Гурван байршилд явган хүний замын засвар, шинэчлэл дууслаа
- 2022-08-24
- Улаанбаатар
- 0
Нийслэлийн Засаг даргын 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн А/234, А/235 дугаар захирамжаар нийт 13 байршилд явган хүний замыг засаж, шинэчлэхээр баталсан. Эдгээр байршилд явган хүн зорчих боломж хомс, явган хүний зам нь эвдэрч гэмтсэн, хэт нарийн байгаагаас авто замд улам ачаалал үүсгэж байсан тул засвар, шинэчлэлийг хүн амын нягтаршил өндөр, хөдөлгөөний ачаалал ихтэй байршлуудаас эхэлсэн юм.
Дээрх байршлуудад явган хүний замыг хамгийн багадаа 2.5-3 метр, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус ажил 45 хувьтай үргэлжилж байна.
Явган хүний замыг гурван байршилд бүрэн шинэчилж дуусжээ. Тухайлбал:
- Их сургуулийн гудамжны буюу МУИС-ийн уулзвараас Хүнсний 4 дэлгүүрийн уулзвар хүртэл
- Хүннүгийн гудамж буюу Дүнжингаравын уулзвараас “Home плаза” хүртэл
- Жамьян гүний гудамж буюу “ICC тауэр”-ын орчим зэрэг байршил дахь явган хүний замыг шинэчилж дуусжээ.
Таван байршилд явган хүний замыг засаж, шинэчлэх ажил үргэлжилж байна. Тодруулбал:
- Бага тойруу, Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Ж.Самбуугийн гудамж, Нэгдсэн үндэстний гудамж
- Д.Сүхбаатарын гудамжны урд хэсэг, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруугийн урд хэсэг
- Ж.Самбуугийн гудамжны зүүн хэсэг, Бага тойруугийн зүүн хэсэг, Их сургуулийн гудамж, А.Амарын гудамж
- Чингисийн өргөн чөлөөний дагуу Төв шуудангийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэл
- МУБИС-ийн А байрнаас Сонор плаза хүртэл гэсэн байршлуудад шинэчлэлийн ажил өрнөж буй юм.
Харин үлдсэн таван байршилд уг ажил хараахан эхлээгүй, шинэчлэлийг үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөж буй юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Сэтгэгдэл (0)