Эх орноо, ард түмнээ гэх чин сэтгэлтэй улс төрийн нам, хүчин төрөх болов уу?

Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж сонгодог, УИХ-д олонхи, цөөнх болдог, удирдах бүлэглэлээсээ Засгийн Газруудыг байгуулдаг МАН, АН хоёроор 32 жил удирдуулаад эцэст нь Монгол улс дампуурснаа зарлахад хүрлээ. Энэ хооронд Монголыг маань Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, сайд нар, Их Хурлын гишүүд (найман сонгуулийн) , засаг дарга нар нийлсэн нэг мянга гаруй "шилдэг тэргүүний ?" хүмүүс удирджээ. Яаж ч тордоод сэхдэггүй улс, үндэстэн болчихлоо гэж үү? 14 дүрийн Далай ламаар удирдуулаад ч тусгаар тогтнолоо хамгаалж чадаагүй Төвдүүдийн араас орж ч мэдэхнээ!

 

Нэг нь "Ардын", нөгөө нь "Ардчилсан" гэх яруу сайхан тодотголтой энэ хоёр нам л удирдах, зохион байгуулах, бүх баялгийг эзэн мэдэж зарцуулах хэмжээгүй эрхтэй байсан шүү дээ. Өөр нэг үр дүн нь хоёр намын удирдлагад байсан хүмүүс бараг бүгдээрээ тэрбумтан болцгоолоо. Ингэхлээр энэ хоёр нам Монгол Улс, Монголчуудынхаа төлөө биш зөвхөн л өөрсдийнхөө төлөө ажиллаж, өөрсдөө л баяжиж олигархиуд болжээ.

Энэ хоёр намын удирдлага нийлж, хуйвалдаж байгаад улсынхаа Үндсэн хуулийг зөрчиж, “Стандартный бус” гэгдэх Засгийн Газар байгуулж, том том авилга авч, асар их баялагтай орд газруудаа харийн шулаачдад “бэлэглэжээ”. Ийм бусармаг хэрэг үйлдэх гэж л тэд нэгдэж, найрчээ. Энэ гэмт хэргийн эзэд, санаачлагчид, гүйцэтгэгчид нь овог  нэртэйгээ байцгааж л байна. Оргож гараад нуугдацгааж л байна. МАН, АН хоёр авилгачид, луйварчингуудтайгаа хариуцлага тооцох хүсэл ч үгүй, чадамж ч үгүй гэдэг нь тодорхой болчихлоо. Өнөөдөр тэд УИХ-ын гишүүдийн авдаг, завшдагаас яамдын сайд нарын авдаг, завшдаг нь их болохыг таньж мэдчихээд энэ хоёр албыг “хамтатган хаших”-ын төлөө үхэлдэн зүтгэцгээх болов.

Сайдын гарын үсэг, тамганы тусламжтайгаар завшсан, луйвардсанаа УИХ-ын гишүүний халдашгүй байдлаар хамгаалан авч үлдэхийг тэд баталгаатайд тооцдог болжээ. “Улаан ном”-ын цоохор ирвэсийн ан, мал барьж идэх дархан эрхтэй УИХ-ын гишүүд барьцаж, нам нь хүлээн зөвшөөрч, “Үндсэн хуульдаа тусгахыг баараггүйд” тооцох болов. Ингэхийн тулд “өчигдөр өөрчилсөн” Үндсэн хуулиа өнөөдөр дахиад л өөрчиллөө. Тэд сайдын суудлыг хамтатгаж аваад дахиад л булхай, луйвраа хайж эхэлнэ. Монгол Улс дампуурахад хүрээд байгаа өр, зээл бол хоёр намын л томчуудын кармаанд орсон мөнгө шүү дээ. Тэд кармалснаа гаргаад өгчихвөл Монгол ямар ч өргүй болох нь тодорхой юм.

Энэ их өр, зээлийг, улс орон дампуурснаа зарлахад хүрээд байгааг эрх барьж байсан хоёр намтай холбохгүй бол хэнтэй холбох юм бэ? Гадаад, дотоодын ямар ч судлаач ингэж  хэлнэ, тэгж л асууна биз дээ? Ард түмэн, сонгогчид ч “Яг тийм” гэж хариулах байх, өөр хувилбар, өөр хариулт байх боломжгүй юм. Дүр эсгэсэн ардчиллын нөхцөлд төрийн, улс төрийн бүх байгууллага, нэгж бараг бүгдээрээ шахам хулхи, хуурамч болдог юм байна. Бүгд л аман дээрээ популистууд, яг ажил дээрээ бол авилга авагсад, ашиг хонжоо горилогсод,амин хувиа л хичээгсэд болцгоодог ажээ.

Үүрэг, хариуцлага, сахилга, ажлын чанар, гүйцэтгэл, ам ажлын нэгдэл, ажлын байрны тодорхойлолт, мерит зарчим зэргийг уриа, лозунг болгож 2-4 жилийн хампаант ажил, уралдаан өрнүүлмээр байна. Эс тэгвээс хот, хөдөөгүй задгайрч, замбараагүй байдал үндэсний гамшиг болохнээ. Аль ч салбарт ялгаагүй муу зүйл бүхэн цаагуураа холбоотой, аль нэгэн байдлаар ил далд зохион байгуулагдсан байх болов. Энэ байдал их даамжрах аваас нийгэм маань хэврэгжиж, ард олон итгэх, тулах цэггүй болж, хүн хүндээ чоно болж эхэлнэ. Хуульгүй, байсан ч сахьдаггүй, ёс суртахуунгүй, түүхэн уламжлалаа хүндэтгэн үздэггүй, иргэн нэг бүр нь зоргоор аашилж, худлаа ярьж, биесээ ихэд бодож хөөсөрч, хөөрч явдаг болчих аваас уг улс орон, нийгэм мөхөж яваа нь тэр билээ. Улсын төсөвд цуглуулсан мөнгөө гол төлөв л үр дүнгүй зарцуулдаг, гаднаас авсан зээл, тусламжийг дээгүүрээ голдуу хувааж шамшигдуулдаг, төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн газрууд нь шахаа, чавчаа, хулгай, луйврын үүр болчихсон, намуудын нь хөрөнгөнд бүртгэл, тайлан байдаггүй, ашигт малтмалын экспорт нь харийнхны болон өөрийнх нь булхай, луйвраар дүүрчихсэн, Эрүүл мэндийн сан, нийгмийн даатгалын сан, хөгжлийн сан, жижиг дунд үйлдвэрлэлийн сан мэт төр, засгийн зуу орчим эрхмийн “зууш, зугаа, бялуу” болчихдог, хамгийн гайхалтай нь энд  дурьдсан гэмт үйлдлүүдийн эздийг зэмлэх, яллах ажил ор нэр төдий, мөн л дүр эсгэсэн хэлбэрээр явагдаж ихэнх нь элдвээр замхардаг сонин нийгэмд бид амьдарч байна.

УИХ, Засгийн Газар, Шүүх засаглал гурвуулаа олигархиудын гар хөл, ар тал болчихжээ. Чөлөөт хэвлэл болон ард түмний хяналт гэж цаана нь бий. Гэвч тэд хүчгүйдсээр, сөхөрч, цөхөрчихөөд байна. Шүүх засаглал, хууль сахиулагчидтай холбоотой хамгийн булай жишээ, баримт өнөөдөр Монголд л байх болжээ. Дуусдаггүй мөрдөн байцаалт, шийдвэрээ гаргадаггүй шүүх хурлууд, авилгын хэрэгт холбогдсон шүүгчид, өмгөөлөгчид, хүний эрхийг ноцтой зөрчсөн цагдаа нар!  Энэ бүхний хөлд шударга ёс талхлагджээ.

Дарга нар нь бусдын адил жирийн иргэд биш “хаад” болцгоочихсон, намуудын нь амьдрал шилэн биш “хар хайрцаг”-т явагддаг, олигархиуд нь төр, засгаа боомилон атгачихсан, банк-санхүүгийн систем нь эдийн засгийн алуурчид болчихсон, ард түмний нь амьдрал хоёр хөршийн “эмчилгээ тэжээлийн цэг”мэт, УИХ-ын гишүүд нь дан ганц “нийслэл хүү”, “нийслэл охид”-оос бүрэлддэг, хөгийн болж дээ, Монгол минь, хөгийн болж.. Хэлэх ч үг алга! Монголчууд төр засгаа дээдэлдэг, бүр шүтдэг, хувь заяагаа төрийнхөө сүлдэнд даатгадаг ард түмэн билээ. Орчин цагт төрийг маань эрх барьж буй нам л байгуулж байгаа. Иймээс төрийн чанар, байдал намаас хамааралтай. Төр засаг, чанаргүй, хулхи байгаа бол түүнийг байгуулсан нам мөн чанаргүй, хулхи гэсэн үг юм. Өндөр их эрх эдэлж, өргөн үүрэ хүлээх учиртай “Нам хэмээх улс төрийн олон нийтийн байгууллага” аль, ямар хуульд захирагдах ёстой нь ч бүрхэг, бүүдгэр болчихлоо.

 

Намууд улс орон, нийгмээ удирдах нь бүү хэл дотоод амьдралаа ч удирдаж чадахгүй, санхүүгийн үйл ажиллагаагаа ч шилэн болгочихож чадахгүй, нэг л ёозгүй, сэжиг төрөхөөр байдалтай болчихлоо...

 

Намууд өөр өөрсдийгээ, иргэд сонгогчид ч гэсэн өөр өөрсдийгөө хянах, гишгэсэн мөрөө эргэж харах, нэр төрөө хичээх, боловсрох, хүмүүжих, хариуцлагатай байх, хэлсэн үгэндээ эзэн болохыг чармайх хэрэгтэй байна. Торлож татсан аалзны шүлсэнд тун ч гоёмсог эрвээхэй орооцолдон осолдох шиг шунах, хомхойрохын бохир сэтгэлдээ хөтлөгдсөн залуухан улс төрчид “улс төрийн амьд хүүр” болон хувирсаар л... Энэ жигшүүртэй үзэгдэлд намын амьдралын дотоод хатуу сахилга, зарчим, ёс суртахуун л цэг тавьж чадна. Нам нь хөдлөхгүй аваас “энэ хөлдүүс” хайлахгүй шүү дээ! Намуудын удирдах бүрэлдэхүүний эгнээнд ахмад, дунд, залуу үеийнхний төлөөлөл болсон эрүүл саруул хүч, цэвэр ариун ёс суртахуунтай хүмүүс байх л учиртай, тэднээс гэрэл, гэгээ, шударга ёс, эх орноо, эгэл түмнээ гэсэн сэтгэл, зүтгэл ундрах, гарах л ёстой. Энэ цаг л хүлээгдэж байна даа.

 

Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)