Л.Трасс Их Британийн эрх баригч намын даргаар сонгогдлоо

ЛОНДОН. /Reuters/. Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс эрх баригч Консерватив намын даргаар сонгогдлоо. Ингэснээр тэрбээр Борис Жонсоны халааг авч, Ерөнхий сайдын албыг хашихаар болж байна.

 

Б.Жонсон хэд хэдэн дуулиан шуугианд холбогдсоныхоо дараа долоодугаар сард огцорно гэдгээ мэдэгдэж, улмаар эрх баригч намын шинэ даргын өрсөлдөөн эхэлсэн юм. Орон даяарх намын гишүүд шуудан болон цахим хэлбэрээр саналаа өгчээ. Ийнхүү Л.Трасс намын дотоод сонгуулийн сүүлийн шатанд 81 326 санал авснаар тэргүүлсэн бол Сангийн сайд асан Риши Сунак 60 399 саналаар удаалсан байна.

 

Өдгөө 47 настай Л.Трасс 2010 онд анх парламентад сонгогдож, түүнээс хойш байгаль орчин, хууль зүй тэргүүтэй сайдын албан тушаалыг хашжээ. Мөн Б.Жонсоны Засгийн газрын гадаад худалдааны төлөөлөгчийн хувиар 2020 онд Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан байна. Өнгөрсөн оны есдүгээр сараас Гадаад хэргийн сайдын албыг хашиж эхэлсэн тэрбээр Оросын эсрэг тууштай зогсож, Украиныг дэмжиж, довтолгоо эхлэхээс өмнө Москвад хориг арга хэмжээ авчээ.

 

 

Л.Трасс инфляц түүхэн дээд түвшинд хүрээд байгаагаас гадна Орос, Украины дайн өрнөж буй энэ үед улс орноо удирдан залахад томоохон сорилтуудтай тулгарах төлөвтэй байна. Тодруулбал, Их Британид инфляцын түвшин 10 хувиас даваад байгаа бөгөөд иргэд эрчим хүч, хүнсний үнийн өсөлттэй нүүр тулгарч, янз бүрийн салбарын ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ажил хаялт зарлаж байна.

 

Л.Трасс Их Британийн Ерөнхий сайдын албыг мягмар гаргаас хашиж эхэлнэ. Тэрбээр Маргарет Тэтчер, Тереза Мэй нарын дараагаар энэ албан тушаалыг хашсан гурав дахь эмэгтэй болох юм.

 

 

Э.Хулан

Эх суррвалж: "Монцамэ" агентлаг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (66.181.191.178)

    2022-09-20

    Хэт расист буюу арьс өнгөний үзэлтэй Европид цагаан арьстай, Баруун Европын хүн л өндөрлөгт гарна. Гадаадад ажилладаг Монголчуудад 5 дахин бага цалин өгдөг тул Европчууд, Америкчууд ба Солонгосчууд өөрсдийнхөө цалингийн хэмжээгээ нууцалдаг.