Нийслэлийн хэмжээнд дулаан хангамж 94 хувьтай байна

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгууллаа. Тус зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг даргаас өгсөн 12 нэр төрлийн үүрэг даалгаврын биелэлт 85 хувьтай байгааг танилцууллаа. 2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд оруулах санал, өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд бүхий л байгууллагууд анхаарал хандуулан ажиллаж байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга тодотгосон. Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг биелүүлэхэд анхаарлаа хандуулах цаг болсныг тэрбээр онцлон санууллаа. Орлого төвлөрүүлэлтэд Багануур, Сонгинохайрхан, Баянзүрх хойрго хандаж буй ажээ. Чингэлтэй дүүрэг санаачилгатай ажиллаж, орлогын төлөвлөгөөг 94.5 хувьтай төвлөрүүлсэн бол Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд 75 хувийн биелэлттэй байна. Харьяа газруудаас Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн үйлчилгээний газар зэрэг байгууллагууд орлого бүрдүүлэхэд санаачилгатай ажиллах шаардлагатайг санууллаа.

ОРОН СУУЦ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГҮҮДИЙГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХАЛААЛТАД ХОЛБОЖЭЭ 

Намрын сэрүүн өдрүүд айлчилсан энэ цаг үед хамгийн их анхаарал татсан асуудал бол халаалт, дулаан түгээх асуудал байдаг. Жил бүрийн есдүгээр сарын 15-наас түгээдэг халаалт болоод дулаан, цахилгаан түгээлтийн өнөөгийн байдал ямар байгаа тухай мэдээллийг сонслоо.

“Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярсайхан:

-Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн хэмжээнд төв шугамын засварын ажил бүрэн хэмжээнд дууссан үзүүлэлттэй байна. Манай байгууллага энэ зуны хувьд 10 байршилд 200-1000 мм-ийн диаметртэй нийтдээ 5.5 км шугамыг хэсэгчлэн солих ажлыг хийж гүйцэтгэлээ. Есдүгээр сарын 7-14-ний өдрүүдэд дулаан хангамжид холбогдох 3800 гаруй орон сууцны байр, эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийг халаалтаар хангах бэлтгэлийг хангасан. Есдүгээр сарын 15-наас эхлэн ТЭЦ-3, ТЭЦ-4, Амгалан дулааны станцууд ажиллаж нийслэлийн дулаан хангамжийг түгээж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 112 сургууль, 165 цэцэрлэг, 66 эмнэлэг, 190 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 3771 орон сууцны халаалтыг өгч, 94 хувийн гүйцэтгэлтэй байна. Зарим албан байгууллага халаалтаа түр хугацаагаар хаалгасан байгаа. Дэлхийн банкны санхүүжилтээр 5А магистрал шугамыг 1000 мм-тэй болгон өргөтгөж дууслаа. Өргөтгөл, бүтээн байгуулалт дууссан ч залгалт хийгээгүй учир Алтай, Тэлмүүн, Хос өргөө хотхонуудын 32 байрны халаалтыг хараахан өгч амжаагүй байна. Мөн Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийгдэж байгаа наймдугаар магистралын шугамын засварын ажил хил гаалийн саатлаас шалтгаалан бүрэн дуусаагүй байна. Үүнээс үүдэн Улсын клиникийн гуравдугаар эмнэлэг, тус эмнэлгийн ойролцоох хоёр орон сууцны халаалтыг өгөөгүй байна. Тун удахгүй халаалтыг залгана гэсэн хариулт өглөө.

“Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал Р.Дагдан:

-Улаанбаатар хот одоогийн байдлаар 552 МВт ачаалал авч байгаа нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн оны мөн үед 542 МВт байсан. Урсгал засварыг бүрэн гүйцэтгэсэн, их засвар 82 хувьтай, 2022 оны худалдан авах ажиллагааны багцын ажил 83.3 хувьтай байна. Хил гаалийн саатлаас үүдэн ажил хойшлогдсон тал бий. 2023 онд нийслэлийн хэмжээнд гэрэл цахилгаангүй айл өрхийн асуудлыг шийдэх зорилт дэвшүүлсэн. Одоогийн байдлаар судалгааг нарийвчлан авч байна. Судалгаанд анхаарлаа хандуулж, ирэх онд хийх ажилд нийслэлийн зүгээс саналаа илгээх хэрэгтэй байна гэсэн юм.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХҮНДРЭЛИЙГ ЯАРАВЧЛАН ШИЙДЭХИЙГ САНУУЛЛАА

Нийслэлийн хэмжээнд ажлын өдрүүдэд 965, амралтын өдрүүдэд 720 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байна. Хүн тээврийн ачааллын хувьд өглөө ажил цуглах, үдэш ажил тарах үеэр ихээхэн нэмэгддэг бол өдрийн цагаар ачаалал харьцангуй багасаж байгааг өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр дурдаж байлаа. Нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй, эмх цэгцтэй болгох зорилгоор Нийслэлийн Нийтийн тээврийн газрын зүгээс хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжүүдтэй хамтран шинэлэг үйлчилгээг эрэлхийлж байгааг тус газрын дарга Ч.Сайханбаяр тодотгож байлаа. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт “Mood of Mongolia” байгууллагын залуустай хамтран Ард кино театрын автобусны буудал дээр “Цэгцтэй автобусны буудал” туршилтыг явуулжээ. Энэ нь тухайн буудалд зогсож буй автобусыг чиглэл, чиглэлээр нь тусгайлсан баганын дэргэд зогсоож,  иргэд тэрхүү баганын дагуу ирсэн дарааллаар эгнэн зогсож, үйлчлүүлэх туршилт байсан. Энэ нь бусад улс орнуудад, тодруулбал БНСУ-д хэрэгжиж үр дүнгээ өгсөн туршилт бөгөөд автобуснууд зөвхөн тэмдэгт газарт зогсох, иргэд эмх замбараатай үйлчлүүлэх боломжийг олгож буй юм. Ингэснээр цаг хэмнэх боломжтойг мөн үеэр дурдаж байлаа.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийтийн тээврийн салбарын удирдлагууд, хувийн салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтран тус салбарт тулгамдаж буй асуудлыг газар дээр нь нягтлан, нэн даруй шийдэх үүрэг өглөө. Авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт бүрэн зориулах, ингэснээр автобусны үйлчилгээг сонгох боломжийг олгох гэхчлэн хүйтэн сэрүүний улиралд яаравчлан шийдэх асуудал чамгүй байгааг анхааруулсан юм.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ БУУРЧЭЭ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, хурандаа Р.Отгонжаргал өнгөрсөн 14 хоногт нийслэлийн хэмжээнд гэм хэрэг, зөрчлийн байдал ямар байсан талаарх мэдээллийг өглөө. Тэрбээр хэлэхдээ:

-Нийслэлийн Засаг даргын “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдал, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран Баянзүрх, Хан-Уул, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэр Хэрлэн, Туул гол дагуу иргэдийг үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл, хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгууллаа. Голын эрэг дагуу амарч, зугаалахаар зорчсон 1050 иргэн, 550 тээврийн хэрэгслийг шалгаж, зөрчил гаргасан есөн хүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан. Түүнчлэн Экологийн цагдаагийн алба, дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсүүд Авто тээврийн шалган бүртгэх товчоодод Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн газартай хамтран хяналт шалгалт, тандалтын ажлыг хоёр сарын хугацаанд зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд шалган бүртгэх 10 товчоонд цагдаагийн 64, онцгой байдлын 27, мэргэжлийн хяналтын 33, мал эмнэлгийн 22 алба хаагч, ажилтан 24 цагаар үүрэг гүйцэтгэж буй юм. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот руу орсон 7650, хотоос гарсан 6775 тээврийн хэрэгсэл, 63305 иргэнийг шалгахад нойтон тарваганы мах нэвтрүүлэхээр завдсан хоёр зөрчил илэрсэн. Хураагдсан гурван ширхэг тарваганы махыг холбогдох албанд шилжүүлээд байна хэмээн мэдээллээ.

Гэмт хэрэг зөрлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн оюутан, сурагч, хүүхэд багачуудад мэдээлэл өгч, зааварчилгаа хүргэсэн байна. Ерөнхий боловсролын 184 сургууль, 182 цэцэрлэг, 15 их, дээд сургууль, 5 албан бус насан туршийн боловсролын төв, 12 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, есөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна, дотор нийт 8167 хяналтын камерын үйл ажиллагаа, бүрэн бүтэн байдал, бичлэг хадгалалт нь стандартын шаардлага хангасан эсэхэд хяналт тавьсан. Ерөнхий боловсролын 22 сургууль, 19 цэцэрлэг, гурван их дээд, сургуулийн нийт 177 камерыг засуулах шаардлага хүргүүлжээ.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 3493 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 36.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн хугацаанд олон нийтийн газарт зүй бусаар авирласан зөрчил 72 хувиар, танхайрах зөрчил 66.1 хувиар, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил 71 хувиар тус тус буурсан байна.

Харин Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд хэлэхдээ “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн гудамж замын хяналт шалгалтаар  нийтдээ 40505 зөрчил, камерын хяналтаар 35569 зөрчил илрүүлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1073, согтуугаар зам тээврийн осол гаргасан 23 жолоочийг илрүүлсэн” гэсэн юм.

ДУУДЛАГЫН МАШИНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг даалгаврыг ирэх 14 хоногт хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. Бодлогын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, удаашралтай байгаа, хөрөнгө оруулалт шаардагдахгүй ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон юм. 

Өвөлжилтийн бэлтгэл хангах  ажлын хүрээнд:

-Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригадыг бэлэн байлгах.

-Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн засвар, орчны тохижилт болон инженерийн шугам сүлжээний ажлуудыг эрчимжүүлж дуусгах, улсын комисст хүлээлгэж өгөх ажлыг эрчимжүүлэх.

-Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэх.

Төсвийн орлого бүрдүүлэх  ажлын хүрээнд:

-2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлого төвлөрүүлэгч байгууллагууд орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангах.

-Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэж төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулах.

-Нийслэлийн Төр захиргааны авто баазаас дуудлагын машины үйлчилгээг сайжруулах, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хийгдэж буй цахим системийн ажлыг эрчимжүүлж, нийслэлийн удирдлагуудад танилцуулах.

Цаг үеийн асуудлын хүрээнд:

-Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах.

-Нийтийн тээврийн үйлчилгээ, чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор газар дээр явж нөхцөл байдалтай танилцах,  нийтийн тээврийн үйлчилгээний цагт хяналт тавих ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)