгийн газрын хүлээн авалт дээр Си Жиньпингийн хажууд нэг ёсны саатуулагч буюу “ширээний хүүхний” үүргээр суужээ. “Яриа эхэндээ тун ч хөндий хөшүүн байв. Тэд нэг асуулт тавина, Си хариулна. Тэд дахиад нэг асуулт бодож олоод асууна, тэгээд дахиад л дараагийн асуултаа хайна гэхчлэн уур амьсгал маш албархуу байсан” хэмээн тэр бидэнд хуучилж эхлэв. Габриэл тэгтэл хөл бөмбөгийн бөмбөг болон бэлгэнд авч байсан нэг ороолтоо гаргаж ирэхэд байдал гэнэт өөрчлөгджээ. “Тэр ороолт маань Рүүр нутгийн хөл бөмбөгийн бүх холбооны тэмдэгтэй, цор ганц ширхэг үйлдвэрлэгдсэн эд. Тэрнээс биш тэр бүх холбоог багтаасан нэг ороолт гэж байдаггүй юм.” Сиг хөл бөмбөгийн фэн гэдгийг тэр мэдэж байжээ. “Тэр мөчөөс эхлээд оройн турш сайхан чөлөөтэй уур амьсгалтай болсон. Гэр бүл, хүүхдүүд гээд юм бүхний тухай ярьцгаасан. Тэр яг л төрөл арилжчих шиг санагдсан”.
Хожмоо түүнтэй сайдын хувиар Бээжинд уулзахдаа Габриэл энэ яриагаа үргэлжлүүлж чадсан ч урьдын чөлөөтэй уур амьсгал огт үүсээгүй аж. Өмнөх ерөнхий нарийн бичгийн дарга нарын үед Габриэл болон германы бусад сайд тус улсын ТББ-уудын төлөөлөл, байгаль орчны идэвхтнүүд, өмгөөлөгчидтэй уулзаж байжээ. “Түүнтэй уулзах цаг тохирсон л бол иймэрхүү өөр уулзалт хийж болохгүй гэж хориглохыг би Си Жиньпингийн үед хоёр ч удаа үзэж байлаа. Харин тэр уулзалтуудаа Ситэй хийх уулзалтын дараагийн өдөр рүү шилжүүлж өөрчлөхөд минь сая нэг хүлээн зөвшөөрсөн. Гэвч тэр уулзалтад оролцоно гэсэн хүмүүс маань цуцлах тохиолдол гарсан. Тэдэн дээр урилгагүй зочид очсон байна билээ. Нэг нь үүнээс хойш удалгүй сураггүй болж, манай Канцлерын албанаас оролцож байж нэг юм суллуулсан. Си Жиньпин уяаг нь чангалсан хэрэг”. Гэхдээ Ситэй уулзаж ярилцсан яриануудаасаа Габриэлийн мэдэж авсанчлан ингэх учир шалтгаан бий ажээ: Тодруулбал “Шинээр үүсэж буй дундаж давхаргынхан сэтгэл дундуур байгаа явдал намын эрх мэдэлд аюул заналхийлнэ гэж Коммунист намынхан үзэж байгаа. Иргэд сэтгэл дундуур байгаа нь давын өмнө хоёр шалтгаантай: Нэгд, газар авч буй авлига хээл хахууль, хоёрт, ард иргэд эрүүл мэндийнхээ төлөө айж түгших хэмжээнд хүрч буй байгаль орчны бохирдол”. Ингээд Си авлигатай хийх тэмцлийг нам доторх өрсөлдөгчдөө зайлуулах ажилтай холбон уялдуулжээ. Хятадын Коммунист нам бол атгасан гар шиг эв нэгдэлтэй нам биш. Хаа газрын том байгууллагуудын нэгэн адил энд ч бас эрх мэдлийн төлөөх шунал, карьерт хүрэх хүсэл тэмүүллийн улмаас өрсөлдөөн үүснэ. Хувь хүмүүс хоорондын дайсагнал гарна. Хятадын улстөрчид олон нийтэд илэрхийлэх нь хэдий ховор боловч улс төрийн ялгаатай үзэл бодлууд ч оршино.
Си Жиньпингийн хувьд зөвхөн Бо Силай мэтийн ганц нэг өрсөлдөгчийг зайлуулах хэмжээний асуудал яригдахгүй. Тэрээр намын дарга болсныхоо дараахан хэлсэн нэг үгэндээ “Манай нам бол хувьсгалч үзэл суртал, төмөр мэт сахилга батаар зохион байгуулагдсан марксист нам” гэж хэлжээ. Энэхүү тодорхойлолт германы коммунист Лүи Фюрнбэргийн зохиосон Ямагт намын зөв хэмээх дууны “Ленинч ухаанаас ургаж, Сталинаар гагнагдсан нам, нам, нам” хэмээх мөрийг санагдуулна. Си Жиньпин энэ үгэндээ “Төмөр мэт сахилга бат бол манай намын алдар цуутай уламжлал, илт давуу байдал юм” хэмээжээ.8
“Энэхүү алдар цуутай уламжлал”-ыг тэр аюулд өртлөө хэмээн үзэж “Намын зарим ажилтан ёс суртахуунаа гээж, итгэл үнэмшил нь ганхаж, зугаа цэнгэлийг амьдралынхаа зарчим болгожээ. Зарим нь материаллаг ая тух, бүдүүлэг зугаа цэнгэл, садар самуун, ууж идэх, халгиж цалгисан амьдралын төлөө зарчмуудаа таягдан хаяжээ“ гэж халаглан “Үүний харгайгаар зөвхөн ёс суртахуунаар тогтохгүй намын эрх мэдэл ч аюултай байдалд орсон” гэв: “Намын гишүүдээ нийтэд нь сэрэмжлүүлэхийн тулд би эдгээрийг жишээ болгон хэлж байна. Хэрэв бид энэ мэт асуудлуудыг зэрлэг өвс мэт тархааж орхивоос аймшигт олон үр дагавар гарч, эрх мэдлээ алдах талаар Мао Зэдунгийн эш татаж байсан “Сайхан амьдраарай, амраг минь” нэртэй эмгэнэлт түүх бодит биеллээ олох аюул заналхийлэх болно” гэж тэр хэлжээ.9 Тэрээр биеэ тоон ихэрхсэн цэргийн жанжин Сян Юй амрагийнхаа хамтаар амиа хорлоход хүрдэг тухай өгүүлэх Цинь гүрний хожуу үеийн (МЭӨ 221-206) нэгэн түүхийг сануулж буй хэрэг.
Хятад орон үнэхээр авлигад баригджээ. Авлигатай тэмцэх хоёр арга зам бий: Эрх мэдэлтнүүдэд хараа хяналт тавьж байх чөлөөт хэвлэл ба гэмтнүүдийг эрх зүйт төрийн зарчмаар яллан шийтгэх хараат бус шүүх; үгүй бол диктатур төрийн төмөр нударга юм. Си хоёр дахь замыг сонгожээ. Кай Шритматтэр Sьddeutsche Zeitung сонины Хятад дахь сурвалжлагчийн хувиар Си Жиньпинг нам, төрийн удирдагч болсон эхний жилүүдэд нь дагалдаж байсан юм. Тэрээр “2013 оны зунаас хойш Хятадын төрийн телевиз CCTV (Хятадын төв телевиз) баривчлагдсан юм уу, алга болсон хүмүүсийн эцэс төгсгөлгүй гэмээр цувааг олон нийтэд үзүүлж эхэлсэн. Шүүхийн танхим, тэр бүү хэл улсын өмгөөлөгчийн барааг ч хараагүй байхдаа л тэр хүмүүс шууд шоронгоос ярилцлага өгөн гэм буруугаа хүлээн гэмшиж буй хэрэгтнүүдийн дүрд тоглоно” хэмээн мэдээлж байв.
Энэ тал дээр үлгэр дуурайллаа болгосон Сталинаас ч давуу зүйлс Си Жиньпинд байсан юм: Сталины боломж тухайн үед “дайсны тагнуул”, “Троцкийн хамсаатнууд”-ыг шүүн таслах нээлттэй шүүх хурал руу цөөн хэдэн шилдэг ажилтнаа илгээхээр л хязгаарлагдаж байлаа. Си харин зурагтын тусламжтайгаар айл бүрд хүрч очно. “Си Жиньпинг үүрэгт ажлаа авснаас хойш улам бүр нэмэгдэж эхэлсэн дарамт шахалтын хэв загварт ихэнх яллагдагч яг тохирч, зурагтаар олны өмнө хэргээ хүлээж гэмээ наманчлах явдлыг суртал ухуулгынхан улс төрийн илүү өндөр дээд зорилго руу чиглүүлж байгаа юм” хэмээн Шритматтэр цааш бичжээ. Од болсон либерал үзэлтэй блогчин, шүүмжлэлт нийтлэгч, өмгөөлөгчдөд зөвлөгөө өгч байсан Шведийн ТББ-ын ажилтан эр гээд л бүгд олны өмнө яг ийм байдлаар гарцгаасан юм. Тэд зурагтаар үзэж суугаа хэдэн зуун сая үзэгчийн өмнө бүгд гэмшил дүүрэн, номхон дорой царайлж, өөрсдийн “гэмт” үйлийг нулимс дуслуулан хүлээж, хамт ажилладаг байсан нөхдөө барьж өгч “дайсан орон”-д буй нууц ноёнтноо илчилж, намын энэрэнгүй сэтгэлд талархаж, хоёр дахь боломж олгохыг гуйна.10
Сталины үед харин золионы хүмүүсийг шүүхийн өмнө “хувьсгалын эсрэг гэмт хэргээ” хүлээн, өөрсдийгөө буудан алахыг гуйтал нь тамладаг байсан юм. Тэд ийнхүү “хэргээ хүлээснээр” коммунист удирдагч бээр намын нөхдийнхөө шүүмжлэлийг сөрөн тэрхүү аймшигт явдлыг уучилж өнгөрүүлдэг байв. Си Жиньпин ч бас үүнтэй төстэй үндэслэл гаргаж ирдэг: “Зарим өндөр албан тушаалтан Төв хорооны зүгээс хүнд ноцтой хэргүүдийг мөрдөн шалгаж буйд бухимдаж, шалгуулж буй этгээдүүдийг олон сайн сайхан зүйл хийсэн, ийм өчүүхэн алдаанаас болж шалгагдах ёсгүй хүмүүс байсан гэж гомдоллож байна. Ингэж шүүмжлэх зөв үү? Хэргээ хүлээсэн мэдүүлгийг нь хэрэв уншиж үзэж гэмээ нь нэг ч хүнийг хилсээр хэлмэгдүүлж яллаагүйг тэд харах болно” гэжээ.11
Нацистуудаас зугтан Москва руу дүрвэн ирсэн германы коммунистууд Кремлийн ойролцоох Горькийн гудамжинд (одоо дахиад Тверь гудамж болсон) Люкс зочид буудалд амьдарч байсан юм. “Их цэвэрлэгээ”-ний үеэр гарцаагүй баривчлагдах болоход тэдний ихэнх нь амиа егүүтгэжээ. Гэхдээ тэд “зөвлөлтийн ард түмний амар амгаланг алдуулахгүйн тулд” гадаа гудамжинд биш, харин зочид буудлын хашааг сонгосон байв. Өнөөгийн Хятадад ч бас иймэрхүү үзэгдэл болж байна: Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Сэтгэл судлалын хүрээлэнгийн нэгэн судалгааны дүнгээр бол, Си Жиньпинг албаа авсны дараах дөрвөн жилд намын ажилтнууд амиа хорлох явдал өмнөх 4 жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. 2009-2016 оны хооронд 140 хүн өндрөөс үсэрч, 44 хүн өөрийгөө боомилж, 26 хүн хор ууж, 12 хүн усанд живж, 6 хүн судсаа ханаж амиа егүүтгэжээ.12
Хувь заяа нь ийн төгссөн зарим тохиолдлыг Ёорг Вутткэ ч мэдэх ажээ. “Миний нэг найз Чунцины намын орлогч нарийн бичгийн дарга байсан юм. Тэр найз маань 2019 оны аравдугаар сард Төв хорооны уулзалтын үеэр өндөр байшингаас үсэрч, мэдээж нас барсан. Магадгүй яг Си Жиньпингийн нүдний өмнө үхсэн байх. Сүүлийн үед маш олон хүн зүгээр л сураггүй алга болдог боллоо. Энд бид жинхэнэ өшөө авалтыг харж байна даа” гэж тэр хуучлав.
2012 оноос хойш хятадын 1.5 сая намын ажилтан шийтгүүлжээ. Тэдний дунд дээд удирдлагын долоон хүн (бүгд Улс төрийн Товчооны гишүүн эсвэл сайд), дээд генерал цолтон хориод бий. Удирдах хоёр ч ажилтан цаазын ял авсан билээ.13 Авлига, албан тушаалаа буруугаар ашиглахын эсрэг хатуу чанга арга хэмжээ авах кампанит ажил Си Жиньпинг төрд ашгүй нэг цэвэрлэгээ хийж буй “хатуу чанга эр” болгон Хятадад алдаршууллаа. Гэвч хэн нь жинхэнэ буруутайг шалгах боломж бараг үгүй. Учир нь эд бол хууль ёсны дагуу явагддаг шүүх ажиллагаа биш юм. Хятадад явагдаж буй нийт шүүх ажиллагааны яллах хувь 99%-аас дээш гарна. Өөрөөр хэлбэл, гэм буруугүйг тогтоосон шийдвэр гардаггүй гэхэд болно.14
Олны нүдэн дээр болдог шүүх хурлууд “Сармагчныг айлгахын тулд тахиа нядалж харуул” гэх хятадын зүйр үгийг баримтална. Энэ бүхэн “намын гараас хэн ч мултрахгүй” гэдэг мессежийг өгөх учиртай юм. Бүр намын ажилтан ч бай, аюулгүй санаа амар байж болно гэсэн үг биш. Иргэдийн эрхийн төлөө санаа тавьдаг өмгөөлөгч нар бол бүр ч үгүй. Тэднийг баривчлах давлагаа 2015 онд эхэлсэн юм. “CCTV энэ бүхнийг кино шиг найруулан тавихдаа секс, нэр төрийг нь гутаасан доромжлолоор дорвитойхон хачирлаж өгнө. Эгэл жирийн иргэдийн, тэр тусмаа голдуу төрийн байгууллагуудын дур зоргоороо авирын золиос бологсдын төлөө зогсолтгүй тэмцэж ирсэн өмгөөлөгчдийг энэ жүжиг мөнгөнд шунасан шулаач, ёс зүйн доройтолд орсон этгээд болгож харуулна. Жишээ нь, Тамгын газрын дарга Жоу Шифэнийг улсын телевиз нэгэн зэрэг зургаан амрагтай байснаар харуулав. Ингэхдээ амрагуудыг №1-ээс №6 хүртэл дугаарлан харуулсан инфографик дүрслэл хүртэл хийжээ.
Үг бүхнийг илчилдэг. Си Жиньпин олон нийтийн өмнө үг хэлэхдээ “Бар, ялааг ялгалгүй устгана” гэж байнга сануулдаг. Шигийн хэлсэн үгийг германаар орчуулж гаргадаг, Бээжингийн гадаад хэл дээрх уран зохиолын хэвлэлийн газар үүнд “Энэ адилтгал нь илүүтэй өндөр зэрэглэлийн (бар) болон ач холбогдол багатай (ялаа) гэмт хэрэгтнүүдийг хэлж байгаа юм” гэсэн тайлбар тодруулга хийжээ. Ямар ч тохиолдолд энэ хүмүүс бүгд амьтан бөгөөд агнуулах буюу Дүдэн толь бичигт буй тайлбараар бол “суманд оногдож алуулах” ёстой.
Коммунист намын ноёрхолд халдаж болохгүйгээс гадна нам дотроо шинэ санаа бүхий бүлгэм байгуулахыг хүссэн хэн бүхнийг Сталины нэгэн адил хавчиж дарамтална. “Ямар ч төрлийн бүлэглэл, фракц байгуулахыг хориглоно”18 гэж Си Жиньпин хэлсэн. Бусадтайгаа хувийн шугамаар уулзахад л хардлага сэжиг төрүүлнэ: “Зарим нөхөд хамт өнгөрүүлсэн цаг үеэ дурсаж ярилцахаар нэг нутгийнхны юм уу нэг сургууль төгсөгчдийн уулзалт зохион байгуулдаг. Уг нь энэ бүхэн гэм хоргүй мэт санагдана. Гэвч үүнд оролцож байгаа хүмүүс үнэн хэрэгтээ давхар санаа агуулдаг: Ирээдүйд ажил хэргийн тал дээр харилцан дэмжлэг туслалцаа өгөх, авах зорилгоор ахан дүүсийн холбоо байгуулахыг тэд санаархдаг” гэж тэрээр хэлжээ.
Юун түрүүнд энд авлига, нууц тохиролцооны асуудал яригддаг. Гэвч Си Жиньпин хожмоо намын дээд удирдлагыг “Та бүхэн тоглоом шоглоом хийн марзганаж, эш мухаргүй таамаг цуурхал тарааж, хов живд дурлаж, цахим орчинд хор уршигтай мэдээлэл түгээхээр улайрч эсвэл Төв хорооны чухал чиглэл, арга хэмжээнүүдийг “ойрын” найзуудтайгаа нийлэн үндэслэлгүй шүүмжилж байна” гэх таван өгүүлбэрээр сануулснаар хошигнох ч хориотой болов.20 Гэр бүл, хамаатан саднуудынх нь гадаад холбоо сүлбээ түүнчлэн гэр бүл салалт бас аюул учруулж мэдэх ажээ: “Зарим нөхөд үр хүүхдүүд юм уу, гэр бүлийн хүн нь удаан хугацаагаар гадаадад байгааг мэдээлэхгүй байна. Зарим нь гэр бүлдээ тохиолдсон ноцтой зүйлсийг мэдэгдэхгүй өнгөрч байна. Тэдний гэр бүл салсан, эсвэл дахин гэрлээд олон жил болж байгааг намын байгууллага мэдэхгүй явж байна”21 гэж Си Жиньпин зэмлэсэн байна.
Хэрэв мөшгөгчид ажилдаа нэг гарсан л бол эзэн ноёндоо байж болох хамгийн дээд хэмжээний амжилт гаргаж харуулахыг хүсдэг. Сталин ямар нутагт хэдэн дайсныг баривчлах, тэдний хэдийг нь цаазлах ёстой гэх тоо хэмжээ тогтоож өгөхөд орон нутгийн удирдлагууд тоог нь улам нэмж өгөхийг түүнээс гуйсан байдаг.22 Хятадад үүнтэй адил өрсөлдөөн Си Жиньпингийн төлөө өрнөж байна: 2017 онд Жэзяны удирдлага өөрсдийгөө авлигын гэмт хэргийн баривчилгааг 83%-аар нэмэгдүүлсэн гэж мэдээлжээ. Хайнань арал бүр арав дахин өсөлттэй биелүүлжээ.
Авлигын эсрэг ийм шургуу тэмцэж буйг нь харахаар Си Жиньпин өөрөө энэ тал дээр ямаршуу байдаг бол гэх асуулт урган гарна. Нэгэн баримт: Түүний охин Си Минзэ 2014 онд Харвардын их сургуулийг сэтгэл судлал, англи хэлний мэргэжлээр төгссөн.24 Хятадын төрийн албан хаагчийн албан ёсны цалингаар бол үүнийг төлж чадахгүй. Тэгэхээр нэг бол Си Жиньпин мөнгөний өөр эх үүсвэртэй, эсвэл тэтгэлэг олгодог хятад байгууллагууд дахь танил тал, харилцаа холбоогоо ашигласан. Аль нь ч бай өөрийнхөө тунхагласан зарчмуудыг зөрчиж байгаа хэрэг. Мэдээж Минзэ өөрийнхөө сурлагын амжилтаар Харвардад орсон байж болно. Хэрэв тийм бол үнэхээр азтай хувь тохиол. Хамт суралцагсад нь түүнийг маш хичээнгүй суралцдаг бөгөөд онгирч гайхуулан бусдын анхаарлыг татаж байсан удаагүй гэж ярьдаг. Үүгээрээ тэр Сигийн өрсөлдөгч Бо Силайгийн хүү Бо Гуагуагаас эрс өөр ажээ. Энэ хүү тэнд Порше унаж давхин, Жэки Чаныг хувийн үдэшлэг дээрээ урьж байсан удаатай.25
Си Жиньпингийн хувьд түүний эгч, хүргэн ах хоёрын бизнес илүү ноцтой: Ци Цяоцяо (түүнийг төрсний дараа ээжийнх нь овгоор овоглосон нь Хятадад нийтлэг бус тохиолдол), түүний нөхөр хоёр хэдэн зуун сая доллар хуримтлуулсан юм.26 Албан ёсны намтарт өгүүлснээр бол Си Жиньпин найз нөхөд болон хамаатнууддаа “Та нар миний ажилтай холбоотой ямар ч салбарт бизнес эрхэлж болохгүй. Миний нэрийг хувийн зорилгоор ашиглаж бүр ч болохгүй. Эс тэгвээс урт удаан жил хамаатан садан явсан ч хамаагүй, надад битгий гомдоорой” хэмээн сануулжээ.
Сяо Зянхуа гэгч тэрбумтан эр Си Жиньпингийн гэр бүлийн компаниас хувь худалдан авч, тэр талаараа олон нийтэд ил тод ярьжээ. Тэр ихийг, магадгүй хэтэрхий ихийг мэдсэн бололтой. 2017 оны нэгдүгээр сард түүнийг Хонконгийн боомтыг тольдон сүндэрлэх Дөрвөн улирал (Four Seasons) гэх тансаг зочид буудлаас хүчээр хулгайлан хятадын эх газар руу авч явжээ. Түүнээс хойш тэр ор сураггүй болсон юм.
Сэтгэгдэл (0)