Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг төр өөрөө ойлгохгүй байх үед

Монголчууд бид амаргүй өдөр хоногийг туулж байна. Нэг ам.долларыг 3,150 төгрөгөөр авч, авсан цалингийнхаа 100 төгрөг тутмын 17-г нь үнийн өсөлтөд салхинд хийсгэж, нэг ёсондоо ажил хийснээс зүгээр суух нь зардал багатайд тооцогдох хүнд үед амь зуух гэж ядаж байна. Шийдвэр гаргагчид "Бүх улс оронд үнэ өсөж, инфляц түүхэн дээд түвшиндээ хүрсэн, биднээс шалтгаалахгүй байна" гэдэг бэлэн үгээр ам таглаж, бүх зүйл болж бүтэж байгаа мэт царайлж байгаа нь бүр ч хяслантай. Ийм үед улс орныг аврах, валютын нөөцийг нэмэх, үнийн их өсөлтийг сааруулах нэг том хүчин зүйл нь Гадаадын Шууд Хөрөнгө Оруулалт байдаг. Ялангуяа, хөрөнгө оруулахад бэлэн мөнгөтэй тоглогчдод Монголын уул уурхай хамгийн ашигтай бөгөөд "үзэсгэлэнтэй" харагддаг салбар нь. Харамсалтай нь "Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна. Тэдэнд боломж олгож, хайгуулын салбараа нээнэ" хэмээн Засгийн газар хэлж байгаа ч иргэд нь, төрийн тэргүүн нь үүний ач холбогдлыг өнөөдрийг хүртэл ойлгодоггүй, төрийн албан хаагчид нь хөрөнгө оруулагчдын үнэ цэнийг мэддэггүй, хүнд суртал гаргадаг хэвээр байна. 

Үүнийг өөрчлөх мэдэгдэхүйц алхам, дорвитой нүүдэл хийсэнгүй хэвээр. 

 

Гадаадын Шууд Хөрөнгө Оруулалтын өгөөж

 

Гадаадын шууд хөрөнгө оруулалт ямар чухал вэ гэдгийг иргэн бүрдээ ойлгуулах шаардлага хэт үндсэрхэг үзэлтэн ихтэй манай улсад зайлшгүй бий. Чухлыг тодотгох зарим жишээ дурдъя.
Оюутолгойн гэрээ бол Монгол Улстай хийсэн гуравдагч хөршийн асар том хөрөнгө оруулалт гэдэгтэй өнөөдөр маргах хүн үгүй байх. Тус төслийн хөрөнгө оруулалт нь ОХУ болон БНХАУ-ын Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтаас 2 дахин их болох тухай судлаач Т.Баярхүү илтгэлдээ дурдаж байсан удаатай. ГШХО-д уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт 73.4 хувийг эзэлж байгаа учраас аргагүй юм.
Зөвхөн нэг том төслийн хөрөнгө оруулалт улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгээс 2021 онд хийсэн "КОВИД-19 цар тахлын үед оюу толгой төслийн монгол улсын нийгэм эдийн засагт үзүүлсэн нөлөө" судалгаанаас эш татахад 

•Урт хугацаанд “Оюу Толгой” компанийн төлсөн төлбөр хураамжийн хэмжээ 1% нэмэгдэхэд Монгол Улсын ДНБ дунджаар 0.52 хувиар нэмэгдэж байна. 

•Төлсөн төлбөр хураамжийн хэмжээ нь 1% нэмэгдэхэд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого дунджаар 0.81 хувиар нэмэгдэж байна. 
•Тус компанийн экспорт 1 нэгж хувиар өөрчлөгдөхөд Монгол Улсын экспорт дунджаар 0.47 нэгж хувиар өөрчлөгдөж байна.
Нэг талаараа Монгол Улс нэг төслөөс ийм өндөр хамааралтай байгаа нь анхаарах асуудал ч дахиад ийм хэмжээний хоёр ордыг илрүүлэхэд л манай улсын эдийн засаг хэрхэн томрох боломжтойг харуулж байна. 

Бас нэг чухал баримт бий. 

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт Монгол Улсын ДНБ-ий 37.5%-ийг эзэлж байгаа гэсэн ҮСХ-ны 2019 оны судалгаа байна. "Эдийн засгийн аюулгүй байдал" гэсэн тус судалгаанд хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох "нэмэгдүүлсэн хөрөнгө – гарцын харьцааны арга"-аар ДНБ-ий хэмжээг нэг төгрөгөөр нэмэгдүүлэхийн тулд хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатайг тодорхойлсон байдаг. 
ДНБ-ийг 100 төгрөгөөр нэмэгдүүлэхийн тулд 2011 онд 434 төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж, хөрөнгө оруулалтын өгөөж 0.23 байсан бол 2013 онд 342 төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж хөрөнгө оруулалтын өгөөж хамгийн өндөр буюу 0.29 байжээ.
Харин 2016 онд 2,631 төгрөгийн хөрөнгө оруулалтаар ДНБ-ийг 100 төгрөгөөр нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын өгөөж хамгийн бага буюу 0.04 болсон байна. 

 

Хөрөнгө оруулах нөөц ба хайгуулын салбар

 

Уул уурхайн салбар ДНБ-ний томоохон хувийг бүрдүүлж байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрлийг эрчимтэй олгож байсантай холбоотой. Монгол Улсад 10 жилийн өмнө 2,570 гаруй хайгуулын тусгай зөвшөөрлийн хэмжээнд 302 тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулж байсан бол өнөөдөр 899 тусгай зөвшөөрлийн хэмжээнд 80 гаруй тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулж байгааг Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа дурдсан. 2021 оны долдугаар сарын 30-ны байдлаар ашигт малтмалын хайгуулын 922, ашиглалтын 1728 хүчинтэй тусгай зөвшөөрөл байна. Уг нь энэ хамаарал эсрэгээрээ байх ёстой, учир нь хайгуулын тусгай зөвшөөрлөөр ирэх 10-15 жилийн олборлох үйлдвэрлэлийн хэтийн төлвийг харах боломжтой байдаг. Гэвч 2018 оноос өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгож байсныг 2018 онд Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт оруулж зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгодог болсноор шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил удааширсан гэж дүгнэсэн. 
Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтсийн 2018 оны судалгааг Mongolian mining journal сэтгүүл график болгон хүргэжээ. 
Эндээс харахад хайгуулын ажил алтны салбарт төвлөрч байгаа бол ураны ганцхан ордыг илрүүлсэн байна. 

Тодруулбал, “Бадрах Энержи” компани Зөөвч-Овоо ордын 2009-2012 оны хайгуулын ажлаар анх тогтоосон 54 мянган тонн ураны нөөцөө 2012-2018 онд гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнд нэмэгдүүлж нийт нөөцийн хэмжээг 93,291 тоннд хүргэснээр сүүлийн 10 жилд дэлхийд олсон хамгийн том орд болгож чадсан юм. 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Францын “Орано” групп Монгол улсад салбар орд илрүүлж, нөөц тогтоох ажилд 250 сая орчим ам.доллар буюу хагас их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулжээ. Үүний үр дүнд Монгол Улсад ойрын 10-20 жилд урьдчилсан байдлаар 1 тэрбум ам.доллар төлж, 800 орчим ажлын байр бий болгохын зэрэгцээ гэрээлэгч аж ахуйн нэгжүүд ч хамтдаа хөгжих нөхцөл бүрдэх юм байна. 
Ийм ч учраас хайгуулын салбарт шинэчлэл хийж, либерал бодлого барихаа салбарын сайд Г.Ёндон зарласан юм. 
Тэрбээр "Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт буурахад хүргэсэн хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, хайгуулын тусгай зөвшөөрөл олголт хумигдсанаар гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос гарсан. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж чадаагүй. Их хэмжээний хөрөнгө зарцуулж хайгуул хийгээд, сая нэг олборлолт явуулахаар орон нутагт очиход нь нутгийн иргэд хүлээж авахгүй эсэргүүцэх, элдэв дарамт шахалт үзүүлэх гэх мэт зөрчлүүд их гардаг" хэмээн асуудлаа хэдийн тодорхойлсон. 
Тиймээс хүмүүсийн нүдэнд тухайн компанийн оруулсан хөрөнгө илүү ил тод харагддаг байхын тулд АМНАТ-ийн 10%-ийг суманд, 20%-ийг аймагт нь үлдээх санаачилга гаргасан. 
Гэвч түүний тодорхойлсон алдаа дахин давтагдахад хүрч болзошгүй эрсдэл үүсжээ. Дээрх хайгуулын салбараа шинэчлэх бодлогын хэрэгжилт харагдахгүй л байна.  
Уул уурхайдаа түшиглэн байгаль орчноо баллахгүйгээр хөгжсөн олон орны жишээ бий. Австрали улсыг бид харж болно. Энэ бол хөгжлийн маш том хөшүүрэг, байгалийн өгөгдөл гэдэг талаас нь харж, эдийн засгаа хүчирхэгжүүлэх боломж байна. Боломжийг Монгол Улс өнгөрсөн 10 жил чамгүй эдэлж ирсэн. Гагцхүү тус салбараас орж ирж байгаа орлогыг эрх баригчид хэрхэн үр ашиггүй зарцуулж байгаа нь өөрөө манай улсад нүүрлэсэн том гамшиг болоод байгаа биш үү? 

 

Ц.Тамир 
Факт-чекэр, медиа аналист 

Ашигласан эх сурвалжуудаас: 

https://www.mongolianminingjournal.com/a/71945
https://dnn.mn/%D0%BE-%D0%B1%D0%B0%D1%82%D0%BD%D0%B0%D0%B9%D1%80%D0%B0%D0%BC%D0%B4%D0%B0%D0%BB-%D1%85%D0%B0%D0%B9%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D1%8B%D0%BD-%D1%82%D1%83%D1%81%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B7%D3%A9%D0%B2%D1%88%D3%A9%D3%A9%D1%80%D3%A9%D0%BB-%D0%BE%D0%BB%D0%B3%D0%BE%D1%85-%D2%AF%D0%B9%D0%BB-%D1%8F%D0%B2%D1%86%D1%8B%D0%B3-%D0%B8%D0%BB-%D1%82%D0%BE%D0%B4-%D0%BD%D1%8D%D1%8D%D0%BB%D1%82%D1%82%D1%8D%D0%B9-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B3%D0%BE%D1%85%D0%BE%D0%BE%D1%80-%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B6-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0/ 
file:///Users/oogii/Downloads/Final%20Report%20-EI-NUM-20210614_copper-session12.pdf
https://ikon.mn/n/1yha 
https://ikon.mn/n/1ih8 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)