Зургаан сар үргэлжилж буй Украины дайнд найман сэтгүүлч амь үрэгдэв

Евгений, Брент, Макс, Пьер, Олександра, Оксана, Мантас, Фредерик.

Оросууд Украин руу довтолсноос хойш зургаан сарын хугацаанд хоёр эмэгтэй, зургаан эрэгтэй, нийт найман сэтгүүлч бүгд амь насаа алдсан. Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) тэдний нас барсан нөхцөл байдлыг дахин нягталж, дайныг сурвалжилж байсан сэтгүүлчийг хөнөөх нь дайны гэмт хэрэг болохыг цохон тэмдэглэв.

Хоёрдугаар сарын 24-нд Оросын арми Украинд халдсан цагаас эхлэн сэтгүүлчид фронтын шугамд ажилласаар ирсэн. RSF нь ажлаа хийж явсан нийт 100 гаруй сэтгүүлч рүү чиглэсэн 46 халдлагын тохиолдол бүртгэсэн ба эдгээр халдлагыг дайны гэмт хэрэгт тооцно. Үүнээс найман сэтгүүлчийн амийг Орос цэргүүд хороосон бөгөөд үүн дотор санаатай аллагын тохиолдол ч бий. RSF Олон улсын эрүүгийн шүүх, Украины Ерөнхий прокурорын газарт зургаан гомдол гаргаад байна.

  • Евгений Сакун, Киев Лайв ТВ, 49 настай – 3 дугаар сарын 1-нд алагдсан

Орон нутгийн Киев Лайв ТВ сувагт ажилладаг Украины зураглаач Евгений Сакун дайн эхэлснээс хойш долоо хоногийн дараа буюу 3 дугаар сарын 1-нд Киев телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөх үеэр амиа алдсан. Тэрээр мөргөлдөөний үеэр ажлаа хийх явцдаа амиа алдсан анхны сэтгүүлч юм. Цохилтын дараахь нурангиас олдсон цогцсыг хэвлэлийн үнэмлэхээр түүнийг мөн болохыг тогтоосон байна. Хэд хоногийн дараа RSF-ээс уг халдлага, бусад гурван телевизийн цамхаг руу хийсэн халдлагыг ямар нэгэн цэрэг армийн зориулалтаар үйлдээгүй хэмээн үзэж, Олон улсын эрүүгийн шүүхэд хандав. Эдгээр халдлагын улмаас Украин дахь 32 телевизийн суваг, олон арван радио станцын үйл ажиллагаа зогссон.   

  • Баримтат кино найруулагч Брент Рено, 50 настай - гуравдугаар сарын 13-нд алагдсан

Энэ дайнд амь үрэгдсэн анхны гадаадын сэтгүүлч, АНУ-ын баримтат кино найруулагч Брент Рено 3 дугаар сарын 13-нд Киевээс баруун хойд зүгт орших Ирпин хотод машинаа жолоодож яваад хүзүүндээ буудуулж амиа алджээ. Түүнтэй хамт явсан АНУ-Колумбийн сэтгүүлч Хуан Арредондо бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Рено нь Афганистан, Ирак болон бусад бүс нутагт өрнөсөн хэд хэдэн дайныг сурвалжилж, олон баримтат кино бүтээсэн. Өөрийн хүсэлтээр Украинд очсон тэрбээр нас барах үедээ нийслэл хотыг эзлэхийг санаархсан Оросын армийн түрэмгийллээс зугатаж буй энгийн иргэдийн тухай сурвалжилга хийж байжээ.

  • Макс Левин, гэрэл зургийн сурвалжлагч, 41 настай, 3 дугаар сарын 13-нд амь үрэгдсэн

Украины гэрэл зургийн ахмад сурвалжлагч Макс Левин Оросын довтолгоо эхэлсэн цагаас сурвалжилга хийсэн. Тэрбээр Украины хамгийн нэр хүндтэй LB.ua мэдээллийн сайт, Ройтерс мэдээллийн агентлагт чөлөөт сэтгүүлчээр ажиллан, дайнд оролцож буй цэргүүд, дайны хохирогчдын талаар мэдээлж байв. Түүний гэрэл зургууд Германы “Шпигель” сэтгүүлийн нүүр хуудаснаас гадна АНУ-ын Тайм”, “Уолл Стрит сэтгүүлүүдэд нийтлэгдэж байв. Тэрбээр 3 дугаар сарын 13-ны өдөр Киевийн хойд бүс нутаг дахь Оросын цэргийн ажиллагаа, Орос, Украины цэргийн хүчний хоорондох тулалдааныг сурвалжилж байхдаа сураггүй алга болсон. Түүний цогцсыг тэр үед хамт байсан түүний найз, цэрэг Алексей Чернышовынхтой хамт 4 дүгээр сарын 1-нд Хута-Межирска тосгоны ойролцоох ойгоос олжээ. Хэдэн долоо хоногийн дараа RSF онцгой эрэн сурвалжилга хийх явцад хоёр аллага үйлдэгдсэн байршлыг олж тогтоон, Левинийг хөнөөсөн сумыг олсон. RSF-ийн цуглуулсан мэдээлэл, нотлох баримтууд нь Оросын цэргүүд түүнийг харгис хэцгийгээр хөнөөсөн болохыг илтгэнэ.

  • 55 настай Пьер Закржевски, 24 настай Александра Кувшинова, Фокс Ньюс 3 дугаар сарын 15-нд амь үрэгдсэн

Франц, Ирландын давхар иргэншилтэй видео сурвалжлагч Пьер Закржевски, Украины сурвалжлагч Олександра Кувшинова нарын “Фокс Ньюс сувгийн багийнхан Киевийн ойролцоох Хоренка хотод гуравдугаар сарын 14-нд бөмбөгдөлтөд өртөв. Тэд маш хүнд шархдаж, маргааш нь нас баржээ. Лондонд амьдардаг дайны гэрэл зурагчин асан Закржевски тус салбарт 30 жил ажилласан аж. Тэрбээр дайныг сурвалжилдаг байсан ба Ирак, Афганистан, Сирид сурвалжилга хийж байв. Эр зориг, мэргэжлийн ур чадвараараа шагшигдсан залуу сэтгүүлч Кувшинова Фокс Ньюс”-т сар шахам хугацаанд туслахаар ажиллаж, түүний багийнханд Украиныг тойрон явах, өгүүллийн эх сурвалж олоход тусалдаг байв.

  • Оксана Баулина, The Insider, 43 настай - гуравдугаар сарын 23-нд алагдсан

Оксана Баулина дайн эхлэх үед Украинд амьдарч байсан Оросын цөөн хэдэн сэтгүүлчийн нэг байв. Хоёрдугаар сарын 24-нд халдлага эхэлсэн өдөр тэрбээр "Энэ дайн бол алдаа, энэ дайн бол гэмт хэрэг юм" хэмээн жиргэсэн. Тэрбээр өмнө нь Алексей Навальныйгийн (Владимир Путины улс төрийн гол өрсөлдөгч) үүсгэн байгуулсан Оросын авлигатай тэмцэх FBK сангийн продюсерээр ажиллаж байв. Тус байгууллагыг Москвагийн эрх баригчид хэт даврагч хэмээн тооцдог. Өнгөрсөн жилүүдэд Оксана Латвид төвтэй эрэн сурвалжлах чиглэлээр ажилладаг “The Insider Оросын сөрөг хүчний цахим сонины сурвалжлагчаар ажиллаж байсан. Тэрбээр Киев хотын захын Подил хотын худалдааны төвд үйлдэгдсэн халдлагын улмаас учирсан хохирлын талаар гуравдугаар сарын 23-нд сурвалжилж байх үеэрээ камиказе дронд өртөж амиа алдсан хэмээн түүний байгууллага мэдээлэв. Аюулгүй байдлыг хангахаар түүнийг дагалдаж байсан хоёр цагдаа дроны дэлбэрэлтэд өртөж, хүнд бэртсэн байна. Украины армид олзлогдсон орос цэргүүдтэй саяхан хийсэн Оксанагийн ярилцлага хараахан хэвлэгдээгүй байв.

  • Мантас Кведаравичус, баримтат кино найруулагч, 44 настай, 4 дүгээр сарын 2-нд амь үрэгдсэн

Литвийн баримтат кино найруулагч Мантас Кведаравичус 2016 онд "Мариуполис" нэртэй анхны баримтат киногоо гаргаснаас хойш 8 жилийн дараа Оросын эзлэн түрэмгийлэл эхлэхэд Мариупольд буцаж ирэв. Тэрбээр тус боомт хотыг хэзээ ч орхин гарахгүй байх байсан. Дөрөвдүгээр сарын 2-нд түүнийг гудамжинд доошоо харсан, толгой, цээжин тус газраа буудуулсан байдалтай олсон. Мантасын үхлийн нөхцөл байдал өнөө хүртэл тодорхойгүй байгаа хэдий ч оросууд хэд хоногийн өмнө түүнийг олзлож байсан нь тодорхой байна. Украины Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн албаны твиттер хуудсанд "Мантас Кведаравичусыг (...) Мариуполь хотыг орхин гарах гэж байхад нь Оросын эзлэн түрэмгийлэгчид хөнөөв" хэмээн мэдээлсэн. Хэд хоногийн дараа түүний цогцсыг хамтран зүтгэгч нь Литва руу хүргэсэн.

  • Фредерик Леклерк-Имхофф, BFMTV, 32 настай, 5 дугаар сарын 30-нд амь үрэгдсэн

Францын BFMTV телевизийн мэдээний сувагт ажиллаж байсан Францын видео сурвалжлагч Фредерик Леклерк-Имхофф тавдугаар сарын 30-нд Лисичанскт хүмүүнлэгийн ажиллагаанд ашиглаж байсан хуягт машинд явж байхдаа машиныг оносон бууны сумны хэлтэрхийд өртөж, хүзүүн тус газраа шархаджээ. Улмаар тэрбээр амиа алдсан юм. Түүнтэй хамт явсан сурвалжлагч Максим Брандштаттер, туслах сэтгүүлч Оксана Леута нар хөнгөн бэртэв. Леклерк-Имхофф энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг сурвалжлахаар зэхэж байхад нь цуваа руу гал нээсэн байна. Зургадугаар сарын 10-нд Парист болсон Францын сэтгүүлчийн дурсгалыг хүндэтгэх цуглаан дээр хэдэн зуун хүн оролцсон. RSF-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар уг цуглаан дээр хэлсэн үгэндээ "улс төрийн дэглэмүүд суртал ухуулгад тулгуурлан дэлхийд дэг журам тогтоохыг санаархаж буй энэ түүхэн үед (...) түүний мэргэжлийн тууштай байдал, ур чадвар”-ыг бахархан онцлов. 

 

Эх сурвалж: https://rsf.org/en/six-months-war-ukraine-eight-journalists-killed

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)