“ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ” 2022 ОНЫ ОТГОН СУРГАЛТ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ БОЛЛОО
- 2022-09-17
- Орон нутаг
- 1
Батлан хамгаалах яам, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтран Говийн бүсийн аймгуудын “Цэргийн бэлтгэл” сургалтыг “Дайчилгааны болон орон нутгийн хамгаалалтын тогтолцоог орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт дор 2022 оны есдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Аймгийн Засаг дарга Г.Батзам сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү сургалт нь өсвөр насны хүүхдүүдэд цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэхэд нэн ач холбогдол бүхий” гэдгийг нээлтийн үеэр онцлон дурдсан юм. Тус сургалтад таван аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэргийн штабын офицерууд, сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар хамрагдсан.
Дайчилгааны тухай хууль, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах чиглэлээр мэдээ, мэдээллийг хүргэн, Цэргийн штабын офицерууд, Засаг даргын Тамгын газрын дарга нарыг чадавхжуулахад сургалтын гол зорилго оршино. Мөн уг сургалтаас өмнө “Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн анхдагч хээрийн дадлага, сургалт”-ыг Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Цагаан залаа” хүүхдийн зуслангийн районд гурван хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулсан юм. Сургалтад Өвөрхангай аймгийн хангайн бүсийн таван сумын томилгоот иргэд, дөрвөн салаа нэг тасгийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож үүсэж болзошгүй цагийн байдалд өөрийн бүс, орон нутгаа хэрхэн хамгаалах, шаардлагатай үед эзэмшвэл зохих ур чадварт суралцсан юм.
Уг сургалтыг 2005 оноос хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд коронавирусийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлоод байсан энэ жил ийнхүү амжилттай зохион байгуулж байна. Сургалтаар цэргийн штабын түүхэн замнал, аюулгүй байдлын тухай, батлан хамгаалах үйл ажиллагаа, орон нутгийн хамгаалалтын эрх зүйн тухай, томилгоот нэгжийн бүтэц, гүйцэтгэх үүрэг, дайчилгааны тухай, төрийн нууцын хадгалалт хамгаалалт, цэргийн албаны дүйцүүлэх, бүлгийн дадлага, спортын тэмцээн уралдаан гэх мэт олон үйл ажиллагааг төлөвлөж түүнийхээ хүрээнд сургалтууд явагдсан.
Дээр дурдсан хээрийн дадлага, сургалтын гол зорилго нь орон нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой бие даасан хөгжлийг хангах, иргэдэд ялангуяа хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх замаар иргэд, олон нийтийн зүгээс батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх сэтгэл эрмэлзэлтэй болгох, орон нутгийн нөөцийг шат дараатай бүрдүүлэх, сурган дадлагажуулах явдал юм.
Ийнхүү Говийн бүсийн аймгуудын “Цэргийн бэлтгэл” сургалтад оролцсон аймаг сумд, батлан хамгаалах яам болоод тус аймгийн онцгой байдлын газрын удирдлагуудын байр суурийг хүргэе.
Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батзам
“Энэ жил Говьсүмбэр аймагт улсын болон бүсийн олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Үүний нэг нь Говийн бүсийн аймгуудын цэргийн бэлтгэл сургалт 2022 нэгдсэн арга хэмжээ юм. Үүнд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Говьсүмбэр гэсэн таван аймгийн сумдын Засаг даргын тамгын газрын дарга нийтдээ 60 гариу албан хаагч, БХЯ, ЗХЖШ, Батлан хамгаалахын их сургууль, аймгийн цэргийн штабын дарга нар, тамгын газрын дарга нар гээд 100 гаруй хүний бүрэлдэхүүн оролцож байна. 2021 онд зохион байгуулагдах ёстой байсан энэ сургалт коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшлогдоод одоо манай аймагт зохион байгуулж байна. Монгол Улсын хэмжээнд цэрэг стратегийн болон батлан хамгаалах чиглэлээр гарсан бодлого шийдвэр, хууль тогтоомжийг сурталчлан таниулах, орон нутгийн хамгаалалтын чиглэлээр гарсан хууль тогтоомж, хамгаалалтыг зохион байгуулахтай холбоотой сумдын Засаг даргын тамгын газрын дарга нартаа сургалтыг гол нь чиглүүлэн явуулж байгаа. Үүгээрээ орон нутгийн хамгаалалтын хуулийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг уялдуулах чиглэлээр хууль тогтоомжийн хүрээнд мэдлэг мэдээллийг олж авах ач холбогдолтой гэж харж байгаа юм. Энэ сургалтыг зохион байгуулснаар Говьсүмбэр аймаг дахь бэлтгэл офицеруудын сургалтад хамруулах тоо 25-30 хувь мөн БХЯ, ЗХЖШ-аас ирүүлж байгаа тоон дүн мэдээллээр Говьсүмбэр аймаг 100 хувь үүрэг даалгавраа биелүүлсэн. Энэ хүрээнд сүүлийн жилүүдэд цэрэгт татагдаж байгаа залуучуудын маань 60 хувь нь эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн. Өмнөх жилүүдтэй харьцуулбал өссөн гэдэг нь харагдаж байгаа юм” гэв.
Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Ахлах мэргэжилтэн хурандаа С.Рагчаадорж:
Энэ жил сумдын Засаг даргын тамгын газрын дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан Зүүн бүсийн сургалтыг Төв аймагт зохион байгуулсан бол Баруун бүсийн таван аймгийн сургалт хаалтаа хийгээд хэдхэн хонож байна. Энэхүү говийн бүсийн сургалт энэ жилийн хамгийн отгон сургалт болж байгаа юм. Дайчилгааны тухай хуульд “сумын тамгын газрын дарга нартай хоёр жилд нэг удаа гурван хоногоор сургалт зохион байгуулах ёстой” гэж заасан байдаг. Уг сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа нь 4-5 аймгийн сумдын Засаг даргын тамгын газрын 60-70 дарга нар нийлээд БХЯ-ны бодлого үйл ажиллагааг газар дээр нь хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай хоорондоо ярилцаад болж буй болохгүй байгаа асуудлуудыг гарган тавьж харилцан туршлага солилцдог нь их давуу талтай.
Говьсүмбэр аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Ц.Нацагдорж:
Энэ сургалт Дайчилгааны тухай хууль болон аймгийн Засаг дарга, БХ-ын сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээ, цэргийн штабын ерөнхий арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хоёр жил тутамд зохион байгуулагддаг. Үүнд говийн бүсийн аймгийн сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар оролцлоо. Учир нь
хуульд зааснаар Засаг даргын тамгын газрын дарга нар ажил үүргийн хувьд БХЯ-наас гаргаж буй шийдвэр тогтоомжийг ард иргэдэд сурталчлах, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих ёстой. Нэг ёсны төр засаг, иргэн хоёрын дунд гүүр болон ажилладаг онцлогтой. Иймд энэ сургалт нь тамгын газрын дарга нар БХЯ, зэвсэгт хүчний үйл ажиллагаа болон Батлан хамгаалах багц хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт шинэчлэлийн талаарх мэдээ мэдээллийг авч орон нутагтаа энэ чиглэлээр ажил зохион байгуулах арга зүйн туслалцаа дэмжлэг олж авдгаараа давуу талтай. Ер нь энэ сургалт нь иргэн, цэргийн харилцааг бэхжүүлэх хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх гэх мэтийн олон талын зүйлийг агуулж байдаг юм.
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын дарга Х.Сүхбаатар:
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас сумдын тамгын газрын дарга нарт гамшгийн үеийн удирдлага шуурхай штаб байгуулах талаар тодорхой сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтын хүрээнд гамшгийн үеэр хэрхэн ажиллах, төлөвлөлтийг хэрхэн зохион байгуулах ард иргэдийг гамшгийн үед авран хамгаалах ажиллагаанд яаж оролцуулах гэдэг талаас санал солилцож сургалт хийлээ. Сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар аливаа гамшгийн үед гол үүрэг гүйцэтгэж бүх зүйлийг зохион байгуулдаг. Ийм учраас Онцгой байдлын газраас энэхүү сургалтад ач холбогдол өгч байгаа юм.
Өмнөговь аймгийн Номгон сумын засаг даргын тамгын газрын дарга Б.Баярсайхан:
Энэ сургалт бүсчилж буюу Баруун бүс, Хангайн бүс, Говийн бүс, Зүүн бүс гэж хоёр жил тутамд нэг удаа хийгддэг. Энэ удаагийн сургалт коронавирусийн улмаас хойшлоод гурван жилийн дараа болж байна. Говийн бүсийн сургалт Говьсүмбэр аймгийн Сүмбэр суман дээр зохион байгуулагдлаа. Батлан хамгаалах яамнаас тусгай төлөвлөгөөтэйгөөр сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Сургалтын гол хэрэгжүүлэх, суралцах арга зам нь юу гэхээр бидэнд тусгай хамгаалалт, орон нутгийн хамгаалалт, дайчилгааны хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг чиглэлийн мэдээллийг бидэнд өгч байгаа юм. Батлан хамгаалах тухай хууль 2016 он хүртэл хуурай замын цэрэг, агаарын цэрэг гэсэн ийм хоёр төрлөөр хэрэгжиж байсан бол 2020 оноос эхлээд таван зэрэглэлд шилжсэн. Батлан хамгаалах яам, Монгол Улсын зэвсэгт хүчин бол урт хугацааны үе шаттай зорилтууд тавьж хэрэгжүүлж байгаа. Жишээлбэл, Монгол Улсын алсын хараа 2050 бодлоготойгоо уялдуулаад эх орноо батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах чиглэлээр иргэдэд бүрэн хэмжээний ойлголт өгөх зорилгоор энэ сургалтыг зохион байгуулж байгаа.
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын засаг даргын тамгын газрын дарга Т.Цэцэгсүрэн:
Ач холбогдол ихтэй уг сургалтаар нэлээдгүй мэдлэгтэй болдог. Энэ сургалт хоёр жилд нэг удаа болдог. Миний бие энэ сургалтад тав дахь удаагаа оролцож байна. Сургалт маань бидэнд онолын болон практик дадлага туршлагын нэлээд их зүйлийг өгдөг. Тодорхой хэмжээний танхимын онол эрх зүйн мэдлэг авахын зэрэгцээгээр дайчилгааны дадлага сургуулиудыг хийгээд явдаг. Орон нутгийн хамгаалалтынхаа төлөвлөгөөгөө манай сум 2020 онд баталсан. Үүнийхээ дагуу нэг, хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд сургах болон иргэдийг оролцуулсан орон нутгийн хамгаалалтын сургалтуудаа хийгээд явж байгаа. Мөн гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг гэж бас явуулдаг.
Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын тамгын газрын дарга Ц.Батбаяр:
Энэ цэргийн бэлтгэл сургуулилт 2022-ын хувьд нэлээн сайн арга хэмжээ сайхан болж байна. БХЯ-наас явуулж байгаа энэ сургалтаар аливаа гамшиг ослын үед бэлэн байдлыг хангах, дайчилгааны төлөвлөгөөнүүдийг батлах, иргэддээ бэлэн байдлын талаар мэдээлэл өгөх, хууль тогтоомж танилцуулахад нэлээн түлхэц болно гэж бодож байна.
Дундговь аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газрын дарга С.Болоржаргал:
Энэхүү говийн бүсийн сургалт нэлээн ач холбогдолтой. Миний бие 2009 оноос хойш тамгын газрын даргаар ажиллаж байгаа тиймдээ ч олон удаагийн говийн сургалтад хамрагдаж байсан. Яг одоо орон нутгийнхаа хөрсөн дээр хамгаалалтын орон нутгаа яаж хамгаалах вэ гэсэн энэ мэдлэг ойлголтыг танхимын сургалтад хамрагдаж нэлээдгүй гүнзгий ойлгож авч байна. Манай аймгийн хувьд бүх сумууд маань орон нутгийн хамгаалалтын төрөл, аймгийн цэргийн штабуудаараа сургалтаа аваад тэрнийхээ дагуу орон нутагтаа төлөвлөгөөгөө боловсруулсан түүнийгээ бас хэрэгжүүлээд явж байгаа.
Сэтгэгдэл (1)
ггэн (64.119.22.105)
Цомхон чадварлаг анги нэгтгэл байх хэрэгтэй..бөөнөөр нь заавал нүсэр цэргийн алба манайх шиг улсад ёстой хэрэггүй!!!